Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 422

 

Х.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 69 дүгээр цагаатгах тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар магадлалтай, Х.Б-т холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Нямхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл зүй, англи хэлний багш мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Х-н Б-.

Х.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ч.Ү-гаас 4,000,000 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Э.Н-эс 3,500,000 төгрөгийг “Голомт банкнаас орон сууцны зээл авч байгаа, зээл бараг бүтсэн” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Х.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Х.Б-ийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Б-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Б- гаргасан гомдолдоо “...Х.Б- миний бие 2018 онд “Хатантуул” ХХК-ийн барьсан “Грийн таун” хотхоноос 2 өрөө байрыг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр зээлээр худалдан авсан. Түүнээс хойш зээлийн гэрээний дагуу төлөлтөө сар бүр хийж байсан боловч сард төлөх зээлийн хүү өндөр байсан учир тус компанийн захиралтай уулзахад чи банкуудтай харилцаж ипотекийн зээл болгож болох талаар асууж судал. Урьдчилгаа 30 хувь болох хэдэн төгрөг манай компанийн дансанд байршуулчихаад ипотекийн зээлд хамрагдаж болдог. Манай компани Голомт банктай гэрээтэй байдаг юм. Ер нь өгч байвал ямар ч банк хамаагүй гэж зөвлөсөн юм. Тэгэхээр нь би ХААН банкны эдийн засагч н.Ариунзул эгчтэй уулзахад урьдчилгаа 30% эхлээд байршуулчихаад хөөцөлдвөл болохгүй зүйл байхгүй гэж надад зөвлөсөн.

Мөн манай аав Голомт банкны эдийн засагч н.Гэрэлсайхантай уулзахад дээрх эдийн засагчтай яг адилхан зөвлөсөн юм. Ингээд би урьдчилгаа олох гээд өөрийн ээжийн ихрийн өрөөсөн н.Цовоо эгчтэй ээжийгээ яриулахад та хэд урьдчилгаа мөнгөнийхөө 50 хувийг чадлаараа бүрдүүлчих би үлдсэн мөнгийг нь өгье гэж хэлсэн тэр эгч минь Улаанбаатар хотод хувийн эмнэлэгтэй хүн юм. Тэгээд би өөрийн танил Ч.Ү-, Э.Н- нартай уулзаж би байр авсан чинь төлөлт нь сарын өндөр юм ипотекийн зээлээр хамрагдах санаатай банкны эдийн засагч нартай аав, бид хоёр уулзахад урьдчилгаа 30 хувиа байршуулчих тэгвэл болно гэсэн. Та нарт мөнгө байвал зээлүүлээч гэж ярьсан юм. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 01-нд Ч.Ү-гаас 4,000,0000 төгрөг, Э.Н-эс 3,500,000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн юм. Урьд нь би өөрийн ахыг мөнгө хэрэгтэй байна машин авах гэсэн юм төлөлтийг би хийнэ гэж хэлэхээр нь зөвшөөрөөд “Буянцацрах” хоршооноос 4,000,000 төгрөг зээлээр авч өгсөн юм. Тэгтэл энэ зээл нь төлөгдөхгүй байж байгаад шүүхээр орж надад дээр төл гэсэн шийдвэр гарсан. Ах өөрөө мөнгийг авсан болохоор би шийдвэр гүйцэтгэл дээр төлчихнө гэсэн. Би тэр мөнгийг ахыг төлсөн байх гэж бодож байсан. Гэтэл Ч.Үүүрийнтуяагаас миний дансанд шилжиж орсон мөнгийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Алба данснаас надад мэдэгдэлгүйгээр татаж авсан байсан. Би сандраад очиж Шүүх шийдвэр гүйцэтгэх албаныхантай уулзахад танай ах чинь мөнгөө төлөхгүй болохоор татаад авсан ийм журамтай юм гэсэн. Энэ байдлаас эхлэн миний урьдчилгаа бүрдүүлэх ажил удааширсан. Миний хувьд ХААН банкны эдийн засагч н.Ариунзул эгчтэй, аавын хувьд Голомт банкны эдийн засагч н.Гэрэлсайхантай уулзахад болно гэж хэлсэн гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 20-нд авсан зээлээ төл гэж нэхсэн. Би болсон байдлыг бүгдийг үнэнээр нь хэлсэн. Гэтэл тийм юм байхгүй, чи зээл авах юм уу, тэр чинь хаана байгаа юм одоо мөнгөө төл гэж манай гэрт орж ирэн нэхсэн гэтэл ээж болсон асуудлыг хэлэн зээлээ хугацаанд нь төлнө гэж хэлэхэд тэд уурлаж гараад цагдаад мэдэгдсэн байсан. Миний хувьд зээлээ хугацаанд нь тэд нарт төлсөн юм. Би зээлээ төлөхгүй тэд нараас зугтсан зүйл байхгүй, хаяган дээрээ байсан, өөрөө ажилтай аав, ээж хоёр маань тэтгэвэр авдаг, цөөн тооны хэдэн мал аавын дүүгийн дээр байдаг. Бид нарын хувьд хүн хуурч залилсан тохиолдол байхгүй үүнийг маань манай нутгийн хүмүүс бүгд мэднэ.

Цагдаагийн мөрдөгч н.Батхүүд зарим гэрч нарыг асуулгах баримт гаргуулах талаар албан ёсоор хүсэлт гаргасан гэтэл мөрдөгч н.Батхүү чи болон танайхан ипотекийн зээл авахаар хөөцөлдөж асууж байсан нь тодорхой болсон. Тийм учраас чиний хүсэлтэнд дурдсан асуудлыг шалгах шаардлага байхгүй гэж хэлээд тогтоол гаргасан. Энэ тогтоол ч хавтас хэрэгт байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нь намайг огт зээл хөөцөлдөж байгаагүй учир залилан гэж дүгнэсэн. Үүнтэй би санал нийлэхгүй. Миний хувьд банкны эдийн засагчтай уулзахад 30 хувиа байршуулчихаад банкинд ханд гэсэн болохоор нь би 30 хувиа бүрдүүлэх гээд хөөцөлдөж байсныг гэрч нар гэрчилнэ. Хэрэв намайг огт зээл судалж, урьдчилгаа мөнгөө хөөцөлдөж байгаагүй гэж үзвэл би энэ талаар өөрийгөө буруугүй гэдгийг нотлох шаардлага гарч байна. Би энэ талаар мөрдөн шалгах явцад хүсэлт тавьсан боловч мөрдөгч чиний зээл хөөцөлдөж, судалж байсан чинь нотлогдсон гэсэн учраас би больсон юм. Давж заалдах шатны шүүх нь хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа  “Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд дараах баримтуудаар няцаалт өгч байна.

Ч.Ү-гийн /хх-ийн 81-82/, Э.Нандинэрдэнийн /хх-ийн 29-31/ Хаан банкны дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, орон сууцны захиалгаар бариулах гэрээ /хх-ийн 84-86/, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.03-ны өдрийн 147 дугаартай “Эвлэрлийн гэрээ баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 64/, шүүхийн 147/ГХ2019/00233 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-ийн 65/, Сүхбаатар  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нягтлан бодогчийн тодорхойлолт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 66/, Х.Б-ээс Ч.Ү-гийн данс руу 4,000,10,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд, Х.Б-ээс Н.Уранбилэгт 730,000 төгрөг бэлнээр өгсөн, Ч.Ү-д 3,000,000 төгрөг бэлнээр өгсөн тайлбар /хх-ийн 87/, Х.Болорчимгээс Э.Нандинэрдэнэд 1,300,000, 50,000, 2,500,000 төгрөг шилжүүлсэн баримтууд /хх-ийн 88/, Х.Б-ийн төлбөр төлөх талаар гаргасан баталгаа /хх-ийн 89/, Х.Б-ийн Ч.Ү-д “мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /хх-ийн 90/, Сүхбаатар     аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 94/, Сүхбаатар аймгийн татварын хэлтсийн даргын 2020.1.28-ны өдрийн 13 дугаартай тодорхойлолт /хх-ийн 96/, Х.Б-ийн         холбогдолтой гавьяа шагнал авч байсан баримтууд / хх-ийн 97-98/, Х.Б-ийн Хаан банктай байгуулсан гэрээ / хх-ийн 58-60/, Д.Хүрэлбаатарын тэтгэвэрийн дэвтрийн хуулбар, гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 91/, Э.Сэргэлэнгийн тэтгэвэрийн дэвтрийн хуулбар, гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 92-93/, Х.Б- болон өмгөөлөгч Г.Нямхүү нарын зүгээс зарим нэгэн нотлох баримт шалгуулах тухай мөрдөгчид гаргаж байсан хүсэлт, хүсэлтийг шийдвэрлэсэн мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримт болон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Х.Б- нь 2018 онд Сүхбаатар аймгийн Баруун урт суманд “Хатан-туул” ХХК-ны зүгээс барьсан “Грийн таун” хотхонд 2 өрөө байрыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авч зээлийн гэрээний дагуу төлбөр тооцоог цаг тухайд нь төлж байсан бөгөөд энэ гэрээний дагуу сарын төлбөр өндөр байсан учир “Хатан-туул” ХХК-ийн захиралтай уулзаж багасгах талаар уулзахад ипотекийн зээлд хамрагдах талаар зөвлөсний дагуу түүний аав Д.Хүрэлбаатар нь “Голомт” банкны эдийн засагчтай уулзаж зөвлөгөө авсан, Х.Б- нь “Хаан банкны” эдийн засагчтай уулзаж зөвлөгөө авсаны дагуу Х.Б- нь өөрийн ээж, аав, ах, дүү нартайгаа зөвлөлдсөний эцэст ипотекийн зээлийн урьдчилгаа олох талаар хөөцөлдөж Ч.Ү-, Э.Нандинэрдэнэ       нараас нийт 7,500,000 төгрөгийн нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж мөнгө авсан ба харин эхний мөнгө 4,000,000 төгрөг түүний дансанд орж ирэхэд Шийдвэр гүйцэтгэлийн газраас түүнд мэдэгдэлгүйгээр татан авч Х.Б-т урьдчилгаа мөнгөө бүрдүүлэхэд эрсдэл учирч үүнтэй холбогдуулан зээлдэгч нарын зүгээс зээлийн хугацаа дуусахаас өмнө мөнгө төгрөгөө нэхэж тэдгээрийн хооронд үл ойлголцол үүсч цагдаагийн байгууллагад хандсан байдаг.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад Ч.Ү-, Э.Нандинэрдэнэ, Х.Болорчмэг нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь Ч.Ү-, Э.Нандинэрдэнэ, Х.Б-, гэрч Х.Хүрэлбаатар, Э.Сэргэлэн нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогддог. Гэхдээ дээрх хүмүүсийн зээлийг аман хэлцэл хийж байгуулсан бөгөөд зээлийн хугацааг өөр өөр ярьдаг юм.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацааг тогтоогоогүй бол зээлдэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл зээлдэгч Ч.Ү-, Э.Нандинэрдэнэ нар нь 2020.11.21-ний өдрөөс зээлээ буцааж төлөх талаар шаардаж түүнээс хойш сарын хугацааны дотор зээлдэгч Х.Б- нь зээлээ төлж барагдуулсан байдаг.

Х.Болорчиллэг нь “Хатан-туул” ХХК-аас 2 өрөө байр зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч зээлийн хүү өндөр байсан учир ипотекийн зээл хөөцөлдөж банкны эдийн засагч нартай түүний аав болон өөрөө уулзаж байсан гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогддог.

УДШ-ийн 2019.12.16-ны өдрийн тогтоол дурдсанаар залилах гэмт хэргийн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч, мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас яллагддаг.

УДШ-ийн 2019.10.23-ны өдрийн 538 дугаар тогтоолд “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч гэрээний талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэх явцад эрсдэлд орны улмаас үүссэн маргааныг өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй талаар тайлбарласан байдаг. Үүнээс харахад Х.Б-ийн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэрэг биш юм.

Иймд давж заалдах шатны шүүх нь гэмт хэргийн нөхцөлд буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Голомт банкнаас орон сууцны зээл авч байгаа, зээл бараг бүтсэн хэмээн иргэн Ч.Ү-, Э.Н- нарыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйл баримт тогтоогдсон. Орон сууцны ипотекийн зээлд хамрагдахын тулд зээлийн материал бүрдүүлэх зэрэг бодит үйл ажиллагаа хийгдээгүй нь хавтаст хэргээс харагдаж байна.

Дээрх нөхцөл байдал нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Нямхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн Х.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Х.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 01 болон 04-ний өдрүүдэд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа бүрдүүлэх зорилгоор иргэн Ч.Ү-гаас 4,0 сая төгрөг, мөн Э.Н-эс 3,5 сая төгрөгийг тодорхой хугацаатайгаар, өндөр хүүтэй зээлж авсан, үүнээс үүдсэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан бүхий харилцааг залилах гэмт хэргийн шинжтэй гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нь Х.Б-ийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Анхан шатны шүүхээс Х.Б-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр үйл баримтыг дүгнэж, Х.Б-ийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй болохыг зөв тодорхойлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл Х.Б- нь худалдан авах гэж буй орон сууцаа ипотекийн 8 хувийн зээлд хамруулахаар өөрийн гэр бүл, төрөл, садан болон бусдаас мөнгө зээлж авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Харин тэрээр Ч.Ү-, Э.Н- нараас 7,500,000 төгрөгийг өдрийн болон сарын хүүтэйгээр зээлж авсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага түүний данснаас Ч.Ү-гийн зээлсэн 4,000,000 төгрөгийг татан авснаар орон сууцны урьдчилгаа мөнгө бүрдүүлэх асуудал хэрэгжих боломжгүй болж үүнээс шалтгаалан дээрх нэр бүхий хүмүүсийн мөнгийг тохирсон хугацаандаа төлж чадаагүй байх ба үүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, дээрх хэлцлийн хүрээнд Х.Б-ийн хийсэн үйлдлүүдийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субъектив санаа зорилгын хүрээнд үйлдсэн байж болзошгүй гэж холбогдох бүх шалгалтуудыг хийсэн байх боловч мөрдөн байцаалтаар түүнийг гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байх бөгөөд энэ нь Х.Б-ийн болон бусад хүмүүсийн хооронд үүссэн харилцаа Иргэний хуульд тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй болохыг харуулж байна.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Гэрээний үүргийн биелэлтээс шалтгаалсан маргаантай асуудлыг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой буюу энэ хэрэг нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлтэй холбоотой байх бөгөөд анхан шатны шүүх Х.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Х.Б-ийн гаргасан гомдлын “...магадлалыг хүчингүй болгуулах” гэсэн хэсэг болон түүний өмгөөлөгч Г.Нямхүүгийн гаргасан “...давж заалдах шатны шүүх гэмт хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 болон 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 69 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН