Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 14

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Х

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга, 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газрын алба

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын  2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжийн тус тус Т.Б т холбогдох хэсэг, Т.Б-йн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ж.С-ийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х, гэрч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 76 настай. Миний бие нь өндөр настай, олон жил өрх толгойлж өөрийн 8 хүүхдээс гадна том охин нас барснаас үлдсэн өнчин 2 хүүхдийг өсгөсөн нийт 10 хүүхдийг өсгөсөн хүн. Миний бие олон өнчин өрөөсөн хүүхдтэйг бодоод 2004 онд Улсын Их Хуралд манай тойргоос нэр дэвшигч гишүүд холбогдох дүүрэг хороодод уламжлан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхө,,,оотын хавьд 3 айлын газар зааж өгснийг миний бие нь дээрх 1 айлын газрыг нь өөрийн нэр дээр авч үлдэгдэл 1 айлын газрыг өнчин охин С,,,йн Ө,,,,ад үхэхээсээ өмнө авч өгье гээд харъяа Баянзүрх дүүргийн Газрын албанд удаа дараа өргөдөл өгөх гэхэд газар өмчлүүлэх ажил эхлээгүй байна болоогүй гэх мэтээр өргөдлийг маань хүлээн авахгүй байсаар 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тань газар дээгүүр авто замын трасс дайран өнгөрч байгаа тул газраа чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдэл өгөөд хашааг маань албадан буулгасан. Гэтэл өөр айл буугаад хашаа хатгаад байхаар нь ямар учиртайг асуусан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/598 тоот захирамжаар 2013 онд Төмөрийн Бь гэдэг хүнд өмчлүүлсэн гэж хэлсэн. Миний бие нь дээрх газарт 2004 оноос хойш хашаа хатган худаг шуудуу гарган өдий хүртэл арчлан хамгаалсаар ирсэн гэдгийг тэр хавийн бүх айл хүмүүс мэднэ. Гэтэл төрийн нэрээр далайлган улайм цайн луйвар хийн миний өнчин охины газрыг булаан, газар дээр барьсан хашааг минь буулгаж бусдад өгсөнд гомдолтой байна. Иймээс миний эрх ашиг зөрчиж байгаа дээрх Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/598 тоот захирамжийг хүчингүй болгож миний шударгаар эзэмшиж байсан газрыг маань миний өнчин охинд өмчлүүлэх эрхээр хангаж өгнө үү.

Би хотын даргатай уулзаж байж газар авсан. 2006 оны 4 дүгээр сард газрын албаны нээлтэн дээр орж өргөдлөө өгсөн. Би 36-37 жил өрх толгойлсон эмэгтэй. Би үрийнхээ төлөө газрыг хөөцөлдөн явж байна. Энэ хүүхэн 7 буудал, Дамбад газар зарлаа гэсэн. Надад хорооноос гэр өгсөн. С миний биеийг муудмагц манай хашааг авах гэж байгаа байх. Би Нарантуулд 90 000 000 төгрөгийн төлбөртэй гэж надад ярьж байсан. Манай хашааны хажуу талаар газар байгаа. Яагаад миний хашааг энэ хүнд өгдөг юм бэ? Би яагаад алгын чинээ газар авч өгч болохгүй гэж. Би Монгол Улсын иргэн. Б надтай их муухай харьцсан. Хууль  хамаагүй гэж хэлсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байсан чинь надаас та дандаа уруу царайлаад байх юм юу болов гэж асуусан. Би газраа алдах нь гэж хэлэхэд намайг өмгөөлөгч ав гэсэн. Тэгээд би өмгөөлөгч авсан. Би хүүхдийнхээ газрыг авмаар байна. Би мах сүүгээ худагтаа хийгээд хадгалж байтал Б худгийг дарж битүүлсэн. Би байшингаа нураасан. Далангаа гаргуулъя. Би эх хүн. Та бүхэн газрыг минь олгож өгөөч. Би ганцаараа. С намайг үхнэ гэж бодсон учир ийм асуудал хийсэн. Би эх хүн учир юу ч хэлээгүй. Сүүлд нь Б-тай уулзахаар С-с авсан гэсэн. Надад хүүхэд, хууль хамаагүй гэсэн. Би газраа авмаар байна.” гэжээ. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.С-ид 2010 оны 195 дугаар захирамжаар анх уг газрыг эзэмшүүлсэн. Тэр үед ямар нэг давхцал байхгүй байсан. Өөрөөр хэлбэл Кадастрын зургийг харахад иргэн Г.Х-ын газраас зүүн талд байгаа. Өмчилсөн газраас гадна одоо эзэмшиж буй 353 м.кв газрын баруун талд нь уг газар байгаа.” гэжээ. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Нхээмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй эсэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг зааж өгсөн бөгөөд 54 дүгээр зүйлийн 54.1.5 нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргана гэжээ. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас харахад “Миний бие нь өндөр настай, олон жил өрх толгойлж өөрийн 8 хүүхдээс гадна том охин нас баснаар үлдсэн өнчин 2 хүүхдийг бодоод 2004 онд Улсын Их Хуралд манай тойргоос нэр дэвшигч гишүүд холбогдох дүүрэг хороодод уламжлан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөм 24 гудамж 119 тоотын хавьд 3 айлын газар зааж өгснийг бие хашаа хатган шуудуу гарган арчлан хамгаалсаар ирсэн. Миний бие дээрх 1 айлын газрыг өөрийн нэр дээр авч үлдэгдэл 1 айлын газрыг өнчин охин С-ийн Ө-д үхэхээсээ өмнө авч өгье гээд..Иймээс миний эрх ашиг зөрчиж байгаа дээрх .... захирамжийг хүчингүй болгож миний шударгаар эзэмшиж байсан газрыг маань миний өнчин охинд өмчлүүлэх эрхээр хангаж өгнө үү” гэсэн байна. Мөн хэрэгт иргэн С-ийн Ө-ийн иргэний үнэмлэхнний хуулбар авагдсан байх ба 1997 онд төрсөн, одоо 19 настай шүүхэд нэхэмжлэгч байж чадах иргэн байна. Гэтэл иргэн Г.Х нь өөрөө нэхэмжлэлэ гаргасан, нэхэмжлэлд бичсэнээр 1 бол миний эрх ашиг хөндөгдсөн гээд, нэг бол зээ охиныг нь өмчлүүлэх эрхээр хангаж өгөөч гэсэн байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэл нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэхээр байна. Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжаар 20 дугаар хороо, Баяндөхөм,,,, тоот, 353 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон баримт байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөх боломжгүй юм. 

Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байна. Үүнээс үзэхэд захиргааны хууль бус үйл ажиллагаа байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байхыг хуулиар шаардаж байна. Гэтэл дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх боломжгүй байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” , “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ба нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн нь тодорхойгүй, түүнчлэн маргаан бүхий акт нь хуульд үндэслэж гарсан захирамж тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баяндөхөмийн 21 дүгээр гудамжны 119 тоотод мөн дүүргийн Засаг даргын 2010 оны 195 дугаар захирамжаар Ж.С-ид 700 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. Уг захирамжийн дараа иргэн Ж.С- нь Т.Б тай 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ  хийсэн байгаа. Уг хүчин төгөлдөр гэрээг үндэслээд эдгээр хүмүүс нь тус дүүргийн Засаг даргад хандаж, газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг үндэслээд тус дүүргийн Засаг дарга 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар захирамжаар эзэмших эрхийн нэр шилжүүлсэн захирамжийг гаргасан байдаг. Уг захирамж нь дүүргийн Засаг дарга өөрийн эрх мэдлийн үндсэн дээр гаргасан захирамж биш. Харин иргэдийн хүсэлтийг үндэслэн гаргасан захирамж юм.

Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хэрхэн хөндсөн бэ? энэ хүн өнөөдөр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү гэдэг асуудал дээр яръя. Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж заасан.  Гэтэл нэхэмжлэлийг Г.Х өөрөө гаргасан. Нэхэмжлэлийг уншихад Г.Х нь миний эрх ашиг хөндөгдсөн эсвэл уг газраа охиндоо шилжүүлмээр байна гэдэг асуудлыг ярьдаг. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2011 оны дүүргийн Засаг даргын 50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах нь зүйтэй байна. Учир нь 50 дугаар захирамжаар 100 гаруй иргэний газар эзэмших эрхийг шилжүүлсэн байгаа. 

Нэхэмжлэгч 2004 оноос хүсэлтээ харъяа дүүргийнхээ Газрын албанд өгөөд явсан гэдэг боловч хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргаас ирүүлсэн албан бичигт дурдсанаар мөн дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн ,,, дүгээр хашааг эзэмшиж авах тухай хүсэлт, өргөдөл цахим бүртгэл болон өргөдөл бүртгэлийн дэвтэрээс огт харагддаггүй юм. 

2015 оны 3 дугаар сард маргаан бүхий газар эзэмших тухай хүсэлтээ гаргасан байсныг Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 173 дугаар захирамжаар 353 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан. Маргаан бүхий 50 дугаар захирамж нь иргэдийн хүсэлт, гэрээг үндэслэж гаргасан учир хууль ёсны захирамж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэжлэгдсэн төлөөлөгч Б.Ал-- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн Г.Х,, нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/598 дугаар захирамжийн иргэн Т.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Ба--- тоотод Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 195 дугаар захирамжаар иргэн Ж.Су---жид 700 м.кв талбай бүхий газрыг иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна. Улмаар иргэн Ж.Су-ж, иргэн Т.Б тай 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ хийж иргэн Т.Б д газар эзэмших эрх шилжсэн байна.  Иргэн Т.Б д тухайн газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгснийг үндэслэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар сарын 1.3 дахь заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/598 дугаар захирамжаар 700 м.кв талбай бүхий газрыг өмчилсөн байна. Иргэн Т.Б д газар өмчлүүлсэн нь Г.Х хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 598 дугаар захирамжийн иргэн Т.Б т холбогдох хэсэг гэж дурдсан байгаа. Үүнээс харахад иргэн Г.Х-ын хууль ёсны эрх ашиг, сонирхол хэрхэн хөндөгдөөд байна вэ? байгаа талаар ярих нь зүйтэй байна. Учир нь Т.Б т Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 20 дугаар зүйлийн 20.3-т  зааснаар Монгол Улсын иргэнд 700 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан. Өмчлүүлэх шийдвэр гаргахын тулд тухайн газрын байршил, хорооны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасныг үндэслэж шийдвэр гаргасан байгаа. Хүсэлтээ өгсний дараа шууд гаргахгүй. Бусад зүйлийг судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргадаг.  Иргэн Г.Х ад өөрт  нь 700 м.кв газрыг өмчлүүлсэн байгаа. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/462 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 24-119/А тоот газрыг Г.Х ад өмчлүүлээд, Х*******т шилжүүлсэн байдаг. Энэ нь Г.Х нь хуульд заасны дагуу нэг удаа газар өмчлөх эрхээ эдэлсэн гэсэн үг. Үүний хажуу талд дүүргийн Засаг даргын 2015 оны 173 дугаар захирамжаар 353 м.кв газрыг эзэмшихээр авсан байдаг. Г.Х---н ямар эрх хөндөгдсөн болох нь харагдахгүй байна.” гэжээ. 

Гуравдагч этгээд Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Би Баянзүрх дүүрэгт амьдардаг ба гэрийн ойр чиглэлд газар авч, алсаараа жижиг үйлдвэрлэл эрхлэх бодолтой байдаг байсан. Ингээд 2010 оны 9 сард зарлал харан иргэн Ж.С той холбогдсон. Ж.С нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөм 24-119 тоот 3 тал хашаатай 700 м.кв газрыг /хоосон/ зарна гэх зараар тохиролцон, Ж.Су-ийн эзэмшлийн газрыг 5.5 сая төгрөгөөр худалдан авахаар болсон. Уг газар дээр Ж.С ийн хамт очиход гурван тал модон хашаатай, нэг тал задгай хоосон хашаа байсан. Мөн зэргэлдээ 119А тоотод Г.Х нь ганц гэрээр ганцаараа байсан ба Ж.С-жтой мэндлэлцээд, гэрт орж цай ууж, хүүрнэж байсан. Тэр үед би эхнэр, хүүхдүүдтэйгээ явж байсан ба Г.Х- нь гэрээс гарч ирээд биднийг хараад “Залуухан хөршүүдтэй болох нь жоохон хүүхдүүдтэй юм” гээд бидний авах газрыг зааг болох шон, зурвасыг зааж өгч байсан. Энэ үед Ж.С нь хамт байсан болохоор Г.Х-ын үг, үйлдлийг гэрчилж болно. Тэгээд 2010 оны 10 дугаар сарын 04-нд газар эзэмших, ашиглах, эрх шилжүүлэх гэрээг нотариатаар баталж, 5.5 сая төгрөгийг бэлнээр эхнэр Л.Т-ын хамт “Улаанбаатар Их дэлгүүр”-ийн гадаа машиндаа байхдаа өгч, авалцсан. Ингээд бид худалдан авч, би өөрийн нэр дээрээ өргөдөл гарган Баянзүрх дүүргийн Газрын албанаас ******* дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Мөн газар өмчлөх эрхийнхээ дагуу хугацаа нь дуусахаас өмнө гээд 2013 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн Газрын албанд өмчлөх тухай өргөдлөө өгсөн. 2013 оны 6 дугаар сарын 12-ний өдөр 0039869 тоот Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гарсан. 

2015 оны 6 дугаар сарын 28-нд “Ф*******” ХХК-тай гэрээ хийж, 12х24 м.кв хэмжээтэй сэндвичэн агуулах бариулж, 8 дугаар сард “Б*******” ХХК-тай гэрээ хийж НБОНХ-ийн газрын зөвшөөрлийн дагуу 40 м гүний худаг өрөмдүүлж, иргэн н.Н*******тай гэрээ хийж зам талбай, блокон хашаа хийлгэж, иргэн н.Б*******тэй тохиролцож Төмөр хаалга, хашаа хийлгэж , 10 дугаар сард иргэн Ши-ттай тохиолцож 5.5х7.5 м хэмжээтэй 2 давхар байшин бариулсан болно. Мөн өөрийн зүгээс газраа өрөмдлүүлж, тэгшлүүлж, бохирын ёмкость булуулж, 5 насны үрслэгээтэй чацарганы бут 12 ширхэ, нарс 3 ширхэг, гацуур 5 ширхэг, улиас тарьж, зүлэгжүүлсэн. 

Анх биднийг 2010 онд газар худалдан авч байхад хүлээн зөвшөөрч, хил хязгаарыг зөвшилцөж байсан болно. Мөн манай кадастрыг давж хашаа хатгах гэхэд нь Г.Х бага хүүтэй нь хамт кадастрын зургийн дагуу хэмжиж, захын цэгүүдийг тогтоож байсан. 2015 оны 6 дугаар сарын 23-нд таны газар дээгүүр автотрасс өнгөрч байна гэдэг нь огт үндэслэлгүй болнон. Автозам нь зөвхөн хуучин замаа хуулж, шинээр өргөсгөсөн зассан болно. Энэ нь бидний газар дээгүүр өнгөрөөгүй, зөвхөн зам руу хэт ойртон барьсан нүүрний эгнээний хашаанд нөлөөлж байсан. Хашааг албадан буулгасан байгууллага байхгүй. Би өөрийн хамаатны гурван дүүгийн хамт (А.Г*******, Г.Э*******, Э.Т) хашаагаа буулгаж Дарь-Эх рүү тээврлэж, тэр даруй хайрга асгуулсан болно. Айл огт буугаагүй.  Төрийн нэр барин улайм цайм луйвар хийсэн зүйл огт байхгүй болно. Зохих хууль, зөвшөөрлийн дагуу хандан 2013 онд өмчлөх шийдвэрийг гаргуулж авсан. Хэн нэгнийг луйвардан, газрыг булаан авсан явдал огт байхгүй болно. Г.Х нь өндөр настай, хүнээс огт үг сонсдоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг зантай. Өөрийн амьдарч, эзэмшиж байсан хашаагаа 2016 онд худалдсан бөгөөд 119, 119а тоотын хооронд орших зайд уул руугаа сунган амьдарч байгаа. Энэхүү газрын палан зургыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Газрын албаны Кадастрын зурагнаас харагдана. Энэхүү газар нь Т.Б миний өмчилсөн газар бөгөөд үндэслэлгүйгээр өнчин охины нэр барьж, өндөр насаараа түрий барьж, миний газарт халдаж байгаад бидний зүгээс гомдолтой байна. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өргөдлөө анх газрын албанд өгсөн. Газрын албанаас давхцалтай гээд аваагүй. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Т-йн Б гэдэг иргэнд олгогдсон байна гэдэг. Анх Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/598 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас харахад анх уг газрыг 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ж.С ид олгоод, Ж.С нь Т.Б т шилжүүлсэн байдаг. Т.Б нь 2013 оны А/598 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан байсан. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 6 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар бүхий Ж.С ид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/50 дугаар “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх” тухай захирамжийг хүчингүй болгож, уг захирамжаар олгосон ******* дугаар гэр бүлийн зориулалтаар хамтын  хэрэгцээнд газар эзэмших гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 195 дугаар захирамжийг ярьж байна. Яагаад захирамжийг хүчингүй болгуулахгүйгээр гэрчилгээг хүчингүйд тооцуулах гэж байгаа вэ? гэвэл уг  маргаан бүхий захирамжаар иргэн Ж.С ид газар олгосон тухай зүйл огт байхгүй байгаа.  Газрын  тухай хуулийн 34.1.1-д зааснаар “энэ  хуулийн 29.1-29.3-т заасан болон зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэхээр бол Аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн шатны засаг дарга гаргана.” гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 34.1-д “энэ шийдвэрийг үндэслээд аж ахуй нэгж байгууллагад эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэхээр” заасан байгаа. Гэтэл эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүйгээр захирамж гаргасан байдаг. Энэ нь өөрөө уг гэрчилгээг хүчингүй тооцуулах үндэслэл болж байна.  

            Иргэн Г.Х нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэг асуудлын тухайд бол үнэхээр шүүхээс нэхэмжлэлийг хангасан шийдвэр гарсан тохиолдолд уг газрыг Г.Х нь эзэмшинэ үү? н.Өнөрзаяа нь эзэмшинэ үү? тэр нь нээлттэй асуудал. Хэн эзэмших нь хуулиар шаардахгүй гэж үзэж байна. Үүнийг тодруулах шаардлага байхгүй. Газар эзэмших хүсэлтийг гаргаагүй гэж ярьж байна. Гэтэл хүсэлт авах ажиллагаа Газрын албан дээр яаж явагддаг вэ? гэвэл шууд буцаадаг. Шалгадаг бол өөр. Амьдрал дээр бодитоор байдаг ийм шалтгааны улмаас бүртгээгүй учир энэ хүний өргөдөл бүртгэлд ороогүй байгаа. Үүнийг газар зохион байгуулагч өөрөө мэдэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас Т.Б т олгогдсон маргаан бүхий уг газрыг нэхэмжлэгч шударгаар эзэмшиж байсан болох нь тогтоогдож байна. Иргэн Ж.С ид газар олгохдоо Газрын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан шийдвэрийг үндэслэн гэрчилгээ олгох учиртай байтал. Ямар ч эрхийн акт байхгүй байхад эзэмших эрхийн гэрчилгээн дээрээсээ үндэслээд бусадад уг газрыг шилжүүлсэн байна. Энэ нь иргэн Г.Х уг газрыг шударгаар эзэмшиж, өмчлөх эрхийг зөрчиж байна. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн тайлбар, баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байна.  Захиргааны акт гэж үзэж нэхэмжлэл гаргасан байна. /Газар эзэмших эрхийн 2010, 2011 захирамжийг үндэслэж гаргасан гэрчилгээг хүчингүй болгуулах/ Дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах гэж байгаа бол гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага байхгүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байсан. Нэхэмжлэгч Г.Х нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү гэж. Иргэн Г.Х нь иргэн хүн. Ээж хүн. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа газар эзэмших эрхийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байна. Ганц өнчин охинтой түүнд газар олгож өгөөч гэж хэлсэн. Энэ нь ямар ч ойлгомжгүй болоод байна. Хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой болохыг хуульд заасан. Гэтэл энэ хүний тайлбараас харахад Г.Х өөрөө газар авахгүй юм байна.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол хүлээн авахаас татгалзахаар байна. Энэ ажиллагааг шүүхээс шалгах ёстой. Гуравдагч этгээдийн ажлыг уяах шаардлага байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул процессыг зөвтгөөд явах боломжтой. 

          Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас харахад 2010 оны 195 дугаар захирамж, 2011 оны 50 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэл гаргасан байх гэж би бодож байна. Хэрэв бүгдтэй нь маргасан бол энд иргэд ирэх учиртай байсан. Өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөх шаардлагатай байна. Гуравдагч этгээд Т.Б нь 50 дугаар захирамжаар газраа өмчлөх эрхтэй болсон. Өнөөдрийг хүртэл газар эзэмшиж байснаа газраа өмчилж авсан. Нийслэлийн Засаг даргын А/593 дугаар захирамж гарсан байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газраас газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг өгсөн байгаа. Шүүхээс үзлэг хийсэн 119 тоот газар нь тэнд байсан. Эдгээр газрыг Газрын албанаас цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлсэн байгаа юм. 19/Б дугаар газрыг гэж үзээд байгаа юм уу? Мэдэхгүй байна. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй байна. Энэ хүн өөрөө 119 /А гэдэг газрыг эзэмших байж байгаад газраа зараад, буцааж талыг нь хашаалсан байдаг. Энэ нь бас маргаантай гэдэг. Энэ хүн бол өндөр настай, олон хүүхэдтэй гэдэг утгаараа далайлгаад газрыг нь авдаг. Энэ захирамжаар эрхийг нь хөндөөгүй байна.

         Дүүргийн Засаг даргаар газрыг олгосон гэж хариуцагчаас тайлбарлаж байна. Энэ асуудалд хариуцагчийг буруутгаад байх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч 2006 онд өргөдлөө өгсөн гэж байна. Гэтэл хариуцагчаас ирүүлсэн албан бичигт өргөдөл өгсөн гэж бүртгэгдсэн  талаарх мэдээлэл огт байхгүй болохыг гэрчилсэн албан бичиг ирсэн. Хариуцагчийн төлөөлөгч бас хэлсэн. Иргэн Г.Х нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцож байгаа. Шүүхэд худал мэдүүлэг өгч болохгүй. Худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээх учиртай. Өргөдлөө өгсөн бол өнөөдрийг хүртэл байхгүй байгаа. Гуравдагч этгээд Т.Б нь 119 тоот хаягт объект барьсан байгаа. Үүнийг нотлох баримтыг шүүхэд өгсөн байгаа. Ойролцоогоор 100 000 000 /нэг зуун сая/ гаруй төгрөгийн зардал гарсан. 5 жил газар эзэмших эрхээ хэрэгжүүлсэн. Зардал гаргаад хууль ёсны дагуу газраа эзэмшээд явж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 14.1-д 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж байгаа. Хэрэв хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөөд, тэрээр мэдээгүй явж байгаад нэхэмжлэл гаргах бол хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ёстой. Гэтэл 5 жил болсны дараа нэхэмжлэл гаргаж буй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Х аас 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/598 тоот захирамжийг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан ажиллагааны явцад буюу 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ж.С ийн 2010  оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ , Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 50 тоот “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамж , Т.Б-йн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай гэрчилгээг  тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх хуралдаан дээр маргаан бүхий захиргааны актуудын Т.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж шаардлагаа тодруулжээ.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэг. Хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч, гуравдагч этгээдийн талаас Захиргааны хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 “......нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 54.1.8 “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж маргасан.

1.1. Захиргааны хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 “......нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагч, гуравдагч этгээдийн талаас “нэхэмжлэгч Г.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа маргаан бүхий газрыг өөрөө биш зээ охиндоо эзэмшүүлэхийг хүсч байгаа, анх шүүхэд хандахад зээ охин С.Ө нь насанд хүрээгүй байсан гэх зэргээр тайлбарлаж байгаагаас үзвэл Г.Х нь зээ охины өмнөөс нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.” гэж маргасанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “нэхэмжлэгч маргаан бүхий газрыг олон жил шударгаар эзэмшин амьдарч байхад Т.Б т өмчлүүлсэнд гомдолтой байгаа тул газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээ охин Өн-д газар эзэмшүүлэх хүсэлтэй байгаа боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.” гэж тайлбарлаж байна.  

Хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд  нэхэмжлэл гаргахтай эрхтэй. 

Нэхэмжлэгч Г.Х нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тайлбарласан тайлбар, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдал зэргээс үзвэл нэхэмжлэгч Г.Х нь өөрийн шударгаар эзэмшиж байсан гэх газраас зээ охины нэр дээр газар эзэмшүүлэх хүсэлтэй байгаа хэдий ч уг газрыг  бусдад эзэмшүүлж, өмчлүүлсэн нь хууль бус маргаж байх ба харин зээ охин С.Өнөрзаяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Г.Х ыг зээ охин С.Өнөрзаяагийн өмнөөс буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

1.2. Захиргааны хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:

Маргаан бүхий захиргааны актууд гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Харъяалах дээд шатнызахиргааны байгууллага, албантушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэ хуулийн 6.1 /“Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана./-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана.”, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэж тус тус заажээ. 

Маргаан бүхий актуудаар нэхэмжлэгчид хамаарах асуудлыг шийдвэрлээгүй тул уг захиргааны актын талаар холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтнаас нэхэмжлэгч Г.Х ад заавал мэдэгдэх, эсвэл нэхэмжлэгч заавал мэдсэн байхыг шаардахгүй юм. 

Нэхэмжлэгч Г.Х маргаан бүхий газрыг Т.Б т өмчлүүлсэн талаар 2015 оны намар мэдсэн гэж тайлбарлаж, 2016 оны 05, 07 дугаар сард тус тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан байх ба шүүхээс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7176 дугаар захирамжаар  нэхэмжлэгч Г.Х ыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн байна.

Иймд нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий акт /Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/598 дугаар захирамж/-ыг мэдсэнээс хойш шүүхэд хандах хугацааг сэргээсэн,  нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байх бөгөөд тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёр. Нэхэмжлэгч Г.Х аас өөрийн шударгаар эзэмшин амьдарч байсан газраас бусдад эзэмшүүлсэнд гомдолтой гэж маргаж, хариуцагч нараас маргаан бүхий газрыг Г.Х хууль ёсоор эзэмшиж байгаагүй, бусдын эзэмшил газартай давхцуулж газар эзэмшүүлээгүй, гуравдагч этгээд Я.Б-т эзэмшлийн газрыг нь өмчлүүлсэн хууль зөрчөөгүй гэж тайлбарлана. 

2.1. Ж.С ийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: 

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргаж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д уг шийдвэрийг үндэслэн газар алба газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохоор заажээ. 

Ж.С ид ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 195 дугаар захирамжийг  үндэслэн олгосон байна. 

Нэхэмжлэгчээс уг захирамжийн холбогдох хэсгийг хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох байтал түүнийг үндэслэн олгосон газар эзэмшх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх ба энэ талаараа тайлбарлахдаа “..хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны195 дугаар захирамжийн хавсралтад  Ж.С ийн нэр байхгүй байх тул уг захирамжийг хүчингүй болгох шаардлага гаргах боломжгүй, харин гэрчилгээг бичиж олгосон Баянзүрх дүүргийн газрын албанд холбогдуулан шаардлага гаргасан “гэжээ. 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 195 дугаар захирамжийн хавсралтад Ж.С ийн нэр байхгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчээс Ж.С ид газар эзэмшүүлсэн шийдвэрийн талаар маргахгүй, энэ талаар маргах боломжгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй ба газар эзэмшүүлэх шийдвэргүйгээр гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсны дараа хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагаас Ж.С ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд  захирамжийн дугаар 195 гэж бичигдсэн нь техникийн алдаа бөгөөд түүнд газар эзэмшүүлж шийдвэрлэсэн захирамжийн дугаар 197 болох талаар тайлбарласан хэдий ч хавтаст хэрэгт авагдаагүй баримт учир дүгнэлт хийх боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д ”Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.“ гэжээ.

 Ж.С ийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Т.Б т шилжсэнээр хүчингүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор түүний газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, гуравдагч этгээдээр оролцуулах үндэслэлгүй байна. 

Харин нэхэмжлэгч Г.Х нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа анх маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг  Ж.С ид олгосон нь хууль бус байсан гэж маргаж байх тул маргаан бүхий газрын эзэмшлийн талаар болон нэхэмжлэгчийн газар эзэмшлийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүний хувьд түүнийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан болно. 

Ж.С шүүхэд мэдүүлэхдээ ”Анх газар эзэмшихээр нэхэмжлэгч Г.Х хамт холбогдох байгууллагад хандахаар хамт явж байсан. Газрыг тусгаарлахгүйгээр нийтэд нь хашаалж хамт амьдарч байсан. Гэхдээ тус бүртээ хашааны газар эзэмших талаар ойлголцсон байсан. Би өөрийн эзэмших газрын байршлын кадастрын зургийг тухай үед хийлгэж, зохих журмын дагуу хандаж газрыг хууль ёсоор эзэмшиж гэрчилгээтэй болсон. Г.Х ыг газрын гэрчилгээ авсан гэж бодсон, яг авсан байсан эсэх талаар мэдэхгүй байна. гэж, нэхэмжлэгч Г.Х “Ж.С намайг тэр газрыг эзэмшин амьдарч байгааг мэдсээр байж миний газраас бусдад шилжүүлсэнд гомдолтой.” гэж тус тус тайлбарлана. 

Иргэн газар эзэмших тухай хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасан бүрдүүүлбэрийг хангуулан эрх бүхий байгууллагаас баталсан загварын дагуу тухайн шатны Засаг даргад хандах хуулиар журамласан харилцаа байна. 

Нэхэмжлэгч Г.Х маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан эсэх талаар Банзүрх дүүргийн Газрын албаны 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10/570 тоот албан бичигт  “иргэн Г.Х , С.Өнөрзаяа нар нь тус байршилд газар хүссэн хүсэлтийг дүүргийн Газрын албаны архив, албан хэрэг хөтлөлтийн программ, ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт шүүж үзэхэд өргөдөл гаргаж байсан тухай бүртгэл алга байна.”гэх тайлбар, гэрч П.А шүүхэд мэдүүлэхдээ “2007 онд газар эзэмших захирамж гараагүй, гэрчилгээ олгохгүй байна гэсэн болохоор Баянзүрх дүүргийн газрын албанд ээжтэй  хамт нэг удаа очиж байсан. Өргөдлийг хүлээж аваагүй. Дахиж очиж байгаагүй. Газраа 3 хуваагаад ач, зээдээ өгнө гэж авсан. Манай эмэгтэй дүүгийн нэр дээр ээж авах гэж хөөцөлдөж байгаа.” гэх мэдүүлэгээс  тус тус үзвэл нэхэмжлэгч Г.Х нь маргаан бүхий газрыг эзэмших талаар хуульд заасан өргөдлийг гаргаж байсан эсэх нь тогтоогдохгүй байна. 

Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг  хийх үед нэхэмжлэгч Г.Х зааснаар өөрийн шударгаар эзэмшиж байсан гэх газар нь 3 айлын хашаанд хуваагдсан байдалтай, маргаан бүхий газар буюу Т.Б-н өмчлөлийн газар хамгийн захад байрлалтай, ертөнцийн зүгээр зүүн талд нэхэмжлэгч Г.Х амьдарч байгаа газар түүнтэй залгаа байрлах хашааг нэхэмжлэгч бусдад худалдсан талаар тайлбарлаж, мөн одоо амьдарч байгаа газраа эзэмших эрхийн гэрчилгээ авсан талаар тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.  

 Эндээс дүгнэвэл нэхэмжлэгч Г.Х анх газар хашаалан амьдрахдаа Газрын тухай хуульд заасан нэг иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулж эзэмшүүлэх газрын хэмжээнээс хэтэрсэн буюу илүү хэмжээтэй байгааг мэдэж байсан, умаар өөрийн хууль ёсоор эзэмших боломжтой 700м2 газрыг эзэмшин өмчилж улмаар бусдад худалдсан байх тул үлдэх газрыг зөвхөн өөрийн хүүхэд, ач, зээдээ эзэмшүүлэх байсан гэж маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй  юм. 

Учир нь түүний өмчилж байгаад худалдсан гэх газар нь маргаан бүхий газар буюу Ж.С ийн эзэмшиж байсан газартай давхцалгүй бөгөөд уг газрыг Т.Б т шилжүүлсэн болох нь байршил, хэмжээний хувьд зөрүүгүй талаар холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн тайлбар, зураглалаар  нотлогдож байна. 2010 оны 02 дугаар сараас 2011 оны  02 дугаар сарын Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн архивын мэдээлэлд Ж.С ийн регистрийн дугаараар бүртгэгдсэн нэгж талбарын 18658311219544 дугаараар Т.Б т шилжүүлсэн газар болон одоо Г.Х амьдарч байгаа газрыг хамтад нь оруулсан хэмжээгээр, 2012 оны 02 дугаар сараас 2013 оны 05 дугаар сарын мэдээллийн сангийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18658311206538 дугаараар Т.Б т шилжүүлсэн газар хэмжээгээр зөвхөн өөрчлөгдсөн бүртгэгджээ [11]. 

Гуравдагч этгээд Т.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа  “...Уг газар дээр Ж.С ийн хамт очиход 3 тал модон хашаатай, нэг тал нь задгай хоосон хашаа байсан. Мөн зэргэлдээ 119а тоотод Г.Х нь ганц гэрээрээ байсан. 2010 онд Х-ын бага хүүтэй нь хамт кадастрын зургийн дагуу хэмжиж, захын цэгүүдийг тогтоож байсан. Г.Х нь өөрийн амьдарч байсан хашаагаа худалдсан бөгөөд 119, 119а тоотын хооронд орших зайд уул руугаа сунган амьдарч байгаа.” гэх тайлбар 2010 онд  Ж.С оос Т.Б т шилжүүлэх үеийн газрын кадастрын зурагаас  үзвэл уг газартаа залгаа хашаалсан талбай байхгүй харин хэсэг хоосон зайны цаана хашаалсан нэгж талбар харагдаж байх ба Т.Бийг уг газрыг өмчлөх үеийн буюу 2014 онд кадастрын зурагт  уг зураглал өөрчлөгдөөгүй буюу 2 хашаалсан нэгж талбайн хоорондох зай хоосон хэвээр байх бөгөөд хаягжилт тэмдэглэгээний хувьд Т.Бийн газар дээр 119, дараагийн хашаалсан газарт 119а гэсэн тэмдэглэгээ хийгдсэн, Г.Х газар худалдсан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний “Газар худалдах, худалдан авах гэрээ”-р   гэрээнд хаягийн байршлыг Баянзүрх дүүрэг 21-р хороо Баяндөхөм 24-119а тоот 700м2  газар гэж бичсэн зэрэг нөхцөл байдлаас дүгнэвэл Г.Х , Ж.С нар анх газар эзэмшихийг хүсэж хашаалсан газартаа Газрын тухай хуульд заасан зориулалт хэмжээгээр буюу тус бүртээ 700м2 газрыг хууль ёсоор эзэмшсэн, харин Г.Х Ж.С нарт газар давхцуулан эзэмшүүлсэн байдал тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй болно.

Иймд Ж.С ийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан газрыг нэхэмжлэгч Г.Х нь эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байх бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан байх тул  маргаан бүхий газарт Ж.С ид газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнөөдгүй байна гэж үзлээ.    

2.2. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн  А/598 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 50 тоот “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” тус тус захирамжийн Т.Б т холбогдох хэсэг, Т.Бийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай гэрчилгээ, тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Ж.С нь газар эзэмших эрхээ Т.Б т шилжүүлэх  талаар 2010 оны 10 сарын 04-ны өдөр гэрээ  хийж, уг гэрээгээ үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Б-йн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргаж улмаар Баянзүүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар захирамжаар нэр шилжсэн байна.

Уг газарт нэхэмжлэгч Г.Х амьдарч байсан гэх боловч өөрийн гэрээ маргаан бүхий газарт барьж амьдарч байсан эсэх нь тогтоогдохгүй, 2012,2014,2016 оны сансрын зураглалыг кадастрын зурагтай давхцуулсан байдлаар гаргасан зурагнаас харахад нэхэмжлэгчийн гэрийн байршил нь маргаан бүхий газрын хажууд байрлалтай, хамтатган хамшаалсан байдал харагдахгүй байх ба өөрийнх нь тайлбарласнаар маргаан бүхий  газарт гараар гаргасан худаг дотор хүнсний зүйл байршуулсан байсан гэжээ.

Нэхэмжлэгч Г.Х нь маргаан бүхий газрыг Т.Б-йн эзэмшилд шилжсэний дараа буюу 2015 оны 03 дугаар 11-ний өдөр өөрийн өмчилсөн газраа худалдсан талаар дурдаж амьдрал байдлыг нь харгалзан одоо амьдарч байгаа газрыг эзэмшүүлэхийг хүссэн хүсэлтийг  гаргаж байжээ. Уг хүсэлтэд хавсаргасан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн зураг болон Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2016 оны архивын зураг  дахь нэгж талбарын дугаар, байршил зөрүүгүй, маргаан бүхий газар буюу Т.Бийн өмчлөлийн газартай давхцалгүй  байна. 

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07га-гаас илүүгүй байна.”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн  27.1-д “Газрыг ....зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.” 27.4 –д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглого.” гэж тус тус заасан.  

Маргаан бүхий газрыг эзэмшигч Ж.С оос гуравдагч этгээд Т.Б т шилжүүлсэний дараа буюу 2015 онд нэхэмжлэгч Г.Х газар эзэмших хүсэлт гаргаснаар өөрийн бусдад худалдсан газар болон Т.Б-йн эзэмшлийн газрын дунд сул байгаа өөрийн амьдарч байгаа  353м2 газрыг эзэмших боломжтой болохыг мэдсэн байх боломжтой ба улмаар уг газрыг эзэмших эрхийн 000549809 дугаартай гэрчилгээг  авсан байхад Т.Б т газар эзэмшүүлж, өмчлүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хууль бус, маргаан бүхий газрыг өөрийн зээ охинд эзэмшүүлэх эрхтэй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.    

Учир нь газар эзэмших эрх нь Газрын тухай хуульд заасан үндэслэлээр, эрх бүхий захиргааны албан тушаалтаны шийдвэр гарснаар үүсч, газрын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж, гэрчилгээ авснаар хэрэгжиж эхлэх ба харин эрхийн гэрчилгээгүйгээр нэгж талбар газрыг хашаалан амьдарч байсан нь түүнд давуу эрхээр газар эзэмшүүлэх үндэслэл болохгүй юм. 

Иймд Ж.С оос газар эзэмших эрхээ Т.Б т шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байх тул Т.Б-иас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар гаргасан газар өмчлөх өргөдлийг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасан эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.     

Дүгнэвэл Т.Б т маргаан бүхий газарыг эзэмшүүлж, өмчлүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн бөгөөд захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Г.Х Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Х “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын  2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжийн тус тус Т.Б т холбогдох хэсэг, Т.Бийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ж.С ийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ОЮУНГЭРЭЛ