| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1471 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 1471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх,
Шүүгдэгч С.О , түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн шүүгдэгч С.О эд холбогдох эрүүгийн 1806 0260 40711 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн , 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, худалдаа эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, С.О .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ногоо зардаг лангууны хэсэгт иргэн Д.Ариунбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Ариунбаатарын өгсөн мэдүүлэг /хх-8, 126-127/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3827 дугаартай дүгнэлт /хх-11/, шүүгдэгч С.О ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-130/, мөрдөгчийг санал /хх-135/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 685 дугаартай магадлал /хх-106/, хохирлын баримтууд /хх-41-49/, шүүгдэгч С.О ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-132/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.О нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ногоо зардаг лангууны хэсэгт иргэн Д.Ариунбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ариунбаатарын өгсөн: "... Тэгээд би 17 цаг 40 минутын үед зүс таних С.О гэгчтэй таараад цэргийн баярын мэнд гээд гар бариад мөрөн дээр нь гараа тавьсан чинь хойшоо оръё гээд агуулах руу намайг чирч оруулаад нүүр хэсэг рүү гараараа цохисон. Би унасан чинь миний дээр гараад намайг гараараа цохиод байсан. ” /хх-8/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “…Миний бие одоо зүгээр байна. Тухайн үед гэмтэл бэртэл аваад эмнэлгээр явж эмчлүүлсэн. Зодуулсаны маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлээд томографи хийлгээд тухайн өдрөө гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд хэвтэж эмчлүүлсэн. С.Очирсүхтэй урьд нь маргаж байгаагүй, өс хонзонгийн асуудал байхгүй. Одоо нэг байранд нэг орцонд дээд доод давхарт амьдардаг. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчим “Нарантуул” захын өргөтгөлийн ногоо зардаг агуулах дээр нь би С.Очирсүхэд цэргийн баяр байсан учир баярын мэнд хүргээд мөрөн дээр нь гараа тавьтал шууд намайг агуулах руу чирээд оруулахад би бүдэрч унасан. Харанхуй байсан учир би сайн хараагүй нэг харахад миний дээр гараад намайг цохиж байсан. Би халааснаасаа гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэтэл С.Очирсүх миний гараас гар утас хүчээр булаагаад авахаар нь би гараад явсан. Маргааш нь би ажилдаа яваагүй. Миний гар утас нь UUWIA w5 маркын Мобиком компаниас 390.000 төгрөгөөр 1 жилийн өмнө худалдаж авч байсан. 2018 оны 5 дугаар сарын эхээр цагдаагийн хэлтэс дээр мөрдөгчөөс гар утсаа хүлээж авсан. Гар утсанд эвдрэл гэмтэл байхгүй. Би одоо ашиглаж байгаа. Гар утасны гадуурх хар өнгийн гэр нь байгаагүй.” /хх-126-128/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3827 дугаартай дүгнэлт:
1. Д.Ариунбаатарын биед тархи доргилт, зүүн нүдний алим, баруун, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-11/,
Мөрдөн байцаалтад С.О ийн яллагдагчаар өгсөн: “…Надад урьд өгсөн дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би гэрчийн мэдүүлэгт тодорхой ярьсан. Би хийсэн үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-30/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин яллагдагчаар өгсөн: “…Зодолдож байх явцад Д.Ариунбаатар гадуур өмсч явсан хүрэмнийхээ халааснаас нэг юм авахаар нь ямар нэгэн зүйл аваад цохих гэж байна гэж бодоод гарнаас нь татаж аваад лангуутай ногоо руу шидсэн. Маргааш нь Д.Ариунбаатарыг ирж уучлалт гуйх болов уу гэж бодоод хүлээсэн. Ирээгүй цагдаад өгсөн байсан. Мөрдөгч “утас нь байгаа юу” гэхээр нь “байгаа” гээд авчирч өгсөн. Утас нь эвдэрч гэмтсэн ямар ч зүйл байхгүй. Тухайн үед Д.Ариунбаатарыг явахаар нь лангуун дээр очоод харахад гар утас байсан. Бид хоёр дээр доороо ороод газар унаад боссон. Надад гар утас авах ямар ч зорилго байгаагүй. Би наймаагаа хийгээд амьдраад болоод байгаа. Маргааш нь ирж уучлал гуйхаар нь утсыг нь өгнө гэж бодож байсан.” /хх-1129-131/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.О ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-132/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх нь : “…Энэ хэргийн хувьд хохирогчийг дахин байцаахаас өөрөө шүүгдэгчийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг шалгаж тогтоогоогүй байх тул өнөөдөр хэргийг улсын яллагчийн дүгнэлт хуульд заасан үндэслэлгүй байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн ба энэ хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул хуульд зааснаар шийдвэрлэгдэх үндэслэлтэй байна. Гэхдээ цаана нь өөр бас гэмт хэрэг байх тул энэ хэргийн хувьд эцэслэн шийдвэрлэгдэх боломжгүй байна.” гэж тайлбар гарган мэтгэлцэж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг мөрдөн байцаалтын хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар хангалттай нотлож, тогтоогдсон ба шүүгдэгч Б.Очирсүхийн үйлдэлд хүний биед хөнгөн хохирол учруулахаас гадна өөр гэмт хэргийн үйлдэл тогтоогдоогүй гэж шүүхээс дүгнэсэн учир хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч С.О ийн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ногоо зардаг лангууны хэсэгт иргэн Д.Ариунбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч С.Очирсүхэд ял шийтгэл оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт цугларсан хохирол нэхэмжилсэн баримтуудас нотлох баримтын шаардлага хангасан 576.175 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.О ээс гаргуулж хохирогч Д.Ариунбаатарт олгох нь зүйтэй гэж үзэв.
Харин хохирогч Д.Ариунбаатарын 2.423.825 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.О ийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.О нь шүүхээс оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, С.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар С.О ээс 576.175 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ариунбаатарт олгосугай.
7. Хохирогч Д.Ариунбаатар нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.О эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.О эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС