Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02154

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02154

 

У- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01812 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: У- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Б-, Г.Ж- нарт холбогдох

 

Гэрээний үүргээ гүйцэтгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Э.Цээпилмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Г.Ж-, Р.Б- нар нь манайхтай 2015 оны 9 сарын 14-ний өдөр ОСЗГ9201/150914 дугаар орон сууцны зээлийн гэрээ байгуулж 308 000 ам долларыг 60 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн барьцааны гэрээгээр ХУД, 4 хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 7 давхрын 701 тоот, 154 м2 орон сууц, ХУД, 11 хороо, Богины ам гудамж, 26 тоот, 316,04 м2 амрагчдын сууцыг тус тус барьцаалсан. Хариуцагч нар нь барьцааны гэрээгээр хүлээсэн 154 м2 орон сууцны гэрчилгээг гаргуулж барьцаанд бүртгүүлэхээр гэрээний 3.2.9-д заасан төслийн онцлогоос шалтгаалан барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ бусад баримт бичгүүд нь дараа гарахаар бол тухайн гэрчилгээ, баримт бичгүүдийг батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор барьцаалагчид шилжүүлэх, эрх бүхий байгууллагад гэрээг бүртгүүлэх үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан ч хариуцагчаас ямар нэг үйлдэл буюу барьцаалуулах талаар банктай нэмэлт байгуулж бүртгүүлээгүй.  Иймд орон сууцны зээлийн барьцааны гэрээний 4.1.11-т зааснаар орон сууцны зээлийн барьцааны гэрээний 3.2.9-т заасны дагуу үүргээ биелүүлэхийг хариуцагч нарт даалгуулахаар шаардлагаа өөрчилсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Тус банктай 2015 оны 9 сарын 14-ны өдөр ОСЗГ90201/150914 дугаар зээлийн гэрээг байгуулж, 308 000 ам долларыг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлэхээр болсон. У-ны санхүүжилтээр баригдсан Экоскүүл гарден ХХК-ийн Бритиш тауверт 154 м2 талбайтай орон сууцыг худалдан авахын тулд гэрээг байгуулсан. Экоскүүл гарден ХХК-ийн захирал Батжаргал, Ариунаа нар нь биднийг банкны тэргүүн дэд захирал О.Банзрагчтай танилцуулж, орон сууцыг худалдан авах зорилгоор тус банкнаас зээл авахад дэмжпэг үзүүлэх, зээлийн гэрээний нөхцлийг уян хатан байх талаар харилцан тохиролцсон. Бид өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний төлбөрт 100 000 гаруй ам доллар төлсөн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүрэг, 11 хороо, Богинын ам 26 тоот 316.04 м2 амрагчдын зориулалттай 1 сая ам долларын өртөг бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. 2016 оны зун бид барьцаалуулсан дээрх үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд 1 сая ам доллараар худалдахаар тохиролцож, барьцаанаас чөлөөлж өгөх тухай хүсэлтийг банкны эдийн засагчид хандсан. Тухайн үед зээлийн төлбөрийг бүрэн төлж байсан. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан бол зээлээ бүрэн төлөх байсан. Эдийн засагч нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө гэж удаа дараа бидэнтэй уулзаж байсан ч эцэст нь чөлөөлөхгүй гэсэн. Ингэхдээ дахин шинээр зээл авч байгаа шиг материал бүрдүүлж, холбогдох хурлаар оруулсны дараа барьцаанаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ, зээлийн гэрээ 5 жилийн хугацаатай байгуулагдсан тул бид гэрээний хугацаагаар хүүгээ авч, ашгаа олох ёстой учир зээлийг урьдчилан төлөхийг зөвшөөрөхгүй гэсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь бидэнд хамаарахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.4-т заасныг баримтал Р.Б-, Г.Ж- нарт холбогдох, барьцааны гэрээний дагуу Хан-уул дүүрэг, 4 хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 7 давхрын 701 тоот, 154 мкв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалагчид шилжүүлэхийг даалгах тухай У- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Барьцааны гэрээний 3.2.9-д Төслийн онцлогоос шалтгаалан барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ бусад баримт бичгүүдийг батлагдснаас хойш ажлын 3 хоногийн дотор барьцаалагчид шилжүүлэх, эрх бүхий байгууллагад гэрээг бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан. Тухайн зээл авах үед орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан тул гэрчилгээг гарснаас хойш банкны барьцаанд бүртгүүлэхийг гэрээнд тусгаж зээлдэгчид үүрэг болгосон. Орон сууц нь бүрэн баригдаж дууссан, хаягжилт авсан байсан тул ирээдүйд бий болох хөрөнгө гэж үзэхгүй гэж шүүх дүгнэсэн нь нэхэмжлэгчийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардсаныг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр. Гэтэл анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нь шаардлагаа "барьцааны гэрээний дагуу Хан-Уул дүурэг 4 дүгээр хороо Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш тауэр орон сууцны цогцолбор, В блок, 7 давхарын 701 тоот, 154 мкв орон сууцыг барьцаалуулахыг хариуцагч нарт даалгах тухай" гэж тодорхойлсон байхад шүүх "барьцааны гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай" гэж нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж дүгнэсэн, хуулийг буруу хэрэглэх, тайлбарлах нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийн 168.1.2, 168.1.3-д зааснаар зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч У- ХХК нь хариуцагч Р.Б-, Г.Ж- нарт холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ОСЗГ9201/150914 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан барьцааны гэрээний 3.2.9 дэх заалтыг үндэслэж барьцааны гэрээг байгуулахыг /154м.кв орон сууцыг барьцаалуулахыг/ даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Хэргийн 6-11 дүгээр хуудасны баримтаас үзэхэд талууд гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд хэн аль нь гэрээний тал биш гэж маргаагүй. Гэрээг байгуулах үед орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр уг сууцны өмчлөгчөөр Б.Баргужин, Г.Ж-, Б.Бөртэ нар бүртгэгдэж гэрчилгээ гарсан үйл баримт тогтоогджээ. /хх 1,6-11,23,52 дугаар хуудас/

 

Барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ бусад баримт бичгүүд нь дараа гарахаар бол тухайн гэрчилгээ, баримт бичгүүдийг батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор барьцаалагчид шилжүүлэх, эрх бүхий байгууллагад гэрээг бүртгүүлэх үүргээ гүйцэтгэхийг хариуцагч талаас удаа дараа шаардсан ч ямар нэг үйлдэл хийгээгүй, уг хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх талаар мэдээлэл байхгүй, гэрчилгээ гарсан боловч барьцаанд бүртгүүлээгүй байгаа нь банкны барьцааны гэрээгээр олж авсан эрх зөрчигдөх, хөрөнгийг бусдад шилжүүлэх эрсдэл үүсч болзошгүй болсон гэж нэхэмжлэгч талаас шүүхэд хандах үндэслэл болсон үйл баримтаа тайлбарлажээ. /хх 1,38/

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болсон үйл баримтыг ангилж тогтоосноор хуулийг тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Нэхэмжлэгч нь 154 м.кв орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах, уг барьцаа хөрөнгийн бичиг баримтын эх хувийг банкинд шилжүүлэхийг даалгуулах гэсэн шаардлагаа өөрчилж гэрээний дагуу уг хөрөнгийг барьцаалуулахыг даалгуулах гэж тодруулжээ./хх1-2, 34-р тал/

 

Хэргийн 79 дүгээр талд анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт барьцааны гэрээний өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг даалгах гэсэн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...барьцааны гэрээг бүртгүүлэхээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн агуулгаар гаргажээ.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлагыг шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгуулахаар хариуцагчаас шаардаж байгаа тохиолдолд тухайн гэрээтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэх юм. Харин нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах гэж тодорхойлж байгаа тохиолдолд тодорхой баримт бичгийг өөртөө гаргуулж авах гэсэн агуулгаар шүүх шийдвэрлэх юм.

 

Мөн нэхэмжлэгчийн тодруулсан шаардлага, хариуцагч талд гардуулагдаагүй, хариуцагч Г.Ж- хэргийн материалтай танилцаагүй, түүнд шүүх хуралдааны тов зохих ёсоор хүргэгдээгүй зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг анхан шатны шүүхээс хангаагүй гэж үзнэ. Нэхэмжлэлийг гардуулах үед хариуцагч Г.Ж- нь өөрийн гэрийн хаягийг Богинын ам 32А тоот гэж тодорхойлсон байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Арцатын ам гэсэн хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна.

 

Иймд шүүх зохих ёсоор мэдэгдэх хуудсыг гардуулаагүй, хэргийн оролцогчийг нотлох баримт, хэргийн материалтай танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэргийг агуулгаар нь эрх зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжгүй юм.

 

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг, хоёр дах заалтад Иргэний хуулийн 1154 дүгээр зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай гэх мэтчилэн техник алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01812 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ш.ОЮУНХАНД