Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 310/ШШ2026/00169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, ******* ******* *******тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* овогт гийн /РД: /

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суух, овогт ын /РД: / нарт хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага: төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., түүний өмгөөлөгч Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулж, бууруулсан шаардлагадаа: “...Иргэн Н., С. нар нь миний эзэмшлийн объектыг цайны газрын зориулалтаар түрээсэлдэг байсан. Урьдын танил, тухайн хүмүүсийг хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан учраас миний бие түрээсийн төлбөр дээр асуудал гаргахгүй байх гэж бодоод ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахгүйгээр түрээслүүлсэн. 2024 оны 07 сарын 15-ны өдрөөс эхлэн түрээсэлсэн бөгөөд 2025 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэлх түрээсийг төлсөн. Түрээсийг төлбөрийг 7000000 төгрөгөөр тохирсон, энэ мөнгийг зөвшөөрч хугацаандаа төлж явсан. 2024 оны 10 сараас эхлэн тог, цахилгааны үнэ их хэмжээгээр нэмэгдсэнтэй холбогдуулан 2025 оны 01 сарын 01-нээс эхлэн тог, цахилгааны үнийг нэмж, түрээсийг төлбөрийг 7500000 төгрөг болгосон. Үүнийг мөн Н., С. нар төлсөөр байсан. Өмнө саруудад түрээс төлж байсан дансны мэдээллийг гаргаж өгнө. Мөн эдгээр хүмүүс цайны газрын үйлчилгээ явуулахдаа манай махны дэлгүүрээс мах хуралдан авдаг байсан. Зарим мах худалдан авсан махныхаа мөнгийг өгч, зарим махаа зээлээр авч байсан. Зээлээр авсан махны тооцоог гар хөтөлгөөндөө тэмдэглэн авсан. Н., С. нар нь ажлын байрандаа байнга байдаггүй, оройдоо ирж орлогоо авчихаад явцгаадаг, ажилтнууд нь орж ирээд Н., С. нар мах авч гэж хэлээд л авдаг байсан. Би тухайн ажилтанд нь , нарыг над руу яриулж байж ав гэхээр тэр хоёр над руу залгаад “мах өгч бай, удахгүй мөнгийг нь өгнөө” гэдэг байсан. Дээрх хүмүүс манай цайны газрыг түрээсэлж байхдаа ахуйн газны баллон алга болгосон, үүнийг 170000 төгрөгөөр худалдаж авсан. Гал тогооны том ус буцалгагч шатаасан байсныг 120000 төгрөгөөр худалдан авсан. Тогны уртасгагч шатаасныг 28000 төгрөгөөр худалдан авсан. Ариун цэврийн өрөөний суултуур эвдсэн байсныг 40000 төгрөгөөр авсан, гал тогооны 2 крант эвдсэн байсныг 120000 төгрөгөөр тус тус бид өөрсдөө худалдан авч, засварласан. Нийт 478000 төгрөг болсон. Иймээс 2025 оны 06 сарын 15-ны өдрөөс 2025 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 9750000 төгрөг, мах зээлж авсан төлбөр 5149300 төгрөг, цайны газрын эвдсэн эд хөрөнгийн үнэ 478000 төгрөг, нийт төгрөгийг Н., С. нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Н., С. нар шүүхэд 2025 оны 10 сарын 27-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Бид анх 2024 оны 07 сарын 16-ны өдрөөс эхлэн Т.*******ын эхнэр эгчтэй ярилцаж сарын 5.000.000 төгрөгөөр зоогийн газрын зориулалтаар 50 гаруй метр квадрат талбай бүхий байрыг нь түрээслэхээр тохиролцож, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Т.******* нь бидэнтэй түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй ба бид бичгээр гэрээ хийхийг удаа дараа шаардсан. Орсны дараах сараас эхлэн түрээсийн төлбөрөө шууд 7.000.000 төгрөг болгож 2.000.000 төгрөгөөр нэмсэн. Дараа нь 2025 оны 01 сард түрээсээ 7.500.000 төгрөг болгож нэмсэн. Бид Т.******* болон эхнэрийнх нь данс руу дээрх төлбөр түрээсийг төлсөөр ирсэн. Мөн хажуугийн “Аз” зоогийн цаадах цахилгааны утсыг том тэрэг дайрч хөргүүр, зурагт, ус буцалгагч зэргийг нь шатаасан. Биднээс шалтгаалсан гэмтэл биш учраас эдгээр төхөөрөмжөө засаж өгөхийг хүсэхэд өөрсдөө засуул гэсэн. Ингээд Улаанбаатар хотоос хөргүүрийнх нь моторыг худалдан авч, тээвэр, засварчны зардлыг бүрэн хариуцаж засварлуулсан. Зурагт нь манай зурагт байсан бөгөөд засвар авахгүй шатсан гэсэн тул дахин өөрсдийнхөө зурагтыг авчирч зааланд нь байрлуулсан. Ус буцалгагч нь мөн засагдахгүй гэсэн. Анх ороход бохир соруулах зардлыг ээлжлэн төлөхөөр ярилцсан боловч Т.******* нь нэг л удаа төлөөд бид байнга 7 хоногт 2 удаа бохир соруулсны 120.000 төгрөгийн төлбөрийг төлж ирсэн. Ингээд 2025 оны 07 сард дахин түрээсийн төлбөрөөс гадна сард тог, усны мөнгө 1000000 төгрөг өг гэж нэхсэн тул уг байрыг түрээслэхээ болихоор шийдэж 2025 оны 07 сарын 24-ний өдөр бүх цэвэрлэгээ үйлчилгээг хийж эгчид байраа түлхүүртэй нь хүлээлгэн өгсөн. Тэр үед бүх тоног төхөөрөмж хэвийн ажиллагаатай байсан ба өөрийн биеэр хүлээн авсан эгч ямар нэгэн эвдрэл гэмтлийн талаар огт хэлж яриагүй, дараа нь ч огт тэдний зүгээс ямар нэгэн эвдрэл төлбөр яриагүй. Газны баллон тэднийд 2 ширхэгийг ээлжлэн зөөж “Гор газ” ХХК-аар цэнэглүүлэн ашигладаг байсан ба одоо ч тэднийх 2 газны баллоноо хэрэглэсээр байгаа. Алга  болоогүй. Харин мах худалдан авах үедээ тухай бүрд нь бэлнээр болон дансаар тооцоог нь хийж төлж ирсэн. Гэхдээ бидэнд их үнэтэй зардаг учраас тэднийхээс мах аваад байдаггүй, хөдөөгийн малчдаас шууд махаа авдаг байсан. Махны тооцооны үлдэгдэл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

3.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, бууруулсан шаардлагад 2025 оны 12 сарын 01-ний өдөр шүүх ирүүлсэн хариу тайлбартаа: “ \Т.*******аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж тодруулсан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Бид анх 2024 оны 07 сарын 16-ны өдөрөөс эхлэн Т.*******ын эхнэр эгчтэй ярилцаж сарын 5.000.000 төгрөгөөр зоогийн газрын зориулалтаар 50 гаруй метр квадрат талбай бүхий  байрыг нь түрээслэхээр тохиролцож, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  Т.******* нь бидэнтэй түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй ба бид бичгээр гэрээ хийхийг удаа дараа шаардсан. Орсны дараах сараас эхлэн  түрээсийн төлбөрөө шууд 7.000.000 төгрөг болгож 2.000.000 төгрөгөөр нэмсэн. Дараа нь 2025 оны 01 сард түрээсээ 7.500.000 төгрөг болгож нэмсэн. Бид Т.******* болон эхнэрийнх нь данс руу дээрх төлбөр түрээсийг төлсөөр ирсэн.  Мөн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаараа бид урьд гаргасан тайлбартаа дэлгэрэнгүй дурдсан.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй “ гэжээ.

4.Хариуцагч Н., С. нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид Т.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнээс 2.046.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Т.*******ын эзэмшлийн объектод 51м.кв хэсгийг цайны газрын зориулалтаар 2024 оны 07 сарын 17-ны өдрөөс эхлэн 2025 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл түрээсэлсэн ба уг объект нь төвлөрсөн системд холбогдоогүй тул бохирын шугамаа соруулдаг байсан. Ингэхдээ долоо хоногт хоёр удаа Дундговь аймгийн “Дундговь-Ус” ОНӨААТҮГазраас ажилтнууд нь ирж соруулдаг байсан. Ийнхүү соруулахад нэг удаагийн төлбөр нь 66000 төгрөг ба энэ төлбөрийг Т.******* нь өөрийн үйлчилгээний болон гэр орных нь бохир цэвэр цуг тул тэнцүү хувааж төлж байна гэж тохирсон боловч огт төлөөгүй, бид бүх төлбөрийг төлж ирсэн. 2024 оны 07 сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл долоо хоногт хоёр удаа буюу сар бүр 8 удаа бохир соруулдаг байсан. Түрээсэлж байх хугацаандаа бид нийт 62 удаа бохир соруулсны төлбөрт 4.092.000 төгрөг төлсөн. 2025 оны 03 сарын 15-ны өдрөөс хойш эднийх төвлөрсөн системд холбогдсон тул бохир соруулахаа больсон.

2024.07.25- 08.25-ны өдрийг хүртэл 8 удаа х 66000=528000 төгрөг

2024.08.25- 09.25-ны өдрийг хүртэл 8 удаа х 66000=528000 төгрөг

2024.09.25- 10.25-ны өдрийг хүртэл 8 удаа х 66000=528000 төгрөг

2024.10.25- 11.25-ны өдрийг хүртэл 8 удаа х 66000=528000 төгрөг

2024.11.25 - 12.25-ны өдрийг хүртэл 8 удаа х 66000=528000 төгрөг

2024.12.25- 2025.01.25-ны өдрийг хүртэл 8 удаа х 66000=528000 төгрөг

2025.01.25- 02.25-ны өдрийг хүртэл 8 удаа х 66000=528000 төгрөг

2025.02.25- 03.15-ны өдрийг хүртэл 6 удаа х 66000=396000 төгрөг,

нийт 4092000 төгрөг. Одоо Т.*******аас анх тохиролцсоны дагуу дээрх төлбөрийн тал үнэ болох 2.046.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

5. Нэхэмжлэгч Т.******* нь сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлээгүй болно.

6. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эднийх зээлээр мах өгдөггүй байсан. Ийш тийшээ явахдаа махны мөнгөө урьдчилаад өг гэж шаарддаг байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сондгой тоотой гарах ёстой гэж байна. Тийм байдлаар мөнгийг авдаг байсан. Махны тооцоог харахад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар бүхэл мөнгө байгаа. Хамгийн бага нь 80.000 төгрөг түүнээс дээш хийгддэг байсан. Би бүх тооцоог дансаар хийдэг байсан. Анх удаа орохдоо 5.000.000 төгрөгийн түрээсийг бэлэн өгч байсан. Мөн жижиг зүйлийг бэлэн мөнгөөр авдаг байсан. Махны тооцоог дансаар хийдэг байсан. Түрээсийн мөнгийг бас бүгдийг нь дансаар хийдэг байсан. Энэ нь баримт болох байх гэж бодож байна. Манайх махаа малчдаас авдаг байсан. Ийш тийшээ явсан, аргагүй болсон тохиолдолд ажилчдаараа тоотой цөөн удаа авхуулсан. Эвдрэл гэмтлийн талаар ярьж байна. Биднийг байж байх хугацаанд том шугам гэмтэж ус буцалгагч, хөргүүр, зурагт шатсан гэдгийг манай ажилчид бүгд мэдэж байгаа. Өөрсдөө ч мэдэж байгаа. Тухайн үед камер байдаг тэрийг нотлох байх. Бид өөрсдийнхөө зардлаар хөргөгчийг янзлуулж байсан. Анх бол түрээсийг 5.000.000 төгрөгөөр аман гэрээ хийсэн. 2 сар 5.000.000 төгрөг байсан. Тэгээд нэмэх талаар ярьсан. Би тэр үед түрээсийн гэрээ байгуулъя гэж хэлсэн. Тэр үед нь би мэдэхгүй гэж байсан. Бид банканд зээл хөөцөлдөх гээд гэрээ хийлгэж байсан. ******* нь тог ус нэмэгдсэн та нараас нэмж авахгүй бол болохгүй, дараагийн түрээслэгч нь бэлэн байгаа гэсэн дарамт үзүүлдэг байсан. Бид бүх зүйлээ тэнд оруулсан байсан учир 7.000.000 төгрөгөөр сүүлийн саруудаа төлсөн. 09 сарын 15-ны өдрөөс 10 сарын 15-ны өдрийг хүртэл 7.000.000 төгрөгөөр түрээсэлж байгаад 2025 оны 06 сарын 15-ны өдрөөс 07 сарын 15-ны өдрийг дуустал 7.000.000 төгрөгөөр түрээсэлсэн. Энэ түрээсийг бүгдийг нь дансаар өгч байсан. Анх орохдоо бэлнээр 5.000.000 өгч байсан, бусдыг нь дансаар нь өгч байсан.  … Түрээсэнд 2024 оны 07 сарын 15-ны өдрөөс 08 сарын 15, 08 сарын 15-ны өдрөөс 09 сарын 15-ны өдрийг хүртэл 10.000.000 төгрөг 5.000.000 төгрөгөөр төлсөн. 09 сарын 15-ны өдрөөс 07 сарын 15-ны өдрийг хүртэл 70.000.000 төгрөг. Нийт 80.000.000 төгрөг түрээсэнд өгсөн байгаа. Бэлнээр 5.000.000 төгрөг. Нийт 85.000.000 төгрөг төлсөн. 2025 оны 07 сарын 17-ны өдөр түлхүүрийг хүлээлгэж өгсөн. ...” гэв.

7. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 2-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хавтаст хэргийн 3-4-р хуудас/, зарлагын баримтууд /1-р хавтаст хэргийн 21-24-р хуудас/, *******ийн *******ын ХААН банкны 5466441188 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 34-39-р хуудас/, ий гийн ХААН банкны 5466441177 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 148-180-р хуудас/, *******ийн *******ын ХААН банкны 5466441188 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 181-196-р хуудас/, хариуцагч нарын түрээсийн төлбөр төлсөн, төлөгдөөгүй үлдэгдлийн задаргаа гэх баримт /2-р хавтаст хэргийн 4-р хуудас/ баримтыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр, Ц.гаас гэрчийн мэдүүлэг авах /1-р хавтаст хэргийн 116-118-р хуудас/, үзлэг хийх /1-р хавтаст хэргийн 120-144-р хуудас/ ажиллагааг тус тус шүүх хийж гүйцэтгэжээ.

8. Хариуцагч шүүхэд нотлох баримтаар:

2025.10.27-ны өдрийн хариу тайлбар /1-р хавтаст хэргийн 16-17-р хуудас/, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбарын 2026.01.23-ны өдрийн 01/13 дугаартай тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 214-р хуудас/, дуудлагын бүртгэлийн журнал /1-р хавтаст хэргийн 215-217-р хуудас/, түрээсийн гэрээ /1-р хавтаст хэргийн 218-220-р хуудас/, хүлээн авсан эд хогшлын жагсаалт гэх баримт /1-р хавтаст хэргийн 208-209, 221-222-р хуудас/, гийн ын ХААН банкны 5466511293 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 9-45-р хуудас/, ын ын ХААН банкны 5585243316 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 46-67, 125-152-р хуудас/, ын , ийн нарын ХААН банкны 5603093564 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 68-124-р хуудас/ баримтыг ирүүлсэн байна.

Хариуцагчийн хүсэлтээр, Т., М. нараас гэрчийн мэдүүлэг авах /1-р хавтаст хэргийн 240-241-р хуудас/, шүүх хуралдааны явцад үзлэг хийх /2-р хавтаст хэргийн 154-163-р хуудас/ ажиллагааг тус тус шүүх хийж гүйцэтгэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:       

1. Нэхэмжлэгч Т.******* нь Н., С. нараас “ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Т.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нар нь миний эзэмшлийн талбай, объектыг цайны газрын зориулалтаар 2024 оны 07 сарын 15-наас 2025 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээслэсэн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 9.750.000 төгрөг, мах зээлээр авсны үлдэгдэл төлбөр 5.149.300 төгрөг, цайны газрын эд зүйл эвдсэн, эд зүйлийл үнэ 478000 төгрөг, нийт 15.377.300 төгрөг гаргуулна. Анх түрээсийн төлбөрийг 7.000.000 төгрөгөөр тохиролцсон,  2025 оны 10 сард тог, цахилгааны үнэ нэмэгдсэн тул 2025 оны 01 сараас  түрээсийн төлбөрийг 7.500.000 төгрөг болгосон. Мах зээлээр авдаг байсан, цайны газрын эд зүйл эвдсэн тул үнийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:   Бид анх 2024 оны 07 сарын 16-наас эхлэн зоогийн газрын зориулалтаар 50 гаруй метр квадрат талбай бүхий байрыг сарын 5.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Т.******* түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, сүүлд банкнаас зээл авахын тай гэрээг бичгээр байгуулсан, орсны дараа сараас эхлэн түрээсийн төлбөрөө шууд 7.000.000 төгрөг болгож нэмсэн, Т.******* болон эхнэрийнх нь данс руу түрээсийн төлбөрийг төлдөг байсан, түрээсийн төлбөрт нийт 85.000.000 төгрөг төлсөн, түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн, 2025 оны 07 сарын 17-ны өдөр цэвэрлэгээ хийгээд түлхүүрийг хүлээлгэж өгсөн байхад 07 сарын 24-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, цахилгааны утсыг  том тэрэг дайрч, хөргүүр, ус буцалгагч зэргийг шатаасан, газрын баллоныг хүлээлгэж өгсөн, алга болгоогүй, мах худалдаж авах үедээ тухай бүрт нь бэлнээр болон дансаар тооцоог нь хийж байсан. Махны тооцооны үлдэгдэл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлаа тайлбарласан.

4. Н., С. нар нь Т.*******т хариуцуулан бохир соруулсны төлбөрийн 50 хувь болох төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2024.07.25-наас 2025.03.15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 62 удаа  бохир соруулсны нэг удаагийн төлбөр 66.000 төгрөгөөр, нийт 4092000 төгрөг төлсний тал үнэ болох төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

5. Т.******* сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй.

6. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, талуудын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

6.1. Т.******* нь Н., С. нартай тохиролцон Дундговь аймгийн ******* сумын 9-р баг,  ******* *******гийн 7-707 тоотод байрших байр, объект / талбай/-ыг цайны газрын зориулалтаар 2024 оны 07 сарын 15-ны өдрөөс эхлэн, түрээсийн төлбөрийг сарын 7.000.000 төгрөгөөр, 2025 оны 01 сараас 7.500.000 төгрөг болгон нэмж, хариуцагч нар нь 2025 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэл цайны газрын зориулалтаар түрээсэлж, аж ахуйн зориулалтаар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан үйл баримт нь гэрч Ц.гийн “ ... цайны газрыг , нарт түрээслэхээр тохиролцсон, хугацаагаа бол тохиролцоогүй. ... Түрээсийн 1 сарын төлбөрийг нь 7.000.000 төгрөгөөр тохирсон, 7.000.000 төгрөгөнд тог, усны мөнгө нь багтдаг, гэтэл 2024 оны 11 сард тогны үнэ нэмэгдэхээр нь түрээслэгч Н., С. нартай ярилцаад 2025 оны 01 сарын түрээсээс эхлээд 500.000 төгрөгөөр түрээсээ нэмээд , сарын түрээсийг 7.500.000 төгрөг болгож тохиролцсон. 2024 оны 08 сарын түрээсийн мөнгийг Т.*******ын дансанд, 2024 оны 09, 10 сарын түрээсийн мөнгийг Ц. миний ХААН банкны  5466441177 тоот дансанд 2 хувааж хийсэн, ... 2024 оны 07 сарын 15-наас 2025 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэл түрээсэлсэн. Түрээслэх хугацаандаа цайны газрын зориулалтаар ажиллуулж байсан.” гэх мэдүүлэг, гэрч М.гийн “ Миний бие 2024 оны 08 сарын 15-ны өдрөөс одоог хүртэл Даш зоогийн газарт кассчинаар ажиллаж байна. Даш зоогийн газар нь Т.*******ын эзэмшлийн Өндөр ээжийн урд талд байдаг объектыг  түрээсэлж байхад нь 2024 оны 08 сарын 15-наас 2025 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэл байхаа тэнд кассчинаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,  талуудын гаргаж өгсөн дансны хуулгууд, хариуцагч Н., С. нарын шүүхэд 2025 оны 10 сарын 27-ны өдөр бичгээр ирүүлсэн “ ...байрыг түрээслэхээ болихоор шийдэж 2025 оны 07 сарын 24-ний өдөр бүх цэвэрлэгээ үйлчилгээг хийж эгчид байраа түлхүүртэй нь хүлээлгэн өгсөн” гэх тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. 

6.2. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Т.******* болон  хариуцагч Н., С. нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс “түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, Иргэний хуулийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэж зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй тул гэрээ хүчинтөгөлдөр бус гэж маргаж байх боловч, хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлж байсан талаарх холбогдох нотлох баримтыг хариуцагч тал ирүүлээгүй, нэхэмжлэгч талаас Дундговь аймгийн ******* сумын 9-р баг,  ******* *******гийн                   7-707 тоотод байрших  объект / талбай/  нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй,  2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийн талбайг түрээслүүлж байсан гэх тайлбар гаргасан, хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлж байсан талаарх гэрчилгээ баримтыг ирүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч нар нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг  тодорхой хугацаанд эзэмшиж, ашиглаж аж ахуйн зориулалтаар буюу цайны газрын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан тул гэрээг цуцлахад объектыг нэхэмжлэгчид буцаан өгөхөөс гадна түүнийг эзэмшиж, ашигласны үнийг төлөх үүрэгтэй юм. Нэхэмжлэгч нар нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх, шаардах эрхтэй байна.

6.3. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.аас түрээсийн байр, объектыг 2025 оны 07 сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн, 7 сарын 24-ний өдрийг хүртэл түрээслээгүй, түрээсийн төлбөрийг эхний 2 сар 5.000.000 төгрөгөөр, 2025 оны 01 сараас 7.000.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон, нийт 85.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн, төлөх төлбөр байхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “ Хариуцагч нарын түрээсийн төлбөр төлсөн, төлөгдөөгүй үлдэгдлийн задаргаа” гэх 2025.03.03-ны өдрийн төлбөрийн задаргаа гэх  жагсаалт бүхий тайлбарыг бичгээр шүүх хуралдаанд гарган өгч, уг баримтаар түрээслэгч нар нь 79.000.000 төгрөгийн түрээсийг төлсөн гэж, хариуцагч С.аас  шүүх хуралдаанд “ Н., С. нарын дансы хуулгыг нотлох баримтаар гарган өгч, Н.ын ХААН банкны 5466511293 тоот данснаас Т.******* болон гийн данс руу шилжүүлсэн, С.ын ХААН банкны данснуудаас Т.******* болон гийн дансанд шилжүүлсэн түрээсийн болон махны мөнгө шилжүүлсэн дансны түүвэр, жагсаалт” / 2-хх-ийн 5-8-р тал/-ыг бичгээр үйлдэн тус тус гарган өгч,  уг дансны хуулга, түүвэр, жагсаалтаар 80.000.000 төгрөгийг түрээсийн төлбөрт нэхэмжлэгчид шилжүүлсэн,  бэлнээр 5.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр, нийт 85.000.000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

6.4.Хариуцагч нар нь Т.*******ын эзэмшлийн байр, объектыг цайны газрын зориулалтаар 2025 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд түрээсэлж үйл ажиллагаа явуулсан болох нь дээр дурдсан гэрч Ц., М. нарын мэдүүлэг, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул 2025 оны 07 сарын 23-ны өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасгасан шаардлагад түрээсийн төлбөрийг 7.000.000  төгрөгөөр тохиролцсон, 2025 оны 01 дүгээр сарын түрээсээс эхлэн 7.500.000 төгрөг болгож нэмсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  түрээсийн төлбөрийг анх 5.000.000 төгрөг тохиролцсон, түүнээс хойш түрээсийн төлбөрийг  7.000.000 төгрөг болгож нэмсэн, 7.500.000 төгрөгөөр огт тохиролцоогүй гэх тайлбарыг гаргаж маргасан.  Түрээсийн төлбөрийг анх 7.000.000 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сарын түрээсээс эхлэн 7.500.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн гэх нэхэмжлэгчийн шаардлага нь хариуцагч Ц.гийн “ түрээсийн 1 сарын төлбөрийг нь 7.000.000 төгрөгөөр тохирсон, 7.000.000 төгрөгөнд тог, усны мөнгө нь багтдаг, гэтэл 2024 оны 11 сард тогны үнэ нэмэгдэхээр нь түрээслэгч Н., С. нартай ярилцаад 2025 оны 01 сарын түрээсээс эхлээд 500.000 төгрөгөөр түрээсээ нэмээд , сарын түрээсийг 7.500.000 төгрөг болгож тохиролцсон” гэх мэдүүлэг,  хариуцагчаас нэхэмжлэгчийн эхнэр Ц.гийн Хаан банкны 5466441177 тоот дансанд 2024 оны 09 сарын17,18-ны өдрүүдэд нийт 7.000.000 / 6.000.000+1.000.000/ төгрөг, 2024 оны 10 сарын 16, 17-ны өдрүүдэд нийт 7.000.000 / 5.000.000+2.000.000/ төгрөг, Т.*******ын Хаан банкны 5466441188 тоот 2025 оны 01 сарын 16, 17-ны өдрүүдэд нийт 7.500.000 /5.000.000+2.500.000/ төгрөг зэргээр төлж байсан үйл баримт, дансны хуулгууд, хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбарууд зэргээр нотлогдож байна.  

Хариуцагч С.аас шүүх хуралдаанд “түрээсийн төлбөрийг анх 5.000.000 төгрөгөөр амаар тохиролцсон, дараа нь банкнаас зээл авахын тулд нэхэмжлэгчийн эхнэр Ц.тай түрээсийн гэрээг нөхөж байгуулсан” гэх тайлбарыг гаргаж, шүүх хуралдааны явцад хариуцагч С.аас гаргаж өгч, талуудын байлцуулан үзлэг хийлгэсэн “Хүмүүст өгч авах авлага тэмдэглэгдсэн” гэх А5 хэмжээтэй “Ногоон” өнгийн дэвтэрт үзлэг хийлгэсэн тэмдэглэл, уг дэвтэрт тэмдэглэгдсэнээр 5.000.000 төгрөгийг түрээсийн төлбөрт бэлнээр өгсөн нь  нотлогдоно гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан. Уг үзлэг хийлгэсэн А5 хэмжээтэй “Ногоон” өнгийн дэвтэрт бичигдсэн хөтөлгөө нь ойлгомжгүй, баллаж цохолсон, бичвэртэй хэсгээ дарж балласан,  нэхэмжлэгч Т.*******т 5.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн талаар 2 талын тооцоо нийлсэн, гарын үсэг зурсан баримт бичилтгүй,  нэг талын гар хөтөлгөө бүхий дэвтэр байсан нь хариуцагчаас түрээсийн төлбөрт 5000000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх үйл баримтыг хангалттай нотолж чадахгүй байна гэж үзлээ.

Мөн 1-р хавтаст хэргийн 218-220 дугаар талд авагдсан 2024 оны 06 сарын 04-ний өдрийн  түрээслэгч С., түрээслүүлэгч Ц. нарын хооронд байгуулагдсан гэх “Түрээсийн гэрээ”-нд 2025.05.01-ний өдөр талууд гарын үсэг зурсан, уг гэрээг  хариуцагч С. нь  банкны зээл авахын тулд нөхөж байгуулсан, уг гэрээнд түрээсийн төлбөрийг 5.000.000 төгрөгөөр тохирсон гэх тайлбарыг гаргасан.  Гэтэл уг гэрээг нэхэмжлэгч Т.*******тай байгуулаагүй, банкнаас зээл авахын тулд дүр үзүүлэн / нэхэмжлэгчийн эхнэр Ц.тай байгуулсан гэх/  байгуулсан нь  хариуцагчийн тайлбар, татгалзлыг нотлох, хэрэгт хамааралтай нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.  Иймээс хариуцагч С.ын түрээсийн төлбөрийг анх 5.000.000 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сараас 7.000.000 төгрөгөөр тохиролцсон, 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх тайлбар, татгалзал дээрх баримтуудаар нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн “ Хариуцагч нарын түрээсийн төлбөр төлсөн, төлөгдөөгүй үлдэгдлийн задаргаа” гэх 2025.03.03-ны өдрийн жагсаалт бүхий тайлбар, төлбөрийн задаргаанд түрээслэгч нар нь түрээсийн төлбөрт нийт 79.000.000 төгрөгийг төлсөн гэх боловч, нэхэмжлэгч, хариуцагч нарын ХААН банкны дансны хуулгууд, гэрч Ц.гийн ХААН банкны 5466441177 тоот дансны хуулгуудаар түрээслэгч болох Н., С. нар нь түрээсийн төлбөрт:

  • 2024.09.17-ны өдөр 6.000.000 төгрөг
  • 2024.09.18-ны өдөр 1.000.000 төгрөг
  • 2024.10.16-ны өдөр 5.000.000 төгрөг
  • 2024.10.17-ны өдөр 2.000.000 төгрөг
  • 2024.11.17-ны өдөр 3.500.000 төгрөг
  • 2024.11.19-ний өдөр 3.000.000 төгрөг
  • 2024.12.18-ны өдөр 5.000.000 төгрөг
  • 2025.01.16-ны өдөр  5.000.000 төгрөг
  • 2025.01.17-ны өдөр 2.500.000 төгрөг
  • 2025.02.18-ны өдөр 10.000.000 төгрөг
  • 2025.03.22-ны өдөр 5.500.000 төгрөг
  • 2025.04.05-ны өдөр 2.000.000 төгрөг
  • 2025.04.17-ны өдөр 4.000.000 төгрөг
  • 2025.04.22-ны өдөр 3.500.000 төгрөг
  • 2025.05.19-ний өдөр 5.000.000 төгрөг
  • 2025.05.24-ний өдөр 2.000.000 төгрөг
  • 2025.06.19-ний өдөр 4.000.000 төгрөг
  • 2025.06.30-ны өдөр 3.000.000 төгрөг
  • 2025.07.02-ны өдөр 2.000.000 төгрөг
  • 2025.07.18-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 77.000.000 төгрөгийг

төлсөн болох нь талуудаас гаргаж өгсөн дансны хуулгууд, мөн талуудын гаргаж өгсөн дансны хуулганы түүвэр, задаргаа гэх тайлбараар тус тус нотлогдож байна.

 Харин нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дансны хуулганы түүвэр, задаргааны тайлбарт 79.000.000 төгрөгийг түрээсийн төлбөрт авсан гэх боловч 2025.04.09-ний өдрийн 2.000.000 төгрөгийн гүйлгээ нь 1-р хавтаст хэргийн 187-р талд авагдсан Т.******* Хаан банкны 5466441188 дансны хуулганд “ 2025.04.09-ний өдөр орлого-2.000.000 төгрөг,  dash zoog mah” гэж бичигдсэн, хариуцагч С.ын ХААН банкны 5585243316 тоот дансны хуулганд “ 2025.04.09-ний өдөр, зарлага- 2.000.000 төгрөг, dash zoog mah”  / 2-р хх-ийн 136-р тал/ гэж тус тус гүйлгээ хийгдсэн, мөн хариуцагчийн шүүх хуралдаан гаргаж өгсөн дансны түүвэр, задаргаа гэх тайлбарт энэ гүйлгээг түрээсийн төлбөр гэж бичээгүй / Dash zoog mah/ зэргээр 2025.04.09-ний өдрийн 2.000.000 төгрөгийн гүйлгээг түрээсийн төлбөр гэж үзэх боломжгүй байна.

Иймээс  хэрэгт авагдсан баримтаар  хариуцагч нар нь түрээсийн төлбөрт нийт 77.000.000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байна.

Хариуцагч нар нь 2024 оны 07 сарын 15-наас 2025 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт нийт 42.000.000 / 6 сар *7.000.000/ төгрөгийг, 2025 оны 01 сарын 15-наас 2025 оны 07 сарын 15-ны өдрийг дуусталх түрээсийн төлбөрт 45.000.000  / 6 сар*7.500.000/ төгрөгийг, 2025 оны 07 сарын 16-наас 07 сарын 23-ны өдрийг дуусталх 8 хоногийн түрээсийн төлбөр 2.000.000  /7.500.000/30=250.000 төгрөг, 8 хоног *250.000/ төгрөгийг, нийт 89.000.000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх үүрэгтэй байснаас 77.000.000 төгрөгийг төлсөн, 12.000.000 төгрөгийг дутуу төлсөн байна. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 9.750.000 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Н., С. нараас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 9.750.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгохоор шийдвэрлэв.

6.5. Нэхэмжлэгч Т.*******ын хариуцагч нараас нэхэмжилсэн мах зээлээр авсны үлдэгдэл төлбөр 5.149.300 төгрөг, цайны газрын эд зүйл эвдсэн эд зүйлийн үнэ 478000 төгрөг, нийт 5627300 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Т.******* нь нэхэмжлэлдээ “...манай цайны газрыг түрээсэлж байхдаа ахуйн газны баллон алга болгосон, үүнийг 170000 төгрөгөөр худалдаж авсан. Гал тогооны том ус буцалгагч шатаасан байсныг 120000 төгрөгөөр худалдан авсан. Тогны уртасгагч шатаасныг 28000 төгрөгөөр худалдан авсан. Ариун цэврийн өрөөний суултуур эвдсэн байсныг 40000 төгрөгөөр авсан, гал тогооны 2 крант эвдсэн байсныг 120000 төгрөгөөр тус тус бид өөрсдөө худалдан авч, засварласан. Нийт 478000 төгрөг болсон” үүнийг нэхэмжилнэ гэж шаардлагаа тодорхойлсон боловч  тухайн байр, объектыг хариуцагч нарт түрээслүүлэхээр хүлээлгэж өгөхдөө дээрх эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагч нараас  гаргасан “ түрээслэх хугацаанд  цахилгааны утсыг том тэрэг дайрч хөргүүр, зурагт, ус буцалгагч зэргийг нь шатаасан, биднээс шалтгаалаагүй, 2 газын баллон байсан, түүнийг хүлээлгэж өгсөн, алга болгоогүй” гэх тайлбар,  Багануур зүүн өмнө бүсийн цахилгааны түгээх сүлжээ  ТӨХК-ны Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбарын 2026.01.23-ны өдрийн 01/13 тоот албан бичиг, гэрч М., Т. нарын мэдүүлэг зэргээр цахилгааны гэмтлээс зарим эд зүйл шатсан болох нь тогтоогдож байх тул цайны газрын эд зүйл эвдсэн, алга болгосон гэх эд зүйлийн үнэ 478000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Мөн мах зээлээр худалдаж авсны үлдэгдэл төлбөр 5.149.300 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа гэрч Ц.гийн мэдүүлэг, “ Ц.гийн эрхэлдэг махны худалдааны төвийн төлбөр, тооцоо, өглөг авлагын тэмдэглэгээ хийгдсэн гэх “Саарал “ өнгийн дэвтэрт үзлэг хийсэн 2026 оны 01 сарын 22-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно гэж тайлбар гаргасан. Гэрч Ц.гаас “... Н., М. нарт мах зээлээр өгөхдөө би өөрийн хөтөлдөг “Саарал” өнгийн дэвтэр дээрээ “ махны нэр төрөл, килограмм, мөнгөн дүн , он, сар”-ыг бичиж тэмдэглээд махаа хүлээлгэж өгдөг ...” гэж мэдүүлсэн, уг “Саарал” өнгийн дэвтэрт нэхэмжлэгч талын хүсэлтэр талуудыг байлцуулан 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлд уг дэвтрээс үзлэг хийлгэсэн хэсгүүдийг хуулбарлаж, мөн  гэрэл зургын хэлбэрээр тус тус хавсаргасан. Дээрх үзлэгийн тэмдэглэл, Саарал өнгийн дэвтэрт бичигдсэн хөтөлгөө нь ойлгомжгүй, хариуцагч нарт “ хэзээ, хэзээ, хэдэн килограмм, ямар төрлийн махыг худалдсан, үнийг хэрхэн төлсөн, одоо хэдэн төгрөгийн өглөг, авлагатай” талаарх тооцоо нийлсэн, хариуцагч нар гарын үсэг зурж, тооцоо нийлсэн хөтөлгөө, тэмдэглэл уг үзлэг хийсэн дэвтэрт тэмдэглэгдээгүй, нэг талын гар хөтөлгөө бүхий дэвтэр байсан нь анхан шатны баримтын шаардлага хангахгүй, мах зээлээр худалдсан, үнийг бүрэн төлөөгүй байгаа гэх үйл баримтыг хангалттай нотлож чадахгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн хариуцагч нараас нэхэмжилсэн мах зээлээр худалдаж авсны үлдэгдэл төлбөр 5.149.300 төгрөг гаргуулах шаардлага нь гэрч Ц.гийн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдоогүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            7. Хариуцагч Н., С. нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Н., С. нар нь Т.*******т хариуцуулан 2024.07.25-наас 2025.03.15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 62 удаа бохир соруулсны нэг удаагийн төлбөр 66.000 төгрөгөөр, нийт 4092000 төгрөг төлсний тал үнэ болох төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, “Дундговь-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2026.01.30-ны өдрийн 05 тоот албан бичгээр нотлогдоно гэж тайлбарласан.  Гэвч Н., С. нар нь  нийт 62 удаа бохир соруулсан, нэг удаагийн төлбөр нь 66.000 төгрөг болох талаар нотлоогүй, мөнгийг нь бэлнээр төлсөн гэх боловч энэ талаар баримтгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 240997 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47686 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н., С. нараас нэхэмжлэлийн хангагдсан 9750000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 170950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгож шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгч Т.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүний өмгөөлөгчөөс эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт гийн /РД: /, овогт ын /РД: / нараас 9750000 /есөн сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /РД: *******/-т олгож, нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас 5627300 /таван сая зургаан зуун хорин долоон мянга гурван зуун/ төгрөгт ногдох хэсгийг, хариуцагч Н., С. нарын /хоёр сая дөчин зургаан мянган/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240997 /хоёр зуун дөчин мянга есөн зуун ерэн долоон/ төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47686 /дөчин долоон мянга зургаан зуун наян зургаан/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н., С. нараас улсын тэмдэгтийн хураамжид 170950 /нэг зуун далан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.ЧИМЭДДУЛАМ