Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 363

 

"Т м” ХХК-ийн гомдолтой,

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого,

хяналтын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн

татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э

нарт холбогдох зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:       Г.Банзрагч

                      М.Батсуурь

                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал     

Гомдлын шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э нарын 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”   

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0304 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 483 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, Ч.Ц, Б.Ч, С.А,

Хариуцагч Х.Н, Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0304 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан “Т м” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э нарын 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн хуудасны 2, 4, 6 дахь хэсэгт хамаарах зөрчилд оногдуулсан 5,586,766,290.00 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсэг болох маргаан бүхий шийтгэлийн хуудасны 1, 3, 5 дахь хэсэгт хамаарах зөрчилд оногдуулсан 210,764,838.80 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 483 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 304 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 6.6 дугаар зүйлийн 1.1, 4.15 дугаар зүйлийн 1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.3, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.2, 9.2.3, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.4, Гаалийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2, 113 дугаар зүйлийн 113.1-д тус тус заасныг баримтлан “Т м” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э нарын 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн хуудасны 2, 4, 6 дахь хэсэгт хамаарах зөрчилд оногдуулсан 5,586,766,290.00 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох маргаан бүхий шийтгэлийн хуудасны 1, 3, 5 дахь хэсэгт хамаарах зөрчилд оногдуулсан 210,764,838.80 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. “Т м” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0304 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 483 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Шүүх хэрэглэх зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна.

5. Давж заалдах шатны шүүх нь “...Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д дурдагдсан зургаан зөрчлийн талаар гомдол гаргагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байхад анхан шатны шүүх тухайн зөрчлүүд нь татварын тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй /холбогдох хэсгийг хүчингүй/ болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтыг дутуу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй боловч нэгэнт хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах” гэсэн заалтыг ноцтой зөрчихийн зэрэгцээ хэргийг бүхэлд хянаж шийдвэрлэж байгаа нь маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал болж чадаагүй гэж үзэж байна.

6. Учир нь анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талаас Шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж зөрчил тус бүр дээр маргасан атал анхан шатны шүүх нь зөрчлийн тогтоогдсон байдал буюу татвар ногдуулалт төлөлтийн байдалд дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тухайд дүгнэлт хийсэн.

7. Үүнийг эс зөвшөөрч хариуцагчаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.4-т заасны дагуу анхан шатны шүүх нь хэргийн оролцогчдын маргаж байгаа үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүй түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хууль тогтоомжийг зөрчөөгүй тухай гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэгэнт хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн хэргийг шийдсэн нь ЗХШХШтХ-ийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хянана гэсэн зохицуулалтыг ноцтой зөрчиж байна. Мөн давж заалдах шатны шүүхээс зөрчил тус бүрд дүгнэлт өгөхдөө хариуцагчийн зүгээс гомдол гаргагчийн маргаж буй дээрх зөрчил, түүний үндэслэлийн талаар бичгээр хариу тайлбар шүүхэд гаргаж өгөөгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар тайлбар хийгээгүйгээс үзвэл хариуцагчийн тогтоосон гэх дээрх зөрчил нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч нь нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд зөрчил тус бүрд хариу тайлбар болон зөрчил үйлдсэн гэдгийг нотлох анхан шатны баримтуудыг мөн шийтгэлийн хуудас болох хавтаст хэргийг шүүхийн шатанд гаргаж өгсөн нь хэргийн хавтаст хэргээс харагдана.

8. Шүүхээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээх байсан, холбогдогч нарт эрх үүргийг хангаагүй гэх гомдлын тухайд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорт гомдол гаргаагүй тул тухайн асуудлаар шүүхэд маргах эрхгүй байна. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдаж буй процесс ажиллагааны шат бүрд гомдол гаргах эрх нь хуулиар зохицуулагдсан байдаг.

9. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь маргааны үйл баримт буюу шийтгэлийн хуудасны үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, талуудын хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг хангаж мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, мөн Давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасныг ноцтой зөрчиж анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй байхад маргааныг бүхэлд нь хянасан хэмээн хуулиар олгосон эрхээ хэтрүүлэн нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0304 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 483 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:

10. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

11. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э нар “Т м” ХХК-ийн 2014-2018 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсаар нийт 5,797,531,128.80 төгрөгийн төлбөрийг  гаргуулахаар шийдвэрлэжээ.

12. Гомдол гаргагч нь “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э нарын 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлагыг шүүхэд гаргаж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлээр тогтоосон нийт 6 төрлийн зөрчил тус бүрийг үгүйсгэж маргасан байхад анхан шатны шүүх  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нэг, гурав, тавдугаарт дугаарлагдсан зөрчил дээр маргаан байхгүй, хэргийн оролцогчдын маргаагүй хэсэгт дүгнэлт өгөхгүй байх нь зөв гэж үзэж, маргасан зөрчлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн үндэслэлээр гомдлын шаардлагыг хэсэгчлэн хангаж”  шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

13. Давж заалдах шатны шүүхээс “хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой” хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ дээрх алдааг зөвтгөөгүй, давж заалдах гомдлын хүрээнээс хэтэрч дүгнэлт хийсэн гэж үзнэ.

14. Тухайн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын зөрчил нь маргаан бүхий захиргааны актаар тогтоосон татварын зөрчлийг үгүйсгэж хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаа эсэх, уг актын улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг бүхэлд нь дүгнэх шаардлагатай юм.

15. Дээрх үндэслэлээр “...анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь маргааны үйл баримт буюу шийтгэлийн хуудасны үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, талуудын хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг хангаж мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй...” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0304 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 483 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                      ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН