Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2026/ДШМ/645

 

2026            05          21                                                                         2026/ДШМ/645

С.Б, Б.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтулга /цахимаар/, 

цагаатгагдсан этгээд С.Б-, Б.О-, тэдгээрийн өмгөөлөгч Р.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/230 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлээр цагаатгагдсан этгээд С.Б-, Б.О- нарт холбогдох эрүүгийн 2406019542436 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн С-ын Б- /РД: УС-/, 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, асаргааны асрагч мэргэжилтэй, С- төвийн Асрамжийн 1 клиникийн асаргааны асрагч /асаргааны С-/ ажилтай, ам бүл 2, охины хамт .........тоотод оршин суух,

Урьд, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дугаар хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.

Т- овгийн Б-гийн О- /РД: ЦБ-/, 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, С- төвд сувилагч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт .........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

С- төвийн Б- судлалын Б- клиникийн сувилагч Б.О- нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр С- төвийн клиникийн Б- тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн Н.О-г ар гэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөхөөр сувилагч С.Б-гийн эзэмшлийн “Тоёота Приус 41” маркийн Б- УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр авч явах үедээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт бууж үлдэн С- төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмын 3.7 дугаар зүйлийн 3.7.1-т заасан “Эмчлүүлэгчийн сэтгэц эмгэгийн хам шинж арилж эдгэрсэн, эсвэл намжмал байдалд орсон тохиолдолд эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр эмнэлгээс гаргах бөгөөд ар гэр, баталгаажуулна”, мөн ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж “эмчлүүлэгчийг өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх, амиа хорлох, оргох, гэнэтийн үйлдэл хийх, бусадтай зодолдох, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндэд гэмтэл, шарх учруулах, эд хөрөнгө эвдэж сүйтгэх зэрэг үйлдлээс сэргийлж хяналт тавих, тохиолдол үүссэн үед мэдээлэх, хариу арга хэмжээ авна” гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Н.О- нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа-1 хорооллын орчимд тээврийн хэрэгслээс зугтаж, улмаар 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шар хоолойн ам” гэх газарт осгож нас барсан,

“С- төвийн Асрамжийн клиникийн асаргааны асрагч /асаргааны С-/ ажилтай С- овогтой Б- нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр С- төвийн клиникийн Б- тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн Н.О-г ар гэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөхөөр өөрийн эзэмшлийн “Тоёота Приус 41” маркийн Б- УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явах үедээ С- төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмын 3.7 дугаар зүйлийн 3.7.1-т заасан “Эмчлүүлэгчийн сэтгэц эмгэгийн хам шинж арилж эдгэрсэн, эсвэл намжмал байдалд орсон тохиолдолд эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр эмнэлгээс гаргах бөгөөд ар гэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулна”, мөн ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “эмчлүүлэгчийг өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх, амиа хорлох, оргох, гэнэтийн үйлдэл хийх, бусадтай зодолдох, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндэд гэмтэл, шарх учруулах, эд хөрөнгө эвдэж сүйтгэх зэрэг үйлдлээс сэргийлж хяналт тавих, тохиолдол үүссэн үед мэдээлэх, хариу арга хэмжээ авна” гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Н.О- нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа-1 хорооллын орчимд тээврийн хэрэгслээс зугтаж, улмаар 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шар хоолойн ам” гэх газарт осгож нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокуророос: С.Б-, Б.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянзүрх дүүгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч С.Б-, Б.О- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Б-, Б.О- нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хугацаагаар хадгалж хэрэгт битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн оршин суугаа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, С.Б-, Б.О- нарт авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэж, цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт “... тодорхой бус үүргийг албан бусаар хүлээлгэсэн нөхцөлөөс улбаатай тухайн этгээдийг “үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж буруутгах боломжгүй... өвчтөнг эмнэлгээс гаргах үеийн асуудлыг хэн нэг этгээдэд үүрэгжүүлэн журамлаагүй. Хууль, журмаар зохицуулагдаагүй, “практикт тийм байдаг” гэх байдлаар хандсан эрх зүйн үр дагаврыг тодорхойлж дүгнэх боломжгүй харилцаанд оролцсон оролцогчдыг “хуулийг төсөөтэй хэрэглэх” байдлаар шууд буруутгах боломжгүй, шүүгдэгч нарын үйлдэлд гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдоогүй байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно. Түүнчлэн, С- төвийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/182 дугаар Ажилтан томилох тухай тушаалаар С.Б-г Асрамжийн 1 дүгээр клиникийн асаргааны асрагчийн /асаргааны С-/ ажилд томилсон байх боловч Эрүүл мэндийн тухай хуульд “эмнэлгийн мэргэжилтэн” гэх ойлголтод асрагчийн албан тушаалыг хамааруулах талаар хуульчлаагүй, ерөнхий захирлын тушаалд дурдсан буюу хаалт дотор “туслах сувилагч” гэж тодорхойлсноор түүнийг эмнэлгийн мэргэжилтэн буюу сувилагчийн албан тушаалтай дүйцүүлэн ойлгох боломжгүй. Энэ нь С.Б-гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийн шаардлагыг ч хангахгүй байгааг илтгэж байна. Иймд шүүгдэгч С.Б-, Б.О- нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-, Б.О- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэв...” гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул эсэргүүцэл бичсэн. Үүнд:

Нэг. Шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Шүүх С.Б-г “эмнэлгийн мэргэжилтэн биш” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн тайлбарт “Эмнэлгийн мэргэжилтэн” гэж Эрүүл мэндийн тухай хуульд заасан этгээдийг ойлгохоор тусгасан. Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5-д “Эмнэлгийн мэргэжилтэн гэж ... мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их эмч ... сувилагч сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг” хамааруулсан ба С.Б- нь СЭМҮТ-ийн захирлын тушаалаар “туслах сувилагч”-ийн албан тушаалд томилогдсон нь түүнийг сувилахуйн тусламж, үйлчилгээний багт багтаж, эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагааны тодорхой хэсгийг гүйцэтгэх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Сувилагч, туслах сувилагчийн ажлын байрны жишиг тодорхойлолт”-д зааснаар “Туслах сувилагч” нь сувилагчийн удирдлага дор эмчлүүлэгчийн асаргаа, сувилгаа, аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй бөгөөд С.Б- нь уг үүргийнхээ дагуу өвчтөнийг асрах, хамгаалах, тээвэрлэх зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээний салшгүй хэсэг болсон үүргийг хүлээсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 24.3-т “Б-тэй хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл эрүүл мэндийн байгууллагын ажилтан харгалзаж тээвэрлэнэ” гэж тусгасан байх ба С.Б- нь “эрүүл мэндийн байгууллагын ажилтан”-ы хувьд өвчтөнийг харгалзан тээвэрлэх, аюулгүй байдлыг нь хангах хууль ёсны үүрэг хүлээгч мөн. Б-тэй хүнийг эмнэлгээс гаргаж, ар гэрт нь хүргэх ажиллагаа нь “эмнэлгийн тусламж, үйлчилгээ”-ний төгсгөлийн шат буюу эмчлүүлэгчийг аюулгүй шилжүүлэх үйл ажиллагаа юм. Гэтэл сувилагч Б.О- нь үүргээ биелүүлэхгүй, орхиж явахад туслах сувилагч С.Б- нь өвчтөний аюулгүй байдлыг хариуцаж үлдэж байгаа нь уг гэмт хэргийн субъектийн үүргийг ухамсарласан, бодитоор хэрэгжүүлсэн гэж үзэх. үндэслэлтэй байна. Мөн туслах сувилагч С.Б- нь Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан “зохих ёсоор биелүүлээгүй” гэх үйлдэлд сувилагч Б.О-тэй хамтран гүйцэтгэсэн байх боловч шүүх Б.О-т холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ энэ талаар дүгнэлт хийгээгүй. СЭМҮТ-ийн дотоод журмын 3.7.1-д эмчлүүлэгчийг заавал “ар гэр, асран хамгаалагчид хүлээлгэж өгөх” үүргийг тодорхой заасан атал сувилагч Б.О- хувийн шалтгаанаар замаасаа бууж орхиж явсан, туслах сувилагч С.Б- өвчтөнийг ганцаараа харгалзахаар үлдэхдээ өвчтөнийг зугатаах, өөртөө болон бусдад хохирол учруулах гэх мэт хийсэн ямар нэгэн үйлдлийг нь хязгаарлах боломжгүй буюу жолоо барьж байгаагаа мэдсээр байж авч үлдсэнээр F07.8 оноштой өвчтөнд зугатаах боломжийг олгож, улмаар өвчтөн Н.О- осгож нас барсан нь шалтгаант холбоотой байна. Мөн яллах дүгнэлтэд дурдсан “... С- төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмын 3.7 дугаар зүйлийн 3.7.1-т заасан “Эмчлүүлэгчийн сэтгэц эмгэгийн хам шинж арилж эдгэрсэн, эсвэл намжмал байдалд орсон тохиолдолд эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр эмнэлгээс гаргах бөгөөд ар гэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулна”, мөн ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “эмчлүүлэгчийг өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх, амиа хорлох, оргох, гэнэтийн үйлдэл хийх, бусадтай зодолдох, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндэд гэмтэл, шарх учруулах, эд хөрөнгө эвдэж сүйтгэх зэрэг үйлдлээс сэргийлж хяналт тавих, тохиолдол үүссэн үед мэдээлэх, хариу арга хэмжээ авна” гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй...” гэсэн шинжийг хэрхэн үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. С- төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмын 3.7 дугаар зүйлийн 3.7.1-т заасан болон ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь Б.О- машинаас бууж өвчтөнийг орхиж явснаар, С.Б- нь жолоо барьж явсан атал ганцаараар өвчтөнийг харгалзаж, аюулгүй байдлыг хангахаар авч үлдэхийг зөвшөөрсний улмаас өвчтөн машинаас зугатааж амь насаа алдсан болох нь тогтоогдсон байхад дээр дурдсан үүргийг зохих ёсоop биелүүлээгүй гэдгийг нь ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Энэхүү гэмт хэрэг нь бланкет /иш татсан/ шинжтэй боловч зөвхөн “байгууллагын дотоод журам”-аар хязгаарлагдахгүй. Эмнэлгийн мэргэжилтний үүрэг нь Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль болон сувилагчийн ёс зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдоно. СЭМҮТ-ийн журмын 3.7.1-д “ар гэр, асран хамгаалагчид хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулна” гэсэн эцсийн үр дүн буюу биелүүлэх ёстой үүргийг тодорхой заасан байна. Хэн хүлээлгэж өгөх нь авч явсан сувилагч Б.О-, туслах сувилагч С.Б- нарт үүссэн байгаа нь тодорхой байхад ямар унаагаар явах, хэн хүргэж нь тодорхойгүй байх нь “хүлээлгэж өгөх” үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Б-тэй буюу F07.8 оноштой хүн өөрийн үйлдлийг хянах чадваргүй, төөрөх, осгох эрсдэлтэйг сувилагч нар мэдэж байсан, ийм эрсдэл гаргуулахгүй гэж өөрсдөө хамт хүргэхээр явсан атал нэг нь замаасаа хууль бусаар орхин явсан, нэг нь ганцаараа харгалзахаар үлдсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан “...зохих ёсоор биелүүлээгүй” гэх шинжийг яллах дүгнэлтэд “... С- төвийн Эмнэлгийн болон тусламж, үйлчилгээ үзүүлэх журмын 3.7 дугаар зүйлийн 3.7.1-т заасан ....ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй...” болох нь тогтоогдсон талаар прокуророос дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглох” заалтыг зөрчөөгүй байхад шүүх “...хуулийг төсөөтэй хэрэглэсэн” талаар тайлбарласан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна. Иймд анхан шатны шүүхийн “...тодорхой бус үүргийг албан бусаар хүлээлгэсэн нөхцөлөөс улбаатай тухайн этгээдийг “үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж буруутгах боломжгүй... өвчтөнг эмнэлгээс гаргах үеийн асуудлыг хэн нэг этгээдэд үүрэгжүүлэн журамлаагүй...” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дээр дурдсан байдлаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/230 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд нарын өмгөөлөгч Р.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокуророос манай үйлчлүүлэгч нарыг анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд зааснаар шалгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өмгөөлөгчийн зүгээс дээрх зүйл ангид заасан гэмт хэрэг нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна, зүйлчлэл тохироогүй байна гэх үндэслэлээр гомдол, хүсэлт гаргаж зүйлчлэлийг өөрчлүүлсэн. Томилолтоор орж байгаа прокурор хэргийн үйл баримтыг талаар сайн мэдэхгүй болохоор шүүгчийн асуултад дутуу хариуллаа. Шүүх хуралдаанд оролцож байгаа прокурор “амь хохирогчийг эрэн сурвалжлаагүй” гэх тайлбарыг шүүхэд гаргаж байна. Гэвч бодит байдал дээр амь хохирогч алга болсон өдөр эмнэлгийн эмч, сувилагч, бусад ажилчид амь хохирогчийг хайж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Эсэргүүцэл бичсэн прокурор эсэргүүцэлтэй эмнэлгийн ажилтан гэх этгээдийг тусгай зөвшөөрөлтэй байх ёстой этгээд гэж хуульд заасан тодорхойлолтыг тусгасан байна. Манай үйлчлүүлэгч С.Б- нь тухайн байгууллагад туслах сувилагчаар ажилладаг, түүнд ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй. Харин С.О-ийн тухайд тусгай зөвшөөрөлтэй сувилагч. Прокурор эсэргүүцэлдээ “...Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 24.3-т “Б-тэй хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл эрүүл мэндийн байгууллагын ажилтан харгалзаж тээвэрлэнэ” гэж тусгасан байх ба С.Б- нь “эрүүл мэндийн байгууллагын ажилтан”-ы хувьд өвчтөнийг харгалзан тээвэрлэх, аюулгүй байдлыг нь хангах хууль ёсны үүрэг хүлээгч мөн. Б-тэй хүнийг эмнэлгээс гаргаж, ар гэрт нь хүргэх ажиллагаа нь "эмнэлгийн тусламж, үйлчилгээ"-ний төгсгөлийн шат буюу эмчлүүлэгчийг аюулгүй шилжүүлэх үйл ажиллагаа юм...” гэж дурдсан байна. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа буюу 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд 24.3 дугаар зүйл анги байхгүй. Тодруулбал, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль нь 6 бүлэг, 15 зүйлтэй хууль зүйн акт гэтэл прокурор эсэргүүцэлдээ байхгүй зүйл ангийн талаар тусгасан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэж үзсэн. Тодруулбал, С.Б-, С.О- нарыг гэмт хэргийн субъект биш гэж үзсэн. Шүүхийн дээрх дүгнэлт нь хуулийг зөв, тайлбарлаж хэрэглэсэн болохыг харуулж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мөн манай үйлчлүүлэгч нарын үйлдэлд зориуд санаатай үйлдэл байхгүй, С.Б-, С.О- нарын үйлдэл нь амь хохирогчийн үхэлтэй шууд холбоо, хамааралтай биш бөгөөд манай үйлчлүүлэгч нарын үйлдлээс болж амь хохирогч нас барьсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Манай үйлчлүүлэгч нар нь сэтгэцийн эрүүл мэндийн төвөд олон жил ажиллаж байгаа туршлагатай, сэтгэлтэй хүмүүс. Тодруулбал, С.Б- нь 7 жил С.О- нь 21 жил ажилласан. С.Б-, С.О- нар нь амь хохирогчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж хувиасаа 6.000.000 төгрөгийг өгсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, үнэлж хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан байгаа тул анхан шатны цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд С.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

Цагаатгагдсан этгээд Б.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд С.Б-, Б.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

С- төвийн Б- судлалын Б- клиникийн сувилагч Б.О- туслах сувилагч С.Б- нар нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр С- төвийн клиникийн Б- тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн Н.О-г ар гэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөхөөр С.Б-гийн эзэмшлийн “Тоёота Приус 41” маркийн Б- УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр авч явах үедээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.О- бууж үлдсэн, улмаар цааш С.Б- нь цааш ганцаараа өвчтөнийг тээвэрлэсэн бөгөөд амь хохирогч Н.О- нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа-1 хорооллын орчимд тээврийн хэрэгслээс зугтаж, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шар хоолойн ам” гэх газарт осгож нас барсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-гийн 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “... Манай дүү хамгийн анх 2019 онд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан. Би дүүгээ хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдөр СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэхээр үлдээсэн. Тухайн үед би дүүгээ үлдээхдээ эмчтэй нь уулзаад “би 4 сарын эхээр ирж авна” гэж хэлээд үлдээчхээд Ховд аймаг руу явсан. Намайг Ховд аймагт байхад СЭМҮТ-ээс над руу залгаад “О-гийн хугацаа дуусаж байна, ирж аваарай” гэж хэлж байсан. Би тэгэхээр нь “ахын дүү 2-3 хоног сунгаад өгөө, би очоод авна” гэж хэлсэн. Тэгтэл 1-2 цагийн дараа СЭМҮТ-ээс залгаад “О- алга боллоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 32-33/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-гийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн “Надад Н.О-г гаргах талаар 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр С- төвөөс гэж ярьсан. Яг хэн надтай ярьсан талаар бас утасны дугаарыг нь би санахгүй байна. Тухайн үед над руу залгаад “Н.О-гийн эмчилгээ дууссан” гэж хэлсэн. Би тэр үед “ах нь 2-3 хоногийн дараа очоод авна” гэж хэлсэн... Би О-г өгөхдөө буцаагаад гадуур хувцсыг нь аваад явсан. О- ягаан өнгийн подволк, гэрийн цоохор нөмрөг, цагаан өнгийн оймс, хөх өнгийн даавуун өмдтэй үлдээсэн... Н.О- нь өмнө нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс /би хаягийг нь сайн мэдэхгүй байна гэх/ 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хоол идчихээд гэрээсээ гараад сураггүй алга болсон. Тэгээд 1 сарын дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр С- төв дээр Сэлэнгэ аймгийн цагдаа өгсөн гэж хэлсэн. Тэгээд Н.О-г СЭМҮТ-өөс авч байсан. Н.О- нь 2019 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах манай төрсөн эгчийн гэрээс уурлаж гараад 15 хоногийн дараа Төв аймгийн Эрдэнэ сумаас цагдаа залгаад очиж авч байсан...” гэх мэдүүлэг/1хх-ийн 36-37/,

Гэрч Б.Б-ийн “...Манай эмчилгээ эрхэлсэн дэд захирлаас Дотоод журам дүрэм баталдаг. Хэвтэн эмчлүүлэгчийг ар гэрт хүлээлгэн өгөх үүрэгтэй. Мөн ар гэрт хүлээлгэн өгөхдөө холбогдох бичиг баримт ар гэрт өгдөг. Бас гарын үсэг зуруулдаг. Шаардлагатай тохиолдолд гэрт нь хүргэх тохиолдол байдаг. Тийм үед бас гарын үсэг зуруулах ёстой байдаг...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 49-50/,

Гэрч Ц.Б-ийн “...Би 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эрхэлдэг ажил болох С- төв дээр ээлжид гарч байсан. Тухайн өдөр над руу сувилагч О- залгаад “...О-гийн хувцсыг өмсөж байгаарай. Б- бид 2 хүргэж өгөхөөр болсон...” гэж хэлсэн. Тэгээд О- Б- нар ирээд авсан. Тухайн үед Д- эмч надад “...О-г гарга...” гэж хэлээгүй. О- над руу залгаад хэлсэн болохоор би Д- эмч зөвшөөрсөн юм байна гэж бодоод гаргасан. Тэгээд би О-г алга болсон талаар орой ажилчдын фейсбүүк чатаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх- ийн 53-54/,

Гэрч Н.О-ийн “...Манай байгууллага буюу С- төвд хэвтэн эмчлүүлж байгаад сэтгэцийн хувьд засрал сайжралын байдалд орохоор эмнэлгээс гарах заалт үүсдэг. Манай байгууллага эмнэлгээс гарах үед заавал ар гэрт хүлээлгэн өгдөг энийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай журам дээр заасан байдаг. Манай байгууллага эмчлүүлэгчийг эмнэлгээс гаргаж ар гэрт нь хүргэж өгөх нарийвчилсан журам бол байхгүй. Эмнэлгээс хүн гаргах үед эмчийн зөвшөөрлөөр явагддаг. Би тухайн асуудал дээр яг юу болсон талаар мэдэхгүй юм байна ямар ч байсан С.Б- Б.О- нар эмчлүүлэгчийг авч явж байгаад О- нь амдаа хүүхдээ авна гэж хэлээд буусан гэсэн О- ер хамт явсан бол ийм зүйл гарахгүй байх байсан байх гэж би бодож байна. Тухайн Д- эмч, сувилагч О-, туслах сувилагч Б- нар албадын хурлаар ороод арга хэмжээ авагдсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-58/,

Гэрч С.Б-гийн “...Би тухайн /F07.8/ өвчний талаар мэднэ. Тухайн өвчин нь тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан үйлийн бусад органик эмгэгүүдийг хэлдэг. Уг өвчний үед уналт, таталтын хам шинж, зан төрхийн өөрчлөлт, нуршаа сэтгэхүй, уналт таталтын дараах ухамсарт ухаан бүрийтэн балартах хам шинж болон эпилепсийн солиорол зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Уг өвчин дээрх шинж тэмдгүүдээр дахилт өгсөн үедээ өөртөө болон бусдад нийгэмд аюултай үйлдэл хийх эрсдэлтэй нөхцөл байдалтай байдаг тул тус эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, эмнэлэг хамгааллын дэглэмийн “онцгой анхаарах” дэглэмийг баримтлан тусламж үйлчилгээ үзүүлдэг, харин уг өвчний засрал сайжралын байдалд орсон үед “анхаарах” гэсэн эмнэлэг хамгааллын дэглэмийг баримтлан эмчилдэг. Эмч, туслах сувилагч, сувилагч нар эмлүүлэгчийг ар гэрт нь хүргэж өгөх эмнэлгийн дотоод журам байхгуй. Харин үндсэн тасгуудад эмчлүүлэгчийн тоо ихэссэн тохиолдолд эмнэл зүй эрхэлсэн дэд захирал О- нь үндсэн тасгуудын эмч нарт “засрал сайжралын байдал”-д орсон эмчлүүлэгчдийг орсон эмчлүүлэгчдийг гаргахдаа албан тоотоор биш аман байдлаар “...тэр тэрийг гарга...” гэж хэлдэг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-62/,

“...2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо “Грийн” сургуулийн хойшоо явах замд 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэн Навааны О- /54 настай эмэгтэй/ биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан...” гэх цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 19/,

 “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Шар хоолойн ам Сансар зуслангаас ертөнцийн зүгээр хойшоо 1 км гаран зайд авто машины зам дээр...” гэсэн мэдээлэлтэй хэргийн газрын үзлэг хийсэн 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 20-25/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 26-29/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Ч-ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1388 дугаартай “...Амь хохирогч Н.О-гийн цогцост 2 өвдөг, зүүн шилбэ, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл боломжтой. Үхэлд нөлөөлөхгүй. Нас барахаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, нидрэгдэх, унах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Амь хохирогч нь осголтын улмаас нас баржээ. Амь хохирогч нь зүрхний булчингийн сорвижилт, бөөрний архаг үрэвсэл архаг өвчтэй байна. Үхэлд нөлөөлөөгүй байна. 2024.03.31-ний 12:42 цагийн цогцсын гадна үзлэгээр нас бараад 22-24 цаг орчим болсон байжээ. Амь хохирогчийн ходоодонд 50мл орчим шингэн агууламжтай байна. Нас барахаас 2-4 цагийн өмнө хэрэглэсэн байх боломжтой. Амь хохирогч нь согтолтгүй байна. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөөлөх бодис илрээгүй. Ходоодны шингэн хүрэлцэхгүй тул хорт болон эмийн бодис илрүүлэх боломжтой байна. Амь хохирогч нь АВО системээр О (1) бүлгийн цустай байна. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байжээ...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 63-68/,

 “...СЭМҮТ F07.8/Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаан” оноштой 2024/02/29-ний өдөр нээсэн. 2024/03/30-ны өдөр Ор хоног 30 хоног 10:00 цаг гарсан...” гэсэн амь хохирогч Н.О-гийн С- төвөөр үйлчлүүлсэн өвчний түүх /1хх-ийн 201-207/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Б.О-, С.Б- нар нь С- төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмын 3.7 дугаар зүйлийн 3.7.1-т заасан “Эмчлүүлэгчийн сэтгэц эмгэгийн хам шинж арилж эдгэрсэн, эсвэл намжмал байдалд орсон тохиолдолд эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр эмнэлгээс гаргах бөгөөд ар гэр, баталгаажуулна”, мөн ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж “эмчлүүлэгчийг өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх, амиа хорлох, оргох, гэнэтийн үйлдэл хийх, бусадтай зодолдох, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндэд гэмтэл, шарх учруулах, эд хөрөнгө эвдэж сүйтгэх зэрэг үйлдлээс сэргийлж хяналт тавих, тохиолдол үүссэн үед мэдээлэх, хариу арга хэмжээ авна” гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас сэтгэцийн өвчтэй амь хохирогч тээвэрлэлтийн явцад оргон зугтааж, амь насаа алдах нөхцөл байдлыг бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс...хохирогч нас барсан...” гэмт хэргийн шинжтэй гэж прокурор үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “... Хуулийн дээрх тодорхойлолтоос үзэхэд энэхүү гэмт хэрэг хэд хэдэн нөхцөл шаардлагыг заавал байх шинжээр заасан.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд тусгай шаардлага тавигдахаар буюу заавал эмнэлгийн мэргэжилтэн энэ гэмт хэргийг үйлдсэн байхыг шаардах бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5-д зааснаар “анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их эмч, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг” тус тус ойлгоно.

Түүнчлэн, Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.3-д зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэж нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэлнэ гэж тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан шаардлагуудыг тодорхойлон тайлбарласан, уг гэмт хэргийг Эрүүл мэндийн тухай хуулиас иш татсан байдлаар хэрэглэх юм.

Эрүүгийн хуульд зааснаар 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт субъектийн шаардлага тавигдаж тэрхүү этгээд ямар тусламж, үйлчилгээг үзүүлэх ёстойг түүнд үүрэг болгосон эсэх, уг үүргээ ямар шалтгааны улмаас биелүүлээгүй болох, эсхүл зохих ёсны дагуу яаж биелүүлэх ёстой байсан гэсэн шаардлагууд бүхэлдээ хангагдаж байж гэмт хэрэг бий болсон байна гэж үзэх ёстой.

С- төвийн захирлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/30 дугаартай тушаалаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай” журмыг баталжээ.

Уг журмын 3.7.1 дэх хэсэгт “Эмчлүүлэгчийн сэтгэц эмгэгийн хам шинж нь арилж эдгэрсэн, эсвэл намжмал байдалд орсон тохиолдолд эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр эмнэлгээс гаргах бөгөөд ар гэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулна” гэж журамласан байна.

Тухайн журмын дээрх хэсэгт зааснаар өвчний байдал эдгэрсэн эсвэл намжсан тохиолдолд эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр эмнэлгээс гаргаж ар гэрт нь хүлээлгэн өгч гарын үсэг зурж баталгаажуулдаг ба ингэхдээ энэ үүрэг хэнд хадгалагдах эсэх, өөр илүү нарийвчилсан байдлаар хэрхэн хүргэж өгөх, хүргэлтийн ажиллагааг ямар тээврийн хэрэгслээр, ямар ажилтан албан хаагчийг оролцуулж явуулдаг эсэх, ямар бүртгэлийн дэвтэрт юуг тэмдэглэдэг эсэх талаар журамлаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүхээс энэ талаар оролцогчдоос тодруулахад тийм зүйл байхгүй, практикт сувилагч нар хэрэгжүүлээд явдаг гэх тайлбараас өөрөөр үндэслэлтэй тайлбарыг хэн аль оролцогч илэрхийлээгүйгээс үзэхэд тодорхой бус үүргийг албан бусаар хүлээлгэсэн нөхцөлөөс улбаатай тухайн этгээдийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй байна.

Харин С- төвийн захирлын 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/30 дугаартай тушаалаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай” журмын Эмнэлэгт эмчлүүлэгч хүлээн авах тухай хэсэгт “эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирсэн эмчлүүлэгчийг иргэний үнэмлэхийг үндэслэн, ажлын өдрүүдэд ажлын цагаар хүлээн авах тасгийн эмч, сувилагч, амралтын болон ажлын өдрүүдэд ажлын бус цагаар жижүүрийн эмч, сувилагч хүлээн авах” талаар зохицуулсан боловч эмнэлгээс гаргах үеийн асуудлыг хэн нэг этгээдэд үүрэгжүүлэн журамлаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Хууль, журмаар зохицуулагдаагүй, “практикт тийм байдаг” гэх байдлаар хандсан эрх зүйн үр дагаврыг тодорхойлж дүгнэх боломжгүй харилцаанд оролцсон оролцогчдыг хуулийг төсөөтэй хэрэглэх байдлаар шууд буруутгах боломжгүй, шүүгдэгч нарын үйлдэлд гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдоогүй байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Түүнчлэн, С- төвийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/182 дугаартай Ажилтан томилох тухай тушаалаар С-ын Бг Асрамжийн 1 дүгээр клиникийн асаргааны асрагчийн /асаргааны С-/ ажилт томилсон байх боловч Эрүүл мэндийн тухай хуульд эмнэлгийн мэргэжилтэн гэх ойлголтод асрагчийн албан тушаалыг хамааруулах талаар хуульчлаагүй, ерөнхий захирлын тушаалд дурдсан буюу хаалт дотор “туслах сувилагч” гэж тодорхойлсноор түүнийг эмнэлгийн мэргэжилтэн буюу сувилагчийн албан тушаалтай дүйцүүлэн ойлгох боломжгүй...” гэж дүгнэн С.Б-, Б.О- нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн уг шийдвэрийг үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт болсон бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн үндсэн шинжийг “...эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол...” гэж тодорхойлсон бөгөөд “хохирогч нас барсан” бол хүндрүүлэх шинж нь хангагдахаар хуульчилсан.

“Эмнэлгийн мэргэжилтэн” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар “анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтнийг” ойлгохоор “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг” хамааруулахаар нэр томьёоны хувьд хууль зүйн тайлбарууд хийгджээ.

Дээрхээс дүгнэж үзэхэд “эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн субъектэд нь эмнэлгийн мэргэжилтэн гэх нэр заан дурдсан албан тушаалыг эрхэлж байгаа этгээдүүд хамаарах бөгөөд эдгээр хүмүүсийн эмнэлгийн тусламж үйлчилгээ гэх ойлголтод хамаарах хууль, дүрэм, журам, ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод заасан тодорхой чиг үүргээ хэрэгжүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас “хохирогч нас барсан” гэх хохирол, хор уршиг учирснаар энэ гэмт хэргийн бүрдэл хангагдана.

Прокурорын С.Б-, Б.О- нарыг зохих ёсоор биелүүлээгүй гэж буруутгасан С- төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмын 3.7 дугаар зүйлийн 3.7.1 болон 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан зохицуулалтууд нь ээлжээс буусан сувилагч нь эмнэлгээс гарах болсон өвчтөнийг ар гэрт нь тээвэрлэн хүргэж өгдөг тухайн байгууллагад уламжлал  болон тогтсон харилцааг нөхөн зохицуулахгүй, энэ үйл ажиллагааг хийсэн эмнэлгийн ажилтнуудыг Эрүүгийн хуулиар буруутгах үндэслэл болох боломжгүй юм.

Үүнээс гадна амь хохирогч нь оргон зугтааснаас хойш тодорхой хугацааны дараа осгож нас барсан үйл баримт тогтоогдсон. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй Б-тэй хүнд яаралтай тусламж үзүүлэх болон эмнэлгээс оргосон тохиолдолд түүнийг эрэн сурвалжилж олох, эмнэлэгт хүргэх үйлчилгээнд цагдаагийн байгууллага хамтран ажиллах үүрэгтэй” гэж хуульчилсан. Амь хохирогч оргон зугтааснаас хойших хугацаанд СЭМҮТ-ийн зүгээс цагдаагийн байгууллагад хэрхэн мэдэгдсэн, хамтран ажилласан талаар баримт авагдаагүйгээс С.Б-, Б.О- нарын үйлдлээс шууд шалтгаалан хохирогч нас барсан гэж үзэх үндэслэл болох гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хоорондох дотоод хамаарал буюу шалтгаант холбоо тасарсан байна.

            Мөн С.Б-гийн хувьд С- төвийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/182 дугаартай тушаалаар Асрамжийн 1 клиникийн асаргааны асрагчаар/асаргааны С-/ томилогдон ажилласан бөгөөд эрхэлж буй албан тушаал, чиг үүргийн хувьд ч “Эмнэлгийн мэргэжилтэн”  гэх ойлголтод хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр С.Б-, Б.О- нарын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж шүүх үзэн цагаатгасан боловч өвчтөнийг гарган ар гэрт нь хүргэх үйл ажиллагаагаа журамлаагүй, өөртөө болон бусдад аюул учруулж болох өвчтөнийг тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр хангаагүй, харуул хамгаалалтын ажилтан ажиллуулаагүй, өвчтөн оргон зугтаасан даруйд эрэн сурвалжлах ажиллагааг бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлээгүй С- төвийг Иргэний хуульд заасан гэм хор арилгах үүрэг, хариуцлагаас шууд чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй.

Түүнчлэн, прокурорын эсэргүүцэлд дурдагдсан “...Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 24.3-т “Б-тэй хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл эрүүл мэндийн байгууллагын ажилтан харгалзаж тээвэрлэнэ”...” гэсэн зохицуулалт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр батлагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд тусгагдаагүй болно.

Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолын 2 дахь заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай...” гэснийг  “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э- нь гэм хорын хохирлоо холбогдох баримтаа  бүрдүүлэн С- төвөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэх өөрчлөлтийг оруулж, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/230 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн:

2 дах заалтын: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж...” гэснийг  “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э- нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа  бүрдүүлэн С- төвөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэж өөрчлөн, цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.ОДОНЧИМЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                      Г.МӨНХТУЛГА