Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 204/МА2021/00019

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 145/ШЗ2021/00362 дугаар шийдвэртэй

Л.Лын нэхэмжлэлтэй С.Оийн ажиллаж байсан байдлыг тогтоолох тухай иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л шүүхэд гаргасан хүсэлтэндээ: С.О нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн ******* нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнуудын буруугаас болж С.Оийн бичиг баримтыг архивт өгч хадгалуулаагүй байна. С.Оийн ажиллаж байсан болохыг нотолсон архивын лавлагаа нь бүрэн гүйцэт гараагүй хуулбар лавлагаа нь гарах боломжгүй гэсэн. Түүнийг ажил хөдөлмөр эрхэлж байсныг нотлох тухайн үед олгож байсан хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримт дээр бичилт хийгдэж тамга тэмдэгээр баталгаажсан байна. Иймд С.Оийг 1989 оны 01 дүгээр саоын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лын нэхэмжлэлтэй С.Оийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс услын тэмдэгтийн хураамж төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 145/Ш32021/00362 шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч С.О-ийг 1988 онд нэгдлийн гишүүнээр элсэж үхэрчнээр ажилладаг дурдсан байгаагаас гэрч Д.Д, Ц.О нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь С.О-ийг 1988 онд нэгдлийн гишүүнээр элсэж, үхэрчнээр ажилладаг болохыг нотолсон 1991 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** сумын *** бригадын нэгдлийн гишүүдийн нэрсийн жагсаалт болон гэрч Ц.О-ийн ...С.О2ийн 1986-1990 он хүртэл Өвөрхангай аймгийн *** сумын “***” нэгдэлд 2 дугаар бригадад сүү тосны заводод саальчин, малчин байсан талаар тус тус мэдүүлсэн мэдүүлгүүдээр С.О нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн *** сумын “***” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоох боломжтой гэж үзэж байна. Иймд С.О2ийг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн *** сумын “***” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

С.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л нь С.О-ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л С.О-ийг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл *** сумын “***” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг мэдэх Д.П-ээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан ба нэг гэрчийн нэрийг нь дурьдаагүй байна.

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч Д.П гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг орхигдуулсан, нэр нь дурдагдаагүй хүн хэн болохыг тодруулаагүй атал хүсэлтэнд дурьдсанаас өөр хүмүүсийг дуудаж гэрчийн мэдүүлэг авчээ. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтэнд зааснаас өөр этгээдээс гэрчийн мэдүүлэг авсан тул хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг шүүх хангаагүй, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ шүүх биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөх боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэв. 

         Давж заалдах шатны шүүх гомдлын талаар дүгнэлт хийгээгүй, өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул С.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 145/ШЗ2021/00362 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. С.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л-аас давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       

        3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

       4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.