| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0417/Э |
| Дугаар | 431 |
| Огноо | 2018-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Г.Эсэн,
шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ц.Амар /ҮД:2-563/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогт Ц-А- холбогдох эрүүгийн 1810014070495 дугаартай, 187/2018/0417/Э индекстэй хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............-нд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч, банк санхүүгийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т- овогт Ц-А-/РД:................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.А нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астра Вилла” хотхоны 207/1 дүгээр байрны 39/1 тоотод 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд заасан хамтран амьдрагч Д.Ж-зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн гэртээ буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астра Вилла” хотхоны 207/1 дүгээр байрны 39/1 тоотод хамтран амьдрагч Д.Ж-бусдад зээлүүлсэн мөнгөний асуудлаас болж маргалдан түүнийг түлхэж унагах, зулай хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ц.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...8 жил хамт амьдарч байна...2012 онд 30.000 доллар алга болсон. Уг мөнгийг Д.Ж-авч хэрэглэсэн байсан бөгөөд үүнээс болж маргалдсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...Эвлэрсэн. Одоо хамт амьдарч байгаа...2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн үед гэмтэл учруулсан...Д.Ж-26.650 долларыг үеэлдээ зээлүүлсэн гэж худлаа ярьсан. Үүнээс болж маргалдсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Д.Ж-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Ц.Аын төрсөн өдөр байсан учраас бид гэр бүлээрээ гадагшаа гарч ресторанд орж хоол идсэн. Ингээд орой 16 цагийн үед гэртээ ирчихээд би Ц.Ааас “надаас төрсөн өдрөөрөө ямар бэлэг авахуулах вэ” гэж асуутал тэрээр “чамаар машин л авахуулна, өөр бэлэг би авахгүй” гэж уурлаж байснаа “хүнд алдсан 2 машиныхаа нэгийг би өөрөө уначих байсан юм, чамтай суугаагүй бол би ингэж амьдрахгүй, чамтай суугаад би 3 хүнд залилуулж мөнгө, машинаа алдлаа, гуйлгачин заяаны 3 хүүхэд гаргасан, гуйлгачингийн авгай” гээд орилж хашгираад загнаад байсан. Ингээд тэрээр гэрээр дүүрэн орилж хашгираад л буйдангаа өшиглөөд энийг ч угаа, энийг ч цэвэрлэ гээд л байсан. Тэгснээ намайг цохих гэж байгаа юм шиг гараа зангаж далайгаад “гуйлгачингийн хүүхдүүдээ аваад зайлбал таарна, муу амьд явахаар сайн үхвэл таарна пизда, лалар” гэж хараагаад байхаар нь би түүнийг аргадах гээд “одоо битгий уурла, бусдад залилуулсан асуудлаа шүүх цагдаагаар нь шийдүүл” гэж хэлтэл тэрээр хоёр гараараа миний цээж рүү түлхсэн. Дахиад л орилж хашгираад “чамаас болж би бусдад юмаа алдаж гуйлгачин болж байна, гуйлгачингийн хүүхдүүдээ аваад зайл” гээд толгой руу хуруугаараа чичээд байхаар нь би түүнийг аргадахаа болиод орхисон. Тэрээр уурлаж хашгирах болгондоо л бидний гар утсыг хурааж авдаг юм. Тэр жишгээрээ мөн л миний гар утсыг авах гэхээр нь би түүнд гар утсаа өгөхгүй гээд булаацалдсан. Ц.А энэ үедээ хүүхдүүдийг “хүүхдийн өрөө рүү орцгоо” гэж зандарсан. Ингээд би гар утсаа түүнд өгөхгүй гээд булаацалдаж байхад тэрээр намайг тонгороод, би ар дагзаараа газар саваад унасан. Энэ дуу чимээнээр хүүхдүүд цаад өрөөнөөс гараад ирэхээр нь би охидууддаа “цагдаа дуудаарай” гэж хэлтэл Ц.А “цагдаа дуудсан хүнийг ална шүү, та хоёрыг цонхоор шиднэ” гэж 2 том охиныг айлгасан. Ингээд би шалан дээрээс босоод иртэл толгой манараад байхаар нь ариун цэврийн өрөө орж бие засаад сууж байхад Ц.А миний хойноос орж ирснээ баруун гараа зангидаж байгаад зулай руу 2 удаа хүчтэй цохьсон. Тэр үед бага хүү уйлсан ба Ц.А хүү рүү гараа зангидаад “чамайг уйлах юм бол ална шүү” гэтэл хүү маань өмөгнөөд 2 эгчийгээ бараадаад явсан. Ингээд Ц.А гэрийнхээ хаалгы дотор талаас нь бүх түгжээгээр нь түгжээд, гэрийн түлхүүрүүдийг нуучихаад “зайл, шкаф суллаж өг” гэж орилоод байхаар нь хоёр охины хамтаар авч явах хувцасаа бэлдэж байхад тэрээр “чам шиг гуйлгачингаар яадаг юм, үхвэл таарна, чи гэхдээ энэ байранд битгий үхээрэй, гадаа гараад машинд дайруулж үх, чи Солонгос явж ажил хийж мөнгө ол, новшийн ажил хийж өөрийгөө зугаацуулж байдаг” гэж харааж загнаад дахиад цохих гээд гараа зангаад айлгаж сүрдүүлээд байхаар нь дунд охин А.М-утсаар том эгч Д.Болормаа руу “хурдан цагдаад дуудлага өг” гэсэн мессежийг гэрийн хаягийн хамт явуулсан. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд Ц.Аыг аваад явсан...Тухайн өдөр Ц.А нь намайг тонгорч унагаж, толгой руу гараараа 2 удаа хүчтэй цохьсны улмаас толгой хүчтэй өвдөөд, баруун талаараа унасан болохоор баруун гарын тохой хэсгээр өвчтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан байсан. Мөн зүүн шанаа бага зэрэг хөхөрсөн байсан...Тухайн өдөр Ц.А 330 граммын савлагаатай пиво 1 лааз, 150 грамм орчим архи уусан...Ц.А нь надад болон хүүхдүүдэд маань маш их сэтгэл санааны дарамт үзүүлж, айлган сүрдүүлдэг, мөн зодож цохьдог, биднийг гадаад орчноос тусгаарладаг. Тийм болохоор Ц.Ат гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15, 82-83/
3. Гэрч Д.Б-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дашбалдангийн Жавхлан нь миний хамгийн бага дүү байгаа юм...Ц.А, Д.Ж-нар нь гэр бүлийн баталгаагүй, дундаасаа 4-11 насны 3 хүүхэдтэй. Ц.А нь хүнийг их ялгаж харьцдаг, их ширүүн ааш араншинтай, түргэн ууртай, дээрэлхүү зантай хүн байдаг юм. Манай дүү Д.Жавхланд их л ширүүн ааш гаргадаг юм...Ц.А нь өөрөө ажил эрхэлдэггүй, хүмүүст хүүтэй мөнгө зээлж амьдардаг юм...2010 онд Д.Ж-нь хоёр том хүүхдээ аваад манай гэрт хэсэг амьдарч байсан юм...”Ц.А намайг өөрийнх нь мөнгийг нь үрсэн, чи бусдад зээлүүлсэн мөнгөө олж ир, хүүхдүүдийг орилж чарлалаа гээд дарамтлаад, гэрээсээ хөөгөөд байсан учраас тусдаа амьдарч байна” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/
4. Гэрч А.М-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 02-ны орой шөнө болсон байхад аав Ц.А ээж Д.Ж-хоёр мөнгөний асуудлаас болоод хэрэлдсэн. Тэр үед ээж биднийг хүүхдийн өрөө рүү ор гэхээр нь эгч А.А-, дүү А.Манлай бид гурав хүүхдийн өрөө рүү ороод байж байхад том өрөөнд “туслаарай, авраарай” гэж орилсон. Тэгэхээр нь бид гурав хүүхдийн өрөөнөөс гараад очтол ээж шалан дээр баруун талаараа хараад уначихсан байсан. Тэгээд ээж бидэнд “Маралаа, Ану туслаарай, авраарай, хурдан цагдаа дуудаарай” гэж орилохоор нь миний утсаар А.А- цагдаа дуудах гэтэл аав “цагдаа дуудаад үзээрэй, дуудсан хүнийг нь цонхоор шиднэ шүү” гэхээр нь бид нар айгаад цагдаад дуудлага өгч чадаагүй. Ингээд ээжийг шалан дээр унасан хэвтэж байхад аав гараа зангидаж байгаад ээжийн толгой руу нэг удаа цохьсон. Тэгснээ ээжийг хөргөгч рүү түлхээд ноосон цамцных нь халаасанд байсан гар утсыг нь булааж авсан. Ээж нууцаар миний гар утсыг авч байгаад цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд аав биднийг “та нар хурдан мөнгөө өгчихөөд эндээс зайл” гэж хөөсөн. Ингээд ээж, А.А- бид гурав хувцасаа хог хийдэг хар өнгийн уутанд хийгээд байж байхад цагдаа нар ирээд аавыг аваад явсан. Тухайн үед ээжийн дух нь хөхөрсөн харагдаж байсан. Ээж нүүрээ будчихсан байсан болохоор юу нь яаж хөхөрсөнийг сайн анзаарч хараагүй...Өнгөрсөн жилийн өвөл...нэг орой биднийг унтах гэж байрад аав, ээж хоёр хэрэлдээд аав ээжийг зодсон...Аав ээжийг зөндөө олон удаа зодож байсан...Аав А.А- бид хоёрыг “гэр муу цэвэрлэлээ, ажлаа дутуу хийлээ, угаалтуур дутуу угаалаа, хоолоо сорж идлээ” гээд нурууны маажуур, шалны мод, тавчик зэрэг зүйлээр өгзөг, гар хөлрүү улайтал нь цохиж зоддог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7064/-ний дүгнэлт:
-Д.Ж-н биед тархи доргилт, зулайн хуйх, тохойн үений зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.
-Гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 42/
6. Аюулын зэргийн үнэлгээний маягт: “...Эрсдэлийн түвшин. Өндөр...” /хх-ийн 58, 85-86/
7. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ: “...Хүчирхийлэл үйлдэгчийн тухай мэдээлэл...Овог: Цэнд-Аюуш, Нэр: Алтанбаатар...Хохирогч болох эхнэр Д.Ж-2 охиноо байнга айдас түгшүүрт байлгадаг...эдийн засгийн хувьд хараат...Хүчирхийлэл үйлдэгч нь түргэн ууртай, уурлахаараа эхнэр 2 охиноо зодож танхайрдаг өөрийгөө хянах чадваргүй байдалтай байдаг...эрсдэлийн түвшин өндөо /12 оноо/...аюул учруулах эрсдэлтэй...” /хх-ийн 98-102, 126-130/
8. Шүүгдэгч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед Д.Ж-түүний үеэл н.Анхбаяр гэх залууд зээлүүлсэн мөнгөний талаар ярилцаж байгаад маргалдсан. Би өөрийнхөө гар утаснаас н.Анхбаярын гар утас руу залгахаар авахгүй байсан. Тэгэхээр нь түүний гар утас руу мөнгөө нэхэж мессеж бичтэл тэрээр “зээлсэн мөнгөний үнийн дүнг зөвшөөрөхгүй байна, би 11.600 ам.доллар зээлсэн, юун 20.000 вэ,...анх зээлдэж авсан мөнгөө өгнө” гэсэн мессеж ирсэн. Ингээд мөнгөний зөрүү гараад ирэхээр нь Д.Жавхланд хэлтэл тэрээр мөнгө чинь байгаа шүү дээ, н.Анхбаяр дутуу бодоод байна гээд н.Анхбаяртай өөрийнхөө гар утсаар мессеж бичилцээд эхэлсэн. Тэгэхээр нь би Д.Ж-н.Анхбаяртай ямар мессеж бичээд байгааг харах гээд түүний гар утсыг булааж авахад тэрээр надтай утсаа булаацалдаж байсан эрчиндээ хойшоо бөгсөөрөө буйдангийн хажууд шалан дээр суучихсан. Үүний улмаас л Д.Ж-биед гэмтэл учирсан байх гэж бодож байна. Тухайн үед Д.Ж-биед хохирол учирсан эсэхийг би анзаарч хараагүй. Мөн тухайн үед Д.Ж-нь уйлж орилсон зүйл байхгүй. Энэ асуудал болоод удаагүй байхад л гаднаас эргүүлийн 2 цагдаа ороод ирсэн...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113, 114-115/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7064/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ц.А нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн гэртээ буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астра Вилла” хотхоны 207/1 дүгээр байрны 39/1 тоотод хамтран амьдрагч Д.Ж-бусдад зээлүүлсэн мөнгөний асуудлаас болж маргалдан түүнийг түлхэж унагах, зулай хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож биед нь тархи доргилт, зулайн хуйх, тохойн үений зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогч Д.Ж-нь шүүгдэгч Ц.Атай 2007 оноос хамтран амьдарсан, 3 хүүхэдтэй, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астра Вилла” хотхоны 207/1 дүгээр байрны 39/1 тоот байранд хамтран амьдарч байсан, мөн хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт зэргээс шүүгдэгч Ц.А нь хохирогч Д.Ж-гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Мөн хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өмнө нь шүүгдэгч Ц.А нь хохирогч Д.Ж-эрх чөлөөнд удаа дараа халдаж зодож, цохиж байсан талаар мэдүүлсэн зэргийг нь харгалзан 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Ц.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Аын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал /...48 настай,...дээд боловсролтой, хүний их эмч, банк санхүүгийн менежер мэргэжилтэй,...эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан үзээд Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Ц.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа /он, сар, өдөр/ 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэж бичигдэж техникийн шинжтэй алдаа гарсныг 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр болгон зөвтгөх нь зүйтэй.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т- овогт Ц-А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т- овогт Ц--ыг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ат оногдуулсан 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Ц.Ат холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.Ат сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР