Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/665

 

2026           05          26                                                                          2026/ДШМ/665

Б.Б, Б.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Гандолгор, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр, 

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч П.Аюушжав,

шүүгдэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч Б.Мэргэн,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/992 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ууганбаярын бичсэн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаар эсэргүүцлээр Б.Б-, Б.Ж- нарт холбогдох эрүүгийн 2502006810474 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ж- овгийн Б-ын Б-, /РД: ИБ-/, 1985 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ахын хамт .........тоотод оршин суух хаягтай,

Урьд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 хоног хорих ялаар шийтгүүлсэн,

2. Б- овгийн Б-гийн Ж-, /РД:ЧБ-/, 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Б-, Б.Ж- нь хамтран 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Б- уулын өврийн Б- тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.0707 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Ж-, Б.Б- нарыг "Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч Б.Б-, Б.Ж- нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- т заасан "Зан үйлээ засах, сургалтад хамрагдах", Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан "Тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх" буюу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт дор холбогдох эрүүл мэндийн болон бусад байгууллагаас зохион байгуулсан хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаарх сургалт, нөлөөллийн ажилд оролцож, өөрийн үйлдлийн сөрөг үр дагаврын талаар тайлбарлах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан "Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох" хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Ж- нар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн эсхүл үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч Б.Б-, Б.Ж- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй "цэвэр жин 0,0707 грамм бүхий жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, үзүүр хэсэгтээ ногоон өнгийн соруултай өнгөгүй гуурс холбосон шилэн гаанс, цэнхэр болон шар өнгө хосолсон сав" зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Б-, Б.Ж- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ууганбаярын бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж хуульчилсан байхад Б.Б- Б.Ж- нарыг 2 жилийн хугацаагаар тэнсэж ял оногдуулсан нь үндэслэлгүй, ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзээгүй байна.

Учир нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол цаашлаад Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай юм.

Иймд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09ний өдрийн ...992 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Б.Ж-гийн өмгөөлөгч Б.Мэргэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай танилцахад шүүгдэгч Б.Ж-гийн хувьд мансууруулах бодисыг хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр байсан бөгөөд тухайн үйлдэл нь зөрчлийн шинжтэй байж болох нөхцөл харагдаж байсан. Харин мансууруулах бодис худалдан борлуулсан этгээдийн талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдал, мэдүүлэг, баримт байгаагүй. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглаж болох хууль зүйн боломж, хувилбаруудыг тайлбарлаж өгдөг. Харин аль хувилбарыг сонгож, ямар байр суурь баримтлахыг үйлчлүүлэгч өөрөө шийдвэрлэдэг. Энэ хэрэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тухайн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоо илэрхийлсэн тул өмгөөлөгчийн хувьд түүний сонгосон байр суурийн хүрээнд өмгөөлөл үзүүлсэн. Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлэг өгч байсан бөгөөд хууль зүйн мэдлэг дутмаг нөхцөл байдал мөн байсан учраас түүний хүсэл зоригийн дагуу өмгөөлөл үзүүлсэн болно. Прокурорын зүгээс уг хэрэгт метамфетамин буюу мөс гэх мансууруулах бодис хамаарч байгаа тул заавал хорих ял оногдуулах ёстой, тэнсэх боломжгүй гэсэн агуулгатай байр суурийг илэрхийлж байна. Харин өмгөөлөгчийн зүгээс тухайн бодисын хэмжээ 0.707 грамм байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн прокурор шударга ёсны зарчим, төрөөс баримталж буй бодлого зэргийг үндэслэл болгон тайлбарлаж байгаа боловч хууль тогтоомжид мансууруулах бодистой холбоотой бүх хэрэгт заавал хорих ял оногдуулна гэсэн зохицуулалт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулах боломжийг хууль тогтоогч өөрөө сонгон хуульчилсан байдаг. Мөн прокурор Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлого баримталж байгааг дурдаж байна. Гэвч Засгийн газар нь Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд заасны дагуу хууль хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага бөгөөд эрүүгийн хэрэгт ямар ял оногдуулахыг тодорхойлох эрх хэмжээ шүүхэд хадгалагддаг. Прокурор, шүүх болон эрүүгийн хууль хэрэглэж байгаа байгууллагууд нь хуульд заасан зохицуулалтыг хэрэглэх үүрэгтэй болохоос төрийн бодлого, хөтөлбөрийг ял оногдуулах шууд үндэслэл болгон хэрэглэх үүрэггүй. Эрх мэдэл хуваарилах Үндсэн хуулийн зарчмын хүрээнд шүүх эрх мэдэл нь бие даасан байх ёстой. Иймд хуульд заасан сонгох санкц болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжийг шүүх хэрэглэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах үзэл баримтлал тусгагдсан бөгөөд Эрүүгийн хуульд энэрэнгүй ёсны зарчмыг баримтлахаар заасан. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж буйгаа илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн зорилго нь зөвхөн цээрлүүлэхэд бус, мөн гэмт этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь эрүүгийн хариуцлагын зорилго, зарчимд нийцсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч П.Аюушжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байгаа болно. Прокурорын гаргасан эсэргүүцэлтэй танилцахад шүүгдэгч нарт оногдуулсан ял нь гэм буруугийн хэлбэрт тохироогүй, үндэслэлгүйгээр ял хөнгөрүүлсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзээгүй гэж дурдсан байна. Энэхүү байр суурьтай миний бие санал нийлэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор заасан. Миний үйлчлүүлэгч Б.Б-ийн хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогддог. Мөн хэрэгт хураагдсан метамфетамин буюу мөс гэх бодисын хэмжээ маш бага буюу 0.707 грамм байсан нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь бусдад худалдах, түгээх зорилготой байсан эсэхийг дүгнэхэд ач холбогдолтой нөхцөл байдал юм. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч нар тухайн бодисыг өөрсдөө хэрэглэж байсан бөгөөд хэрэглэж байх явцад цагдаагийн байгууллагаас шалган илрүүлсэн байдаг. Иймд хэрэгт хураагдсан бодис нь хэрэглэсний дараах үлдэгдэл байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн зохих заалтыг хэрэглэн ял оногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүнээс асуусан асуултад хариулахад, миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, дуудагдсан цаг хугацаанд тухай бүр ирж оролцсон. Түүнчлэн мансууруулах бодисыг худалдан авсан нөхцөл байдлын талаар өөрийн мэдэж байгаа хэмжээнд тайлбар өгсөн. Харин худалдан борлуулсан этгээдийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байсан талаар мэдүүлсэн. Ийм үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэж үзэж байгаа болно. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй...” гэв.

Шүүгдэгч Б.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруудаа гэмшиж байна. Залуу байхдаа Бээжинд явж байхдаа найз нартайгаа нийлэн нэг удаа хэрэглэж үзсэн учраас Б.Б-ийг асуухад яаж хэрэглэдгийг нь мэднэ гээд хэлчихсэн. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б-т Б.Ж- нь хамтран 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Б- уулын өврийн Б- тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.0707 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, хадгалсан болох нь:

 

Б.Ж-гийн сэжигтнээр өгсөн “...2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажил дээр байсан чинь Х- над руу залгасан. Би өнөөдөр хүнээс “мөс” авчина тэгээд авсны дараа чамд хэлье чи манайх руу хүрээд ир гэж хэлсэн. Ингээд байж байсан чинь орой 20 цагийн үед над руу залгаад мөсөө авчлаа манайх руу хүрээд ир гэж хэлсэн... Х-гийн гэрт нэгжлэг хийгээд хэрэглүүрүүд болон “мөс” хурааж авсан... Өнөөдөр Х-гийн авсан мөснөөс хэрэглэсэн юм...” гэх мэдүүлэг/1хх 25-26/,

Б.Б-ийн сэжигтнээр өгсөн “...2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ...Тамхины хайрцгийг нь аваад шууд гэртээ очсон. Би гэртээ очоод уг “мөс” гэх зүйлийг хэрэглэж сайн мэдэхгүй болохоор Ж- гэх найзыгаа хүрээд ирээч гэж дуудсан. Удалгүй Ж- гэрт 19 цагийн үед ирсэн. Бид хоёр нөгөө “мөс” гэх зүйлээ шилэн саванд нь хийгээд асаагуураар доороос нь шатаагаад гарсан утааг нь эхэлж Ж- хэд хэдэн удаа сорсон. Дараа нь би авч хэд хэдэн удаа сорсон чинь ямар нэгэн мэдрэмж төрөөгүй байж байсан чинь хаалга тогшихоор нь хаалга онгойлгосон чинь цагдаа нар “хэвтээд” гээд орилолдоод орж ирээд цагдаад баригдсан юм...Тухайн өдөр “мөс” гэх зүйлийг хүн надад өгөх гэж байна. Чи хүрээд ирээч гэж дуудсан. Удалгүй Ж- гэрт ирээд, цагдаа нар удалгүй араас нь орж ирсэн юм. ...” гэх мэдүүлэг /1хх 29-30/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б- ИБ-” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин илэрч байна. Илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг...” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0325/7501 дүгээр дүгнэлт /1хх 48-51/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Ж- ЧБ- 2025.10.26” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин илэрч байна. Илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг...” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0325/7576 дугаар дүгнэлт /1хх 55-58/,

“...Гялгар уутанд хийсэн үзүүр хэсэгтээ ногоон өнгийн соруултай өнгөгүй гуурс холбосон шилэн гаанс мэт зүйл, цэнхэр болон шар өнгө хосолсон сав, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0325/7492 дугаар дүгнэлт /1хх 62-67/,

“...Б.Ж-, Б.Б- нар нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мансууруулах сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй, мэдүүлэг болон хэрэг хариуцах чадвартай байна...” гэх Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2025 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдийн 1105, 1119 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд/1хх 70-71, 74-75),

Бодис хэрэглэхэд ашигладаг хэрэглүүр болон бодисын үлдэгдлийг илрүүлсэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Б- уулын өвөр Б- тоотод нэгжлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-12/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх 15-16, 20-22/

Эд зүйл хураан авах, хүний биеэс дээж авах дээрх ажиллагаануудын хүчинтэй тооцсон прокурорын тогтоол /1хх-ийн 7-8/ зэрэг болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч нарын үйлдэл нь хэдийгээр гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч мансууруулах үйлчилгээтэй бодисыг хэрэглэх шаардлагаар бусдаас худалдан авсан, тодорхой цаг хугацаанд орон гэртээ хадгалсан, хамтран хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн  “...сэтгэцэд нөлөөт бодисыг... худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар... хадгалсан... олж авсан...” шинжийг хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, шүүгдэгч Б.Ж- нь шүүгдэгч Б.Б-ийн бодис олж авах үйлдлийг дэмжсэн, хамтран хэрэглэхээр тохиролцсон, хэрэглэх аргыг нь заах зэргээр оролцсон тул түүний үйлдлийг урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ гэмт хэрэгт нэгдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Прокурор Б.Ууганбаяр “...шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй, оногдуулсан ял гэм бурууд нь тохироогүй. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар зөвхөн шүүхэд олгосон.

Өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч нарын хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэр бүлийн гишүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, тэдний эрх ашиг, тухайн бодисын хэмжээ /0.0707 грамм жинтэй/ зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзээд  хорих ял оногдуулахгүйгээр нийгэмшүүлэх боломжтой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэхүү Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тэнсэх ерөнхий журам нь мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан тусгайлан заасан зохицуулалтын хүрээнд хэрэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг харилцааг зохицуулсан бол 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулжээ.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтдаа “...хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй...” гэж тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаас өөр агуулгаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан агуулгаар хэрэглэн шийдвэрлэсэн алдааг гаргасан байна.   

Түүнчлэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй  холбоотой аливаа гэмт хэргийн талаар нотлох ажиллагаа явуулахдаа мөрдөгч, прокурор нь бодисын хэмжээ, нэг удаагийн хэрэглээний тун, хүний амь нас, эрүүл мэндэд аюултайгаар нөлөөлж болох хэмжээг тодорхойлохоос гадна хууль бус эргэлтийн үнийн талаар мэдээлэл бүхий нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах нь шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг оновчтой тогтоох, шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгын хангах, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг тодорхойлоход чухал ач холбогдолтой болно.

Энэ гэмт хэргийн тухайд дээрх нөхцөл байдлыг тодорхойлсон нотлох баримт авагдаагүй тул шүүгдэгч нарын үйлдлийг “...хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол цаашлаад Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай...” гэж дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүсгэжээ.

 

Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан...” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Ууганбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/992 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан...” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Ууганбаярын бичсэн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                        Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                            П.ГАНДОЛГОР

                        ШҮҮГЧ                                                        Г.МӨНХТУЛГА