Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1485

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

          Улсын яллагч Б.Мөнгөншагай,

          Хохирогч О.Даваадорж,

          Хохирогч Д.Мэдэхгүйн хууль ёсны төлөөлөгч С.Сүнжидмаа,  

          Иргэний нэхэмжлэгч М.Мөнхбат,

          Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан /ҮД:1766/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От холбогдох 1803 00585 0318 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Төв аймгийн Алтанбулаг суманд 1979 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхиин хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 1 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Мээжий овогт Д.О /РД:НА79011369/,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Д.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн үүрийн 04 цаг 07 минутын орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Бөхийн өргөөний зүүн талд байрлах “Голден пен” супермаркетийн урд замд Тоёота королла маркийн 54-85 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д “Механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсьн жолоодох эрхийн үнэмлэх”, мөн 2.7 а/-д “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.4-т “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг

урсгал сөрөхииг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Д.Мэдэхгүй жолоочтой Тоёота приус-20 маркийн 37-34 УНӨ улсын дугаартай автомашин болон Д.Идэрбат жолоочтой Хьюндай Соната маркийн 52-75 УБА улсын дугаартай автомашинтай мөргөлдөн, жолооч Д.Мэдэхгүй, зорчигч О.Даваадорж нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Даваадоржийн өгсөн: “... Писи моллын 18 дугаар давхарт “Сэт” лоунж паб-д Дижи хийдэг. Ажлаа тараад найз М.Мөнхбатын хамт 13 дугаар хорооллын уулзварын замын хажуугаас такси барьж, түүнд утсан дахь мессэжээ үзүүлээд явж байхад тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн байсан. Би эмнэлэгт очоод осолд орсон гэдгээ мэдсэн. Аарцагны яс голоороо хугарсан. Осолд орсоноос хойш эмчийн заавраар суга таягтай явдаг байсан. Мөн эхнэр жирэмсэн байсан учир ажлаа хийх шаардлагатай байсан. Гэтэл би удаан зогсож чадахаа больсон байсан. Миний ажил удаан зогсохыг шаарддаг байсан. Манай менежер намайг ажил хийх боломжгүй гээд ажлаас чөлөөлсөн. Үүнээс болоод 2 сар гаран хугацаанд ажилгүй гэртээ байсан. Ажилгүй, мөнгө төгрөг муутай байсан учир эхнэрээ төрсөн гэр рүү нь явуулсан. Шүүгдэгчээс хохирлоо аваад эхнэрээ буцааж гэртээ авч ирнэ. Нийт 3.705.000 төгрөг нэхэмжилж байна. 1.135.000 төгрөг төлөгдсөн...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мэдэхгүйн хууль ёсны төлөөлөгч С.Сүнжидмаагийн өгсөн: “... Тухайн үед хамт байгаагүй учир хэргийн талаар мэдэхгүй байна. Нөхөр осолд орсон гэдгээ хэлээд би очсон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг хүндэвтэр гарсан. Нөхөр хоёр удаа зураг авахуулж, эм тариа хэрэглэсэн. Биеийн байдал хэвийн байгаа. Бид тээврийн хэрэгсэл засварлах мөнгөгүй болсон. Мөн манай нөхөр таксинд явж мөнгө олдог. Манай тээврийн хэрэгсэл банкны нэр дээр байдаг учир сар бүр банкны мөнгө төлдөг. Нөхөр зам тээврийн осолд орсноос болоод банкны мөнгөө төлж чадахгүй болсон учир шүүгдэгчийн өгсөн мөнгийг банкинд өгсөн. Тээврийн хэрэгсэлийн засвар 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Тээврийн хэрэгслээ засварлуулаагүй учир баримт байхгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Мөнхбатын өгсөн: “... Надад гомдол санал гэх зүйл байхгүй. 10 хоног ажилдаа явж чадаагүй. Ажилдаа яваагүй хоногийн цалинг нэхэмжилж байгаа. Нийт 620,000 төгрөгийн зардал гарсан. Тус зардлаас 120,000 төгрөгийг төлсөн. Эмч толгойны зураг авахуул гэж хэлсэн ч би мөнгөгүй учир толгойны зургаа авахуулж чадаагүй...” гэх мэдүүлэг,

          Зам тээврийн осол, хэргийн газарт 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.5-12/,

          2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр жолооч /Д.О/-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.113/,

          2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Тоёота королла маркийн 54-85 УНЭ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.20-24/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Даваадоржийн өгсөн: “Тухайн үед би Сет клар шөнийн цэнгээний газарт дижи хийж байсан. Манай найз Мөнхбат манай ажил дээр орой ирээд бид 2 манай ажил дээр хамт байж байгаад ажил шөнө тарж, ажлын газрын үүднээс такси бариад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо дахь манай гэр лүү Улаанбаатар их дэлгүүрээс хөдлөөд явсан. Замдаа би жолоочийн хажуу талд, ард Мөнхбат суугаад явж байтал гэнэт л машин ирээд мөргөсөн... Баримтаар гарсан хохирлоо авна. Цаашид баримтаа бүрдүүлж өгнө...” гэх мэдүүлэг /хх.28/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мэдэхгүйн өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 05-ны үүрийн 04 цагийн орчимд Барилгачдын талбайгаас 2 хүн аваад халтуур хийгээд явж байсан. Тэгээд Бөхийн өргөөний урд талд би 3 дугаар эгнээнд явж байхад эсрэг урсгалаас королла маркийн машин боржур давж орж ирээд мөргөсөн. Тухайн үед түр зуур цочролд орсон байсан учраас өөрөө цагдаа эмнэлэг бол дуудаагүй, хажууд замаар явж байсан ч юмуу ард байсан ч юмуу мэдэхгүй, ямар ч байсан нэг хүн цагдаа болон эмнэлэг дуудсан байсан. Өмнө нь түргэн ирээд зорчин явж байсан 2 хүнийг маань эмнэлэг рүү авч явсан... Биеийн байдал хүнд байна. Хүн харахад зовиургүй юм шиг боловч бол маш зовиуртай байна... Миний өөрийнх боловч мөнгөний хэрэгцээ гараад ББСБ-аас зээл гэрээний үүрэг хангаж машины нэрийг шилжүүлсэн байгаа. Осол гаргасан жолоочоос 1 сая төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх.43/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Идэрбатын өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 06-ны өглөөний 04 цагийн орчимд Бөхийн өргөөний уулзвараар баруунаас зүүн тийш буюу /зүүн 4-н замруу/ эргэх гээд явж байхад королла маркийн автомашин урсгал сөрөн миний явж байсан урсгал руу орж миний урд явж байсан приус маркийн автомашиныг мөргөж, мөргөлдсөн эрчиндээ приус маркийн автомашин миний машины урд хэсгийг мөргөөд зогссон. Би 52-75 УНА дугаартай автомашиныг “Мөнх” такси баазаас гэрээний хугацаа дуусаад өөрийн нэр дээр машинаа авах юм, одоо 1 жил 3 сарын дараа машинаа өөрөө авна, тийм ч учраас “Мөнх” такси баазаас намайг уг хэрэгт нэхэмжлэгчээр оролцуулсан. Үнэлгээгээр гаргасан хохирлоо хурдан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх.55/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч М.Мөнхбатын өгсөн: “Би тухайн үед шөнө найз Даваадоржийн хамт гэр лүүгээ таксигаар явж байсан, би машины арын суудалд, Даваадорж урд суугаад явж байтал гэнэт машин ирж мөргөсөн, тэгээд л ухаан алдсан байсан, нэг сэргэсэн гэмтэлийн эмнэлэгт ухаан орсон, шүүх эмнэлэгт үзүүлсэн, гэмтэл хөнгөн гарсан, эмчилгээний баримтаа өгсөн байгаа. Баримтаар гарсан хохирол, мөн 10 хоног гэртээ хэвтсэн, цалин өдрийн 50,000 төгрөг, цалингаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.62/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8461 дугаартай “... О.Даваадоржийн биед зүүн талын дунд чөмөгт ясны их төвгөр дайрсан сэлтэрсэн хугарал, зүүн ташаанд зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгний том булчинд зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, баруун хацар, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгиин гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.71/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8519 дугаартай “... Д.Мэдэхгүйн биед зүүн тойг ясны хэлтэрхийт хугарал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /xx.79/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4866 дугаартай “... Дугуйн гадар хаймранд гарсан 2x1,5см, 1,2см хэмжээтэй гэмтэл хатуу үзүүр, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Дугуйн обуданд гарсан 7х49см хэмжээтэй гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан байна” гэх дүгнэлт /хх.99-101/,

          Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Батмөнхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 174 дугаартай “...Тоёота королла маркийн 54-85 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн 2.7 а/-д “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.4-т “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн...” гэх магадлагаа /хх.103/,

          “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 10957482 дугаартай “... Тоёота приус-20 маркийн 37-34 УНӨ улсын дугаартай автомашинд 4,444,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх хохирлын үнэлгээ /хх.86/,

          “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 110984274 дугаартай “... Хюндай соната-6 маркийн 52-75 УБА          улсын дугаартай автомашинд 470,000 төгрөгийн хохирол учирсан” гэх хохирлын үнэлгээ /хх.94-95/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Оийн өгсөн мэдүүлэг /хх.1-2, 110/,

          Хохирлын баримтууд /хх.34-39, 45-54, 64-68/,

          Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.113/,

          Хохирол төлсөн баримт, хүсэлт /хх.118-119, шинээр гаргаж өгсөн 2 хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Д.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн үүрийн 04 цаг 07 минутын орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Бөхийн өргөөний зүүн талд байрлах “Голден пен” супермаркетийн урд замд Тоёота королла маркийн 54-85 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д “Механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсьн жолоодох эрхийн үнэмлэх”, мөн 2.7 а/-д “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.4-т “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхииг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Д.Мэдэхгүй жолоочтой Тоёота приус-20 маркийн 37-34 УНӨ улсын дугаартай автомашин болон Д.Идэрбат жолоочтой Хьюндай Соната маркийн 52-75 УБА улсын дугаартай автомашинтай мөргөлдөн, жолооч Д.Мэдэхгүй, зорчигч О.Даваадорж нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Зам тээврийн осол, хэргийн газарт 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.5-12/,

          2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр жолооч /Д.О/-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.113/,

          2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Тоёота королла маркийн 54-85 УНЭ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.20-24/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Даваадоржийн өгсөн: “... Замдаа би жолоочийн хажуу талд, ард Мөнхбат суугаад явж байтал гэнэт л машин ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.28/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мэдэхгүйн өгсөн: “... Тэгээд Бөхийн өргөөний урд талд би 3 дугаар эгнээнд явж байхад эсрэг урсгалаас королла маркийн машин боржур давж орж ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.43/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Идэрбатын өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 06-ны өглөөний 04 цагийн орчимд Бөхийн өргөөний уулзвараар баруунаас зүүн тийш буюу /зүүн 4-н замруу/ эргэх гээд явж байхад королла маркийн автомашин урсгал сөрөн миний явж байсан урсгал руу орж миний урд явж байсан приус маркийн автомашиныг мөргөж, мөргөлдсөн эрчиндээ приус маркийн автомашин миний машины урд хэсгийг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх.55/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч М.Мөнхбатын өгсөн: “Би тухайн үед шөнө найз Даваадоржийн хамт гэр лүүгээ таксигаар явж байсан, би машины арын суудалд, Даваадорж урд суугаад явж байтал гэнэт машин ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.62/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8461 дугаартай дүгнэлт /хх.71/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8519 дугаартай дүгнэлт /xx.79/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4866 дугаартай дүгнэлт /хх.99-101/,

          Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Батмөнхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 174 дугаартай магадлагаа /хх.103/,

          “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 10957482 дугаартай хохирлын үнэлгээ /хх.86/,

          “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 110984274 дугаартай хохирлын үнэлгээ /хх.94-95/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Оийн өгсөн мэдүүлэг /хх.1-2, 110/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Даваадоржийн өгсөн: “... тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн байсан. Би эмнэлэгт очоод осолд орсон гэдгээ мэдсэн. Аарцагны яс голоороо хугарсан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Мөнхбатын өгсөн мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт Д.Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд Д.Оийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Д.Оийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч Д.О нь хохирогч Д.Мэдэхгүйд 4,922,336 төгрөг, хохирогч О.Даваадоржид 3,038,745 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Мөнхбатад 120,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Идэрбатад 500,000 төгрөг тус тус нөхөн төлжээ.

          Хохирогч О.Даваадорж урьд нь эмчилгээ, шинжилгээ, эм тарианы үнэ нийт 954,170 төгрөг, зээлийн төлбөр 196,000 төгрөг, ажилгүй байсан үеийн цалин 1,100,000 төгрөг, бүгд 2,250,170 төгрөг нэхэмжилж байсан, харин шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө эмчилгээ, шинжилгээ, эм тарианы үнэ нийт 1,649,685 төгрөг, унааны зардал 552,000 төгрөг, ажилгүй байсан үеийн цалин 1,775,000 төгрөг, бүгд 3,977,585 төгрөг нэхэмжилсэн боловч эмчилгээ, шинжилгээ, эм тарианы үнэ давхардаагүй дүнгээр нийт 2,389,745 төгрөг, унааны зардал 552,000 төгрөг, бүгд 2,941,745 төгрөгийн нэхэмжлэл нотлох баримтаар тогтоогдсон нь нөхөн төлөгдсөн, зээлийн төлбөр 196,000 төгрөг, ажилгүй байсан үеийн цалин 1,775,000 төгрөг, нийт 1,971,000 төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогч Д.Мэдэхгүй нь автомашины хохирол 4,444,000 төгрөг, эм тарианы үнэ 153,336 төгрөг, бусад зардал 325,000 төгрөг, мөн нэмж 2,000,000 төгрөг, нийт 6,922,336 төгрөг нэхэмжилсэн, үүнээс 4,922,336 төгрөг нөхөн төлөгдсөн, үлдэх 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг, иргэний нэхэмжлэгч М.Мөнхбат нь эмчилгээний зардал 99,600 төгрөг, ажилгүй байсан үеийн цалин 500,000 төгрөг, нийт 599,600 төгрөг нэхэмжилсэн, үүнээс 120,000 төгрөг нөхөн төлөгдсөн, ажилгүй байсан үеийн цалин 500,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир тус тус хэлэлцэхгүй орхих нь зүйтэй бөгөөд иргэний нэхэмжлэгч Д.Идэрбатын нэхэмжилсэн 470,000 төгрөг нөхөн төлөгдсөн байна.

          Хохирогч О.Даваадорж, Д.Мэдэхгүй, иргэний нэхэмжлэгч М.Мөнхбат нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Оээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Д.О нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.    

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Оийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Д.От тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

          Д.От хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, жолоочийн эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.

          Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдан, гэмт хэргийн улмаас бусдад учирсан бодит хохирол нөхөн төлөгдсөн учир Д.Оийн өмчлөлд бүртгэлтэй Тоёота королла маркийн 54-85 УНЭ улсын дугаартай автомашиныг хэрэгт битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг автомашиныг тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хамт эзэмшигчид нь буцаан олговол зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Мээжий овогт Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Д.От тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар, Д.От хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, жолоочийн эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д.От хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

          5. Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Мэдэхгүйд 4,922,336 төгрөг, хохирогч О.Даваадоржид 3,038,745 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Мөнхбатад 120,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Идэрбатад 500,000 төгрөг тус тус нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Д.Идэрбат нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Д.Оийн өмчлөлд бүртгэлтэй Тоёота королла маркийн 54-85 УНЭ улсын дугаартай автомашиныг хэрэгт битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг автомашиныг тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хамт эзэмшигчид нь буцаан олгосугай.

          7. Хохирогч О.Даваадорж, Д.Мэдэхгүй, иргэний нэхэмжлэгч М.Мөнхбат нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Оээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                             С.ӨСӨХБАЯР