| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1427/Э |
| Дугаар | 1489 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 1489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Ч.Батбаяр,
Шүүгдэгч Ц.К нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Кт холбогдох 1806 06998 1657 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Налайх дүүргийн Тэрэлжийн голын Мойлтын тохой дахь “Мангут” эмнэлгийн харъяа өндөр настаны сувиллын газарт сантехникч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Их Дарь-Эхийн 4-135 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Иас овогт Ц.К /РД:УХ92022591/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ц.К нь 2018 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “X-апартмент” хотхоны 9 давхарын коридорт байрлуулсан хохирогч Г.Чанцалын эзэмшлийн БНСУ-д үйлдвэрлэсэн “Алтон” маркийн шар цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Кын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Чанцалын өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед гэртээ ирэхэд унадаг дугуй байсан. Маргааш өглөө нь 2 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явах гэхэд унадаг дугуй алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Солонгос улсаас 800,000 төгрөгөөр худалдан авч байсан. Хуулийн хүрээнд шалгаж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхбатын өгсөн: “... 2018 оны 08 сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байхад ажлаасаа ирэхэд манай унадаг дугуй 9 давхарт байсан. Маргааш нь 13 цагийн орчим ажилдаа явахаар гарч ирэхэд дугуй алга болсон байсан. Манай дугуй шар алаг өнгөтэй “АИСЖ’ гэсэн бичигтэй байсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,
Хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ” ХХК-с үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Кын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Болорцэцэгийн өгсөн: “... 2018 оны 08 сарын 23-ны өдөр манай Энхжаргал “Хархорин зах дээр энэ залуу хямдхан дугуй сандалгүй болохоор зарах гэж байна, чи хүүхэддээ дугуй авч өгнө гэсэн үү, би сандалыг нь хийгээд өгнө гээд гэрт өдөр 15 цагийн орчим нэг шар залуутай дугуй түрээд ирсэн. Тэгэхээр нь 70,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 7-8 хоногийн дараа нөгөө дугуй зарсан залуу ээжтэйгээ ирээд “зарсан дугуйгаа авна, хулгайн дугуй байсан юм” гээд надад 70,000 төгрөг буцааж өгөөд дугуйгаа аваад явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх.38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.К нь 2018 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “X-апартмент” хотхоны 9 давхарын коридорт байрлуулсан хохирогч Г.Чанцалын эзэмшлийн БНСУ-д үйлдвэрлэсэн “Алтон” маркийн шар цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Чанцалын өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед гэртээ ирэхэд унадаг дугуй байсан. Маргааш өглөө нь 2 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явах гэхэд унадаг дугуй алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхбатын өгсөн: “... 2018 оны 08 сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байхад ажлаасаа ирэхэд манай унадаг дугуй 9 давхарт байсан. Маргааш нь 13 цагийн орчим ажилдаа явахаар гарч ирэхэд дугуй алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,
Хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ” ХХК-с үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Кын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Болоцэцэгийн өгсөн: “... 2018 оны 08 сарын 23-ны өдөр манай Энхжаргал ... нэг шар залуутай дугуй түрээд ирсэн. Тэгэхээр нь 70,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг/хх.38/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Кын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Кыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Ц.Кыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Ц.Кын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Г.Чанцал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Ц.Кыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ц.К нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Кын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ц.Кт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Кт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Ц.К нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдан, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээвэл зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иас овогт Ц.Кийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Кт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ц.Кт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Ц.К нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Чанцал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Кт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР