Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 435

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гансугар,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Э.Х-, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа /ҮД:1-966/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Э- Х- холбогдох эрүүгийн 1810015230448 дугаартай, 187/2018/0425/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..........нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, Баянгол дүүргийн ...........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х- овогт Э- Х- /РД:УП98071730/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Х- нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Чингисийн хүрээ” амралтын газрын 509 тоот гэрт нэвтэрч иргэн А-“Audemars Piguet” загварын бугуйн цагийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 73.674.988 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Х- нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт найзуудын хамт амарч байхдаа А-амарч байсан 509 тоот гэр рүү А.Б-, Ю.Э-нарыг унтаж байхад нь орж А-эзэмшлийн “Audemars Piguet” загварын бугуйн цагийг хулгайлан авч 73.674.988 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Э.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Тамхи авах гэж орсон...Ширээн дээр байсан...Би гэм буруутай...Биет байдлаар буцааж өгсөн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/

3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Reception-1 дугаартай камерыг шүүхэд 2018 оны 6 дугаар сарын 20-ны 23 цаг 00 минут 28 секундэнд хохирогч А.Б- нь нэг эмэгтэй хамт...төлбөр төлж амрах гэрийнхээ түлхүүрийг авч гарч байгаа...уг бичлэгэнд түүний зүүн гарт бараан өнгийн бугуйн цаг зүүлттэй байв...Дараа нь Toilet-1 гэсэн хяналтын камер болон Их өргөө гэсэн камерын бичлэгийг 2018 оны 6 дугаар сарын 20-21-ний шилжих шөнийн 00 цагаас 09 цаг хүртэл шүүж үзэхэд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 06 цаг 44 минут 53 секундэнд 20 гаран насны хоёр эрэгтэй хүн хохирогчийн байрлаж байсан гэр рүү дөхөж очоод үсээ босгож гельдсэн хар хөх жинсэн өмдтэй хөндлөн хар эрээн футболктой эрэгтэй нь гэрийн ар руу ганцаараа явж хамт явж байсан цэнхэр цамцтай, хар хөх биеийн тамирын өмдтэй эрэгтэй нь хохирогчийн гэр рүү ороод 06 цаг 46 минут 05 секундэнд гарч ирээд нөгөө залуутайгаа нийлээд өөрсдийн байрлаж байсан гэррүүгээ явж байгаа бичлэг байв...” /хх-ийн 9-11/

            4. Хохирогч А-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны орой 23 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Чингисийн хүрээ амралтын газар найз Ю.Э-хамт очсон юмаа, тухайн үед бид хоёр амралтын гэр сонирхож үзэхэд 70.000 төгрөгийн нэг гэр санал болгосон тухайн гэр нь таалагдаагүй учир 509 тоот гэрт орсон, гэрт ороод удалгүй гэрийн баруун талд байрлах сааданд ойролцоогоор 30 орчим минут суучихаад буцаад гэр рүү ороод унтахаар болсон, тухайн үед гэр бөгчим байсан учир хаалгаа нээлттэй унтсан, унтахдаа орны толгой хэсэгт өөрийн зүүн явсан “Audemars Piguet” брендийн бугуйн цаг болон iphone 8 маркийн гар утсыг тус тус тавиад унтсан юмаа. Шөнө дунд 03:00 цагийн үед босож хаалгаа хаасан тэгээд шууд өглөө 09:00 цагийн үед сэрсэн, сэрээд эд зүйлээ хайхад миний утас байсан харин “Audemars Piguet” брендийн бугуйн цаг алга болсон байсан учир тухайн үед шууд цагдаагийн  байгууллагад хандсан юмаа...Тухайн цаг нь хар өнгийн арьсан оосортой “Audemars Piguet” гэсэн бичигтэй цаг байсан, хуучин ашиглаж байсан гэхдээ эвдрэл гэмтэл сэв байхгүй, тухайн цагийг 25.000 доллар буюу ойролцоогоор 40.000.000 төгрөгөөр бодож хүнээс худалдаж авч байсан. Монголд ганц байдаг цаг юмаа. Одоо өөрийнхөө цагаа 40.000.000 төгрөгөөр үнэлж байна...Надад сэжиглэж байгаа хүн байхгүй, шөнө агаарт нам унтсан байсан өглөө босоход цаг байгаагүй...амралтын гэрт камерын хяналт байдаггүй харин гадаа хяналтын камер байсан...Би тухайн үедээ хулгайд алдагдсан гэх бугуйн цагаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан. Тиймээс одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бугуйн цагнаас өөр алдагдсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 20-21/

            5. Гэрч Ю.Э-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 23 цаг 30 минутын орчим найз А-хамт Чингисийн хүрээ амралтын газар ирж амарсан юмаа...А.Б- бид хоёр...сул гэр байгаа эсэхийг асуугаад 70.000 төгрөгийн гэр гээд нэг гэр рүү орсон тухайн гэрт ороход ор нь таалагдаагүй учир өөр гэр асуугаад 80.000 төгрөгийн гэр буюу №509 дугаартай гэрт орсон юмаа, тухайн үед уг амралтын газрын ажилтан гэх 40 орчим насны нэг ах гэрийг нээж өгөөд түлхүүрийг өгөөд явсан. А.Б- бид хоёр уг гэрт удаагүй түлхүүрээ авчихаад 5 минутын дараа гэрээс гараад савлуур дээр суугаад ойролцоогоор 30 минут орчим ойр зуурын зүйлс ярьж байгаад буцаад гэртээ орсон тухайн үед цаг 00 цаг 20 минутын үе болж байсан,...01 цаг 30 минутын орчим унтахаар болж хэвтэцгээсэн...А.Б- нь өөрийн барьж явсан iphone 8 маркийн гар утсыг болон өөрийн зүүж явсан...хар өнгийн оосортой, саарал өнгийн цагаа хамт тавьсан байсан...тэгээд өглөө 09:00 цагийн үед сэрсэн, тэгэхэд А.Б- 00 ороод бие засаад ирье гэж хэлээд гарчихаад удалгүй орж ирээд миний цагийг харсан уу гэж асууж байсан, тэгээд цаг нь алга болсоныг мэдсэн...А.Б- унтахдаа хаалгаа цоожлоогүй талаар хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

6. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл: “...“Audemars Piguet”  брендийн бугуйн цаг 1 ширхэг...Хүлээлгэн өгсөн:...Э.Х-...” /хх-ийн 12/

7. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...“Audemars Piguet”  брендийн бугуйн цаг 1 ширхэг...Хүлээн авсан:...А.Б-...” /хх-ийн 13/

8. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...30 см урттай, хар өнгийн арьсан оосортой, оосорны үзүүрт дардаг төмөр түгжээтэй бугуйн цаг байв. Цаг нь их бие 5см х 5см хэмжээтэй, дөрвөлжин хэлбэртэй, баруун талдаа эргүүлдэг түлхүүртэй, цагны нүүр хэсэг бүрэн бүтэн, цаг нь зураасан тэмдэглэгээтэй, хар өнгийн урт богино 2 зүүтэй, цагаан өнгийн 1 ширхэг урт зүүтэй байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч харуулав...” /хх-ийн 14-15/

9. Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 73.674.988 /далан гурван сая зургаан зуун далан дөрвөн мянга есөн зуун наян найм/ төгрөгөөр үнэлэгдэв...” /хх-ийн 28-29/

            10. Шүүгдэгч Э.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад багын найз нарынхаа хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Чингисийн хүрээ нэртэй амралтын газарт очсон. Очоод 5-уулаа 313 дугаарын гэрийг хөлсөлж авсан. Тэгээд бид нар амралтын газрын гаднах сааданд сууж байгаад хотын төвөөс авч очсон пивоо уусан. 05 цаг 07 минутанд бид нар өөрсдийнхөө амрах гэрт орсон. Манай н.Манлайбаатар, н.Наянтай гэх хоёр найз маань уул руу гаръя гээд бид нар уул руу явахаар гэрээс 05 цаг 10 минутанд гарсан. Бид нар уул руу гарчихаад 06 цаг болж байхад бууж ирсэн. Тэгээд амралтын газрын сааданд н.М бид хоёр сууж байгаад тамхи олж татах гээд тамхитай хүн хайсан. Нэг гэрийн хажуугаар гартал нэг ах явж байсан. Тамхи асуухад байхгүй харин та 2-т байна уу гэсэн...зам нэг гэр байхаар нь орсон. Тэр гэрийн хаалга онгорхой нээлттэй байсан. Ортол нэг ах эгч хоёр унтаж байсан. Тэр ахын хажууд очоод “ахаа тамхи байна уу” гэхэд тэр ах цаашаа эргэж хараад унтчихсан. Би гарах гээд алхтал ширээн дээр нь 2 савтай иогурт, нэг бугуйн цаг байсан. Би цагийг нь сонирхоод авч үзсэн. Гоё цаг байхаар нь аваад гараад явчихсан. Тэр гэрээс цаг авсан талаараа би найз нартаа огт хэлээгүй, нуучихсан. Би гадуур явж байгаад өөрийн хөлсний гэртээ 06 цагт орсон...Тэр өдөр тамхи хайж явж байгаад тэр цаг гоё харагдахаар нь авчихсан юм. Энэ нь миний буруу. Би цагийг буцааж хүнд нь өгч хохирлыг барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37, 56-57/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Х- нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/-аар тогтоогдлоо.               

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Э.Х- нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт найзуудын хамт амарч байхдаа А-амарч байсан 509 тоот гэр рүү А.Б-, Ю.Э-нарыг унтаж байхад нь орж А-эзэмшлийн “Audemars Piguet” загварын бугуйн цагийг хулгайлан авч 73.674.988 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Х-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн /биет байдлаар буцаан өгсөн/ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч А-мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “...Би тухайн үедээ хулгайд алдагдсан гэх бугуйн цагаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан. Тиймээс одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бугуйн цагнаас өөр алдагдсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, шүүгдэгчийн хувийн байдал /...20 настай,...эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуудлах” гэж заасныг хэрэглэх боломжтой байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Э.Х-д тухайн заалтад заасан 2-8 жилийн хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр буюу 1-4 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

Мөн шүүгдэгч Э.Х-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэе.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Э.Х-ын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзээд шүүгдэгчийн эдлэх 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х- овогт Э- Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Х- овогт Э- Х-ыг  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Х-ын эдлэх 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.  Э.Х-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                          ШҮҮГЧ                                                                   Б.БАТБОЛОР