Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 436

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гансугар,

улсын яллагч Т.Баярхүү,

шүүгдэгч Т.А, Д.Ц-, тэдгээрийн өмгөөлөгч М.Шаравнямбуу /ҮД:2-711/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-овогт Т-ын А-, Б- овогт Д-ийн Ц-нарт холбогдох эрүүгийн 1810005270460 дугаартай, 187/2018/0426/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, ...........-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биотехниологич мэргэжилтэй, “Тунамал Алтан Зоос” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эмэг эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х-овогт Т-ын А- /РД:............/

2. Монгол Улсын иргэн, ..............-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Тагнуулын 28-21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б- С-овогт Д-ийн Ц-/РД:УУ91061275/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.А, Д.Ц- нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд хохирогч Г.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.А, Д.Ц- нар нь 2018 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд үйлчлүүлээд гарахдаа хохирогч Г.Б-од “юугаа хараад байгаа юм” гэхэд Г.Б- “чамайг харсан юм уу” гэж хэлэн маргалдаж Д.Ц- нь нүүр тус газар нь гараараа түлхэн хана мөргүүлэн, Т.А нь нүүрэн тус газар нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Т.А-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Гэм буруутайгаа маргах зүйлгүй...Маргааныг эв зүйгээр зохицуулах боломж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч Д.Ц-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би гэмшиж байна...300.000 төгрөг төлсөн...Хэрэг болсон өдөр манай найз бааранд хохирогчтой муудалцаад зогсож байсан. Би хараад зогсож байсан. Харахад хохирогч манай найз руу дайрч давшилсан байдалтай байхаар нь би хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа түлхсэн. Тэгээд бужигналдаад маргаан намжсан байсан. Тэгсэн Т.А ирээд хохирогчийн нүүрэн тус газар нь цохьсон...Маргах зүйлгүй...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             3. Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд найз н.Х-хамт орж сууцгаан хоёр хоёр пиво ууцгаасан. н.Х-өмнө нь жаахан уугаад халамцуу байсан. Би өмнө нь ерөөсөө архи, пиво уугаагүй байсан. Ингээд тэнд сууцгааж байгаад шөнийн 03-04 цагийн үед баар хааж байхад гарахаар өлгүүр дээр н.Х-бид хоёр очиж гадуур хувцасаа авах гэтэл танихгүй залуучууд өлгүүрт орж ирсэн, 6-7 хүн байсан санагдаж байна. Өлгүүр дээр тэр залуусын өндөр туранхайдуу шар залуутай нь шүргэлцээд бага зэрэг маргалдсан. Ингээд тэр залуус өлгүүрээс гараад явсан. н.Х-бид 2 хувцасаа аваад өлгүүрээс гарахад тэр залуучууд өлгүүрийн гадаа клуб дотор зогсож байсан. Ингэтэл шууд махлагдуу залуу нь үгийн зөрүүгүй намайг зүүн хөмсөгний орчим нэг удаа гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би толгойгоо бариад хажуу тийш болоход туранхай өндөр надтай маргасан залуу нь баруун талаас толгойн баруун хажуу руу гараараа нэг удаа цохьсон. Цохиулах явцдаа би хойшоо гэнэт цочиж гэдийхдээ дагзаараа хананд цохьчихсон юм. Тэгтэл Минт баарны хамгаалагчид ирээд тэр залуучуудаас н.Х-хамт салгасан. Салгаад байж байтал цагдаагийн хүмүүс ирээд тэр залуучуудтай хамт явсан нэг залууг нь бид нараар заалгаад аваад явсан...Миний зүүн хөмсөг сэтэрч, цус гарсан. Гэхдээ би оёдол тавиулаагүй. Мөн миний толгойн баруун талын ар дагз орчим бага зэрэг арьс язарч, цус гарсан байсан. Өөр учирсан гэмтэл шарх байхгүй...туранхай залуу нь намайг “юугаа харсан юм бэ” гээд өдөж хоргоосон...Эмчилгээний зардалд 700.000 орчим төгрөг зарцуулсан...намайг “юугаа хараад байгаа юм” гэхээр нь би “чамайг харсан юм уу” гээд л маргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 18/

            4. Шүүгдэгч Т.А-мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны 23:30 цагийн орчим н.Баярманлай, Д.Ц-, Ж.Мөнх-Оргил, н.Хануй, А.Тулга, н.Баатарсүрэн гэх найз нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байх Минт бааранд орж сууцгаасан. Тэгээд сууж байхад н.Баатарсүрэн архи дарс уугаагүй бөгөөд хэлэлгүй 02 цагийн орчим гараад явчихсан байсан. Ингээд Минт бааранд бид ууж, бүжиглэж, сууцгааж байгаад 2018 оны 02 дугаар сарын 19-ний 03 цагийн үед баар хаахаар болж гарцгаасан. Би түрүүлээд ганцаараа гадагшаа гарчихаад тэднийг гарч ирэхгүй болохоор нь эргээд орсон чинь хувцасны өлгүүрийн үүдэн дээр Ж.Мөнх-Оргил, н.Б-хоёр н.Хос-Эрдэнэ, Г.Б- хоёртой маргалдаад зогсож байсан. Тэдний хажууд Д.Ц-, н.Тулга нар байцгааж байсан. Ингэтэл маргаан даамжираад н.Х-гэх залуу нь н.Б-руу хий өшиглөөд дайрсан. Г.Б- нь н.Х-ар талд нь “дүү нар” гээд орилоод байхаар нь би Г.Б- дээр очоод түүний зүүн талын нүдний дээд хэсэгт нэг удаа гараараа цохьсон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Ингээд бид нар бөөнөөрөө больцгооё гээд Г.Б-, н.Х-нар гарцгаасан...ганцгаахад гадаа цагдаа нар байсан...найзуудыгаа өмөөрч очоод Г.Б-ыг нэг удаа гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

            5. Шүүгдэгч Д.Ц-ий мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны 23:30 цагийн орчим н.Баярманлай, Т.А, Ж.Мөнх-Оргил, н.Хануй, н.Баатарсүрэн гэх найз нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байх Минт бааранд орж сууцгаасан. Тэгээд сууж байхад н.Баатарсүрэн 02 цагийн орчим түрүүлээд гараад явчихсан. Ингээд Минт бааранд бид ууж, бүжиглэж, сууцгааж байгаад 2018 оны 02 дугаар сарын 19-ний 03:30 цагийн үед баар хаахаар болж бид нар гарцгаасан. Гарахдаа өлгүүрээс хувцасаа аваад баарны лифтний орчим байж байхад н.Б-гарч ирэхгүй болохоор нь би буцаад өлгүүр дээр очсон чинь н.Б-хоёр залуутай маргаад зогсож байсан. Тэдний хажууд бид нартай хамт явсан Ж.М-хараад зогсож байсан. Нөгөө хоёр залуу нь н.Б-руу “ахын дүү нар, пизда наху” гэх зэргээр басамжилж хэл амаар доромжилоод давшлаад байсан. Тэгтэл ер нь зодоон болох шинжтэй байхаар нь би Г.Б- гэх залууг нь нүүр рүү нь мангасдаад түлхсэн. Түлхэхдээ ханатай хавсарсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ингэтэл Г.Б-той хамт явсан залуу н.Б-руу хий өшиглөж орж ирсэн ба хамгаалагч ирээд болиулж салгасан. Тэгтэл Т.А гаднаас орж ирээд биднийг зодолдож байна гэж ойлгоод Г.Б-ын зүүн нүдний хөмсөг орчим нь нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2817/-ний дүгнэлт:

                        -Г.Б-ын биед баруун зулай, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

                        -Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 33/

            7. Шүүгдэгч Т.А-мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хохирогчийн хохирлыг барагдуулахад бэлэн байна...Би өөрийн үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Г.Б-ын биед гэмтэл учруулсан...харин Д.Ц-ий хийсэн үйлдэл нь хохирогч Г.Б-ын нүүрэн тус газар руу нь гараараа мангасдаж түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-60/

            8. Шүүгдэгч Д.Ц-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хохирогч Г.Б-ын нүүрэн тус газар руу нь гараараа нэг удаа мангасдаж түлхсэн тэрнээс цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-56/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.А, Д.Ц- нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42, 43/-аар тус тус тогтоогдлоо.

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2817/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Т.А, Д.Ц- нар нь 2018 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд үйлчлүүлээд гарахдаа хохирогч Г.Б-од “юугаа хараад байгаа юм” гэхэд Г.Б- “чамайг харсан юм уу” гэж хэлэн маргалдаж Д.Ц- нь нүүр тус газар нь гараараа түлхэн хана мөргүүлэн, Т.А нь нүүрэн тус газар нь гараараа цохин зодож Г.Б-ын биед баруун зулай, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.А, Д.Ц- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.А, Д.Ц- нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 300.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “...Т.А болон Д.Ц- нар нь 300.000 төгрөгийг бэлнээр барагдуулж цаашид хохирол гэмтэлгүй болсон болно. Иймд...Хөнгөн ял оноож өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 72, 73/ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал /...Т.А,...28 настай, эрэгтэй, дээд боловсролтой,...эмэг эх, дүүгийн хамт амьдардаг,...Д.Ц-...27 настай, эрэгтэй, дээд боловсролтой,...эцгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А, Д.Ц- нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

Мөн шүүгдэгч Т.А, Д.Ц- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х-овогт Т-ын А-, Б- овогт Д-ийн Ц-нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х-овогт Т-ын А-, Б- овогт Д-ийн Ц-нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.А, Д.Ц- нарт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Т.А, Д.Ц- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.А, Д.Ц- нарт сануулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.А, Д.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР