Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
Хэргийн индекс | 105/2016/0173/Э |
Дугаар | 792 |
Огноо | 2016-12-08 |
Зүйл хэсэг | 192.1., |
Улсын яллагч | Н.Амарсанаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 792
Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Амарсанаа,
ялтан Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нарын өмгөөлөгч Ч.Ганбат,
ялтан Б.Төгөлдөрийн өмгөөлөгч Б.Тэнгис,
нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нарын давж заалдах гомдлуудаар 2016 0100 0142 дугаартай Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Тугчин овгийн Буян-Өлзийгийн Төгөлдөр, 1995 оны 11 дүгээр сарын 20-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төгөлдөр хуурч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 15 дугаар байрны 19 тоотод оршин суух,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 964 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:МЮ95112032/,
2. Еншөөбү овгийн Ганбаатарын Түвшинсайхан, 1995 оны 4 дүгээр сарын 30-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 18 дугаар байрны 33 тоотод оршин суух,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1096 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:УК95043031/,
Б.Төгөлдөр нь Г.Түвшинсайхантай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 15 дугаар байрны гаднаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ийн агууламж бүхий 8,2 грамм /уутны хамт/ өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан,
Г.Түвшинсайнхан нь Б.Төгөлдөртэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 15 дугаар байрны гаднаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ийн агууламж бүхий 8,2 грамм /уутны хамт/ өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийг 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нарыг бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж олж авсан, хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1971 оны НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламж бүхий 8.2 грамм хар ногоон өнгийн ургамал, 4 грамм бор өнгийн ургамал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Б.Төгөлдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс надад ял оногдуулахдаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ямар нэгэн дүгнэлт өгөөгүй гэж дан ганц хүндрүүлэх талаас нь харж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Г.Түвшинсайхан бид хоёр урьд хийсэн хэрэгтээ гэмшдэг бөгөөд энэ хэргийн хувьд саваагүй, тэвчээргүй зангаасаа болж үйлдсэн. Үүндээ ч гэмшиж байсан. Ийм учраас мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар нэг саад учруулахгүйгээр хэргээ үнэн зөвөөр мэдүүлж хэргээ анхнаасаа хүлээсэн. Миний хувьд цаашид ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл зохиож амьдрах хүсэлтэй байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Ялтан Г.Түвшинсайхан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний ялтай байдлыг өршөөлд хамруулж, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн мөртлөө ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэж үздэг юм байна. Гэтэл шүүхээс үүнийг эс харгалзаж үзсэн. Миний хувьд урьд өмнө хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байдаг бөгөөд хэрэг үйлдэх үедээ гэмт хэрэг давтан үйлдэх санаа зорилго байгаагүй. Тухайн өвсийг хараад мөн бишийг нь сонирхох сонирхолдоо хөтлөгдөж, улмаар татаж үзсэн. Гэсэн ч би өөрийгөө зөвтгөхгүй бөгөөд гагцхүү цаашид ажил хөдөлмөр эрхэлж, бие дааж амьдрах хүсэлтэй байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг судалж, Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Ялтан Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нарын өмгөөлөгч Ч.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нар нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт хэдийгээр холбогдож байсан боловч гэмт хэргийн талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч байсан. “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар ялтай байдлын хугацааг өршөөлд хамруулсан талаар анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ дурдсан байдаг. Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нарын ар гэрийн зүгээс хүүхдүүдийнхээ засрал хүмүүжилд анхаарал, халамж тавих бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.
Ялтан Б.Төгөлдөрийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нарын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэдийгээр эдгээр хүүхдүүд нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан, ялтай байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байдаг боловч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж, гэмт хэргийнхээ учир холбогдлыг ойлгон ухаарч мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөв, бодитой мэдүүлэг өгсөн байдаг. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж, хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэв.
Прокурор Н.Амарсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна. Иймд Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
Б.Төгөлдөр нь Г.Түвшинсайхантай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 15 дугаар байрны гаднаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ийн агууламж бүхий 8,2 грамм /уутны хамт/ өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан,
Г.Түвшинсайхан нь Б.Төгөлдөртэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 15 дугаар байрны гаднаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ийн агууламж бүхий 8,2 грамм /уутны хамт/ өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах ахлагч Г.Есөнтөмөр, ахлагч Г.Эрдэнэболд нарын бичсэн илтгэх хуудас /1-р хх-6/, Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нар нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-16, 17, 22, 23/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-44-56, 57-73, 74-77/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-81-83/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-хх-84-85/, Байгаль Орчин, Аялал Жуучлалын яамнаас ирүүлсэн “Зэрлэг олсны ургамал”-ын тархцын талаарх холбогдох судалгааны материал /1-р хх-168-191/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс ирүүлсэн “тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий Каннабисийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл /1-р хх-192-194/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Төгөлдөр МЮ95112032” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илэрч байна. Дээрх илэрсэн тетрагидроканнабинол /THC/ НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцэд багтдаг болно...” гэсэн 5824 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-94-96/,
“...Шинжилгээнд ирүүлсэн “Г.Түвшинсайхан УК95043030” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илэрч байна. Дээрх илэрсэн тетрагидроканнабинол /THC/ НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцэд багтдаг болно...” гэсэн 5825 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-97-99/,
“...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттайг ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно...” гэсэн 5981 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-100-103/,
“...Б.Төгөлдөрийн шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илэрсэн болно. Тетрагидроканнабинол /THC/ НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцэд багтдаг болно...” гэсэн 6981 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-104-106/,
“...Г.Түвшинсайханы шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илэрсэн болно. Тетрагидроканнабинол /THC/ НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцэд багтдаг болно...” гэсэн 6980 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-107-109/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.Төгөлдөр нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Мансуурах донтой, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байгаа тул эмчилгээ хийлгэх шаардлагагүй...” гэсэн 802 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-123-127/,
“...Г.Түвшинсайхан нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Мансуурах донтой, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байгаа тул эмчилгээ хийлгэх шаардлагагүй...” гэсэн 803 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-128-132/ болон Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ тус тус хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Ялтан Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нарын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нарыг бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж олж авсан, хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд ялтнуудын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохиржээ.
Ялтан Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нар нь давж заалдах шатны шүүхэд “…анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлууд гаргаж байгаа боловч ялтан Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нар нь энэ төрлийн гэмт хэрэгт урьд өмнө ял шийтгүүлж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь үйлдсэн хэрэгтээ ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, гэмшиж ухаараагүй зэргээс үзэхэд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ялтан Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
Ш.БАТ-ЭРДЭНЭ