| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2312001220051 |
| Дугаар | 2026/ДШМ/27 |
| Огноо | 2026-05-29 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/27
2026/ДШМ/27
Прокурор: Б.Тулга
Хохирогчийн өмгөөлөгч: Р.Уранцэцэг /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Цэндсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: Б.П
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, Э.Цэндсүрэн нар эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Пд холбогдох 2312001220051 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Ж суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, аав, ээж, эгч, хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0 дугаар баг, Н хорооллын 0-0 тоотод оршин суух, Т овогт Бын П/РД:000000000/
Шүүгдэгч Б.П нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Хамар давааны ам гэх газарт байрлах гэртээ хохирогч Б.Нн хүзүүг боосны улмаас түүний амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд оруулж амь насыг хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Б.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Т овогт Бын Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 12/арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 12/арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 463 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Паас 9,131,981 /есөн сая нэг зуун гучин нэгэн мянга есөн зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Даймгийн 0 дүгээр баг, 0-р байрны 0 тоотод оршин суух, Ш овогт Л/РД:000000000/-д олгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан, цэнхэр, ногоон, цагаан өнгийн оруулгатай сүлжмэл утас, утасны гол хэсэгт бурхны зураглал бүхий дүрстэй сахиусыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах гомдолдоо ... Тус шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд... шүүгдэгч Б.Пыг 2023 оны 06 сарын 11-ны өдөр А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Хамар давааны ам гэх газарт байрлах гэртээ хохирогч Б.Нн хүзүүг боосны улмаас түүний амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд оруулж амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн..., мөн хавтаст хэрэгт цугласан болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтыг анхан шатны шүүх зөрүүгүй, тус эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгахад хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдсон, хэргийн нотлогдох үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжигджээ гэж дүгнэсэн. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан байна. Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой, тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга газар цаг, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлын эерэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй талаар УДШ-ийн 2020 оны 03 сарын 02-ны өдрийн №120 дугаартай тогтоолд дурджээ. Гэтэл шүүгдэгч Б.Пын холбогдсон хэргийн тухайд түүнийг амь хохирогч Б.Нг боож алсан гэх шууд нотлох баримт байхгүй, гэрч М.Н болон Д.Г нарын “ ... тэдний гэрт гаднаас хэн ч ирээгүй, тэд нар гадагшаа огт гараагүй” гэх агуулга бүхий мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Гэрчүүд хэрэг болсон гэх өдөр өөрсдөө ч хэрэг болсон газар байгаагүй байж болох нөхцөл байдлын талаар мэдүүлдэг. /Гэрч М.Н, Д.Г нарын гэр амь хохирогчийнхоос 200 гаран метрийн зайтай хол, мөн хоёр гэрийн хооронд өвөлжөө байраар, халхлагдсан байдалтай, энэ байдал нь ХХ-т авагдсан гэрэл зургаар нотлогдож байгаа.ХХ-174 тал, хэргийн бодит байдлын талаар гэрч нарын зөрүүтэй мэдүүлгүүд М.Н 34-36, 197-198, гэрч Д.Г ХХ-ын 202-203/ Мөн амь хохирогч Б.Нн хоолойг боосон гэх уяаг бүрэн тогтоож чадаагүй, амь хохирогчийн хоолойдоо зүүсэн байсан 56 см урттай, ардаа 3 зангилаатай, урд хэсэгтээ бурхны дүрс бүхий дугариг төмөр зүүлттэй, ногоон, шар, хар, улаан өнгө хосолсон 0.2 см хэмжээтэй сахиусаар боосон гэх боловч цогцост үлдсэн ул мөр зөрүүтэй байдаг. Ямар олс уяа хэрэглэн боомилсон байдал бүрэн тогтоогдоогүй. ӨХ: ЭХХШТХ-ын 16.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байдал дүгнэлт хийлгүй, хэрэглэж болох хуулийг хэрэглэлгүй шийдвэрлэснийг хууль бус шийдвэр болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч Б.Пд холбогдох эрүүгийн 2312001220051 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 сарын 19-ны өдрийн 2026/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү ... гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэндсүрэн давж заалдах гомдолдоо .... 1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Шийтгэх тогтоолд “...Шүүдэгч Б.П нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Хамар давааны ам гэх газарт байрлах гэртээ хохирогч Б.Нн хүзүүг боосны улмаас түүний амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд оруулж амь насыг нь хохироож, хүнийг алах гэм хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь зэргээр нотлогдон тогтоогдож байна” гэж дүгнэжээ. Гэвч хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П нь хохирогч Б.Нн хүзүүг боосон хууль бус үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй /шууд нотлох баримт байхгүй/, гэрч М.Н, Д.Г нарын “амь хохирогчийнд гаднаас хэн ч ирээгүй, өөрсдөө ч гэрээсээ гараагүй” гэх агуулга бүхий мэдүүлгүүд буюу шууд бус нотлох баримтууд байх боловч эдгээр мэдүүлэг нь нотлох баримтын бодитой байх шинжийг хангаагүй, гэрч М.Нн мэдүүлэг дотроо агуулгын хувьд зөрүүтэй, эдгээр шууд бус нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П хохирогч Б.Нн хүзүүг боосон хууль бус үйлдэл хийсэн гэж дүгнэхэд хүрэлцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Уг хэргийг хуулийн байгууллага 3 жил орчим хугацаанд шалгаж, хэрэгт ач холбогдол бүхий л нөхцөл байдлыг тодруулсан боловч шүүгдэгч Б.П хохирогч Б.Нн хүзүүг боосон хууль бус үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй, шүүгдэгч энэ гэмт хэрэгт гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байна. Гэвч анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг хэрэглэхгүйгээр гэм буруу тогтоогдсон гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1- т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулгад хамаарч байна Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Нотлох баримтын хүрэлцээ хангалттай байгаа. Гол нь шүүгдэгч Б.П өөрөө хэл ярианы бэрхшээлтэй биш. Үнэхээр өмгөөлөгч нарын яриад байгаа зүйлийг үнэн, би өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гээд хэлдэг бол прокурорын хувьд Б.Пын мэдүүлгийг сонсох сонирхолтой байсан. Надад хэлээч үнэхээр тийм асуудал байвал би хүлээж авъя, шалгуулъя гэдэг нөхцөл байдал байсан. Хэргийн талаар асуухаар таг дуугүй болчихдог нөхцөл байдал байгаа. Үнэхээр өмгөөлөгч нарын гаргаж ирээд байгаа үндэслэлүүдийг Б.П дэмждэг, хэлдэг бол бас анхаарч үзэх нь зүйтэй байх. Гэтэл шинжээч, цагдан хорих байрныхтайгаа харилцаад байдаг. Тэгээд 2 хүүхдээ санаад байна гээд дуудаад уулзаад, эргэлтийн бичиг авдаг. Ийм хүнийг хэргийн талаар асуугаад юм ярихгүй байна гэхээр өөрийнхөө гэм буруугаа мэдээд байгаа юм уу даа гэсэн хандлагатай байна. Тэр хоёр гэрчийн өгүүлэмж их чухал байдаг.
Тэгээд шинжээчийн дүгнэлтээр үдээс өмнө нас барсан байдаг. Бүтэн өдөржингөө цогцсын хажууд байгаад байдаг. Энэ нөхцөл байдал нь эргэлзээ үүсгэж байна. Б.Пыг сэжиглэх гол үндэслэлүүд дээр дурдсан үндэслэлүүд. Тийм учраас өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүрээнд, хууль зүйн үндэслэлтэй гарсан. Б.Пын хувьд хамгийн гол нь сэтгэцийн асуудалтай, өөрийгөө илэрхийлж сураагүй гэж байгаа боловч нийгмийн харилцаанд ороод, үр хүүхэд гаргаад, хадмынхтайгаа харилцаад, ярих юмаа яриад байдаг байсан талаар хадмууд нь ярьдаг. Хамгийн гол нь миний үйлчлүүлэгчийн хувьд зүгээр уучлалт гуйчих юм бол би ял шийтгэлийг нь хөнгөрүүлээд өгөөч гэж хэлмээр байна. Даанч ерөөсөө тэгэхгүй, өөрийгөө нуух байр сууринаас хандаад байна. Хувиараа ч гэсэн эгчээсээ уучлалт гуйчих, тэгвэл чамайг өршөөе гэхэд уучлалт гуйдаггүй. Хамгийн гол нь уучлалт гуйхыг хүлээгээд байдаг. Гэтэл ерөөсөө энэ асуудалдаа дүгнэлт хийж, уучлалт гуйх нь битгий хэл, өөрөө давж заалдах гомдол ч гаргахгүй байгаа. Хамгийн гол нь өөрийг нь амиа хорлосон болгох гэж энэ хүн нуусаар ч байсан. Гэрч ч байсан, сүүлдээ өөрөө мэдүүлгээ өгдөггүй. Ийм нөхцөл байдал нь хүндрүүлэх ч нөхцөл байдалтай байгаа. Харин ч хохирлын мөнгөө сүүлдээ нэхэмжлэхгүй гэсэн боловч шүүхээс үнэхээр хохирлын зардал 9.000.000 төгрөг гаргасан байна гээд гаргасан. Бид нарын хувьд наад хүн чинь өгье ч гэдэггүй. Өгөх талаараа ч ах, дүү нар нь холбогддоггүй. Харин ч хүүхэд, ээжийг нь тэр хүн асарч хамгаалж үлдээд, маш хэцүү байгаа. Тийм учраас өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү саналтай байна ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Анхан шатны шүүх эргэлзээгүйгээр, хөдөлбөргүй нотлогдсон мэтээр шийтгэх тогтоолдоо тайлбарлаж бичсэн. Гэтэл эргэлзээтэй хэд, хэдэн мэдүүлгүүд, мөн шинжээчийн дүгнэлтүүд хүртэл өөр хоорондоо эргэлзээтэй, шинжээчийн мэдүүлэг хүртэл эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байдаг. Амь хохирогчийн биед үүссэн ул мөрөөс дүгнэхэд урд талаас тэмцэлдэж боомилсон байх боломжтой нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шинжээч мэдүүлэг өгөхдөө 150 см өндөртэй, 43 кг жинтэй эмэгтэй хүн ар талаас боомилох боломжтой гэж мэдүүлж, хэргийн нөхцөл байдлын талаар тайлбарласан. Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоод байгаа нөхцөл байдал харагдаж байдаг. Шүүх сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Б.Пыг хэрэг хариуцах чадвартай гэж тогтоогдсон. Хэдийгээр оюун санааны хөнгөн хомсдолтой ч хэргийн бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх боломжтой талаар тусгасан боловч түүний багаасаа биеэ авч явсан байдал, өссөн орчин, сурсан, мэдсэн зүйлийн талаар мөн гэрч мэдүүлсэн. Шүүгдэгч Б.Пын хувьд бичиг, үсэг, тоо мэдэхгүй, өөрийгөө бусдад илэрхийлэх чадваргүй, хүнтэй харилцах чадваргүй. Б.П үнэхээр холбогдсон хэргийн нөхцөл байдлын талаар мэдэхгүй байгаа юм байна гэдгийг өмгөөлөгч дотоод итгэл үнэмшилдээ бат суусан. Хэд хэдэн удаагийн уулзалтаар итгэсэн. Яагаад гэхээр энэ хүн өглөө хэрэг болсон байж болох цаг хугацаанд гадаа малынхаа өвөлжөө байранд байж байсан. Энэ нөхцөл байдлыг нь гэрчүүд мэдүүлдэг. Б.П малын байрандаа ямаагаа саагаад хонь, малтайгаа байж байсан гэдэг байдлыг мэдүүлдэг. Өөрөө ч гэсэн өдөр 13.00 цаг болтол гэртээ орж, гараад яваад байсан. Араас гарч ирэхгүй удаад байхаар орсон чинь орон дээрээ унтаж байсан хүн газар хөндлөнгөөрөө хэвтэж байсан. Татаад үзсэн хамар, амнаас цус гарсан хүнд байдалтай байсан. Хажуу талын айлдаа мэдэгдсэн боловч намайг тоохгүй байсан гэдэг мэдүүлгийг хэлдэг. Шинжээчийн дүгнэлтээр 2023.06.11-ний өглөөгүүр нас барсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогддог. Гэрч М.Н, Х.Г нарын мэдүүлгээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу өглөөгүүр Б.Паас гадна, амь хохирогчийн гэрт өөр хэн нэгэн, тэр тусмаа Б.Ганхуяг гэх хүн ороод, гарсан байх боломжтой. Тухайн хэрэгт холбогдуулан шалгах боломжтой нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Гэтэл зөвхөн Б.Пыг холбогдсон хэргийн бодит байдлын талаар нууж, цогцостой өдөржингөө хамт байгаад байсан учраас Б.П л боомилсон байх гэдэг хэт нэг талыг барьсан, хэргийн бодит байдал бүрэн нотлогдон тогтоогдоогүй. Хөдөлбөргүй тогтоогдсон нотлох баримт авагдаагүй байхад дээрх байдлаар таамаглал дэвшүүлж, бусдыг хүнд гэмт хэрэгт буруутгаж, ял оногдуулах боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтай байх байдлаар хэргийг шийдвэрлэх боломжтой нөхцөл байдал үүссэн байгаа. Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэндсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Шүүгдэгч Б.П нь хохирогч н.Нн амь насыг хохироосон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Хэргийн материалаас харахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэлээн олон удаа хэд, хэдэн хүнийг сэжиглэж мэдүүлсэн байдаг. Тэр дунд мөнгө, төгрөгийн авлагатай байсан, заналхийлж байсан гээд олон хүн байдаг. Энэ хүмүүсийн хэнийг нь ч сэжигтнээр шалгаагүй. Зөвхөн Б.Пыг шалгасан. Б.Пын энэ хэрэгт буруутгагдах болсон гол үндэслэл нь өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа байдал. Оюун ухааны хомсдол нь нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс хардаг. Б.Пын хэрэг хариуцах чадвартай гэдэгтэй маргахгүй. Хэрэг хариуцах чадвар гэдэг нь сэтгэцийн хувьд өөрийнхөө үйлдэл, эс үйлдэхүйг нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй байгаа нөхцөл байдлыг хэлж байгаа. Тэгэхээр шүүгдэгчийн тухайд өөрийнхөө үйлдлийг ухамсарлана. Өнөөдөр энд шүүх хуралд оролцож байгаагаа мэднэ. Өөрийгөө юунд буруутгагдаад байгаагаа ч мэдэж байгаа. Болох болохгүй зүйлийн талаар ялгаж, салгаж ойлгоно. Тэгэхээр энэ хүн хэрэг хариуцах чадвартай. Харин айсан, сандарсан үедээ өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Би шүүгдэгчтэй 2025 оны 7 сард хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш нэлээн хэдэн удаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах шүүх хуралд оролцсон. Шүүхийн хэлэлцүүлгийн өмнө уулзалт хийхээр, би охиноо санаад байна, энд хэцүү байна, гармаар байна, гарч болох уу гээд байдаг. Энэ нөхцөл байдлаа шүүхэд ороод өөрөө амаараа хэл гэхээр шүүх хуралдаанд орж ирээд нэг ч үг хэлдэггүй. Энэ хүн сандарсандаа хариулж чадахгүй эсвэл буруу хариулна, дуугүй зогсоно. Үүнээс юу гэж хэлэх гээд байна гэхээр шүүгдэгч буруутай болохоороо дуугүй зогсоод байгаа юм биш. Өөрийгөө илэрхийлж ярьж чадахгүй байгаа болохоороо ийм нөхцөл байдалд ороод байна гэж шүүгдэгч маш олон удаа уулзалт хийсэн өмгөөлөгчийн хувьд ийм дүгнэлт хийж байна. Намайг анх гэрээ байгуулаад эхний уулзалт хийхэд, Б.П хэлж байсан. Би тэр өглөө босоод ямаагаа саагаад, ишиг, хургаа тавьж өгөөд, малын хашаан дотроо нэлээд удсан. Манай нөхөр өглөө босоод гараад ирдэг. Тэр өдөр гарч ирэхгүй болохоор гайхаад гэртээ ортол, орон дээрээ унтаж байсан хүн газар хэвтэж байсан. Тэгээд би гайхаад унтаж байгаа юм байхдаа гээд татахаар сэрэхгүй байгаад байсан. Тэгээд сүүлдээ нэг л эвгүй болсон юм шиг санагдаад, хажуу айлын М.Нд хонио туугаад явж байхад нь хэлсэн гэж байгаа. Манай нөхөр сонин болчихсон байна яах вэ гэтэл тоох ч үгүй хажуугаар гараад явсан гэж хэлдэг. Хамгийн эхэнд очсон 2 гэрчид наадах чинь боогоод үхчихлээ гэж уйлсан гэдэг. Өөрийнх нүдэнд хэн нэгэн ирж харагдаагүй. Хүзүү хоолойд нь ором үүсчихсэн, амьсгал хураасан байхаар нь боогоод үхчихлээ гэж бодсон гэж тайлбарладаг. Оюун ухааны хөнгөн хомсдолтой учраас өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй. Амь хохирогчийг нас барахаас өмнө эднийхэн ишиг эмнэсэн асуудлаар маргалдаж байсан нөхцөл байдал хэрэгт байдаг. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
3. Шүүгдэгч Б.П нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Хамар давааны ам гэх газарт байрлах гэртээ хохирогч Б.Нн хүзүүг боосны улмаас түүний амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд оруулж амь насыг хохироосон хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
4. Дээрх үйл баримт нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цын ... Намайг 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогчийг гар утсаар ярихгүй болохоор нь гар утас нь нэгжгүй болсон юм байх гэж бодоод 7000 төгрөгөөр нэгж хийж өгсөн. Ер нь бол амь хохирогч маань намайг гар утас луу залгасан үед эргээд залгадаг. Тэгсэн огт над руу холбоо барихгүй байсан. Тухайн өдрөө ажил ихтэй байсан болохоор холбоо барилгүй байж байгаад өдрийн 15 цаг 38-аас 54 минутын хооронд гар утсаар залгахад амь хохирогчийн эхнэр П гар утсыг авсан. Гар утсаар ярих үед их сандарсан байдалтай “байна уу, байна уу, хэн бэ?” гэж их түргэн яриад ямар нэгэн хариу хэлээгүй. Тэгэхлээр нь хэн бэ гар утсаар яриач гэхэд ямар нэгэн хариу өгөлгүй гар утсаа салгасан. Дахин залгахад гар утас нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. ... Миний төрсөн дүү А гар утсаар залгаад Бобоо нас барсан байна гэж надад хэл өгсөн. Тэгсэн ахиад удалгүй төрсөн ах Батбаяр гар утсаар залгаад над руу сая хөдөөнөөс ярилаа Б нас барсан гэж хэллээ гэсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Б... Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Ц сумын төвөөс хөдөө гэр рүүгээ хүү М цуг яваад, амь хохирогчийн саахалт айл болох Гынд 17 цагийн үед очсон. Тэнд очоод удаагүй байж байтал мотоцикль ирсэн. Тэгсэн манай ээжийн ахын хоёр хүү болох Г, О нар байсан. Гэрт орж ирээд амь хохирогчийг болохоо байсан байна гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм гэж хэлэхэд, бие нь хөшсөн, хамраас нь цус гарсан байна гэж хэлсэн. Би гэрт нь бол очоогүй. Гэхнэр Н сумын төвийн эмнэлэг рүү дуудлага өгсөн. ...Би асуусан. Намайг асуухад П гаднаас гэртээ орсон чинь амь хохирогчийг нээх сонин болсон байсан гэж хэлээд өөр зүйл огт хэлж яриагүй ... гэсэн мэдүүлэг, гэрч М.Нн ... 2023 оны 06 дугаар сарын 11-ний орой А аймгийн Ц сумын Т багийн Шар зүлгийн Хамар давааны ам гэх газар гэртээ байхад амь хохирогчийн төрсөн ах Б 2 хүү нь амь хохирогчийн гэрт мотоцикль нь асахаа болиод ирсэн. Тэгсэн гэрт нь орсон чинь амь хохирогчийн эхнэр П уйлаад амь хохирогчийн бие нь хөшингө байдалтай хэвтэж байна. Нэг биш байна гэсээр манай гэрт ирсэн. Түүнийг сонсоод би шууд Ц сумын төв рүү буюу эмнэлэгт дуудлага өгсөн. Түүнээс би амь хохирогчийн гэрт очоогүй, харин эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. ... Би тухайн өдөр амь хохирогчийн гэрт нь бол ороогүй. Харин малын саравч дээр нь хонь шүүхээр очиход амь хохирогчийн эхнэр П саравчин дотроо ямаагаа саагаад ганцаараа сууж байсан. ...Тухайн өдөр амь хохирогчийн гэрт гаднаас бол ямар нэгэн хүн ирээгүй. ... 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогч болон түүний эхнэр П нар хонио огт хараагүй. Харин тэдний хонь манай ах Оын хоньтой нийлсэн байж байгаад өдрийн 11 цагийн орчим гэрийнхээ ойролцоо ирсэн. Мөн гэрийнх нь хаалга тухайн өдөржингөө дэлгээстэй байсан. Хүний хонинд хонь нийлсэн байхад гарч ирж ялгахгүй байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч М... Би дуудлагаар очоод тэнд байсан амь хохирогчийн эхнэрээс асуухад хонинд яваад ирэхэд ийм байдалтай байсан гэж хэлсэн. Тэгэхлээр нь би яг ийм байдалтай байсан уу гэж асуухад хариулахгүй байсан. Дуудлагаар очих үед нэг ах хүлээж авсан юм. Тэр ахын нэрийг мэдэхгүй байна. Ямар ч байсан жижиг хэн гээд байлаа өндөр бор царайтай ах байсан. Нас барсан гэрт анх орсон хүн юм шиг байгаа юм. Тэр ах хэлэхдээ эхнэр нь боогоод үхчихлээ гэж уйлсан. Тэгэхлээр нь зэрэг юу яриад байгаа юм бэ гээд амь хохирогчийн гараас татаж үзэхэд хөшсөн байсан гэж надад хэлсэн. Хэсгийн төлөөлөгчийг ирэх үед амь хохирогчийн хонь нь айлын хоньтой нийлээд бэлчсэн, ер нь бол амь хохирогч болон түүний эхнэр зэргийг хонинд яваагүй, хонинд явж байгаа харагдаагүй гэж хэлсэн. Тэгсэн амь хохирогчийн эхнэр нь ярихдаа мотоциклиор хонин дээр намайг хүргэж өгсөн, хонинд яваад ирэхэд амь хохирогчийг нас барсан байдалтай байсан гэж хэлсэн. Миний бодлоор эхнэр худлаа юм уу, эсвэл ухаан санаа нь орж гараад өнөө маргаашаа андуураад яриад байгаа байх шиг санагдсан. Мөн тэнд байсан хүмүүс ярихдаа тухайн өдөр мотоцикль нь хөдлөөгүй, шинэ мотоциклын ором байхгүй байна гэж хэлсэн. ... Дараа нь хэсгийн төлөөлөгчийг ирэхэд цуг орж үзлэг хийхэд шилэн хүзүү хэсгээр нарийн олс, уяаны оромтой байсан. Харахад зүүсэн байсан бурхны сахиусаар боосон юм уу гэмээр байсан. Хүзүүний урд төвөнх хэсгээр хуучин эдгэрсэн юм шиг шархтай, эрүүний доод хэсгээр хоёр гурван ил шархтай байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Г... Би 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн дүү Оын цуг А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Харганат гэх газраас амь хохирогчийн гэр болох тус сумын Т багийн хамар даваа гэх газар орой 17 цагийн орчим очсон. Тэгсэн амь хохирогчийн эхнэр П уйлаад гэрээсээ гарч ирсэн. Тэгэхлээр нь юу болсон талаар асуухад нөхөр маань нас барчихсан байна. Хонинд яваад ирсэн чинь гэж хэлсэн. Түүнийг сонсоод шууд хажуу талын айл болох Нгийнд очиж сумын төвийн эмнэлэг рүү дуудлага өгүүлсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч О... Намайг гэрийнх нь гадаа яваад очтол эхнэр П нь гэртээ орилоод байхаар нь яваад ортол наадах чинь амиа хорлочихлоо гэж л хэлж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Бдахин мэдүүлсэн ... Тэгээд би 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед амь хохирогчийн гар утас руу залгасан. Тэгсэн чинь огт гар утсаа аваагүй. Тэгэхлээр нь би өдөр 16 цагийн үед сумын төвөөс амь хохирогчийн гэр болох тус сумын Т багийн Хамар давааны ам гэх газар байдаг саахалт айл Г гэх айлд ирсэн. Удалгүй Ггадаа нэг мотоцикльтой хүн ирсэн. Тэр хоёр хүн нь О, Г гэх хүмүүс байсан бөгөөд орж ирээд амь хохирогчийг болохоо байчихсан байна гэж хэлсэн. ... Хонь нь тухайн өдөр О гэх айлын хоньтой нийлсэн байсан. П бол асуух болгонд өөр өөрөөр өөрчлөгддөг. ...Тухайн өдөр амь хохирогчийн гэрт гаднаас хэн нэгэн хүн ирээгүй. Хэрэв ирсэн бол ойрхон 200 метрийн зайтай байдаг болохоор машин болон мотоцикльтой хүн ирвэл мэднэ. Тухайн өдөр гаднаас ямар нэгэн хүн ирээгүй ... гэсэн мэдүүлэг, гэрч М.Нн дахин мэдүүлсэн ... Би амь хохирогчийн гэрт ороогүй. Харин малын хашаанд нь амь хохирогчийн хонь байсан бөгөөд намайг очих үед амь хохирогчийн эхнэр П ямаагаа саагаад ганцаараа байж байсан. Тэр үед амь хохирогч гэрээсээ гарч ирээгүй. Амь хохирогчийг тухайн үед гэртээ байсан үгүйг мэдэхгүй байна. Малын хашаанд хонь нь байсан болохоор дотор нь хонио шүүж үзчихээд явсан. Намайг өглөө очих үед амь хохирогчийн мотоцикль нь байсан. Гэрийнхээ ертөнцийн зүгээр зүүн талд нь байсан. Тухайн өдөр амь хохирогчийн гэрт Хулганаа, Ганхуяг нар ирээгүй. Тэр өдөр амь хохирогч болон түүний эхнэр П нар гэрээсээ огт гараагүй. Яагаад гараагүйг мэдэж байна вэ гэхээр манайх амь хохирогчийн гэрээс ертөнцийн зүгээр зүүн талд 200 метр орчим зайтай болохоор хүн ирж байгаа үгүйг мэднэ. Мөн гэрээсээ гарч орж байгаа нь ч гэсэн харагддаг. ... Нас барахын урьд өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр амь хохирогч нь эхнэр Пын хамт мотоциклоо унаад хонио усалж явсан. Түүнээс 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бол мотоциклоо унаад ийш тийшээ яваагүй. Гэрээсээ гарч ирж байгаа харагдаагүй ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Гдахин мэдүүлсэн ... Харин 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бол Ц.Хулганаа амь хохирогчийн гэрт огт ирээгүй. Мөн тэднийд тухайн өдөр өөр хэн ч ирээгүй. Мөн П болон амь хохирогч Н нар хоёулаа байсан. Гэрээсээ ч гараагүй. Тухайн цаг хугацаанд бол О ахын хоньтой амь хохирогчийн хонь бэлчээрээрээ нийлсэн нь үнэн. Тийм байхад хонь мал руугаа огт гарахгүй байсан. Мөн амь хохирогчийн машин, мотоцикль нь тухайн өдөр бол гэрийн гаднаасаа огт хөдлөөгүй ... гэсэн мэдүүлэг, Шинжээч эмч Б.О... Цогцсын хөшилт нь нас барснаас хойш 5-6 цагийн дараа араг ясны булчинд эхэлж 24 цагийн дараа хамгийн тод илэрдэг. Дараа нь өөрөө аяндаа сулардаг. Хүүрийн хөшилт сулрах нь орчны температур ялзралтай холбоотой хурдан явагддаг. Амь хохирогчийн хувьд гадна үзлэгээр нүүр хүзүүний арьс хөхөлбийтэй цоохортсон, 2 талын цавины арьс ногоорсон. Цогцос эвгүй үнэр орсон. Хөшилт нь эрүү, хүзүүний булчинд сул, хөл гарын булчинд тод илэрсэн. Цогцсын толбо дарахад цайхгүй зэрэг шинжээс үзэхэд нас бараад 24 цаг ба түүнээс дээш цаг орчим болсныг илтгэнэ. Анх дуудлагаар хэргийн газарт очих үед цогцос доош харсан ам, хамраас хар хүрэн цусархаг шингэн урсан гарсан. Эвгүй үнэртэй хувцастай байсан тул шинжилгээнд орох үеийн буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үеийн байдлаар амь хохирогчийн нас барсан цагийг ойролцоогоор тогтоосон. Түүнээс амь хохирогч нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өглөөгүүр нас барсан байх боломжтой гэж үзэж байгаа. Учир нь нүүр хүзүүний арьс хөхөлбийтэй цоохортсон, 2 талын цавины арьс ногоорсон. Цогцос эвгүй үнэр орсон. Хөшилт нь эрүү, хүзүүний булчинд сул, хөл гарын булчинд тод илэрсэн. Цогцсын толбо дарахад цайхгүй зэрэг шинжээс харагдаж байна. Амь хохирогчийн хүзүүнд үүссэн боолтын ором нь шилэн хүзүүнээс урагш хөндлөн байрлалтай, төвөнхийн зүүн хажууд битүү төгссөн, бүх талдаа ижил 0.3-0.4 см өргөн хэмжээтэй арьсны төвшнөөс доош хонхойсон тод дарагдлын оромтой байсан нь дүүжлэлтийн үед үүсээгүй гэдгийг илтгэнэ. Дүүжлэлтийн үед ором нь ихэвчлэн урдаас, хойш, арагш, ташуу чиглэсэн байдаг. Хэрэв өөрөө өөрийгөө бооно гэж үзвэл хүч үйлчлэхэд ухаан балартаж “рефлексээр” гар суларч тавигдана. Боолтын ором нь тод үүсэхгүй бүдгэрч арилна ... гэсэн мэдүүлэг, Шинжээч эмч Б.Одахин мэдүүлсэн ... Би 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 48 тоот дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлтийн зураг, гадна үзлэгийн бичлэг, гэрэл зургаас харахад амь хохирогчийн хүзүүн дэх ором нь тод хөндлөн байрлалтай, нүүр хүзүүний хүүрийн толбо нь тод өнгөтэй байсан зэргээс харахад механик амьсгал бүтэлтийн шинж байсан. Хохирогч, холбогдогч хоёрын өндөр нам, хүчний харьцаа нэг их ач холбогдолгүй. Учир нь хүзүүг тодорхой хүчээр дарахад амьсгал боогдох рефлексээр эхэлнэ, тэнэгч мэдрэл цочирно. Эхний хэдхэн секундэд ухаан алдана, гүрээний вен, гүрээний артеритай хамт байрладаг, гүрээний вений судасны хана нимгэн, артерийн судаснаас өнгөц байрладаг тул хамгийн эхэнд дарагдаж цусны урсгал саатна. Харин артерийн судас гүнд байрладаг тул цус тархи руу очсоор байдаг бөгөөд буцах урсгал саатах тул тархи хавагнаж амьсгал уртавтар тархинд байрлах амьсгал, зүрх судасны төв цочирч богино хугацаанд үхэлд хүргэдэг. Хүзүүг боох, уяа гогцоогоор даралт өгөх үед механикаар амархан бүтэж үхэлд хүргэнэ ... гэсэн мэдүүлэг, А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол, хор уршгийн талаарх баримтууд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч Г.Н, Я.Г, Б.Бнарын 947 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газрын схем зураг, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан, цэнхэр, ногоон, цагаан өнгийн оруулгатай сүлжмэл утас, утасны гол хэсэгт бурхны зураглал бүхий дүрстэй сахиус анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.
7. Шүүгдэгч Б.П нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон болох нь шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож байх тул цагдан хоригдсон 463 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон нь үндэслэлтэй.
8. Хэрэгт цугларсан хохирлын баримтуудыг хуульд зааснаар зөв үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Паас 9.131.981 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Даймгийн 0 дүгээр баг, 0-р байрны 0 тоотод оршин суух, Ш овогт Лд олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
9. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар … шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай баримтаар тогтоогдоогүй, нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, өөр хүн уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү … гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
10. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёр хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Тухайлбал: амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаарна.
11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр буюу хэрэг болох цаг хугацаанд амь хохирогчийнд гаднаас ямар нэгэн этгээд ирээгүй, шүүгдэгч, амь хохирогч нар гэрээс гадагш яваагүй, шүүгдэгч нь амь хохирогчийн талаар саахалт айл болон хэн нэгэн этгээдэд мэдэгдээгүй, хохирогч нас бараад удсан, гэрч нар амь хохирогчийнд ирснээр уг хэрэг үйлдэгдсэнийг мэдсэн нөхцөл байдал гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
12.Дээрх тогтоогдсон нөхцөл байдал нь шүүгдэгч Б.П 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Хамар давааны ам гэх газарт байрлах гэртээ хохирогч Б.Нн хүзүүг боосны улмаас түүний амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд оруулсан санаатай үйлдэл хохирогч нас барсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэх үндэслэлтэй байна.
13. Уг хэрэгт хэн нэгэн этгээдийг татан оролцуулж шалгах үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасантай нийцсэн.
14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хэрэгт цугларсан нотлох баримтууд агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй байх тул өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн аваагүй болно.
15. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
16. Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Б.П 71 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 71 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пын цагдан хоригдсон 71 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Н.ЭНХМАА