| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0401/Э |
| Дугаар | 432 |
| Огноо | 2018-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Б.Гүнсэл,
хохирогч Б.Г,
шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД:1-484/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт П- Т- холбогдох эрүүгийн 1810017460477 дугаартай, 187/2018/0401/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамжны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б- овогт П- Т- /РД:ШЖ80080115/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Гын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч П.Т нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.А-гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гт “...чи баян пизда минь нэг шил архи аваад өгчихгүй...Аагаа гэх хүүхэнтэй унтах гэлээ...яах гээд байгаа юм, наадах чинь манай дүүгийн ангийн хүүхэд шдээ...” гэж хэлэн маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч П.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Г нь С.А-гэрт манай дүүгийн ангийн охин “Аагаа” гэх эмэгтэйтэй унтах гээд байхаар нь би хамгаалсан. Гэтэл намайг Б.Г харамлалаа гэж хэрүүл үүсгэхээр нь би шүд рүү нь цохьсон...Өөрийгөө хянах чадвартай байсан...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...3 сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр П.Т надтай тааралдаад ганц шил архи аваад өгчих гэхээр нь би мөнгөгүй байна гээд түүнээс салаад явсан. Орой нь С.А-очсон бөгөөд П.Ч-бид гурав 0.75 л Соёрхол архинаас задлаад ууж байтал гаднаас П.Т согтуу орж ирсэн. Түүний ах П.Ч-түүнийг морио аргамж гэхэд түүн рүү уурлаж дайрсан. П.Ч-П.Таас айгаад гараад явтал над руу дайрч хэл амаар доромжилж эхэлсэн ба босч ирээд намайг цохьсон. П.Т миний дээлний захыг урчихаар нь би түүнд дээл урчихлаа гэж хэлэхэд миний нүүрэн тус газар гараараа цохиж миний үүдэн дээд хоёр шүдийг унагасан. Би н.Ариунжаргал гэх эмэгтэйтэй унтаж хэвтэх гэсэн зүйл огт байгаагүй...Шүд хийлгэх эмнэлэгт 1.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр өгсөн...Шүүгдэгчээс 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны малын их эмчээр ажилладаг бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед өөрийн адуугаа хайгаад олдохгүй байхаар нь буцаад мотоциклтой уруудаж байхад замд П.Т согтуу тааралдаад надад хандаж нэг шил архи аваад өгчих баян пизда гээд хэрүүл өдөөд байхаар нь чи одоо болилдоо надад мөнгө байхгүй байна гээд түүнээс салаад Түргэний голын задгай тоотод байх өөрийн танил С.А-гэрт очсон. Намайг гэрт ороход гэрийн эзэн С.Алтанхуяг, хажуу айлын П.Ч-хоёр хамт сууж байсан ба бид гурав хамт юм ярингаа миний дэлгүүрээс авсан байсан 0,75 л Соёрхол архинаас задалж уугаад сууж байхад 23 цаг 00 минутын үед гаднаас П.Ч-дүү П.Т согтуу орж ирээд суусан. Тэр үед би архинаас нэг хундагыг хийж өгсөн ба түүний ах П.Ч-боль морь малаа аргамж гэхэд уяатай байжил байг яадгийн пизда гэснээ надруу хандаж чи баян пизда минь нэг шил архи аваад өгчихгүй гээд хэл амаар доромжилж эхэлсэн ба маргалдаж байснаа босч ирээд намайг цохихоор нь би зөрүүлээд түүнийг цохьсон тэгсэн П.Т миний дээлний захнаас боогоод тавихгүй бид хоёр гэрээс гадагш гарахад миний дээлний захыг урчихаар нь би түүнд хандаж чи дээл урчихлаа тавиач гэхэд чи өөрөө тавь гэхээр нь би түрүүлээд түүнийг тавихад миний нүүр рүү гараараа цохиж үүдэн дээд хоёр шүдийг унагаж гэмтээсэн...Тухайн үед хэрүүл маргааныг П.Т эхэлж гаргасан ба намайг баян цатгалангаар нь дуудаж архи авч өгсөнгүй чи их том болжээ пизда минь гэх шалтгаанаар хэрүүл маргааныг гаргаж цохиж зодсон...П.Т эхлээд гар дотор миний духны зүүн дээд хэсэгт нэг удаа цохьсон тэгээд гэрийн гадаа урд талын үүдэн хоёр шүд рүү цохиж унагасан...Надад гаргах санал хүсэлт гэвэл хохирлоо барагдуулж авмаар байна...миний нэг шүдийг 1.500.000 төгрөгөөр хийнэ гэж хэлсэн. 1 сарын хугацаанд буйланд эмчилгээ хийж байгаад шүд хийнэ гэсэн. Цаашид...Би П.Таас 3.500.000 төгрөг нэхэмжилмээр байна. П.Т надад ямар ч мөнгө өгөөгүй. Би бүрэн бүтэн шүдтэй болчихвол гомдол санал гээд байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 9-10/
4. Гэрч П.Ч-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хөрш айл С.А-гэрт орой 22 цагийн үед ороход гаднаас Б.Г ирээд Өлзийт ороод нэг шил архи аваад ирсэн. Тухайн үед С.Алтанхуяг, Б.Г, Аагаа гэж дууддаг эмэгтэй нар байсан ба удалгүй араас нь манай төрсөн дүү П.Т согтуу ирсэн ба П.Т тэр Аагаа гэх эмэгтэйг таньдаг, адуу мал зарж байсан гэж сонссон. Тэгээд С.А-гэрт архи уугаад сууж байгаад Б.Г, П.Т хоёр тэр Аагаа гэх эмэгтэйгээс болж маргалдаж зодолдсон гэсэн. Тухайн хэрүүл маргаан зодоон болох үед нь би байхгүй гэртээ орсон байсан. Би зодоон болсоны дараа яваад очиход Б.Г шүд хугалаад хаячихлаа гээд байж байсан. Харин манай дүү бол ам руу цохьчихлоо гээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/
5. Гэрч С.А-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Түргэний гол гэх газар гэртээ П.Ч-байж байхад Б.Г гаднаас орж ирээд 0,75 литрийн Соёрхол архи хуваагаад ууж байсан. Тэгээд гаднаас П.Т, Аагаа гэх хүүхэнтэй хамт орж ирсэн. Тэгээд Аагаа гэх хүүхэн нь нилээн согтсон байсан болохоор орон дээр унтаад өгсөн. Тэгээд байж байхад Б.Г, П.Т хоёр тэр хүүхнээс болоод маргалдаад заамдалцаад байсан. Тэгэхээр нь би болиулаад гэрээс хөөгөөд гаргасан. Тэгээд гэрийн гадаа орилолдоод зодолдоод байх шиг байсан. Би гарч хараагүй. Хэсэг хугацааны дараа хоорондоо юм яриад зогсож байхад нь би Аагаа гэх хүүхнийг нь гэрт нь хүргэж өгье гээд аваад явсан...Намайг гэрээс гарахад Б.Г “С.Алтанхуяг ахаа П.Т шүд хуга цохьчихлоо” гэж хэлээд амаа гараараа дарчихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18/
6. Гэрч П.Э-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Т нь 4 дэх ах байгаа юмаа. Манай ах П.Т нь...Даруухан, тусч, найз нөхөд олонтой, бусдад тусархуу, дөлгөөн тайван зантай...Манай ах П.Т нь найз нөхөд болон баяр ёслолын үеэр хаяадаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Архи уучихсан үед нь бусад хүмүүс өдөж хоргоовол бусадтай маргалдчихдаг...Урьд өмнө бол манай ах ямар нэг хүнтэй маргалдаж зодолдож байсан удаа байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/
7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9059/-ний дүгнэлт:
-Б.Г-н биед 1 шүдний булгарал, 1 шүдний хугарал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. /хх-ийн 24/
8. Шүүгдэгч П.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 218 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Түргэний гол гэх газар ах П.Чинзоригийнд байхдаа Аагаа гэх эмэгтэй хүнтэй өөрийн тарган морио махалж зарсан. Тэгээд тэр эмэгтэй Эмээлт зах руу явж махаа худалдчихаад “морь сайн жин дарсан” гэж хэлээд надад нэг шил 0,75 литрийн Соёрхол архи авч ирсэн. Тэгээд би н.Мөнхсүрэнгийн гэрийн гадаа манай хажуу талын айлын С.Алтанхуяг ах архинаас гурван хундага, н.Мөнхсүрэн дүү хоёр хундага уучихаад явсан ба үлдсэн архийг Аагаа бид хоёр хувааж уусан. Архиа ууж дуусчихаад Аагаа бид хоёр С.А-очиход гэрт нь Б.Г “Өлзийт яваад ирлээ” гээд С.Алтанхуяг ахтай 0,75 литрийн Соёрхол архи хувааж уугаад сууж байсан. Аагаа муудаад байсан болохоор С.Алтанхуяг ахын гэрт нь ороод орон дээр нь унтаад өгсөн. Тэгээд С.Алтанхуяг ах архинаас зэс аягаар хийж өгөхөөр нь би уучихаад байж байхад С.Алтанхуяг ах “би бие засчихаад ирье” гээд гарсан. Энэ үед Б.Г “Аагаатай унтчихъя” гээд байхаар нь би хориглоод “яах гээд байгаа юм, наадах чинь манай дүүгийн ангийн хүүхэд шдээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Г надтай маргалдаад босч ирээд намайг заамдаад гараараа нүүр хэсэг рүү гурван удаа цохиход миний хамар амнаас цус гарсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаад Б.Гыг боогоод байж байхад С.Алтанхуяг ах гаднаас орж ирээд “гэрт битгий зодолдоод бай” гээд гэрээсээ түлхээд гаргахад бид хоёр заамдалцсан чигээрээ гэрээс гараад бид хоёр давхралдаад уначихсан. Б.Г миний дээрээс унах үедээ миний толгой руу мөргөсөн энэ үед шүд нь унасан байх гэж бодож байна. Тэгээд бид хоёр босоход Б.Г заамдсан гараа тавихгүй байхаар нь би Б.Гын шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохьсон. Тэгээд Б.Г шүд уначихлаа гээд орилоод байхаар нь би заамдаж байсан гараа тавихад Б.Г зөрүүлээд намайг нэг удаа цохьсон. Тэгээд бид нар салаад явсан...Аагаа гэх хүүхнээс болж маргалдсан...Б.Гыг би зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон...Бид хоёр багаасаа Түргэний гол гэх газар нэг дор өсч найзалж нөхөрлөж ирсэн...гэмтлүүдийг Б.Гын биед би учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-37/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Т нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9059/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч П.Т нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.А-гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гт “...чи баян пизда минь нэг шил архи аваад өгчихгүй...Аагаа гэх хүүхэнтэй унтах гэлээ...яах гээд байгаа юм, наадах чинь манай дүүгийн ангийн хүүхэд шдээ...” гэж хэлэн маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь 1 шүдний булгарал, 1 шүдний хугарал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.Тын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...миний нүүрэн тус газар гараараа цохиж миний үүдэн дээд хоёр шүдийг унагасан. Би н.Ариунжаргал гэх эмэгтэйтэй унтаж хэвтэх гэсэн зүйл огт байгаагүй...Шүд хийлгэх эмнэлэгт 1.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр өгсөн...Шүүгдэгчээс 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, шүүгдэгчийн хувийн байдал /...38 настай.../, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Тд 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялоногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч П.Тын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч П.Энхмандахын нэхэмжилсэн 1.230.000 төгрөгийн баримтаас 115.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирлын дүнгээс 115.000 төгрөгийг хасч, нийт 1.115.000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасны дагуу шүүгдэгч П.Таас 1.115.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Гт олгох нь зүйтэй.
Хохирогч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүд хийлгэх эмнэлэгт 1.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр өгсөн...Шүүгдэгчээс 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөн хавтаст хэрэгт эмнэлгийн “...авагддаггүй шүдэлбэр хийлгэхэд 3 сая буюу 1 ширхэг нь 600.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт авагдсан байх тул хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлъя.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт П- Т- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овогт П- Т- 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. П.Тд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг П.Тд сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч П.Таас 1.115.000 /нэг сая нэг зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Гт олгосугай.
6. Хохирогч Б.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР