Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 754

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Б.Д- түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Анардарь нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ....... овогт ........ийн Д-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 1805034990713 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Балчин овогт Батмөнхийн Д-  ....... оны ..... дугаар сарын ......-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ........... дүүргийн 3 дугаар хороо ..... байрны ....... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Б.Д- нь ......... оны ...... дугаар сарын ......-ны өдөр ...........газарт төрж 4.750 гр жинтэй эмэгтэй хүүхэд төрүүлсэн боловч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5а байрны 3 дугаар орцны 8 давхарт өлгийтэй нярай хүүхдээ хаясан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ: “Би 2018 оны ... дугаар сарын ......-ны өдөр ............. амаржсан. Тэндээ 7 хоног эмнэлэгтээ хэвтээд 6 дугаар сарын 18-ны өдөр эмнэлгээс гарсан. 6 дугаар сарын 19-ний өдөр би эмчилгээ хийлгэхээр хүүхдээ аваад гарсан. Хүүхдээ орцонд түр орхиод эргээд ирэхэд байгаагүй. Энэ миний буруу, гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Анардарь мэдүүлэхдээ: “Хүүхэд нь одоо Хүүхдийн төв сувилалд асруулж байгаа бөгөөд биеийн эрүүл мэндийн байдал хэвийн байна. Ээж нь хүүхдийг асран хамгаалалантдаа авна гэвэл манай байгууллагын зүгээс өгөхөд татгалзах зүйлгүй” гэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хэргийн газрын үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 5-10 дугаар хуудас/

          Гэрч М.Батчимэгийн “2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим би гэрээсээ гараад 8 дугаар давхар руу буугаад лифтэнд буух гэтэл лифтний үүдний хэсэгт ягаан өнгийн өлгийтэй нярай хүүхэд байхаар нь би гайхаад үзтэл нярай хүүхэд унтаж байсан. Тэгээд би уг хүүхдийг аваад гэртээ буцаж орж ирээд өлгийг нь задлаад үзтэл памперстай эмэгтэй хүүхэд байхаар нь 102-т дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-19 дүгээр хуудас/

          Гэрч Л.Дайриймаагийн “Би ................төвд 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шөнө төрсөн бөгөөд намайг төрсөний дараа 06 дугаар сарын 16-ны өдөр 404 платанд Д- гэх эмэгтэй хүүхдийнхээ шарлалтыг эмчлүүлэхээр хамт хэвтсэн. Тэр эмэгтэй 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн гэж байсан бөгөөд хүүхэд нь шарлалттай учир 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хэвтээд хүүхэддээ эмчилгээ хийлгээд гарсан. Ингээд өнөөдөр буюу 20-ны өдөр Фэйсбүүк үзэж байтал Папараци.мн сайтад ийм хөөрхөн амьтныг хаядаг арилсан дотортой амьтан гээд ягаан өлгийтэй хүүхдийн зураг тавьсан байхаар нь зургийг нь үзтэл надтай хамт хэвтэж байсан Д-ийн хүүхэд мөн байхаар нь цагдаад хандсан. Би хажууд 4, 5 хоног байсан болохоор хараад шууд таньсан бөгөөд төрөхдөө 4,700 гар жинтэй эмэгтэй хүүхэд байсан бөгөөд эмнэлгээс гарахдаа зураг дээр байгаа ягаан өлгийтэй гарсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/

          Гэрч Б.Амарбаясгалангийн “... Гэр бүлгүй, нөхөр хүүхэд байхгүй. Надад үерхэж байгаа гэж анзаарагдсан юм бол байхгүй. Би болон манай гэр бүлийнхээс хэн нь ч Д-ийг жирэмсэн болоод хүүхдээ тээж хүүхэд  төрүүлсэн талаар огт мэдээгүй. Д-ийн хувьд жирэмсэн болоод хүүхдээ тээж хүүхэд төрүүлсэн боловч албан ёсны нөхөргүйгээсээ болоод сэтгэлийн дарамтанд орсноос гадна ар гэрийнхнээсээ айж эмээгээд бидний хэнд ч жирэмсэн болсон, хүүхэд төрүүлсэн талаараа хэлээгүй. ... Цагдаагийн байгууллагаас би энэ талаар мэдээд Д-ийн төрүүлсэн гэх хүүхдийнх нь зургийг харсан. Эрүүл хэвийн төрсөн хүүхэд байна лээ. Д- тухайн үедээ хүүхдээ хаясан гэх боловч тэсэлгүй буцаад хүүхдээ авахаар очсон боловч хүүхэд нь  байхгүй байсан гэсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/

          Б.Д-ийн яллагдагчаар өгсөн “... Би тэр үед “Асэ” эмнэлэг орж өөртөө тариа хийлгэхээр гэрээсээ  гарангаа хүүхдээ салхилуулах бодолтой байсан. Гадаа гарсан хойно миний утасны цэнэг дуусаад утсаар ярьчихъя гээд хүүхдээ түр орцонд үлдээгээд Парадоксын тэр хавьд очоод ээжтэйгээ утсаар ярьчихаад памперсаа аваад буцаад хүүхдээ авахаар очтол алга болчихсон байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39-40 дүгээр хуудас/

          Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа ................газрын  2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №340 дугаартай “Тус амаржих газарт Батмөнхийн Д- нь ..........оны ...... дугаар сарын ......-ны өдрийн 04 цаг 13 минутанд 4,750 кг 54 см эмэгтэй хүүхэд төрүүлсэн тул төрөлтийн түүх, нярайн түүхийг хуулбарлан хүргүүлж байна” гэсэн албан бичиг. /хэргийн 53 дугаар хуудас/

          Төрөлт болон нярайн түүх /хэргийн 57-76 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Иймд шүүгдэгч Б.Д- нь 4.750 гр жинтэй эмэгтэй хүүхэд төрүүлсэн боловч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж өлгийтэй нярай хүүхдээ хаясан нь гэрч нарын мэдүүлэг, яллагдагчаар Б.Д-ийн өгсөн мэдүүлэг зэрэг бусад баримтуудаар тогтоогдсон.

          Шүүгдэгч Б.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Б.Д-ийн төрөлтийн түүхийн хуулбарыг хэрэгт хавсарган  үлдээж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүх Б.Д-ийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний нялх хүүхдийн эрх ашгийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .............овогт ............ийн Д-ийг хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-ийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар Б.Д-ид тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.АЛТАНХУЯГ