| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0408/Э |
| Дугаар | 440 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 440
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Т.Жаргалсайхан,
шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт С-ын Ц-т холбогдох эрүүгийн 1810016020487 дугаартай, 187/2018/0408/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Форвард Моторс” ХХК-д механик ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хан-уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 13 дугаар гудамжны 539 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, С овогт С-ын Ц- /РД:УЗ89071434/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Цнь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Форвард моторс ХХК-ийн авто сэлбэг худалдааны төвийн ажилчдын хувцас солих өрөөнд хохирогч В.Б-гийн зүүн чих, хацар орчимд алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Цнь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Форвард моторс ХХК-ийн авто сэлбэг худалдааны төвийн ажилчдын хувцас солих өрөөнд хохирогч В.Б-тэй “мөнгөгүй байхад мөнгө нэхлээ, нүд рүү бал шидлээ” гэх зүйлээс болж маргалдан түүний зүүн хацар орчим хүчтэй нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч С.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...Хурааж авсан мөнгөнөөс 5000 төгрөгийг аваад 10.000 төгрөг өгөх гэхэд уурлаад нүүр рүү бал шидсэн...Хацар дээр нь нэг удаа алгадсан...500.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч В.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би...”Форвард моторс” ХХК-д...сэлбэгийн менежерээр ажиллаж байсан...2018 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ажил дээр ирсэн. Сэлбэгийн менежер н.Ганчимэг, н.Дарсүрэн нар надад “н.О-ийг эргэх мөнгийг компанийн бүх ажилчдаас хураагаад ир, нэг хүнээс 5.000 төгрөг аваарай” гэж хэлсэн. Ингээд би 2 дугаар давхарт байрлах оффисийн ажилчдаас “н.О- эмнэлэгт хэвтсэн эргэлтийн мөнгийг цуглуулж байна” гэж хэлээд тус бүр 5.000 төгрөгийг хурааж авсан. Ингээд 1 дүгээр давхарт байрлах засварчдын хувцас солих өрөө рүү тогшиж байгаад орсон. Уг өрөөнд засварчин О.Г-, С.Ц-, Э.Д- нар байсан. Ингээд би тэдэнд мөн л н.О-ийг эргэх гээд хүн тус бүрээс 5.000 төгрөг хурааж байгаа тухайгаа хэлтэл С.Ццаашаа харж суучихаад “чадахгүй” гэж хэлэхээр нь би түүнд “бэлэн мөнгө байхгүй бол мобайлаар шилжүүлж болно” гэж хэлчихээд О.Г-оос 5.000 төгрөг авчихаад дэвтэр дээрээ тэмдэглэгээ хийж байхад С.Цсандал дээрээс босч ирснээ миний хурааж байсан мөнгийг булаагаад авчихаар нь би түүн рүү балаа шидтэл хацрыг оносон. Тэгтэл С.Ц- миний зүүн хацар, чих орчимд нэг удаа баруун гараараа алгадсан. Тэгэхээр нь би “яагаад намайг алгадаж байгаа юм бэ” гээд мөр рүү нь зөөлөн алгадтал тэрээр дахин миний зүүн хацар, чих орчимд хүчтэй алгадтал чих шуугиж, дүнгэнээд эхэлсэн. Тэгтэл С.Цнадад 10.000 төгрөг өгснөө “наад мөнгөө аваад зайл” гээд надруу салаавч гаргасан. Би хувцас солих өрөөнөөс гараад засварын захирал н.Ганчулуунтай уулзаж, түүнд болсон асуудлын талаар хэлсэн. Ингээд цагдаад дуудлага өгсөн....С.Цбид хоёр ажлаас болж бага зэрэг маргалдаж байсан...Миний зүүн чихний хэнгэрэг хагарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/
3. Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирээд 1 дүгээр давхарт байрлах засварчдын хувцас солих өрөөнд хувцасаа солиод сууж байхад гаднаас тухайн үед сэлбэгийн менежер В.Б- орж ирсэнээ “н.О- эмнэлэгт хэвтсэн, хүн болгоноос 5.000 төгрөг хурааж, н.О-ийг эргэнэ, бэлэн мөнгөгүй хүмүүс нь данс руу мобайлдаж болно, бэлэн мөнгөтэй нь одоо 5.000 төгрөгөө өгөөрэй” гэж хэлээд мөнгөө хураагаад явж байсан. Тэгэхээр нь би В.Б-д 5.000 төгрөг өгчихөөд шкаф руугаа хараад суучихсан. Энэ хооронд В.Б-, С.Цхоёр хоорондоо ярилцаж байснаа В.Б- “чи булааж авлаа, зүгээр хэлээд авахгүй” гэж хэлтэл С.Цнь В.Б-д “чи нүд сохоллоо, наад бал чинь миний нүдийг оновол яах юм бэ” гээд маргалдсан. Тэгэхээр нь би хойшоо эргээд хартал С.Цнь В.Б-гийн зүүн хацар орчимд нэг удаа алгадтал В.Б- эргүүлээд алгадаад авах шиг болсон. Тэгтэл С.Цнь В.Б-гийн зүүн хацар орчимд дахин нэг удаа алгадсан. Тухайн үед хувцас солих өрөөнд байсан засварчин Э.Д- бид хоёр С.Ц-, В.Б- нарыг салгаж холдуулсан. Ингээд тэр хоёр маргалдахаа больсон ба В.Б- нь 102 дугаарт дуудлага өгөөд, цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/
4. Гэрч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирээд 1 дүгээр давхарт байрлах засварчдын хувцас солих өрөөнд хувцасаа солиод сууж байхад гаднаас сэлбэгийн менежер В.Б- орж ирээд “н.О- эмнэлэгт хэвтсэн, түүнийг эргэнэ, 5.000 төгрөг хураалгаарай” гэж хэлээд, мөнгө хураагаад явж байсан. Тэгэхээр нь би хамт ажилладаг н.Төгөлдөр гэх залууд “надад мөнгө байхгүй, чи миний 5.000 төгрөгийг өгчих, би чам руу дараа нь мөнгийг чинь шилжүүлчихье” гэж хэлчихээд шкаф руугаа харж суугаад хувцасаа сольж байхад В.Б- нь С.Ц-аас “мөнгөө өг” гэж нэхээ тэр хоёр хоорондоо ярилцаж байсан. Тэгсэнээ В.Б- С.Ц-ыг “чи яахаараа шүүрч авдаг юм бэ, өг” гээд “чи над руу бал шидээд нүд сохлох шахлаа” гэж байснаа гэнэтхэн л тас гээд явчихаар нь эргээд хартал В.Б- зүүн хацраа гараараа дарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би үргэлжлүүлээд хувцасаа больж байхад дахиад л тас хийсэн чимээ гарахаар нь эргээд хартал В.Б-гийн зүүж явсан нүдний шил нь далийчихсан байсан. В.Б- нь С.Ц-т “чи яахаараа намайг алгаддаг юм бэ, чамайг дарга нарт хэлнэ” гээд уйлаад л гараад явсан. Удалгүй цагдаа нар ирээд В.Б-, С.Цнарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8014/-ний дүгнэлт:
-В.Б-гийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 11/
6. Шүүгдэгч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2006 оноос эхлэн...Форвард моторс ХХК-д механикаар ажиллаж байна. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 09 цагт ажил дээрээ ирээд хувцас солих өрөөнд хувцасаа солиод сууж байхад тухайн үед манай компанийн сэлбэгийн худалдагчаар ажиллаж байсан В.Б- нь зөвшөөрөл авахгүй орж ирсэнээ “худалдагч н.О- эгч эмнэлэгт хэвтсэн, мөнгө цуглуулаад түүнийг эргэх гэж байгаа юм, 5.000 төгрөг хураалгацгаа” гэж хэлээд О.Г-оос мөнгө хураагаад эхэлсэн. Ингээд тэрээр надаас 5.000 төгрөг нэхэхээр нь түүнд “надад мөнгө алга, цалин дээрээс суутгачих” гэж хэлтэл В.Б- нь “заавал өг, эсвэл мобайлаар шилжүүл” гээд мөнгөгүй байхад мөнгө нэхээд байхаар нь уур хүрээд түүний хурааж байсан мөнгөнөөс 5.000 төгрөгийг нь булааж аваад орой бензин хийх гэж байсан 10.000 төгрөгөө гаргаад өгөх гэтэл В.Б- барьж байсан балаа нүүр рүү шидэж зүүн нүдний доод хэсэгт оносон. Тэгэхээр нь би В.Б-гийн зүүн хацар руу нь баруун гараараа зөөлхөн алгадтал тэрээр намайг буцаагаад алгадсан. Би түүнийг “давраад байгаарай” гэж хэлээд В.Б-гийн зүүн хацар руу нь баруун гараараа алгадчихсан. Тэгтэл тэрээр “чи муу намайг цохьдог хэн бэ, би аав, эгч, ахыгаа дуудна, эгчийгээ дуудна, цагдаа дуудна, чи надаас уучлалт гуй” гээд уйлаад, орилж чарлаад байхаар нь би юу ч дуугараагүй. Ингээд би ажилдаа гарсан...В.Б-г алгадаж гэмтэл учруулсандаа гэмшиж байна, би түүнээс уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Цнь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8014/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч С.Цнь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Форвард моторс ХХК-ийн авто сэлбэг худалдааны төвийн ажилчдын хувцас солих өрөөнд хохирогч В.Б-тэй “мөнгөгүй байхад мөнгө нэхлээ, нүд рүү бал шидлээ” гэх зүйлээс болж маргалдан түүний зүүн хацар орчим хүчтэй нь алгадаж биед нь зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Ц-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч В.Б-гийн шүүхэд ирүүлсэн “...миний бие санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 54/ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал /...29 настай,...“Форвард Моторс” ХХК-д механик ажилтай,...эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ц-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч С.Ц-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт С-ын Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овогт С-ын Ц-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ц-т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. С.Ц-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Ц-т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР