| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1412/Э |
| Дугаар | 1474 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 1474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч О.Багшбаяр,
Хохирогч Т.Маргад,
Өсвөр насны шүүгдэгч П.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Цогтбаатар,
Өсвөр насны шүүгдэгч Н.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Алтанчимэг,
Өсвөр насны шүүгдэгч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ганбат,
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батдэлгэр /ҮД:1338/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нарт холбогдох 1806 06220 1552 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүрэгт байрлах католик сүмийн “Домбоско” коллежийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2-Б хэсгийн 1561 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Боржигон овогт П.Т /РД:УК01251514/,
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Баянчандмань сум дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2-Б хэсгийн 898 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Боржигон овогт Н.Т /РД:УК03280616/,
3. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч, ам бүл 4, эцэг, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2-Б хэсгийн 1781 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Бандихай овогт Г.Г /РД:ДС02302316/,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 54 дүгээр байрны гадаа иргэн Т.Маргадын бугуйн цаг, түрийвчтэй бэлэн 50,000 төгрөг, бичиг баримт зэрэг нийт 2,719,000 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч П.Тийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Тий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Г өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч П.Тийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цогтбаатарын өгсөн: “... Эхээр нь овоглосон. Би хүүхэддээ “би 50 нас хүрлээ. Би шүүх орж үзээгүй чамаас болж л шүүхээр явж байна” гэж хэлсэн. П.Т бол айлын дунд хүүхэд. Бид хоосон хоноддоггүй болоод л байдаг. Зан байдлын хувьд хэвийн. Ар гэрийн ажил сайн хийдэг. Ямар учраас гэмт хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй байна. Барилга дээр ажиллаж байгааг нь мэдээгүй. Өглөө гараад, орой л ирдэг байсан. Өсвөр насны хүүхэд учир барьж хориод байдаггүй. Цаашид хараа хяналтаа сайжруулна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Тий хууль ёсны төлөөлөгч Г.Алтанчимэгийн өгсөн: “... Эцэг нь өнгөрөөд 5 жил болж байна. 3 хүүхэд, ачийн хамт амьдардаг. Хамаатныдаа хонохоор яваад ирсэн. Ирээд барилга дээр ажиллана гэж хэлсэн. “Болох юм уу” гэхэд “болно, манай найз нар хамт ажиллана” гэж хэлсэн. “Хэнтэй явах гэж байна” гэхэд эдгээр хүүхдүүдийн нэрийг хэлсэн. Гэтэл 2 хоногийн дараа цагдаа шүүх болсон. Миний хүү гэрээс гардаггүй. Сайн хүүхэд. Бид группын мөнгөөр амьдардаг. Миний хүү айлын дунд хүүхэд. Цаашид хараа хяналтаа сайжруулна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Гын хууль ёсны төлөөлөгч Б.Ганбатын өгсөн: “... Миний хүү барилга дээр ажиллаж байгаа талаар утсаар мэдэгдсэн. Би ээлжийн ажил хийдэг. Би эрт хариарай гэж хэлсэн. Хэрэг болсны дараа “та нар ямар хэрэгт холбогдсоноо мэдэж байна уу” гэхэд “мэдэж байгаа, биднийг уучлаарай” гэж хэлээд уйлсан. Хувийн байдлын хувьд даруу төлөв ухаалаг зантай. Цаашид хэрэг төвөгт орооцолдохгүй гэж хэлсэн. Би сургуульд жижүүр хийдэг. Ам бүл 4. Гурван хүүхдийн хамт амьдардаг. Эх нь салаад явсан. Цаашид хараа хяналтаа сайжруулна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Маргадын өгсөн: “... Би гэр лүү явж байсан. Манай гэрийн хажуу гудамж харанхуй байсан. Гэтэл гэнэт 4 хүүхэд гараад ирсэн. Доошоо хараад утсаа оролдоод явж байтал Т нүүр лүү гараараа цохисон. Тэгээд 3 хүн намайг зодсон, нэг нь цаана хараад зогсож байсан. Т нь дээр гараад дээрээс цохиод байсан. Нөгөө хоёр хүүхэд хажууд нь байсан. Төгөлдөр гараараа, нөгөө хоёр хүүхэд нь өшиглөөд байсан. Цохиулж байхдаа юу, юу хулгайд алдсанаа мэдээгүй. Хэтэвч болон цагаа алдсан байсан. Хэтэвчинд 50,000 төгрөг иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх байсан. Мөн цагаа алдсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Маргадын өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр байрны ойролцоо гэртээ харих гээд алхаж байсан. Тэгсэн чинь миний өмнөөс 4 залуу алхаж байсан. Тэр 4 залуу 2, 2 оороо цувраад хоорондоо юм яриад явж байсан. Би гар утсаараа ярьж байгаад гар утсаа далд хийгээд гэрийнхээ түлхүүрийг гаргаж ирэх гээд доошоо тонгойчихоод, босоод ирсэн чинь өмнөөс саарал өнгийн малгайтай цамц, цэнхэр өнгийн жинсэн шорт, цагаан цэнхэр өнгийн пүүзтэй, бор царайтай залуу тулж ирээд намайг өөр лүү нь харсан чинь цаашаа хар гээд зүүн талын хацар луу цохисон. Үүнийхээ дараа уг залуу нь түлхсэн ба би зүлгэн дээр хальтраад унасан. Намайг газар унах үед цаанаас 2 залуу хүрч ирээд 3-уулаа болоод намайг цохиж эхэлсэн. Тэр 3 хоорондоо юмыг нь ухаарай, халаасыг нь нэгжээрэй гээд л яриад байсан. Цаанаас ирсэн 2 залуугийн царай төрх, болоод өмсөж явсан хувцасыг нь хараагүй. Тухайн үед харанхуй байсан. Эхэлж ирсэн залууг бол хараад танина. Тэр 3 нийлээд миний халааснаас 40,000 төгрөгний үнэтэй бор өнгийн урт эрэгтэй хүний арьсан түрийвч, бэлэн 50,000 төгрөг жолооны үнэмлэх, Хаан банкны карт, Е-март худалдааны төвийн карт, 3 ширхэг хөнгөлөлтийн карт, шар өнгийн бурхантай карт, скайтелийн симний үүр болон зүүн талын бугуйнд байсан хар өнгийн “Bell and ross” нэртэй бугуйн цаг зэргийг аваад зугатаагаад явсан. Үүний дараа би өөрийн найз болох Ттэй хамт тэр хавиар хайн явж байгаад нэг залууг нь барьж авсан болно. Уг залуу намайг эхэлж цохисон залуу мөн байсан. Тухайн үед өмсөж явсан хувцастайгаа байсан...” гэх мэдүүлэг /хх.6-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батзаяагийн өгсөн: “... Би өөрийн найзууд болох Баярбаясгалан, Т, Т, Г, Ган-Очир нарын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилга дээр ажиллаж байгаа юм. Ингээд өчигдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед тарсан ба бид нар 2 хоног болчихлоо цалингаа авья гэж хэлтэл одоо өглөө гэж хэлээд бид нарыг 2 цаг хүлээлгэсэн. Үүнийхээ дараа бид нарын дунд 3,000 төгрөг өгөөд та нар явж бай данс үлдээчих араас чинь хийе гэж хэлэхээр нь Тий ээжийн дансыг үлдээчихээд гэр лүүгээ явж байх замдаа бөөнөөрөө бид нар данс руу хийнэ гэвэл худлаа байх, бид нарыг мурьж магадгүй бөөнөөрөө хүлээж байгаад мөнгөө авчихья гэж ярилцаад буцаад очсон. Улмаар буцаад барилга дээрээ очих замдаа бид нарт өгсөн 3,000 төгрөгөөр 2 пирошки, 4 ороомог авч идсэн. Бид нарыг очсон чинь бид 6-г хариуцсан дарга байхгүй байсан ба даргын 80004089 дугаарын утас руу залгасан чинь “ах нь Сансар дээр явж байна, одоохон очлоо нэг газар байж бай” гэж хэлсэн. Уг хүнийг бид нар 1 цаг хүлээж байгаад дахиад утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Бүр сүүлдээ утсаа унтраасан, тухайн үед бид нарын нойр хүрч байсан. Тэнд байсан нэг байрны орц руу орж хэсэг байж байгаад гарч ирээд тэр хавиар хэсэг алхсан, мөн Сансарын тунелийн тэнд нэг саадан дээр сууж байгаад босоод явсан чинь Баярбаясгалан би хөлдөж үхлээ, та нар түрүүлээд явж бай, би ардаас чинь очьё гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар Баярбаясгаланг үлдээчихээд түрүүлээд явсан ба Сансарын тунел рүү өгсөж байхад түрүүлээд Т ард нь Г, Т 2 явж байсан. Тэр 2-ын ард Ган-Очир бид 2 алхаж байсан бөгөөд бид нарын урдаас нэг эрэгтэй хүн гараад ирсэн чинь Т очоод цохисон ба тэр хүн хажуу тийшээ болсоноо бид нарыг олуулаа байгааг хараад өөрөө газар хэвтээд толгойгоо барьсан. Тэгсэн чинь тэр хүний дээрээс Т очоод цохисон ба тэр үед уг хүний цаг гарнаас нь салаад газар унасан, тэрийг би ардаас нь явж байсан учраас харсан. Харин Г, Т 2 хажууд нь очоод зогссон. Түүнээс бол уг хүнийг цохиогүй. Уг газар унасан байсан цагийг нь Т авахыг би харсан. Тэгсэн чинь тэр хүн ээж гээд орилсон ба нөгөө 3 нь цаашаа зугатаасан. Харин Ган-Очир бид 2 буцаж И-март тал руу зугатаагаад 48 дугаар сургуулийн тэр хавиар явж байгаад Н.Баярбаясгалантай таарсан. Бид 2 Баярбаясгаланд нөгөө З-ыг хүн зодчихоод зугатаачихсан гэж хэлсэн чинь Баярбаясгалан бид 2-ыг загнаад хамт яваад Сансарын нүхэн гарц руу ертөнцийн зүгээр хойд талаасаа ортол өмнөөс нөгөө 3 гараад ирсэн. Улмаар бид 6 сансарын нүхэн гарцан дотор уулзаад харих уу, орцон дотор орж хонох уу гээд ярилцаад байж байсан чинь Тийн зодсон хүн нэг том биөтэй ахтай хамт хажуугаар өнгөрөхдөө Төгөлдөрийг таниад бариад авсан ба би шууд урагшаа зугатаасан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхжаргалын өгсөн: “... Би Маргад гэх хүнийг танина. Уг хүн нь миний найз залуу байгаа юм. Бид 2 бие биенээ мэддэг болоод 3 жил болж байна. Үерхээд бол 7 сар болж байна. Би яг хэзээ өгсөнөө бол сайн санахгүй байна. Ямар ч байсан өөрт нь 50,000 төгрөг өгөөд хадгалж бай гэж хэлсэн. Тэгсэн тэрийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны шөнө дээрэмдүүлсэн гэдгээ надад хэлсэн. Уг дээрэмдүүлсэн шөнөө надтай уулзаж, манай гэрт байж байгаад харих гээд гараад явсан юм, тэгж явж байхдаа дээрэмдүүлсэн гэсэн. Надад хэлэхдээ түрүүвчтэй мөнгө, бугуйн цаг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон бусад бичиг баримтаа дээрэмдүүлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Ган-Очирын өгсөн: “... Баярбаясгалан ажил дээрээ үлдсэн юм. Харин үлдсэн 5 ажлаасаа гараад Сансарын тунелийн тэнд нэг саравчинд орж суусан. Тэгж сууж байхдаа бид нар хүнээс мөнгө гуйж үзье, өгсөн мөнгөөр нь такси бариад харья гэж ярьсан. Тэгээд тэр хавиас явсан хүмүүсээс мөнгө гуйсан боловч өгөхгүй байсан. Тэндээсээ гараад бид нар Сансарын тунел рүү алхаж явах замд нэг эрэгтэй хүн таарсан. Тэр эрэгтэй хүн нь бид нарын өмнөөс ирж байсан бөгөөд Т гүйж очоод цохиж газар унагаагаад тэр дараад суучихсан. Тэгсэн чинь ардаас нь Тэмүүгэн гүйж очоод тэр хүний биенээс газар унасан байсан түрүүвч авсан. Харин Н.Г болохоор хажууд нь байсан ба Батзаяа тэр хүний хөлний ойролцоо зогсож байсан. Тэр хүний хажууд бол очоогүй. Тэгсэн чинь Т зугатаарай гэж хэлсэн ба Батзаяа, Т 2 ертөнцийн зүгээр баруун тийшээ явсан, Г, Т бид 3 Сансарын тунел тал руугаа гүйсэн, замдаа Баярбаясгалантай таарсан. Тэгээд нүхэн гарцнаас гарах гэж явсан чинь өмнөөс 2 ах хүрч ирээд Тийг барьж аваад цохихоор нь бид нар эргээд зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярбаясгалангийн өгсөн: “... Би тэд нарын ардаас 1 цаг орчимын дараа гарсан ба тэд нарыг хайгаад Сансарын колонкын автобусны буудал руу явж байсан чинь Батзаяа, Ган-Очир хоёртой таарсан, тэр 2 тэнд байсан байрны дундаас гарч ирсэн. Тэр 2 бид нар явж байгаад нэг хүн зодоод, түрүүвч цаг хоёрыг авсан гэж хэлсэн, улмаар тэр хоёртой хамт Сансарын тунел рүү явж байгаад нүхэн гарцны дээр нөгөө гуравтай таарсан. Тэнд уулзахад Т түрүүвчинд байсан картуудыг хаячихсан, мөн түрүүвчийг нь 48 дугаар сургуулийн тэнд хаясан гэж хэлсэн ба Г надад тэр хүнээс авсан гэсэн хар өнгийн цагаа өгсөн, уг цаг намайг авахад дэлгэц нь хагараагүй оосор нь салчихсан байсан. Би цагийг аваад халаасандаа хийсэн. Ган-Очир, Г Т бид 4 хамт зугатаагаад тэд нарын хаясан гэх бичиг баримт болон түрүүвчийг эргүүлж олж авсан. Тийг баригдах үед Т хамт үлдээд ардаас гарч ирсэн ба тэр ах нь түрүүвч болон бичиг баримт олоод өгчих гэж байна тэгвэл гайгүй гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар олоод буцаад очсон чинь байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Үржинхорлоогийн өгсөн мэдүүлэг /хх.29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Хувьтөгөлдөрийн өгсөн мэдүүлэг /хх.35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Гантөмөрийн өгсөн мэдүүлэг /хх.37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганбатын өгсөн мэдүүлэг /хх.39/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбаатарын өгсөн мэдүүлэг /хх.41/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.44,49,51/,
Нас тоолсон тэмдэглэл /хх.88,98,107/,
Эд зүйлсийн үнэлгээ /хх.109-110/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 54 дүгээр байрны гадаа иргэн Т.Маргадын бугуйн цаг, түрийвчтэй бэлэн 50,000 төгрөг, бичиг баримт зэрэг нийт 2,719,000 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэнгэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Маргадын өгсөн: “... бор царайтай залуу тулж ирээд намайг өөр лүү нь харсан чинь цаашаа хар гээд зүүн талын хацар луу цохисон. Үүнийхээ дараа уг залуу нь түлхсэн ба би зүлгэн дээр хальтраад унасан. Намайг газар унах үед цаанаас 2 залуу хүрч ирээд 3-уулаа болоод намайг цохиж эхэлсэн. Тэр 3 хоорондоо юмыг нь ухаарай, халаасыг нь нэгжээрэй гээд л яриад байсан...” гэх мэдүүлэг /хх.6-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батзаяагийн өгсөн: “... бид нарын урдаас нэг эрэгтэй хүн гараад ирсэн чинь Т очоод цохисон ба тэр хүн хажуу тийшээ болсоноо бид нарыг олуулаа байгааг хараад өөрөө газар хэвтээд толгойгоо барьсан. Тэгсэн чинь тэр хүний дээрээс Т очоод цохисон ба тэр үед уг хүний цаг гарнаас нь салаад газар унасан, тэрийг би ардаас нь явж байсан учраас харсан. Харин Г, Т 2 хажууд нь очоод зогссон. Түүнээс бол уг хүнийг цохиогүй. Уг газар унасан байсан цагийг нь Тэмүүгэн авахыг би харсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхжаргалын өгсөн: “... Ямар ч байсан өөрт нь 50,000 төгрөг өгөөд хадгалж бай гэж хэлсэн. Тэгсэн тэрийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны шөнө дээрэмдүүлсэн гэдгээ надад хэлсэн. Уг дээрэмдүүлсэн шөнөө надтай уулзаж, манай гэрт байж байгаад харих гээд гараад явсан юм, тэгж явж байхдаа дээрэмдүүлсэн гэсэн. Надад хэлэхдээ түрүүвчтэй мөнгө, бугуйн цаг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон бусад бичиг баримтаа дээрэмдүүлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Ган-Очирын өгсөн: “... Тэр эрэгтэй хүн нь бид нарын өмнөөс ирж байсан бөгөөд Т гүйж очоод цохиж газар унагаагаад тэр дараад суучихсан. Тэгсэн чинь ардаас нь Тэмүүгэн гүйж очоод тэр хүний биенээс газар унасан байсан түрүүвч авсан. Харин Н.Г болохоор хажууд нь байсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярбаясгалангийн өгсөн: “... Тэр 2 бид нар явж байгаад нэг хүн зодоод, түрүүвч цаг хоёрыг авсан гэж хэлсэн, улмаар тэр хоёртой хамт Сансарын тунел рүү явж байгаад нүхэн гарцны дээр нөгөө гуравтай таарсан. Тэнд уулзахад Төгөлдөр түрүүвчинд байсан картуудыг хаячихсан, мөн түрүүвчийг нь 48 дугаар сургуулийн тэнд хаясан гэж хэлсэн ба Г надад тэр хүнээс авсан гэсэн хар өнгийн цагаа өгсөн, уг цаг намайг авахад дэлгэц нь хагараагүй оосор нь салчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Маргадын өгсөн: “... Доошоо хараад утсаа оролдоод явж байтал Т нүүр рүү гараарай цохисон. Тэгээд 3 хүн намайг зодсон, нэг нь цаана хараад зогсож байсан. Т нь дээр гараад дээрээс цохиод байсан. Нөгөө хоёр хүүхэд хажууд нь байсан. Т гараараа, нөгөө хоёр хүүхэд нь өшиглөөд байсан. Цохиулж байхдаа юу, юу хулгайд алдсанаа мэдээгүй. Хэтэвч болон цагаа алдсан байсан. Хэтэвчинд 50.000 төгрөг иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх байсан. Мөн цагаа алдсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэцүүлэгт өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нарыг “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинж болон “Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэн” хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.
Мөн өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Т.Маргад нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нар нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж бүлэглэн дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээр хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Тт ял оногдуулахыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Н.Т, Г.Г нарт ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нарт ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хугацаанд хараа хяналтдаа байлган хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт тус тус даалгах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нарт сануулж байна.
Өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт П.Т, Боржигон овогт Н.Т, Бандихай овогт Г.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж бүлэглэн дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Тт ял оногдуулахыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Н.Т, Г.Г нарт ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалт, 8.7 дугаар зүйлд зааснаар, өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нарт ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хугацаанд хараа хяналтдаа байлган хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нарт сануулсугай.
5. Өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Маргад нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч П.Т, Н.Т, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР