Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1479

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

          Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

          Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ат холбогдох 1706 02484 1757 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум 7 дугаар баг, 17-6 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Сартуул овогт А.А /РД:РЮ87083113/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          А.А нь 2017 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26/4 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Ууганболдын эзэмшилийн 78-37 УНТ улсын дугаартай, Тоёота Приүс-20 маркийн автомашины 2 талын толийг сууриар нь хугалж хулгайлан авч 448,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ууганболдын өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 01-ний орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 26/4 дүгээр байрны урд талын зогсоол дээр машинаа байрлуулан гэртээ орсон. Тэгээд унтах гэж байхад байрны танил залуу машины чинь толийг хулгай хийж байсан хүнийг бариад авчихлаа гараад ир гэж хэлсэн. Тэгээд гадагшаа гараад хартал манай танил залуу нэг үл таних залууг дээрээс нь дараад хэвтүүлж урд талд 2 толийг тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх.8-11/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батбаярын өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө гадаа цонхны доор “тар няр” гэх чимээ гарсан. Тэр үед анзаараагүй ба удаагүй хэдхэн секундын дараа дахиж чимээ гархаар нь цонхоороо харахад өвөртөө юм чихээд цаашаагаа хараад алхаж байгаа хүн байсан. Би салхивчаа онгойлгоод хөөе гэж орилоход тэр хүн цааш зугатаахаар нь хулгайч байна, машинаас юм хулгайллаа гэдгийг мэдээд араас нь хөөсөн. Тэр залуу байр тойрч зугатаасан учир би нөгөө талаар нь тойроод очиход яг таарсан. Би шилэн хүзүүнээс нь бариад хавирч унагаан дарсан...” гэх мэдүүлэг /хх.12/,

          Дамно ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б32-114 дугаартай үнэлгээний тайлан /хх.19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Аын яллагдагчаар өгсөн: “... Би 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явж байгаад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа хотхоны урд талын байрны зогсоол дээр байсан хар өнгийн Тоёота приүс-20 маркийн автомашины 2 талын толийг сууриар нь хугалж авч байгаад баригдсан юм. Тухайн үед хоолны мөнгөгүй болчихсон байсан учраас аргагүйн эрхэнд хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх.60-63/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          А.А нь 2017 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26/4 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Ууганболдын эзэмшилийн 78-37 УНТ улсын дугаартай, Тоёота Приүс-20 маркийн автомашины 2 талын толийг сууриар нь хугалж хулгайлан 448,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ууганболдын өгсөн: “... Тэгээд унтах гэж байхад байрны танил залуу машины чинь толийг хулгай хийж байсан хүнийг бариад авчихлаа гараад ир гэж хэлсэн. Тэгээд гадагшаа гараад хартал манай танил залуу нэг үл таних залууг дээрээс нь дараад хэвтүүлж урд талд 2 толийг тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх.8-11/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батбаярын өгсөн: “... Би салхивчаа онгойлгоод хөөе гэж орилоход тэр хүн цааш зугатаахаар нь хулгайч байна, машинаас юм хулгайллаа гэдгийг мэдээд араас нь хөөсөн. Тэр залуу байр тойрч зугатаасан учир би нөгөө талаар нь тойроод очиход яг таарсан. Би шилэн хүзүүнээс нь бариад хавирч унагаан дарсан...” гэх мэдүүлэг /хх.12/,

          Дамно ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б32-114 дугаартай үнэлгээний тайлан /хх.19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Аын яллагдагчаар өгсөн: “... хар өнгийн Тоёота приүс-20 маркийн автомашины 2 талын толийг сууриар нь хугалж авч байгаад баригдсан юм...” гэх мэдүүлэг /хх.60-63/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт А.Аын шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд А.Аыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          А.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Хохирогч Б.Ууганболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч А.Аыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          А.А нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          А.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч А.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байх бөгөөд шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          А.А энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сартуул овогт А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Ат сануулсугай.

          4. А.А энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ууганболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР