Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2026/ДШМ/631

 

2026             05          20                                                                         2026/ДШМ/631

Ц.Г-, Н.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Батпүрэв /томилолтоор/, 

шүүгдэгч Ц.Г-, Н.Б- нарын өмгөөлөгч Ж.Болдбаатар,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Г-, Н.Б- нарын өмгөөлөгч А.Энхгэрэлийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Ц.Г-, Н.Б- нарт холбогдох эрүүгийн 2507001050286 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т- овгийн Ц-ийн Г- /РД: ПЦ-/, 1986 оны 12 оны дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа авто засвар, авто гарааш, үйлчилгээний төв ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ..........оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Д- овгийн Н- Б- /РД: ХН-/, 1980 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, .........тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Ц.Г- нь 2024 оны 10 дугаар сард Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “ховор ургамлын жагсаалт”-д орсон, зохих зөвшөөрөлгүй 572,28 кг бүхий 14 шуудай Сибирь хуш модны үр /самар/-ыг зүс үл таних хүнээс худалдан авсан, уг 572,28 кг бүхий 14 шуудай Сибирь хуш модны үр /самар/-ыг 2024 оны 10 сараас 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Баянбулаг гэх нэртэй газарт өвөлжиж байсан иргэн Д.Д-ийн гэрийн гадаа хууль бусаар хадгалсан, мөн шүүгдэгч Н.Б-тай үгсэн тохиролцож 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Баянбулаг гэх газраас 14 шуудай бүхий 572,28 Сибирь хуш модны самрыг Д- УНЗ улсын дугаартай “Киа Вонго 3” маркийн тээврийн хэрэгслээр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хот хоорондын зам ашиглалтын төлбөр хураан авах цэг хүртэл тээвэрлэсэн,

Шүүгдэгч Н.Б- нь шүүгдэгч Ц.Г-ын Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Баянбулаг гэх газарт хадгалагдаж 14 шуудай бүхий 572,28 киллограмм Сибирь хуш модны самрыг Д- УНЗ улсын дугаартай “Киа Вонго 3” маркийн тээврийн хэрэгслээр 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хот хоорондын зам ашиглалтын төлбөр хураан авах цэг хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ц.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заах хэмжигдэгч Ц.Г-т оногдуулсан 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000/зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-аас 101,064,648 /нэг зуун нэг сая жаран дөрвөн мянга зургаан зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах агуулахад хадгалагдаж байгаа 572,28 килограмм хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д- УЕК улсын дугаартай “Киа Бонго-3” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 15,428,000/арван таван сая дөрвөн зуун хорин найман мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн хоёр хувааж, шүүгдэгч Ц.Г-, Н.Б- нараас 7,714,000 /долоон сая долоон зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, энэ хэрэгт “Нэт капитал Ди Си Би” ХХК-ийн өмчлөлийн Д- УЕК улсын дугаартай “Киа Бонго-3” загварын тээврийн хэрэгслийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 87 дугаар зөвшөөрлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 2 /хоёр/ ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Ц.Г-, Н.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Г-, Н.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Г-, Н.Б-, тэдгээрийн өмгөөлөгч А.Энхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б- нь Ц.Г-тай хаанаас хэнээс, ямар хэмжээтэй хуш модны самар авах талаар ярилцан тохиролцож, өөр хүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан, Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Баянбулаг гэх газарт өвөлжиж байсан иргэн Д.Д-ийн гэрт очиж, Ц.Г-ын хадгалуулж байсан хуш модны самрыг Улаанбаатар хот руу зөөж тээвэрлэх идэвхтэй үйлдэл хийж дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Н.Б-ын үйлдлийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.5, 1.6 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй. Хэргийн бодит байдал, үйл баримтыг аваад үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүн, нотлогдвол зохих байдал эргэлзээгүйгээр тогтоогоогүй байна. Учир нь Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн ойлголт, мөн чанар нь Байгаль орчин, байгаль хамгаалах журам, ургамал хамгаалах, зохистой ашиглах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай үйлдэл юм. Ц.Г-ын хувьд энэ гэмт хэргийг зохион байгуулж, санаачлахдаа байгаль орчинд хэрхэн халдсан, бэлтгэсэн, ургамлыг хамгаалах зохистой ашиглах журмыг хэрхэн яаж зөрчсөн нь нотлогдож тогтоогдоогүй. Шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн санаатай, шунахай сэдэлт огт байхгүй байгааг шүүх тусгайлан анхаарч үзээгүй. Харин Ц.Г-ын хувьд өөрийн арилжааны наймааны өр төлбөрийг Адьяасүрэнгээс шаардаж, өр төлбөртөө 14 шуудай самрыг авч буй үйл баримтад дүгнэлт хийсэн тухайн зүйл ангийн худалдан авсан гэх үндэслэлд хамаарч байгаа бөгөөд худалдан авахдаа хайхрамжгүй хандсан, зөвшөөрлийг шалгах, өөр зорилгоор худалдан авч болохгүй талаар эрх зүйн мэдлэг дутмагаасаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас уг гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх харгалзан үзээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хэмжээ заагаагүй, зөвхөн бэлтгэх санаа зорилгоос улбаатай үйлдлийн шинжийг тодорхойлсон байдаг. Хуульд нэгэнт хэмжээ заагаагүй юм чинь худалдан авсан, худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн гэдгийг хэрхэн яаж ялгамжтай ойлгох вэ?

Н.Б- нь гэмт хэрэгт хамтран оролцсон этгээд биш, тээвэрлэсэн үйлдэл нь түүний хувьд тухай зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдэх сэдэл, санаа зорилго байхгүй, Г-ын арилжаа наймааны талаар мэдэх зүйл байхгүй, тухайн арилжаа наймаанаас ашиг, хонжоо хүртэхгүй, тухайн гэмт хэргийн тээвэрлэх үйлдэл нь мөн нь хууль бусаар бэлтгэх санаа зорилгоор дамжиж хэрэгжих юм. Хохирол хор уршиг: Н.Б-, Ц.Г-ын нарын үйлдлийн улмаас байгаль орчин, ойн сан, ургамлын аймагт хохирол, хор уршиг учраагүй. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцож гаргахдаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-гийн мэдүүлэг, шаардлагаар тодорхойлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасныг зөрчсөн. Шүүгдэгч нарын үйлдлийн үр дагавар хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоо байхгүй. Бусдаас өр төлбөртөө авч байгаа самрын үр дагаварт шууд байгаль орчин хохирол учруулж байгаа нь тодорхойлж хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцэхгүй байна. Хууль бусаар ашиг хонжоо олох, шууд санаатай, шунахай сэдэлтэй байсан бол ил задгай машины тэвшин дээр гэгээн цагаан өдөр ачиж явахгүй байсан. Н.Б-ын үйлдлийг гэрч Д-ийн гэрийн үүдэндээ байлгасан, гэрч А-гийн тээврийн хэрэгслээр зөөхөд хамт байснаас хэрхэн яаж ялгамжтай хандаж гэмт хэрэг гэж үзэж зүйлчилж байгаа нь ойлгомжгүй, тогтоогдохгүй байна. Учир нь энэ бүх хүмүүс зөвхөн гуйлгаар хийсэн ба гэмт хэрэгт хамтран оролцох ойлголтын объектив шинж болох ямар зорилгоор юуны төлөө дээрх үйлдлийг хийж байгаа дээрээ нэгдсэн зүйл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдаг шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг удирдлага болгон, Н.Б-ын хувьд гэмт хэрэг үйлдэх хүсэл зориг байсан эсэх, түүнийг хүсэж үйлдсэн, зориуд хэрэгжүүлсэн, урьдчилан амласан, нөхцөлд байдлыг лавтай сайн мэдсэн нөхцөл байдал гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүд тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ гэмт хэргийн хувьд түүсэн бэлтгэсэн этгээдүүд тодорхойгүй байхад шууд байгаль орчин хохирол хор уршиг учруулсан гэж үзэхэд боломжгүй байна. Иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 2026/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хөнгөрүүлэн шийдвэрлэж, Н.Г-ыг бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тогтоож, оногдуулсан торгох ялыг хамгийн багаар тогтоож, Н.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б-ын хувьд анхан шатны шүүх болон прокурорын зүгээс тухайн гэмт хэрэгт идэвхтэй үйлдлээр оролцсон гэж дүгнэсэн байдаг. Харин өмгөөлөгчийн зүгээс уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, Н.Б- нь зөвхөн тухайн тээвэрлэлтийг хийсэн болохоос бус, самрыг анхнаас нь худалдан авах, бэлтгэх, зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанд оролцоогүй, тухайн үйл явцын талаар бүрэн мэдлэггүй байсан. Мөн уг үйлдлээс ямар нэгэн ашиг, орлого олох санаа зорилго, сэдэл түүнд байгаагүй гэж үзэж байна. Иймд Н.Б- нь тухайн гэмт хэрэгт ашиг сонирхлын үүднээс оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд идэвхтэй оролцсон гэж үзэх үндэслэлгүй талаар давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан. Үүнтэй холбоотойгоор түүнд оногдуулсан ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгуулах байр сууринаас гомдол гаргасан байдаг. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.5, 1.6-д заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй байхад Н.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч, сэжигтэн, яллагдагчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг харгалзан үзэх шаардлагатай. Тухайн гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээгүйгээр бүрэн нотлогдоогүй, тодорхой хэмжээнд эргэлзээтэй нөхцөл байдал хэрэгт байгаа гэж үзэж Н.Б-тай холбоотой гомдлыг гаргасан. Харин Ц.Г-ын хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тэрээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үйлдэл нь тодорхой нөхцөл байдлын улмаас, тохиолдлын шинжтэйгээр үйлдэгдсэн гэж үзэж байна. Иймд Ц.Г-т холбогдох нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн хөнгөн ял буюу торгох ялын доод хэмжээгээр шийтгэх саналтайгаар давж заалдах гомдол гаргасан. Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2026/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.Г-т оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоож, торгох ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулах, мөн Н.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд уг гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Прокурор Э.Батпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Эрүүгийн эрх зүйн онолын хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүнийг, түүний объектив талын шинжийг хэрхэн хуульчилснаас хамаарч хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд тухайн гэмт хэргийн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр гэмт хэрэгт тооцогддог бол, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаарддагаараа ялгагддаг. Гэмт хэргийн шалтгаант холбоо нь дээрх гэмт хэргийн ангилалтай салшгүй холбоотой бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо мөн боловч хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд энэ нь хамаарахгүй юм. Тодруулбал, Ц.Г-, Н.Б- нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан байгалийн ургамлын хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, гэмт хэрэг нь объектив талын шинжид хамаарах, түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан үйлдлүүдийг хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт тул тухайн Сибирь, хуш модны үр самрыг хэнээс, хэрхэн яаж худалдан авсан үйл баримтыг заавал тогтоосон байхыг шаардахгүй гэж үзэж байна. Ц.Г-, Н.Б- нар нь зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ховор ургамлын жагсаалтад багтсан Сибирь хуш модны үр буюу самрыг худалдан авах, хадгалах, тээвэрлэх хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах гэж, харин хүрээлэн байгаа орчныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлгээр тусгайлан хамгаалж, гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн шинжээс хамаарч эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тус тус хуульчилсан бөгөөд Ц.Г-, Н.Б- нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж байна. Мөн шүүгдэгч Ц.Г-, Н.Б- нар нь хуш модны самрыг заавал зохих зөвшөөрөлтэй түүж, тээвэрлэдэг талаарх мэдлэггүй байсан, тухайн самрыг худалдан авахдаа зөвшөөрөлтэй эсэхийг асуугаагүй, зөвшөөрөл авдаг эсэхийг мэдээгүй гэдэг нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэдгийг дурдаж байна. Байгалийн жамаар хуш модонд ургасан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр хүний оролцоотойгоор түүж, цайруулж бэлтгэсэн, ашиг хонжоо олох зорилгоор бусдаас худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл нь ургамлын аймаг, түүний нөөцөд хохирол учруулсан хууль бус үйлдэл байх боловч түүний эдгээр үйлдлийг ховор ургамлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түүсэн үйлдэлтэй адилтган үзэж хохирлыг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэж байна. Шүүгдэгч Ц.Г- нь өөрийн худалдан борлуулсан эд зүйлсийн оронд худалдан авсан самрыг шууд өөрийнхөө өмчлөл, эзэмшлийн байр, агуулахад буюу Улаанбаатар хотод хүлээж авахгүйгээр өөр газар байлгаж очиж авахгүй удаасан үйлдэл буюу Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн “Баянбулаг” гэх нэртэй газарт иргэн Д-ийн гадна байлгаж байгаад авч буй нь хадгалсан гэж үзсэн. Шүүгдэгч Н.Б- нь шүүгдэгч Ц.Г-т хаанаас, хэнээс, ямар хэмжээтэй хуш модны самар авах талаар ярилцан тохиролцож, өөр хүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан шүүгдэгч Ц.Г-ын хадгалуулж байсан модны самрыг Улаанбаатар хот руу зөөж тээвэрлэх идэвхтэй үйлдэл хийж, дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон үйл баримт тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-, Н.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Ц.Г-, Н.Б- нарын өмгөөлөгч А.Энхгэрэлийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Г- нь 2024 оны 10 дугаар сард Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “ховор ургамлын жагсаалт”-д орсон, зохих зөвшөөрөлгүй 572,28 кг бүхий 14 шуудай Сибирь хуш модны үр /самар/-ыг бусдаас худалдан авсан, уг Сибирь хуш модны үр /самар/-ыг 2024 оны 10 сараас 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Баянбулаг гэх нэртэй газарт өвөлжиж байсан иргэн Д.Д-ийн гэрийн гадаа хадгалсан, шүүгдэгч Н.Б-аар 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Баянбулаг гэх газраас 14 шуудай бүхий 572,28 киллограмм Сибирь хуш модны самраа Д- УНЗ улсын дугаартай “Киа Вонго 3” маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотын Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хот хоорондын зам ашиглалтын төлбөр хураан авах цэг хүртэл тээвэрлүүлсэн болох нь:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 15-19/,

Ц.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 23-28/,

 “...Уг газар нь Төв аймгийн Эрдэнэ сумаас ертөнцийн зүгээс баруун хойд зүгт байрлах Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул 3 дугаар багт байрлах Баянбулаг гэх нэртэй газарт байна...” гэсэн мэдээлэлтэй самар хадгалж байсан газар, орчинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 97-103/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ын “...Засгийн Газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Төрийн сангийн Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ лабораторийн шинжээч С.БД-ийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0325/2551 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 121-123/,

Гэрч П.А-гийн “... Би 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мал дээрээ Сэргэлэн суманд байж байтал дүү Г- тэрэлжээс самар аваад ир гэхээр нь баз хүргэн Б-ын хамт Сэргэлэн сумаас хүний машин гуйж аваад Налайх дүүрэг рүү явсан, Налайх дүүрэг Тэрэлжид очоод Б- утсаар ярьж байгаад очоод тухайн айлын гадаа байсан 12 шуудай самрыг ачаад буцаж яваад Налайх дүүрэгт цагдаад баригдсан. Дүү Г- “...ачаад ир...” гэхээр нь Б-ын хамт явсан. Ямар нэгэн зөвшөөрөл байсан эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед Б- жолоо барьж явсан. 12 шуудай самар байсан ба 2 тал шуудай байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 138-139/,

Гэрч Д.Д-ийн “...Анх 11 сүүлээр байсан санагдаж байна. Орой гэгээ тасарсан байсан үед 2 эрэгтэй хүн машин нь эвдэрсэн энэ шуудайтай самруудыг орхиод хэд хоногоос ирж авна гэж хэлээд дээд гараашны хажууд буулгаад юмаар хучаад орхисон. Тухайн үед харанхуй байсан учир машины номер тухайн хүмүүсийн царай зэргийг хараагүй. Цагаан өнгийн портер маркийн машин байсан. Тэгээд орхисноос хойш нэлээн хэд хоногийн дараа миний 9Б- дугаар руу залгаад “самраа авъя” гэсэн. Тэгээд 3, 4 цагийн үед толгой нь ногоон кузов нь цагаан портер машинтай 2 эрэгтэй хүн ирж авсан. ... Тэр үед тухайн машины жолооч авто машины тэвш дээрээс 50 кг цагаан өнгийн шуудайтай 13 самар мөн шуудай тал буюу хагас шуудай 1 самар буулгаж гэрийн зүүн талд авто машины граш хажууд гадаа үлдээгээд явсан. Ингээд 1 сарын дараа буюу 2024 оны 12 дугаар сарын сүүлээр би мөн өдрийн нь сайн санахгүй байна. Өдрийн 15 цагийн орчимд Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 эрэгтэй ирээд Нөгөө орхисон юмаа авъя гэж хэлсэн. Би тэр хоёр залууд тухайн самрыг өгөөд явуулсан...” гэх мэдүүлгүүд /1хх-ийн 110-111, 147-149, 169-170/,

Гэрч А.А-гийн “...8 сарын сүүлээр 9 сарын эхээр Г-аас 1 ширхэг тоногтой эмээлийг 2 адуугаар авъя гэж яриад эмээлийг нь авсан. Тэгсэн 10 сард мөнгө хэрэгтэй байна гээд Г- ярьсан. Тэгэхэд нь “...чи нөгөө 2 адуугаа авах юу болсон бэ...” гэсэн чинь “...мөнгө нь хэрэгтэй байна адуу авахгүй ээ...” гэсэн... Зарын дагуу хүн залгаад “...адууны гарал үүсэл, угшлыг асуугаад 500кг самар байна бартер хийх үү...” гэсэн. Тэгэхээр нь Г- “...500кг самар байна гэнэ бэлэн мөнгө байхгүй чи самар авах уу авна гэвэл би 2 гүүгээ өглөө...” гээд тухайн зарын дагуу утасны дугаарыг Г-д өгсөн. Тэгээд “...болохоор бол надад хэлээрэй би 2 гүүгээ өглөө...” гэсэн. Удалгүй хэд хоногийн дараа цагаан портертой 2 залуухан хүмүүс ирээд “...2 адуугаа авах гэж явна...” гэсэн тэгээд 2 адуугаа барьж өгөөд л явуулсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 152-154, 157-158/,

Гэрч Б.А-ийн “...Д- УЕК улсын дугаартай “Kia Bongo 3” маркийн ногоон алаг өнгийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Оны өмнө 2024 оны 12 дугаар сарын сүүлээр жолоодсон. Одоо Налайхын журмын хашаанд байгаа. Би тухайн өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт өөрийн гэртээ байсан. Миний машиныг Б- ах унаад явсан. “...Юм ачаад ирье машинаа өгөөч...” гээд 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гуйгаад аваад явсан. Тэгээд тэр оройнхоо 8, 9 цагийн үед над руу яриад “...юм ачиж яваад цагдаад баригдчихлаа...” гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 161-162/,

Гэрч Ц.Г-ын “...Журмын дагуу иргэнд ахуйн зориулалтаар 50 км хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 1000 төргөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсан үндсэн дээр тухайн оны 10 дугаар сарын 20 ний өдрөөс эхлэх дараа оны 02 дугаар сарын 01 ний өдөр хүртэлх хугацаанд хуш модны самар түүж, бэлтгэх, тээвэрлэх боломжтой байдаг... Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Хуш модны самар түүж бэлтгэх зөвшөөрөл олгоогүй. ...2023 он болон 2024 онд Байгаль орчин уур, амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2024 оны 09 дүгээр сарын 30 өдрийн А/723 дугаартай тушаалаар “Хуш модны самрын дээд доод хэмжээг тогтоох тухай” тушаалаар. Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт “Хуш модны самар” түүж бэлтгэх зөвшөөрөл олгоогүй. Ийм иргэдэд “Хуш модны самар” түүж бэлтгэх зөвшөөрөл огт олгоогүй. 2023 онд мөн адил иргэдэд бичээгүй олгоогүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 106-107, 177-178/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.БалданД-ийн “...сибирь нарс/хуш/ модны үр буюу самар байна...ойн дагалт баялагт хамаарна...үрийн дундаж 16.4%  чийгтэй тул хуурай байна...нийт самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 101,064,648 төгрөг байна...Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөр 303,193,944 төгрөг... ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөр 505,323,240 төгрөг...” гэсэн агуулгатай 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0325/2551 дугаар  шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 185-191/,

Хөрөнгийн үнэлгээний “Кости эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №3325/03 дугаартай, “Киа Вонго 3” маркийн Д- УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон “...нийт 15,428,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 216-225/,

“....Ц.Г-, Н.Б- нарын иргэд байгалийн нөөц ашиглах эрхийн бичиг аваагүй...” гэсэн агуулгатай Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны даргын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 114 дугаартай албан бичиг /2хх-ийн 12/,

“...хуш модны самар түүж бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй...” гэсэн агуулгатай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаартай албан бичиг/2хх-ийн 13/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч Ц.Г-ын А.А-д зарсан эмээлийнхээ үнэ болох 2 гүүг бусдад 572,28 кг Сибирь хуш модны самраар худалдаж, худалдан авсан самраа Д.Д-ийн өвөлжөөнд түүний хараа хяналтанд түр хугацаагаар хадгалуулж үлдээгээд улмаар шүүгдэгч Н.Б-ыг гуйж Д- УНЗ улсын дугаартай “Киа Вонго 3” тээврийн хэрэгслээр тээвэрлүүлсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байгалийн ургамал хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн “...зохих зөвшөөрөлгүйгээр... ховор ургамал тэдгээрийн үрийг... худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн...” шинжийг хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байгалийн ургамал хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн “...зохих зөвшөөрөлгүйгээр... ховор ургамал тэдгээрийн үрийг... тээвэрлэсэн...” шинжийг хангана гэж үзэн гэм буруутайд тооцсон үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, Аливаа гэмт хэрэг нь хүний үйлдэл, эс үйлдэхүйн нэг хэлбэр болохын хувьд тухайн этгээдийн ухамсарлагдсан, идэвхтэй үйл хөдлөлөөр илэрдэг бөгөөд тэр нь нэг удаагийн эсхүл хоорондоо залгамж холбоотой хэд хэдэн, түүнчлэн үргэлжилсэн шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт үйлдэл нь хүний зан үйлийн идэвхтэй шинж чанарын илрэл болохын хувьд түүний өөрийн хүсэл эрмэлзлэлийг гүйцэлдүүлэхэд чиглэсэн тодорхой зорилгын хүрээнд хэрэгжих үйлдэл төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

Түүнчлэн үйлдлийн илрэн гарах гадаад хэлбэр буюу объектив шинж нь гэмт хэргийн бүрэлдэхүүний суурь үндсийг бүрдүүлдэг. Гэмт хэргийн объектив шинжээр (объект, үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн шалтгаант холбоо) дамжуулан тухайн этгээдийн дотоод сэтгэл зүйн байдал буюу субъектив талыг(санаа, сэдэлт, зорилго, гэм буруу) тодорхойлох боломжтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрийг оюун санааны мэдэх болон хүсэх элементийн нэгдлээр тодорхойлох боломжтой ба энэ нь гэмт этгээдийн санаа зорилгыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ.

Мэдэх элементэд өөрийн үйлдэл, эс үйлдлийн бодит мөн чанар, хууль бус шинжтэй үйлдэл гэдгийг мэдэж байхаас гадна үйлдэлд өртөх субъект, тухайн үйлдлийн улмаас бий болох үр дагавар, гэмт хэрэг үйлдэх газар, ашиглах зэвсэг зэргийг оюун ухаандаа маш тодорхой мэдсэн байх явдал хамаарах бол хүсэх элемент нь оюун санаандаа ямар нэг үр дүнд хүрэхээр зорьж буй хүслийг илэрхийлдэг.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Н.Б- нь шүүгдэгч Ц.Г-ын гуйлтаар түүний худалдан авсан самрыг тээвэрлэн авчирч өгөхөөр иргэний нэхэмжлэгч Б.А-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон, гэрч П.А-гийн хамтаар явснаас өөрөөр энэ гэмт хэргийн хууль бус шинж чанарыг ухамсарласан, тодорхой зорилго бүхий санаатай үйлдлээр бусдын гэмт үйлдэлд хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Б-ын үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэргийн заавал байх шинж болох сэдэл, зорилго нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд түүнийг зөвхөн шүүгдэгч Ц.Г-ын хүсэлтээр самар тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдлээр нь буюу үр дагавраар яллах нь Эрүүгийн хуулийн суурь зарчмуудыг алдагдуулахад хүрнэ гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Мөн, Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны 1/нэг/ килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээний асуудлыг шийдвэрлэсэн байжээ. Уг тушаалыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/75 дугаар тушаалаар хүчингүй болгосон боловч хавсралтаар зарим зүйл нэн ховор, ховор, элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг батлахдаа хуурай, нойтон Сибирь хушны 1/нэг/ килограмм самрын экологи-эдийн засгийн үнэлгээг урьдын хэвээр баталсан байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Г- нь Сибирь хушны үр идээ /самар/-ыг ойгоос хууль бусаар түүж бэлтгэсэн үйл баримт тогтоогдоогүй, харин бусдад зарж борлуулах зорилгоор худалдан авч, тээвэрлэсэн үйлдэлд гэм буруутайд тооцогдсон тул хууль бусаар ойгоос самар түүж бэлтгэсэн үйлдэлтэй адилтган үзэж ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн өсгөн нэмэгдүүлэлгүйгээр 1 кг хуурай хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээг 176,600 төгрөгөөр тооцон 572,28 кг хуурай самрын үнэлгээг 101,064,648 төгрөгөөр тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Г-, Н.Б- нарын өмгөөлөгч А.Энхгэрэл “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хөнгөрүүлэн шийдвэрлэж, Н.Г-ыг бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тогтоож, оногдуулсан торгох ялыг хамгийн багаар тогтоож, Н.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Б-ыг цагаатгасугай...” гэсэн нэмэлт заалтыг оруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шүүгдэгч Т- овогт Ц-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, шүүгдэгч Д- овогт Н- Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэснийг “...шүүгдэгч Т- овогт Ц-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж, 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 6,000/зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 6,000,000/зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэж, 3 дахь заалтын “... шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000/зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 10  /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсэн...” хэсгийг хүчингүй болгож, 6 дах заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д- УЕК улсын дугаартай “Киа Бонго-3” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 15,428,000 /арван таван сая дөрвөн зуун хорин найман мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн хоёр хувааж, шүүгдэгч Ц.Г-, Н.Б- нараас 7,714,000 /долоон сая долоон зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй. ...” гэснийг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д- УЕК улсын дугаартай “Киа Бонго-3” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 15,428,000 /арван таван сая дөрвөн зуун хорин найман мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Г-аас гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г-, Н.Б- нарын өмгөөлөгч А.Энхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангасугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 Н.БАЯРМАА

 

ШҮҮГЧ                                                  Б.БАТЗОРИГ

 

 ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА