Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 204/МА2021/00018

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Б аймаг дахь сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 132/ШШ2021/00113 дугаар шийдвэртэй

З.Э, З.Т, З.Тү, З.Түв нарын нэхэмжлэлтэй Ц.Б, Б.П нарт холбогдох “Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12,14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, “ЗТ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** дугаартай 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын 18392409112767 дугаар бүхий 2370 мкв газар нь З.Э, З.Т, З.Түв, З.Тү, З.Э нарын эцэг С.З, эх М.Ц нарын бий болгосон С.З-н гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, эдгээр эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч ба С.З-н өв залгамжлагчаар тогтоолгох, 110 толгой малыг С.З-н эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.Б-ээс 110 толгой малын үнэ болох 80 450 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Энхбаяр, Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс, нэхэмжлэгч З.Э, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Л.Баярсайхан, нэхэмжлэгч З.Түв, түүний өмгөөлөгч М.Д, нэхэмжлэгч З.Т, З.Тү нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр, хариуцагч Ц.Б-ийн өмгөөлөгч, хариуцагч Б.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Түв, З.Тү нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний аав ***-ийн З нь үр хүүхдүүд бидний хамтаар “Б” зочид буудлын хөрөнгийг худалдан авахаар 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б аймгийн өмч хувьчлалын комисст хүсэлт гаргасны дагуу аймгийн Нийтийн аж ахуйн харьяа “Б” зочид буудлын барилга, үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа бидний 5 хүүхдийн өмч хувьчлалын ягаан тасалбаруудыг оролцуулан, түүнчлэн бэлэн мөнгөө нийлүүлэн бид ягаан тасалбар худалдан авч түүгээрээ хөрөнгийг худалдан авч байлаа. Үл хөдлөх эд хөрөнгийг 1994 онд худалдан авсан бөгөөд З.Э, Ц.Б нар нь 1995 онд гэр бүл болсон тул уг үл хөдлөх эд хөрөнгө нь тэдний хамтын хөрөнгө болох боломжгүй байгаагаас Ц.Б хөрөнгийг өвлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж уг нэхэмжлэлийг гарган хууль ёсны өвлөгч нарыг тогтоолгох хүсэлтэй байна. Аймгийн өмч хувьчлалын нарийн бичгийн дарга Д, бидний аав С.З, ээж М.Ц, дүү З.Э нар байлцан хөрөнгийг хүлээлцсэн акт үйлдэн 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баталгаажуулсан юм. Бидний аав С.З нь 2012 онд нас барах хүртлээ “ЗТ” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. “Б” зочид буудлыг худалдан авсан цагаасаа эхлэн орон нутагт нь амьдарч байсан дүү З.Э-г компанийн захирлаар томилон хариуцуулан ажиллуулж байсан. Бидний аавд эмнэлгийн тусламж байнга шаардлагатай байсны улмаас эмч мэргэжилтэй дүү З.Тү-ынд амьдарч, амьдралынхаа сүүлчийн саруудыг З.Тү, Ц.О нарын асаргаанд байсаар Улаанбаатар хотод нас барсан. Бидний аав таалал төгсхийнхөө өмнө гэр бүлийнхээ хөрөнгийг хариуцаж байсан дүү З.Э-д “миний хүү энэ үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулан ах, эгч нараа байр, орон сууцтай болгон өгөөрэй” гэж гэрээслэснийг үндэслэн эгч дүү бид 5 ярилцан 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эцгийн өвлүүлсэн хөрөнгийг хуваах хэлцэл байгуулсан билээ. Үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулж амжилгүй дүү З.Э 2016 онд нас барсан. Дүү З.Э нь эцгийн хүлээлгэсэн итгэл найдварыг үл алдан гүйцэтгэх захирлын ажлыг сайн хийдэг байсан тул бидний эгч дүүс компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байлаа.

Гэтэл дүү З.Э-г нас бармагц хууль ёсоор эцгээс бидэнд өвлөгдсөн хөрөнгө эзгүйдэж эхэлсэн бөгөөд түүний эхнэр Ц.Б компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байхдаа 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 04 сарын хооронд гарсан үйл ажиллагааны зардлуудыг төлөхгүйгээр хуримтлуулан байсаар их хэмжээний өр үүсгэсэн байна. Өнөөдрийн байдлаар

1.”Б мээж” ХХК-д 12.000.000 төгрөг,

2.Б аймгийн Татварын хэлтэст 1.900.000 төгрөг,

3.Нийгмийн даатгалын хэлтэст 1.500.000 төгрөг, нийт өр төлбөрийн хэмжээ 15.400.000 төгрөг хүрсэн байна.

Ийнхүү өрөнд оруулсны улмаас эгч дүү бидний гэр бүлийн хуваарилагдах хөрөнгө өрийн барьцаанд очих, үрэгдэж үгүй болох аюултай нөхцөл байдал үүсч, бидний эрх зөрчигдөн хөрөнгөндөө хяналт тавихаас аргагүй байдал бий болсон юм.

Эгч дүү бид нар хөрөнгөө өв залгамжлах хүсэлтүүдээ Б аймгийн тойргийн нотариатч Э.Пд бичгээр гаргахад зөвхөн “Б” зочид буудлын 1 давхарт байрлах 8 өрөө 288 мкв талбайтай эд хөрөнгийг өв залгамжлах эрхийн гэрчилгээг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарган гардуулан өгсөн. “ЗТ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрээ бидэнд өгсөн.

Бидний 5 хүүхдийн хоорондоо байгуулсан хэлцлийг өөрөө баталж, хууль ёсны болгосон атлаа Ц.Б-т маргаантай байгаа эд хөрөнгийг өвлөх эрх нээсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Нас барсан дүү З.Эгийн эхнэр Ц.Б-т З.Э-д хууль ёсоор өвлөгдөх хөрөнгийн хэмжээгээр бус “ЗТ” ХХК-ийн хөрөнгийн хэмжээгээр бус, “ЗТ” ХХК-ийн хөрөнгийн хэмжээгээр мөн өв нээсэн хөрөнгийг давхардуулан хөрөнгө өвлөх эрх олгосон, мөн нотариатч Б.П нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Ц.Б-т 2370 мкв газар олгосон байна. Уг гэрчилгээ нь нотариатын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдоогүй, нэхэмжлэгч нар тухайн газрын өвлөх эрхийн талаар маргаантай байхад нотариатч Б.П нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот гэрчилгээгээр Ц.Б-т өв нээсэн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй тул дээрх өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн “ЗТ” ХХК-ийн өмчлөлд байгаа “Б” зочид буудлын барилга болон үндсэн хөрөнгө нь бидний төрсөн эцэг С.З-ийн өмч хувьчлалаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байсан газар нь “ЗТ” ХХК-ийн өмч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд “ЗТ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** дугаартай 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын *** дугаар бүхий 2370 мкв хэмжээтэй газар нь З.Э, З.Т, З.Түв, З.Тү, З.Э бидний эцэг С.З, эх М.Ц нарын бий болгосон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож өгнө үү.

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Бидний эцэг С.З нь 2012 оны мал тооллогын А дансаар нийтдээ үхэр 12 толгой, адуу 23 толгой малыг бурхан болох хүртлээ өөрөө өсгөж үржүүлэн амьдрал ахуйдаа хэрэглэж байсан бөгөөд уг малыг Б аймгийн Б сумын 6 дугаар баг, 6а-17-6 тоотод оршин суух Б.Х-ээр маллуулж байсан. Дээрх 23 толгой адууг нь Б.Х-ээс О.Ц-д маллуулахаар 2015 онд шилжүүлсэн юм. Дээрх мал сүрэгт хурдан удмын адуу, үүлдэр угшил сайтай эцэг мал байсан болохыг тухайн малыг маллаж байсан малчин гэрчилдэг. Эцэг С.Зг бурхан болсны дараа үр хүүхдүүд бид ярилцан тохирч дээрх малыг отгон дүү З.Эгийн нэр дээр тоолуулж, А дансны бүртгэлд бүртгүүлж, малыг малчин Б.Х, О.Ц нар маллаж байсан. Дүү З.Э-г нас барсны дараа бидний өв нээгдээгүй байхад Ц.Б дээрх малыг дур мэдэн зарж борлуулахаас гадна ахуйн хэрэгцээндээ хэрэглэж байсан гэдгийг малчин Б.Х, түүний гэргий Отгончулуун нар гэрчилж байгаа. Эцэг С.З маань өөрийн өмчлөлийн малыг бидний хэн нэгэнд хууль ёсоор болон гэрээслэлээр өвлүүлж өгөөгүй бөгөөд энэ нь бидний эцгийн өв хөрөнгө болох нь малын “А” дансны бүртгэлээс тодорхой харагддаг. Одоогийн байдлаар малчин Б.Х-ийн нэр дээр тоологдож байгаа 2 үнээ, 2 тугал, 1 бяруу нь анх хүлээлгэж өгсөн үхэр сүргийн төл мал болохыг бид 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр малчныд очиж тодруулсан болно. Иймд бидний эцэг С.Зн өмчлөлийн нийт 110 /нас гүйцсэн үхэр 16, өсвөр насны үхэр 22, нас гүйцсэн адуу 33, өсвөр насны адуу 39/ толгой малыг С.З-н хөрөнгө болохыг тогтоож, Ц.Б-ээс түүний дур мэдэн захиран зарцуулсан 110 толгой малын үнэ 80.450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нотариатч Б.П-ийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “ЗТ” ХХК-ийн 2 давхар, 1502 мкв талбай бүхий барилгыг бүхэлд нь өвлүүлж үл хөдлөх хөрөнгийг давхардуулан Ц.Б-т №12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь тухайн барилгын 1 давхарын хууль ёсны өвлөгч болох З.Э, З.Түв, З.Тү, З.Т нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байх тул 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4, 5, 6, 7 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Б.П-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү. /2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлага/ гэжээ.

Хариуцагч Ц.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний нөхөр З овогтой Э нь 1994 онд “ЗТ" ХХК-ийг үүсгэн байгуулаад 2016 оны 12 сарын 19-ний өдрийг хүртэл захирлаар ажиллаж, компаниа удирдаж байгаад хүнд өвчний улмаас нас барсан юм. Ингээд өвлөх эрхийн хуулийн дагуу түүний хүү *** овогтой А, эхнэр *** овогтой Б миний бие 1 жилийн дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг хүлээн авч “ЗТ” ХХК болон “Б” зочид буудал, газрын гэрчилгээгээ гаргуулж авсан. Энэ хугацаанд буюу 2018 оны 04 сарын 20-ны өдөр З.Э, Н.Б, З.Түв нар нь зочид буудалд дур мэдэн орж, жижүүрийг загнаж, хөөж туун өрөөнүүдийн түлхүүрийг хүчээр булаан өнөөдрийг хүртэл хүний өмчийг хууль бусаар болон дээрэмдэж ашиглаж байна. Миний бие З.Э-тэй 1993 онд танилцаж 1994 онд гэр бүл болж 1995 онд албан ёсоор батлуулж хурим хийж “Б” зочид буудалдаа өрх тусгаарлаж амьдарсан билээ. Өнөөдрийг хүртэл компанийн үйл ажиллагаанд оролцож удирдаж ирсэн. 2008 оноос компанийн нягтлан бодогчоор өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. 1994 онд “Б” зочид буудлыг хувьчилж авахдаа Хөдөө аж ахуйн банк буюу ХААН банкнаас сарын 5-6 хувийн хүүтэй зээл авч түүгээрээ ягаан тасалбар худалдан авч өмч хувьчлалд оролцож хуулийн дагуу “Б” зочид буудлын хууль ёсны эзэмшигч болсон. Худалдаж авсныхаа дараа өндөр хүүтэй банкны зээлийг төлж чадахгүй байсны улмаас зээлийн хугацаа хэтэрч, хүү алдангид орж хүнд байдалд орсны улмаас зочид буудлын ихэнх тавилгыг Б аймгийн ард иргэдэд зарж зээлийг төлж дуусгаж байсан. Хэдийгээр Э бид 2 эзэмшдэг байсан ч ах, эгч нарт нь олсон орлого болон өөрсдийн нэр дээрхи бүх л зүйлээр тусалдаг байсан.

Эцэг С.З, эх М.Ц нар нь Улаанбаатарт амьдарч байгаад Б аймгийн 1 дүгээр орлогч даргаар томилогдон шилжиж ирэхдээ З.Э, З.Тү нарт 3 өрөө орон сууцаа өвлүүлж өгсөн. Зах зээлийн үед З.Э ажилгүй байсны улмаас байрныхаа ордерийг барьцаанд тавьж найзаасаа ачааны машины чиргүүл дүүрэн архи авчирч зарах гэж байгаад өрөнд орж Улаанбаатарт байсан өвлүүлж өгсөн 3 өрөө байраа зарж төлсөн. Ингээд орох оронгүй болж Б аймагт шилжиж ирээд эцэг, эх болон биднийг зовоож байхдаа З.Э бид 2-т өвлүүлж өгсөн Б аймгийн 14 дүгээр байрны 13 тоотын 2 өрөө байрыг “та нараас ахиж юу ч авахгүй, хэзээ ч ирэхгүй” гэдэг ам өчиг өгөөд тухайн үеийн ханш 800.000 төгрөгөөр зараад Дорнод аймаг руу шилжиж явсан. З.Тү нь 1995 онд гэр бүл болоод Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар ирээд эхнэр хүүхэдтэйгээ манай зочид буудалд амьдарч байгаад 2005 онд Улаанбаатар хот руу шилжээд 2 өрөө байр хөлсөлж амьдардаг байсан. З.Тү нь “авсан цалингаа байрны түрээсэнд өгөөд хэцүү байна, ядаж байр авах урьдчилгаатай бол байр авмаар байна” гэж хэлдэг байсан. 2008 онд Хас банкнаас “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээл”-ийг 5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, зочид буудалдаа засвар хийхээр 40.000.000 төгрөг авсан байснынхаа 20.000.000 төгрөгийг нөхөр З.Э ах З.Тү-ын дансанд шилжүүлж өгсөн. Буудлын засвараа хойшлуулсан. Энэ үед эдийн засгийн хямрал нүүрлээд хаа сайгүй зах зээл хумигдаж орлого буурч зээлээ төлж чадахгүй хүнд хэцүү байсан. Зарим үед Б миний бие зээлийн хугацаа хэтэрсэн, сар дамнах гээд байна заавал төл гэдэг шаардлагын дагуу банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд ломбарднаас сарын 15 хувийн хүүтэй, барьцаанд нь ээмэг, бөгжөө тавьж зээл авч төлдөг байсан. Тэр үед ах, эгч нар нь хэн нь ч санаа зовж асуудаггүй байсан. З.Түв нь Улаанбаатар хотод хадмындаа амьдардаг байсан. Хадам аав, ээж 2 нь байр авч өгөх боломжгүй байсан учраас ганц охиндоо 1 дүгээр хороололд байрлалтай, 2 өрөө байраа өгөөд өөрсдөө хашаа байшин барьж гэр хороололд амьдрахаар шийдсэнийг дуулаад миний нөхөр аав, ээжтэйгээ ярилцаад хадмуудынх нь байшинд мөнгө оруулж, барихад нь туслая гэж Хаан банкнаас зээл авч Б аймгийн *** сумын *** тосгоноос байшин барих тоосгыг худалдан авч Улаанбаатар хотод аваачиж өгч байшин барьсан. Тухайн үед хадам аав С.З нь Б аймгийн Ангийн аж ахуйг хувьчилж авсан байсан. Хувьчилж авсан 2 тракторыг

З.Түв-д гэр орноо тохижуулж сайхан амьдар, өөр боломж байхгүй гэдгийг хэлж өгөхөд З.Түв тракторыг хотод аваачиж зарж борлуулсан. Мөн З.Э нь эзэмшиж байсан УАЗ-469 машинаа ахдаа өгсөн бөгөөд ах нь хотод аваачиж зарж мөнгийг нь авсан. Т нь 1994 онд зочид буудлыг хувьчилж авсны дараа Улаанбаатар хотоос ирж ажиллаж амьдарч байхдаа тухайн үеийн “ХОТШ” банкнаас авсан 3.500.000 төгрөгийн зээлийг үр ашиггүй алга болгочихоод зээлийн эргэн төлөлтийг төлж чадахгүй Б аймгаас зугтаад явсан. Нэгэнт компанийн нэр дээр авсан зээл байсан учраас хариуцлагыг захирал З.Э үүрч төлж барагдуулсан. 1994 оноос хойш 2016 он хүртэл хадам аав, ээж болон нөхөр З.Э миний бие банкнаас зээл аваад ах, эгч нарыгаа болон тэдний үр хүүхдүүдийн сайн сайхны төлөө болон их дээд сургуульд сурах зардлаас авахуулаад идэх хоол, өмсөх хувцсыг нь хүртэл өгдөг байсан. Б аймаг хүн ам бага, зах зээл муу байсантай холбоотой манай зочид буудлын орсон орлого нь өвөлдөө халаалтын зардлаа нөхөж төлж чаддаггүй мөн олон хүнийг тэжээдэг, тэдний хэрэгцээг хангах гэж авсан зээлээ төлж чаддаггүй байсан зэргээс болж байнга татвар болон нийгмийн даатгал, “Б мээж” -д цэвэр усны болон халаалтын өртэй байдаг.

Миний бие 2000 оноос нөхөр З.Эгийн хамт Улаанбаатар хотод 4 жил дээд сургуульд суралцаж төгсөөд ирсэн. Сурсан эрдмийнхээ үр шимийг үзье гэж ярилцаад 2005 онд Б аймгийн улсын нөөцөд нягтлан бодогчоор орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Улсад 13 жил ажиллахдаа цалингийн болон лизингийн зээл аваагүй жил, сар, өдөр нэг ч байхгүй. Учир нь орлогоороо зочид буудлыг засварлах болон үйлчилгээг сайжруулах, тавилгыг шинэчлэх боломжгүй байсан тул авсан зээлийн мөнгөөр компанийн өрийг төлөх, компанийн зээлийг төлөх, цахилгаан бараа телевизор, хөргөгч, хөлдөөгч, хивс, дрож авах, буудалдаа засвар хийсээр ирсэн. 2012 онд хадам аав хүнд өвдөж нас барсан. 2013 онд хүү Э.А хүнд зодуулж тархины хүнд гэмтэл авсан, 2014 онд нөхөр З.Э ходоодны хорт хавдараар өвчилж 2016 оны 12 сарын 19-ний өдөр нас барсан. Энэ бүх хугацаанд ах, эгч нар нь хүний ёсоор хандаж хүнд өвчнийг даван туулахад сэтгэлийн дэм өгөхийн оронд амьд байхдаа буудлаа бид нарт шилжүүлж өг гэх мэтээр дарамталж зовоодог байсан. Миний нөхөр З.Э нь аав, ээж, ах, эгч нарыгаа хайрладаг эрхэмлэдэг, аливаа асуудлыг эвээр шийдэхийг хүсдэг зөөлөн сэтгэлийг нь буруугаар ашигладаг байсан. З.Э эгч нь шоронд ял эдэлж байхдаа удаа дараа “Э-ээр бие муу, эгчтэйгээ уулзах шаардлагатай байна” гэж худал бичиг хийлгүүлж чөлөөгөөр гардаг байсан. Гарч ирээд З.Э, З.Түв, З.Т, З.Тү нар нь нийлээд хувилдаан зохион байгуулж “З.Эг үхэхээсээ өмнө бид нарт хөрөнгөө шилжүүлж өг, эхнэр хүүхдийг чинь бид нар харж хандана” гэж сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсныг миний нөхөр ийм ч ах, эгч нартай байх ч гэж дээ гээд аргаа бараад уйлаад ярьдаг байсан. З.Э нь “намайг амьд байхад ингэж дарамталж байгаа юм чинь үхэхээр та 2-ыг хөөгөөд гаргана, тийм учраас намайг амьд байхад хөрөнгөө шилжүүлж ав” гэж хэлдэг байсан. Би ханийгаа өрөвддөг байсан.

Тийм ч учраас амьд байхдаа энэ компанийн захирал хэвээрээ байсан. Би энэ хүнтэй хоёргүй сэтгэлээр ханилахдаа ийм нэгийгээ хайрлах сэтгэлгүй увайгүй ах, эгч нарыг амьдралдаа хараагүй. Ашиглалтын хугацаа нь дууссан байшин, өмчийг минь булаацалдаж хуулийг мэдсээр байж зориуд нэр төрийг минь уландаа гишгэж гутаан доромжилж байгаад гомдолтой байна гэжээ.

Мөн нэхэмжлэгч нарын гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний нөхөр З.Э нь 1994 онд “ЗТ” ХХК-ийг үүсгэн байгуулаад захирлаар нь 2016 оны 12 сарын 19-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад хүнд өвчний улмаас нас барсан юм. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд “нас барагчийн эхнэр, нөхөр төрүүлсэн ба үрчилсэн буюу түүний нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн ба үрчилсэн эцэг, эх нэгдүгээр ээлжинд нас барагчийн эд хөрөнгийг тэгш хуваан авна” гэж заасан. Хуулийн дагуу түүний хүү Э овогтой А, Ц овогтой Б миний бие 1 жилийн дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг хүлээн авч “ЗТ” ХХК болон “Б” зочид буудал, газрын хамт гэрчилгээгээ гаргуулж авсан болно гэжээ.

Нэхэмжлэгч нарын гаргасан 2019 оны 02 сарын 26-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар: Тухайн үеийн нийгмийн даатгал болон татварын хуулийн дагуу хувь хүнээс болон байгууллагаас төлөх шимтгэл татвар нь өндөр байсан. Мөн 1994 онд зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ явуулдаг өөр компани байгаагүй бөгөөд компанийн жилийн орлого өндөр байгаатай холбоотойгоор татвараас зугтах зорилгоор зочид буудлаас гуанзны хэсгийг салган “А” ББХК-ийг үүсгэн байгуулж байсан. З.Т нь удирдан ажиллаж байхдаа үйл ажиллагааг нь алдагдуулан авсан зээлээ төлж чадахгүй улмаар зугаа цэнгэл хөөцөлдөн гэр бүл нь салж дампуурлын эрмэгт аваачаад хаяаад зугтаж явсан. Мөн зочид буудлын нийтийн халаалтын зардал өндөр байсныг тооцож, хуучин уурын зуухыг ашиглан бага зардлаар халаах боломжтой гэж үзээд “И” ХХК үүсгэн С.Б буюу хадам аав С.Зн төрсөн дүү удирдан ажиллуулдаг байсан. Гэвч яваандаа ах дүүсийн хооронд үл ойлголцол үүсэж С.Б ах одоогийн “ЭӨ” цогцолбор сургуульд мэргэжлээрээ математикийн багшаар ажилд орсон. Ийм учраас “А”, “И” ХХК-ийг татан буулгаж байсан гэжээ.

Нэхэмжлэгч нарын гаргасан 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар: Энэ хугацаанд хадам аав, ээж нэг байшинд олуулаа амьдарч чадахгүй болохыг амьдралаас мэдэрч хол байж биеэ дааж амьдар гэдэг байсан боловч нэг нь ч орох оронтой болж амьдралаа авч явж чаддаггүй байсан. Насанд хүрсэн хүмүүс байж олон жил аав, ээж болон бидэнд дарамт учруулж хүний хөдөлмөрийг шулж, гэмшиж ухаарахын оронд төрсөн дүүгээс нь ганц хүүдээ үлдээсэн хөрөнгийг булаацалдаж явах юм. Биднийг 1994 онд гэр бүл болоход хадам аав, ээж 4 үнээтэй байсан. Аав ээжийнхээ амин хайртай хүүгээс нь төрсөн анхны ач хүү Э.А-ийг төрөхөд 2 /Улаан халзан, Хар халзан/ үнээг зааж өгч байсан. Тухайн үед бүгд тэр малаас идэж байсан. Сүүлдээ олон айлын идэш хоолыг бэлдээд аав, ээжийн өөрсдийн мэдлийн үхэр мал дууссан. Манайд зааж өгсөн малыг өөрсдийн нэр дээр шилжүүлж бүртгэж ав гэдэг байсан боловч нэг л айл юм чинь гээд аавын нэр дээр тоолуулдаг байсан. Миний бие 2005 онд “Улсын нөөц”-д нягтлан бодогчоор ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллахдаа өөрсдийн малын өвс, тэжээлийг хангаж, цалингаасаа төлдөг байсан. 2009 онд миний нөхөр З.Э “хөдөөнийхөн бууны дуран асуугаад байна, олдвол малаар сольж авна гэнэ” гэхээр нь өөрийн төрсөн ах Ц.Ц-даа захисан. Тэр үед ах Ц нь Солонгос улсад 3 сарын визтэй явж ажиллаж байсан. Ирэхдээ бууны 2 дуран авчирч өгснийг зарж, нэг бүрийг тугалтай үнээгээр сольж, малаа өсгөсөн. 2016 он хүртэл З.Э-ийн ах, эгч нарт боломжоороо идэш хоол бэлдэж, хувааж иддэг байсан төдийгүй З.Э-ыг шоронд байхад нь өмгөөлөгчийн хөлсөнд үнээ гаргаж өгч байсан.

Бид адуутай байсан. Миний нөхөр талийгаач З.Э 2014-2016 оны хооронд хүнд өвчилж адуугаа маллах боломжгүй болсон. 2015 онд гэдэсний түгжрэл үүсэж гэдсээ тайруулан /стом/ гэдсэндээ уут зүүж 6 сарын турш явсан. Стом хайрцагандаа 5 ширхэгтэй, 48000 төгрөгөөр худалдаж авдаг байсан. Өдөрт 2-3 ширхэгийг хэрэглэдэг байсан. Зарим үед зээл, халаалтын өр төлөх гээд стомоо авч чадахгүй болоод адуугаа зарж эмчилгээндээ хэрэглэсэн. Энэ хугацаанд ах эгч хамаатан хэн нь ч гэдэсний уут авч өгч байгаагүй гэжээ.

Хариуцагч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч З.Э нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар намайг хариуцагч Ц.Бийн хамтран хариуцагчаар татаж байгааг би зөвшөөрөхгүй, миний олгосон өвлөх эрхийн гэрчилгээ хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:

1.Б, Б хот, Зүүн түрүү 4 дүгээр баг, “Б” зочид буудал 1 тоотод байршилтай “ЗТ” ХХК нь С.З агсны хүү З.Э агсны өмч хөрөнгө бөгөөд үйл ажиллагаа явуулах эрх нь түүний мэдлийнх байхыг 2006 оны “ЗТ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны компанийн дүрэм, газар эзэмших гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ зэрэг бичиг баримтаар батлагдаж байгаа.

2. 3.Э агсан нь 1995 оны 02 дугаар сарын 3-ны өдөр Ц.Б-тэй гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор батлуулсан гэрлэлтийн 6 тоот гэрчилгээтэй, хүү Э.А-ийг 1995 оны 03 дугаар сард төрүүлсэн. Ам бүл 3, 2016 оны 12 сарын 19-ний өдрийг хүртэл хамт амьдарч байсан нь Б сумын өрхийн бүртгэлийн 6301590408821 тоот дэвтрээр батлагдаж байгаа тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528.2-т зааснаар эхнэр Ц.Б-ийг хууль ёсны өвлөгчөөр тогтоон өв нээж өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Жич: хүү Э.А нь хөдөлмөрийн чадвараа 70%-иар алдсан учир эх Б-ийн асрамжинд байдаг нь эмч эмнэлгийн магадлагаагаар батлагдсан болно.

3.“ЗТ” ХХК-ийг 2006 оноос 2016 оны 12 сар хүртэл З.Э агсан удирдан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, санхүүгийн үйл ажиллагааг эхнэр Ц.Б хариуцан хийж байсан нь Б аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06/604 тоот албан бичгээр батлагдаж байгаа.

4. 3.Э агсан нь эцгийн захиасын дагуу ах, эгч нараа ирүүлэн 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “ТХ” дунд сургууль, “ЗТ” ХХК-ийн хөрөнгийг зарж борлуулсны дараа хэдэн хувиар хөрөнгө хуваах тухай хэлцэл хийж нотариатаар батлуулж байсан боловч уг хөрөнгийг зарж амжилгүй өөрөө 2016 оны 12 сард нас барсан. Одоо ч уг хөрөнгө зарагдаагүй байгаа учир “ЗТ” ХХК-ийн хөрөнгө болон үйл ажиллагааны эрхийг хуулийн дагуу эхнэр Ц.Бт өвлүүлж, эцэг Л.З агсны нэр дээр байсан хувийн сууц, газрыг хүү З.Түвд 100%, “ТХ” дунд сургуулийн өмч болох 8 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийг З.Түв, З.Т, З.Э, З.Тү, З.Э агсны хууль ёсны гэр бүл болох эхнэр Ц.Б нарт 20%, 20%-иар өвлүүлэхээр өвийг нээж гэрчилгээ тус тусад нь олгосон болно.

5. “ЗТ” ХХК-ийн хөрөнгийг өвлөхөөр компанийн захирал Э.Э агсны эхнэр Ц.Б талийгаачийн төрсөн ах З.Түв, З.Тү, эгч З.Э, З.Т нар тус тусдаа хүсэлт гаргасан юм. Гэтэл дээрхи өвлөх эрхийн гэрчилгээ хүсэгчид хөрөнгө хуваах хэмжээнд маргаан гаргасан, зарим нь шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэснийг харгалзан Иргэний хуулийн 528, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг үндэслэн шүүхээр хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлсний дараа манай байгууллагаар өвөө нээлгэхийг зөвлөж Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 43 дугаар зүйлийн 43.2.4-т заасны дагуу шүүхийн шийдвэр гартал өвийн гэрчилгээ олгохыг түдгэлзүүлэхээр болсныг мэдэгдэж материалыг буцаасан боловч З.Э агсны хууль ёсны эхнэр Ц.Б-ээс бусад нь хүсэлт гаргаагүй учир хууль ёсны өвлөгчид нь Иргэний хуульд заасны дагуу өв нээсэн болно. Харин өв хүлээн авагч Ц.Б Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгчийн үүрэг хариуцлагыг хүлээж, эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэн тайлбар гаргав гэжээ.

Нэхэмжлэгч нарын гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар: Уг шаардлагад нэхэмжлэгч нар Ц.Б-т “ЗТ” ХХК-ийн эзэмшил газрын эрхийг өвлүүлэх тухай олгосон өвийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Манай нээсэн өвийн гэрчилгээ хуулийн дагуу болох нь “ЗТ” ХХК-д 1998 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр *** тоот гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн өөрчлөлт шинэчлэлтийн дагуу 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б сумын Засаг даргын 116 тоот шийдвэрээр Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн *** тоот гэрчилгээ болгож, “ЗТ” ХХК-д эзэмших эрхийн гэрчилгээг 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр олгосон учир дээрхи газрын эрхийг “ЗТ” ХХК хууль ёсоор эзэмших эрхтэй болох нь тогтоогдсон тул Ц.Б-т компанийнхаа эрхийг дагаад өвлөгдөх эрхтэй болно гэжээ.

Нэхэмжлэгч нарын гаргасан 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар: Тус шүүхэд гаргасан З.Э, З.Т нарын нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд:

1. Бидний эцэг С.З “Б” зочид буудлыг өмч хувьчлалаар хувьчлан авч “Б” ББХК-ийн 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулан үйл ажиллагаа явуулахдаа эцэг С.З нь ерөнхий захирлаар, ээж М.Ц нь нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан гэжээ.

Гэтэл Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 3, 24 дүгээр зүйлийг үндэслэн Зн Э “миний бие худалдааны “Б” зочид буудал, ББХК-ийг үүсгэн байгуулахаар энэхүү баримт гэрээг үйлдэв” гэсэн гэрээг 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулан дүрмийн хамт 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б аймгийн улсын нотариатч Дгээр батлуулан 03 тоот бүртгэлийн тэмдэг тамга даруулан 400 төгрөгийн хөлс төлсөн баримт байна. Уг гэрээнд “дүрмийн санг 6,5 сая төгрөгөөр бүрдүүлэн 2 гишүүнтэй, үүсгэн байгуулагч З.Э 5,5 сая төгрөгөөр, хувь нийлүүлэгч н.Х 1,0 сая төгрөгийн хөрөнгө нийлүүлэв” гэж дурдаад мөн дүрмийн 7-д “үүсгэн байгуулагч захирал З.Э, түүнийг байхгүй үед өөрийнх нь томилсон төлөөлөгч удирдана” гэж үйлдсэний дагуу 1994, 1995, 1998, 2005 онуудад эцэг С.З агсан нь ажлыг нь орлон гүйцэтгэж байхдаа өөрийгөө захирал гээд бичиг баримтанд дурдаад байсан бус уу. Энийг нь одоо хүүхдүүд нь Э-г нас барсан болохоор С.З агсныг захирал байсан гэж маргалдаад байна. Мөн дээрхи гэрээ дагасан дүрмийг 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн бөгөөд уг дүрмийн 1.6-д “ББХК-ийн эзэн З.Э байна” гэж, дүрмийн 2-т “эзэн нь дор дурдсан эрх эдлэж, үүрэг хүлээнэ” гэсэн ерөнхий заалтын ... төлбөр тооцоонд 1-р гарын үсэг зурах гээд тодоос тод зааж мөн дүрмийн төгсгөлд захирал З.Э гэж гарын үсгээ зурсан баримт байна.

2. “Б” ББХК нь “ЗТ” ХХК болсоноос хойш 2002 онд уг компанийн 1 давхарт “ТХ" сургуулийг С.З агсан байгуулж үйл ажиллагаа явуулж байсан баримтыг нь үндэслэн 5 хүүхдэд нь өв нээж өгсөн болно.

3.Аймгийн Нийтийн аж ахуйн газрын харьяа “Б” зочид буудлыг “Б ББХК-ийн эзэн З.Э-д хүлээлгэн өгсөн тухай 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот актын 1-д “...139 нэрийн ...бүгд дансны үнээр 960,516.56 төгрөгийн хөрөнгийг эзэн З.Эд хүлээлгэн өгөв. Актын 4-т: “Б” зочид буудлын ажилчдыг 1994 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн эзэн З.Эгийн мэдэлд шилжүүл” гэснээс харахад эхнээсээ л З.Э агсан захирал байсан нь тодорхой байна.

4.“Үйлчилгээ худалдааны “Б” ББХК-ийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25 тоот тушаалд “1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1-р протоколыг үндэслэн “А” ББХК-ийн дүрмийн санг 3,5 саяаар тогтоосугай захирал З.Э” гэж гарын үсэг зурж, тамга дарснаас үзэхэд яалт ч үгүй З.Э агсан захирал байсан нь батлагдаж байна.

5.“ЗТ” ХХК-ийн гэрээ дүрэмд 1996, 1999, 2002 онуудад өөрчлөлт орж байсан ба 1996 онд улсын бүртгэлд бүртгүүлэхдээ компанийн удирдлага захирал З.Э-ээр явсан нь гэрээ дүрэм гэрчилгээнүүдээр нотлогдож байх тул “ЗТ” ХХК-ийн эзэн бөгөөд захирал нь З.Э агсан болох нь хэрэгт болон манайд авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тул манайх Ц.Б-т өв нээснээ хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар: Нэхэмжлэгч З овогтой Э нарын 4 хүний нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1 .Нотариат асан Б.П би “ТХ” дунд сургуулийн болон “ЗТ” ХХК-ийн хөрөнгөнд нээсэн өвийн гэрчилгээг Иргэний хуульд заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй давхардуулалгүйгээр тус тусын хөрөнгөнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон учир өмчлөгч нарын эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.

2.Миний өв нээж олгосон өвийн гэрчилгээнүүд нь доорхи хууль зүйн үндэслэлтэй олгогдсон баримт бичгээр нотлогдож байгаа болно. Үүнд:

А. “Б” хувийн зочид буудал ББХК-ийн захирал З.Э 1994 оны 02 дугаар сарын 2-ны өдөр “Б” хувийн зочид буудлын ББХК-ийн дүрмээ боловсруулан, 2 гишүүнтэй байхаар тусгаад дүрмийн 6-д ББХК-ийн эзэн З.Э байна гэж,

Б. Дүрмийн 2-т “Эзэн дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэсэн заалтанд 8-н заалтыг оруулснаар өөрийнхөө хийх эрх, үүргийг тодорхой заасныг дүрмээс нь үзэж болно.

3.”Б” хувийн зочид буудал ББХК-ийн /эзэн/ захирал З.Э нь дээрхи дүрмээ үндэслэн 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ББХК-ийн үүсгэн байгуулах тухай гэрээ хийж,

А. Гэрээний 5-д “дүрмийн сангаа 6,5 сая төгрөгөөр бүрдүүлэхээр болж үүсгэн байгуулагч З.Э 5,5 сая төгрөг, хувь нийлүүлэгч н.Х 1,0 сая төгрөгийн хөрөнгө” нийлүүлэн дүрмийн сангаа бүрдүүлэхээр тусгаад компанийн захирал 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн №118, РД: *** тоот гэрчилгээ авсан.

Б.Гэрээний 7-д “компанийг үүсгэн байгуулагч захирал З.Э түүнийг байхгүй үед өөрийнх нь томилсон төлөөлөгч удирдана” гэж тусгаад захирал өөрөө гарын үсэг зурж, 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр улсын нотариатч Д-ээр батлуулан “БНМАУ Б аймаг улсын нотариатын товчоо” гэсэн тамга бүхий 03 тоот тэмдгээр гэрээгээ баталгаажуулсан.

4.Энэхүү дүрэм, гэрээг үндэслэн 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Аймгийн Нийтийн аж ахуйн газрын харъяа “Б” зочид буудлыг “Б” ББХК-ийн эзэн З.Э-д хүлээлгэн өгсөн №01 тоот акт үйлдэн эрх бүхий хүмүүс нь гарын үсэг зурсан.

5.Тухайн үеийн Улсын бүртгэлийн тухай хуулийг үндэслэн “ЗТ” ХХК нь 1996, 1998 онуудад дүрмийн сан буюу компанийн хөрөнгөө үнэлэн өөрчлөлт оруулж, *** тоот регистртэй гэрчилгээ авч байсан нь Улсын бүртгэлийн хэлтэст материал нь байгаа талаар лавлагаа авч болно. /Тухайлбал дүрмийн сангаа 20,5 саяар бүртгүүлж байсан барилга байгууламжаа 50,0 саяар үнэлэж байсан/

6.”ЗТ” ХХК-ийн захирал З.Э нь компанийнхаа гэрээ, дүрмийг 1999 онд батлуулан мөрдөж эхэлснээс үзэхэд компанийн захирал З.Э байсан нь дүрэм, гэрээнд тодорхой тусгагдсан байна.

7.”ЗТ” ХХК-ийн дүрмийн сан 20,5 сая төгрөгөөр үнэлэгдэж улсын бүртгэлд бүртгүүлж байсныг 1998 онд өөрчлөн 60,360,000 төгрөг болгон өөрчлөн бүртгүүлж байсан материал байгаа.

8. 3.Э /захирал/ компанийн хөрөнгө болох зочид буудлын барилгын 1-р давхарыг сургуулийн зориулалтаар засварлан тохижуулсан хэсгийг 15,0 сая төгрөгөөр үнэлэн С.З-д бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдөр батлуулсан болно. Энэ гэрээг үндэслэн “ЗТ” ХХК-ийн хөрөнгийг өөрчлөн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас “ТХ” ЕБС-д 288 мкв талбай бүхий, 8 өрөөг 15,0 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөнд *** тоот гэрчилгээ олгосон. Мөн “ЗТ” ХХК-ийн хөрөнгөнд өөрчлөлт оруулан 35,0 сая төгрөгийн үнэ бүхий барилга гэж *** тоот гэрчилгээ олгосон материал улсын бүртгэлийн газарт болон хэрэгт авагдсан материалд байгаа болно.

9.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нь 2011 оноос өмнө энэ нэрээр нэршиж байсныг 2011 оноос нэршлийг өөрчлөн шинэчлэгдсэнээр “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” болгон өөрчлөгдөж уг гэрчилгээнд үнэ тавигдахгүй зөвхөн кадастрын хэмжээ тавигдан “Ү” дугаартай болсоны дагуу “ЗТ” ХХК-ийн хөрөнгийн гэрчилгээнд байгаа 1502 мкв гэсэн хэмжээ нь кадастрын зурагт зааснаар тавигдсан байх ба энэ хэмжээнд “ТХ" дунд сургуулийн 8 өрөө байр орсон гэж үзэх үндэслэл байхгүй, 2002 онд өмчийг салгаж бүртгэл хийхэд талбайн хэмжээ тавигдахгүй, үнийн дүн гэрчилгээнд бичигдэж байсан учир 50,0 сая төгрөгийн барилга байгууламжаас 15,0 сая төгрөгийн 8 өрөөг салгаж “ТХ” сургуульд өгөөд 35,0 сая төгрөгийн үнэтэй хөрөнгө “ЗТ” ХХК-д үлдсэн нь хэрэгт авагдсан материалаар батлагдаж байгаа тул энэ талаар Улсын бүртгэлийн байгууллагаас тодруулан лавлагаа гаргуулж болно.

Дээрхи нотолгоонуудаас дүгнэлт хийхэд нотариатын байгууллага өвлөх эрхийн гэрчилгээг давхардуулан олгоогүй тус тусад нь өвлөх эрхийн гэрчилгээ өгсөн гэдгээ батлаж байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахыг зөвшөөрөхгүй. Энэ өвийн асуудалд хариуцагч Ц.Бийг хамтран хариуцагчаар татахыг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126, 2, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2, 528 дугаар зүйлийн 528.2, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг баримтлан Ц.Б, Б.П нарт холбогдуулан Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12,14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, “ЗТ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** дугаартай, 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын *** дугаар бүхий, 2370 мкв газар нь З.Э, З.Т, З.Түв, З.Тү, З.Э нарын эцэг С.З, эх М.Ц нарын бий болгосон С.Зн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, эдгээр эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч буюу С.Зн өв залгамжлагчаар тогтоолгох, Ц.Б-ээс 34 толгой малын үнэ болох 40.800.000 /дөчин сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжпэгч З.Э, З.Т, З.Түв, З.Тү нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.681.745 /нэг сая зургаан зуун наян нэгэн мянга долоон зуун дөчин тав/ төгрөгөөс 1.423.795 /нэг сая дөрвөн зуун хорин гурван мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 257950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагч Ц.Б-ийн “ЗТ” ХХК-ийн “Б” зочид буудлын *** дугаартай 1502 мкв хэмжээтэй, 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын *** дугаар бүхий 2370 мкв газрыг бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдах гомдолдоо: Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.02-ны өдрийн 113 дугаар шийдвэрийг зөвшөөрөхгүй тухай.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй  болгон шийдвэрлэхдээ зохих хуулийн заалтуудыг баримтлаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

1. Нотариатын хууль зөрчсөн үйлдлийн талаар.

Б.П нотариатч “ЗТ” ХХК-ийн өмч зочид буудлын зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх хүсэлтүүдийг 2018 оны 4 сард хүлээн авч, 1502 мкв 2 давхар үл хөдлөх эд хөрөнгөөс 1 давхрын хэсгийг буюу сургуулийн 1 зориулалттай 8 өрөө 288 мкв талбайг нэхэмжлэгч нар болон Бт энэ тэнцүү хувааж, 2018.05.10-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг /4,5,6,7дугаартай/ хүн тус бүрд олгож, 2 давхарын хэсэг дээр маргаантай учир шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос түдгэлзэх шийдвэрийг 2018.05.10-ы өдөр бичгээр гаргаж хүсэлт гаргагч нарт хүргүүлсэн байдаг. Нотариатч нь түдгэлзэл арилаагүй, маргааныг шүүхээр шийдвэрлүүлээгүй байхад өвлөгч нарт мэдэгдэхгүйгээр өв хөрөнгийг 100 хувь өвлүүлэхээр өвлөх эрхийн 12, 14 тоот гэрчилгээг Ц.Б-т 2018.07.20-ны өдөр олгож, уг гэрчилгээгээр “ЗТ” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, компани болон газрыг Ц.Б өөрийн нэр дээр өөрчлөн бүртгүүлж, шинээр гэрчилгээ гаргуулан авчээ. Нотариатч нь 2018.07.20-ны өдөр Б-т өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өмнө 2018.05.10-ны өдөр өвлөх эрхийн /4,5,6,7 дугаартай / гэрчилгээгээр дээрх барилгын 1 давхрын хэсгийг өвлүүлсэн байтлаа үүнийгээ нийт талбайн хэмжээ болох 1502 м.кв хэмжээнээс хасалгүйгээр 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь 100 хувь өвлөх эрхтэй гэрчилгээг олгосон явдал нь нотариатын үйл ажиллагаа хууль ёсны, шударга, маргаангүй байх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Буудлын барилгаас нэг давхрын хэсгийг өвлүүлсэн дагуу нэхэмжлэгч нар нь өмчлөх эрхийн бүртгэл хийлгэх гэтэл 100 хувь Б-т өвийн гэрчилгээ олгогдож, газар болон компани Б-ийн нэр дээр очсон болохыг мэдсэнээр маргаан үүссэн.

Шүүх хуралдаан дээр П нотариатч тайлбар хэлэхдээ:  Б-т 2018.07.20-ны өвлөх эрхийн гэрчилгээг бичихдээ тоо үсэгний алдаа гаргасан, 2 давхрын гэж бичих гэж байгаад 2 давхар гээд андуурсан юм гэж өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байснаа сүүлчийн хуралдаан дээр нэгэнт бичигдсэн улсын бүртгэлийн гэрчилгээг би өөрчлөх эрх байхгүй учраас гэрчилгээн дээр бичигдсэнээр бичсэн гэж өөрчлөн тайлбарласан. Түүний энэхүү үйлдэл нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн талаарх өмгөөлөгч нарын тайлбарт Б.П нь ямар ч няцаалт, тайлбар хэлдэггүй зэрэг нь нотариатын үйлдлээ хуулийн дагуу явуулсан гэдгээ нотолж чадаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нар нь маргааны гол буруутан нотариатч Б.П бөгөөд хуулийн үүргээ биелүүлээгүйгээс ийм байдалд хүргэсэн гэж гомддог. Нотариатч нь дараах хууль эрх зүйн заалтыг зөрчсөн учраас түүний Ц.Б-т олгосон 2018.07.20-ны өдрийн 14,12 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээнүүд нь хүчингүй болох учиртай гэж үзэж байна.

Өвлөх хөрөнгө болох *** тоот Улсын бүртгэлийн дугаартай 1502 мкв талбайтай “Б” зочид буудлын зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв газар зэрэг нь “ЗТ” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй байдаг боловч эцгийн захиас болгосны дагуу төрсөн 5 хүүхдүүд нь хувь тэнцүү хуваан авахаар 2013.08.27-ны өдөр хэлцэл байгуулсныг нотариатч Б.П баталсан байдаг. Иргэний хуулийн 531.1-д өвлөгдөх эд хөрөнгөнөөс хэн ямар хэмжээгээр өвлөх эсэхээ хэлэлцэн тохиролцож хэлцэл хийсэн бол нотариатч уг хэлцлийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгоно гэсэн хуулийн заалтыг нотариатч зөрчсөн. Өвлөх хөрөнгөтэй холбоотой хэлцэл байгааг мэдсээр байж шаардан аваагүй хэлцлийн талаар огт дурьдаагүй орхисон. Нотариатын тухай хуулийн 43.4-д Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заах гэснийг зөрчиж, нэг давхрын хэсгийг өвлүүлсэн гэрчилгээ олгосон байтлаа зориуд давхардуулж олгосон.

Нотариатын үйлдэл хийх зааврын 8.9-д өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нэгдсэн санд оруулна гэснийг зөрчиж нэхэмжлэгч нараас өвлөх хүсэлт, түдгэлзэл зэргийг санд оруулаагүй зэрэг болно.

Иймд нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Зочид буудлын зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох талаар:

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь хэдийгээр “ЗТ” ХХК-ийн өмчөөр бүртгэлтэй боловч уг хөрөнгө нь З болон тэдний 5 хүүхдүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоох бүрэн боломжтой гэж үздэг. З агсныг нас барсаны дараа 5 хүүхэд цугларч “ЗТ” ХХК-ийн нэр дээрх 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг ямар хэмжээгээр хуваан авах талаар хэлэлцэж тохиролцоонд хүрч улмаар бичгийн хэлбэрт оруулан хэлцэл байгуулж, нотариатч Пгээр батлуулсан. Уг хэлцэлд “ЗТ” ХХК-ийн захирал талийгаач Э өөрөө гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн ба Иргэний хуулийн 40.3-т зааснаар хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байхаар заасан тул хэлцэлд заасан хувь хэмжээгээр Б хөрөнгийг өвлөх эрхтэй. Уг хэлцлийн агуулга бол эцгийн гэрээслэл болгон хэлсэн захисаны дагуу компанийн нэр дээрх 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулан хувь хэмжээ тогтоон хуваах асуудал юм. 2016 онд талийгаач Э нас барсны дараа буудлын үйл ажиллагаа нь доголдож, өр төлбөрт орж, Б нь буудлын тавилга эд зүйлийг зарж борлуулж, үйл ажиллагааг нь доголдуулж цааш авч явах чадваргүй болсон тул ах, эгч нар нь өөрсдийн хэлцлийн зүйл болох дээрх үл өдлөх эд хөрөнгийг хамгаалалтандаа авахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Мөн “ЗТ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан дүү З.Э нас барсан явдал нь хэлцэл дуусгавар болох үндэслэл болж байгаа учраас хөрөнгийг яаран зарж борлуулах биш хөл дээр нь босгох зорилго агуулж өнөөдрийг хүртэл ах, эгч нарын зүгээс хөрөнгө оруулалт хийж, зочид буудлын үйл ажиллагааг сэргээн явуулж, засвар үйлчилгээг хийж, шинэ эд хөрөнгөөр тоноглож Бийн үүсгэсэн өр төлбөрүүдийг барагдуулж дууссан.

Нэхэмжлэгч нар нь өвлөх хөрөнгө дээр хэлцэлтэй, хэлцлийн дагуу эрхээ хамгаалуулах эрхтэй учраас үл хөдлөх эд хөрөнгийг компаний нэр дээрээс өөрсдийн нэр дээр болгохын тулд хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 108.1-д хэлцлийн үндсэн дээр 2 буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болохыг заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2013.08.27-ны өдрийн хэлцлийн дагуу гэр бүлийн гишүүдийн дундын өмчөөр тогтоох боломжтой. Нэхэмжлэгч нарын эх, эцэг З, Ц нар нь анх аймгийн өмч хувьчлалын комисст хандан өргөдөл гаргаж, бэлэн мөнгө болон хүүхдүүдийнхээ ягаан тасалбар дээр ягаан тасалбарууд худалдан авч байж хувьчилж аван, улмаар эцэг З ерөнхий захирлаар, эх Ц нягтлангаар ажиллаж 1-р гарын үсгийг зурж байсан, буудлын барилгын 1 давхарт сургуулийн зориулалтаар, гуанзны хэсгийг өөр зориулалтаар дотор нь хувааж хүүхдүүддээ хувиарлан ажиллуулж ирсэн зэрэг хэрэгт цугларсан бүх баримтууд өвийн хөрөнгө болох зочид буудлын барилга З агсны хүүхдүүддээ зориулсан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болохыг нотолж байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагуудаас нотариатчын үйлдлийг хүчингүй болгох, ЗТ ХХК-ын нэр дээр *** тоот Улсын бүртгэлийн дугаартай 1502 мкв талбайтай “Б” зочид буудлын зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв газар зэрэг нь нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Тү, З.Түв талийгаач З.Эийн өв залгамжлагч нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоох шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдож давж заалдах гомдолдоо: Миний бие Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 02-ны 113 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Шүүхийн шийдвэр бодитой, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нар 2018 оны 08 сарын 16-ны өдөр анх шүүхэд хандан өвлөх эрхийн 12,14 тоот гэрчилгээг Ц.Б-т олгосон нотариатч Б.П-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох үндсэн шаардлагатай, З.Э нар “ЗТ” ХХК-ий 2 давхар үл хөдлөх хөрөнгө, газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэмэгдүүлсэн шаардлагаа 2019 оны 02 сарын 26-ны өдөр гаргасан. Шүүхийн шийдвэрт үндсэн ба нэмэгдүүлсэн шаардлагын талаар огт дурьдаагүй, үндсэн ба нэмэгдүүлсэн шаардлагын хувьд тус тусад нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.

2.2019 оны 03 сарын 19-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад дурьдагдсан “110 толгой малыг С.Зн эд хөрөнгө болохыг тогтоолгох”, Ц.Б-ээс 34 толгой малын үнэ болох 40 800 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагуудын хувьд огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шийдвэрийн 23 дах талд 2011 оны малын А дансанд “С-ийн З адуу 22, үхэр 12, бүгд 34 толгой мал” гэж 2012 онд “З-н Э адуу 23, үхэр 12, бүгд 35 толгой мал” гэж тоолуулсан байна гэж бичээд энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй.

3.Нэхэмжлэгч нарыг үл хөдлөх эд хөрөнгийн өв залгамжлагч болохыг тогтоолгох, хариуцагчаас эд хөрөнгийн тодорхой үнэ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар тус тусад нь дүгнэлт хийлгүй, нэг хууль зүйн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрийг бодитой, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх нэг үндэслэл болж байна.

4.Шийдвэрийн 22 дах талд “маргаан бүхий эд хөрөнгө бий болсон байдлаас үэвэл дээрх эд хөрөнгүүд С.З-н гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлтээ ямар нотлох баримтуудаар няцааж байгаа талаар огт дүгнээгүй.

5.Шийдвэрийн 22 дах талд “эд хөрөнгүүд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бус” гэж үзсэн мөртлөө 23 талд “нэхэмжлэгч нар С.З-н өв залгамжлагч мөн боловч...”, мөн талд “.... болзол тавьж хийсэн хэлцэл гэж дүгнээд хэлцэл биелэгдэх нөхцөл байдал үүсээгүй тул нэхэмжлэгч нар дээрх хэлцлийн дагуу үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг шаардах эрх үүсээгүй” гэж утга агуулгын хувьд логикийн алдаагай дүгнэлтүүд хийсэн байна.

6.2020 оны 04 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад уг нэхэмжлэлийн талаар шийдвэрт огт дурьдаагүй, мөн авч хэлэлцээгүй нь хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

7.Шийдвэрт “нэхэмжлэгч нарыг ... шүүхэд хандах эрх бүхий сонирхогч этгээд биш” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэгч нар 2017 оны 12 сар, 2018 оны 01 сард нотариатч Б.П-д хандаж хүсэлт гаргасан, уг хүсэлтийн дагуу “ЗТ” ХХК-ий 2 давхар үл хөдлөх хөрөнгийн 1 давхрын “ТХ” сургуулийн 8 өрөөг С.З-н 5 хүүхдэд тэнцүү хувааж өв нээж өгсөн атлаа 2018 оны 07 сарын 20-ны өдрийн “ЗТ” ХХК-ий үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхийн 12 тоот гэрчилгээг олгохдоо тус гэрчилгээндээ 2 давхар үл хөдлөх хөрөнгө гэж бичиж Ц.Б-т өвлүүлээд Ц.Б уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлээд байгаа нь нэхэмжлэгч нарын эрхийг хөндөж байгаа гэж үзэх хангалттай үндэслэл юм.

8.Хариуцагч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа “... энэ нь 2 давхрын гэж бичих байгаад 2 давхар гэж бичиж тухайн үед техникийн алдаа гаргасан” талаар дурьдсан бөгөөд нотариатын буруу бичсэн үйлдэл техникийн алдаа бус нотариатын хууль бус алдаатай үйлдэл буюу 2011 оны 02 сарын 10-ны өдрийн Нотариатын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25 дутаар зүйлийн 25.1.4-т заасан өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийхдээ гаргасан хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

            Шүүх “Б” зочид буудал хэрхэн бий болсон, хэрхэн бусдын өмчлөлд шилжсэн, “ЗТ” ХХК хэрхэн үүсэн байгуулагдсан, үүсгэн байгуулж баримт бичигт ямар өөрчлөлт орж байсан талаарх нотлох баримтуудын талаар хууль зүйн дүгнэлтийг хангалттай хийгээгүй, шийдвэрийн 25 дах талд маргааи бүхий эд хөрөнгө үүсч бий болсон нөхцөл байдал, “ЗТ” ХХК-ийн хувийн хэрэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тус компаний газар эзэмших гэрээ, гэрчилгээнээс үзвэл тухайн комианий өмчлөгч нь З.Э агсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй.

Нэхэмжлэгч нар өвлөгдөх эд хөрөнгөө хамгаалах талаар үйлдэл хийх хүсэлтийг нотариатч хандан гаргаж байсан, нотариатч нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийн талаар хангалттай мэдэж байж нотариатын тухай хууль зөрчсөн нь түүний өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нотариатын үйлдлийн талаар нотариатын танхимд хандсан талаар шийдвэртээ огт дурьдаагүй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Б аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 02-ны 113 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч  З.Э, З.Т, З.Тү, З.Түв нар нь хариуцагч Ц.Б, Б.П нарт холбогдуулан  “Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12,14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, “ЗТ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** дугаартай 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын *** дугаар бүхий 2370 мкв газар нь З.Э, З.Т, З.Түв, З.Тү, З.Э нарын эцэг С.З, эх М.Ц нарын бий болгосон С.Зн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, эдгээр эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч ба С.З-н өв залгамжлагчаар тогтоолгох, 110 толгой малыг С.З-н эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.Б-ээс 110 толгой малын үнэ болох 80 450 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.     

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд шийдвэрийн үндэслэл болгосон, мөн болгоогүй нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаарх дүгнэлт, шалтгааныг шийдвэрт заах ёстой.  Гэвч шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хоорондоо давхацсан эсэх, ямар баримтууд нь хэрэг ач холбогдолтой, эсвэл хамааралгүй байгаа талаар нэг бүрчлэн үнэлж дүгнээгүй байна.    

Хэргийн оролцогчид болон өмгөөлөгч нарын шүүхэд гаргаж өгсөн болон түүний хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтуудын /1 дүгээр хавтаст хэргийн 43, 54, 55, 58-65, 67-73, 75-77, 118-119, 141-155, 161-195, 212, 217-232, 236-241, 3 дугаар хавтаст хэргийн 14-23, 26-28, 44, 45, 51-56, 143-146, 217-222, 241-251, 4 дүгээр хавтаст хэргийн 23, 5 дугаар хавтаст хэргийн 111-115 дугаар хуудас/, гэрч Д.Н, Ж.О, О.Ц нарын тайлбаруудын  /3 дугаар хавтаст хэргийн 154-156, 158-161, 163-166 дугаар хуудас/ талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.” гэснийг зөрчжээ.  

Хэргийн оролцогч өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотолж буй гэж үзсэн баримтыг гаргаж өгдөг бөгөөд шүүх эдгээр баримтыг хэрхэн үнэлж буйгаа шийдвэрт заавал тусгана. Хэдийгээр тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан үнэлгээ өөр өөр байх боловч ямар ч нотлох баримт үнэлэгдэхгүй байх учиргүй.

Шүүх хуралдааны нотлох баримтыг судлан шинжлэх үе шатанд энэ үнэлгээг бүрэн хийх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д шүүх хуралдааны үед нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтоож, эдгээр ажиллагааг 110-112 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулахаар хуульчилсан байдаг бөгөөд энэ хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд...хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан...байдлыг бичнэ.” гэж заасан байдаг. Шүүх хуралдааны тэмдэглэл нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, шүүх хуралдаан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу явагдсан эсэх, зарим тохиолдолд хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг судлаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн заасан баримтуудыг л шинжлэн судалсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт  “шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судална...” гэснийг зөрчжээ.

            Шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ эрх зүйн хэм хэмжээг оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангана.

           Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг зөв тодорхойлж, ингэснээр тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэх нь хууль ёсны байх нөхцлийг бүрдүүлдэг бол нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх нь үндэслэл бүхий байх шаардлагад хамаарна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, нотлох баримт үнэлэх талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн эсэх нь тодорхой бус, энэ талаар тэмдэглэлд тусгагдаагүй, нотлох баримтын хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

             Давж заалдах шатны шүүхээс  нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн “...шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй...” гэсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэсэн  тул нэхэмжлэгч З.Түв-аас давж заалдах гомдол гарахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 423 795 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 132/ШШ2021/00113 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Нэхэмжлэгч З.Түв-аас давж заалдах гомдол гарахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 423 795 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.