| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2312001240329 |
| Дугаар | 2026/ДШМ/29 |
| Огноо | 2026-05-29 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/29
2026/ДШМ/29
Прокурор: Ж.Ундармаа
Шүүгдэгч: М.Д
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Дт холбогдох 2312001240329 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.Д нь “Б” барилгын материалын дэлгүүрийн 4 давхарт өргөтгөлийн ажил хийж байх явцдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус барилга дээр ажиллаж байсан хохирогч М нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутаг дэвсгэрт тус барилгын 4 давхраас унасны улмаас түүний биед баруун богтос ясны дээд үзүүрийн ил хугарал, шарх, өсгий ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас М.Дт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолд: Шүүгдэгч А ургийн овогт Мын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч М.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Дт шүүхээс оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д тус тус зааснаар шүүгдэгч М.Дээс 2,287,500 /хоёр сая хоёр зуун наян долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 00000000 тоот дансанд, 1,185,000 /нэг сая нэг зуун наян таван мянга/ төгрөг гаргуулан төрийн сангийн 00000000тоот дансанд, иргэний хариуцагч Жоос 2,287,500 /хоёр сая хоёр зуун наян долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 00000000 тоот дансанд, 1,185,000 /нэг сая нэг зуун наян таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, төрийн сангийн 00000000тоот дансанд тус тус олгож, Шүүгдэгч М.Д энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Д дэвж заалдах гомдолдоо ... Мөрдөгч прокуророос 11.5-д зүйлчилж буруутгасан. /Жич: санаатайгаар хүнийг хохироосон гэж буруутгасан/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3 дахь зүйлд тодорхой заасан байдаг. Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь эрүүл ахуйн, стандарт хангах, болзошгүй тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрийн хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг амь нас эрүүл мэндийн даатгалд хамрагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хөдөлмөрийн гэрээнд тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч /туслан гүйцэтгэгч/ хариуцна. Энэ хуулиар гүйцэтгэгч тал хариуцна гэж хуульд заасан байна. Өөрөөр хэлбэл “захиалагч” М.Д гүйцэтгэгчийг 4 давхраас унаад бэртээгээрэй гэж захиалаагүй. 11.5 дахь зүйл анги нь надад ерөөсөө тохироогүй зүйл анги. Ийм тохироогүй зүйл ангиар шинжээч томилж шүүж байгаа нь шударга биш байна. Хуульдаа бол аюулгүй ажиллагааг гүйцэтгэгч тал хариуцдаг, гарах зардлыг захиалагч хариуцдаг юм байна. Аюулгүй ажиллагааны бүх зардлыг гаргасан. Ийм учраас хуульд нийцүүлэн цагаатгаж өгнө үү ... гэжээ.
Прокурор Ж.Ундармаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Хавтаст хэрэгт авагдсан гэрч н.Оюунболдын мэдүүлэгт тухайн барилга баригдаад дууссан байдалтай харагддаг. Гэхдээ өргөтгөл хэсгийг буюу 4 давхар барилга барихдаа улсын комисс хүлээж аваагүй. Ажлын хэсэг байгуулагдаагүй. Ямар нэг арга хэмжээ авсан зүйл байхгүй. Албан мэдэгдэл хүргүүлээгүй байгаа. Тухайн өргөтгөл нь зөвшөөрөлгүй баригдсан...” гэсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн хангаж, хэргийг шилжүүлж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Уг шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Шүүгдэгч М.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...
Хууль, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж байна. Би хүлээсэн үүргээ биелүүлээд, бүх аюулгүй ажиллагааг хангасан. Жбичгээр гэрээ байгуулаагүй. Заавал бичгээр гэрээ байгуулна гэсэн хуулийн заалт байхгүй. Бид 2 тохироод, түүнийгээ баталгаажуулаад, хуульд заавал бичгээр гэрээ байгуулна гэж заагаагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хордлого, мэргэжлийн үүднээс шалтгаалах хохирлыг ажилтан нөхөн төлөх, аюулгүй ажиллагаанд шаардагдахыг нөхөн төлнө гэж заасан байгаа. Намайг буруутгаад байгаа гэрээний тухайд эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэсэн байна. Би боловсрол бага ч гэсэн доголдолтой хүн биш. Хэрэв аюулгүй ажиллагааг гэрээнд тусгаагүй бол гүйцэтгэгч тал хариуцна гэж байна. Монголд мөрдөгдөж байгаа хууль ийм л байна. Тэгээд ажил хийж байгаа хүний аюулгүй ажиллагааг захиалагч хариуцна гэдэг чинь ямар ч утгагүй асуудал. Тэр шинжээч томилсон энэ тэр нь, тэгээд энэ дээр бас нэг ноцтой юм бичсэн байгаа юм. Шүүгдэгч М.Д нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Энэ 2 зүйл анги надад тохирохгүй байна. Тэр ажиллуулж байсан краныг 1 тонн элсээр дардаг юмыг үндсэндээ 50 кг юмаар дараад ажиллуулж байгаа. Нас бие гүйцсэн барилга дээр ажилладаг хүмүүс шүү дээ. Ингэчхээд захиалагчийн буруу гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тэгээд энэ дээр санаатайгаар гээд биччихсэн байгаа. 4 давхар барилга, урд жил нь доороос нь хөөж явж байгаад, 4 давхраа цутгах гэсэн хүйтэн орсон. Хавар нь үргэлжлүүлээд ажлаа эхэлсэн. Тэгээд өргөтгөл гээд оруулсан. Нэг ёсондоо зааварчилгаагаа өгөөд ажиллаж байна. Би энэ ажилд нь оролцдоггүй. Өнөөдөр цонхоо хийх үү, хаалгаа хийх үү гэдэгт нь ерөөсөө оролцдоггүй. Харин миний хүлээсэн үүрэг бол тодорхой хугацаанд, хийсэн ажлын тодорхой хөлсийг 7 хоногоос хэтэрвэл банкны хүү тооцно гэж тохирсон. Ингэж тохироод энэ барилгыг барьсан. Тэгээд аюулгүй ажиллагааг захиалагч тал хариуцна гэхээр ямар ч утгагүй шүү дээ. Үүнээс хойш гарч байгаа шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарч байгаа. Энэ хохирогч гээд байгаа унасан хүн, бүгдээрээ нас бие гүйцсэн хүмүүс шүү дээ. Мэргэжлийн сургууль сургалтыг нь заалгасан ийм ажилчид байгаа. Тэгээд тэр унасан хүүхдэд анх 2.500.000 төгрөг өгсөн юм билээ. Дараа нь 7 сард 300.000 төгрөг, 300.000 төгрөг гээд 4.600.000 төгрөг бэлнээр өгсөн юм билээ. Хуульд захиалагч тал зардлаа хариуцна. Гүйцэтгэгч тал аюулгүй ажиллагаагаа хариуцна гэсэн байна. Би тэрийг уна гэж захиалаагүй. Тэр элсийг 1 тонн юмаар хүндрүүлдэг юмыг 50 кг юм цементээр хүндрүүлсэн байгаа юм. Тэр шуудайтай цемент 100-200 кг байсан бол ийм эрсдэл гарахгүй байх талтай. Тонн элсээ өрлөг хийж байгаа өнгөлгөөнд хэрэглэсэн гэдэг. Гэхдээ заавал тэр хүндрүүлэгчийг хийх ёстой байсан. Ийм л юм болоод 2 жил гаран явж байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
3. Шүүгдэгч М.Д нь “Б” барилгын материалын дэлгүүрийн 4 давхарт өргөтгөлийн ажил хийж байх явцдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус барилга дээр ажиллаж байсан хохирогч М нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутаг дэвсгэрт тус барилгын 4 давхраас унасны улмаас түүний биед баруун богтос ясны дээд үзүүрийн ил хугарал, шарх, өсгий ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
4. Дээрх үйл баримт нь:
Хохирогч М... Осол болох үед Лхагвадорж бид хоёр шуудайтай үнс өргөгчөөр гаргаж ирээд байрны дээвэр хэсэг рүү үнс эргүүлэх үед өргөгчийн суурь хэсэг дарж хүндрүүлсэн эд зүйлээс мултарч би суурь хэсгийн труба төмөрт тээгэлдээд өргөгчтэй хамт 4 давхраас газар унасан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Лхагвадоржийн ... М краны сууринд тээгэлдээд хамт доош унасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангах журамтай танилцсан зүйл байхгүй. Хариуцсан ажилтан ч байхгүй. Ажлын цаг 09 цаг 30 минутаас орой 18 цаг гээд дуусдаг. Тухайн үед краныг барилгын дээвэр дээр бат бэх суурилуулж бэхлээгүй мөн үнс урд нь өргөж байснаас хүнд байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Т... Намайг харсан чинь кран болон шуудайтай үнс газар унасан байсан. Хажууд нь М орилоод хэвтэж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангах журамтай танилцсан зүйл байхгүй. Хариуцсан ажилтан ч байхгүй. Ажлын цаг 09 цаг 30 минутаас орой 18 цаг гээд дуусдаг ... гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Содномдаржаагийн ... Кран газар хүчтэй унасан. Машинаас буугаад харсан чинь М газар уначихсан орилж байсан. Сайн бэхлээгүй, хүндрүүлэх зүйл бага байсан. Өргөж байгаа ачаа буюу үнс нь хүнд байснаас болж унасан байх гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг, Иргэний хариуцагч Жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ... дүү М маань тухайн барилгын 4 давхраас унасан. Тэдгээр хүмүүст хөдөлмөрийн аюулгүй байдал сануулж ажил үүргийг гүйцэтгүүлж байгаагүй гэдгээр иргэний хариуцагнаар татагдаж байна ... гэсэн мэдүүлэг, гэрч Б... Намайг Портер машины хажууд зогсож байтал гэнэт шуудайтай үнс дээрээс унаад ирэхээр нь гялс гүйгээд байшингийн ард руу орсон. Гүйж байхад кран унах чимээ гарсан. Буцаад би яваад очсон чинь газар М уначихсан орилж байсан ... гэсэн мэдүүлэг, шинжээч О2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаартай “Мбиед баруун богтос ясны дээд үзүүрийн ил хугарал, шарх, өсгий ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна ” гэсэн дүгнэлт, Шинжээч Б.Б, Ц.Б, Ч.Тнарын 2025 оны 12 дугаар сарын 05-ны 2025/25 дугаартай ... тухайн барилгын ажлыг Барилгын тухай хуулийн зүйлийн 4.1.13 дахь заалт /барилгын ажпын захиалагч" гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг; /-д заасны дагуу М.Д байна. Иргэн М.Д нь: Барилгын ажпын захиалагч нь иргэн, хуулийн этгээд тэдгээрийн итгэмжпэгдсэн төлөөлөгч байж болох бөгөөд харин гүйцэтгэгч нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т зааснаар "барилгын ажил гүйцэтгэгч" гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээд байх ёстой. Иймд: 1. Барилгын ажлын захиалагч иргэн М.Д нь барилгын ажлыг гүйцэтгүүлэхдээ хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн сургалтад хамрагдаагүй, ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, ХАБЭА-н ажилтангүй, барилгын ажил эрхлэхтусгай зөвшөөрөлгүй, мэргэшсэн инженер техникийн ажилтангүй иргэдээр ажил гүйцэтгүүлж байсан нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт /"зөвшөөрөл" гэж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон эрхийг/, Барилгын тухай хуулийн 4.1.21. /"барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан барилгын чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх эрхийг/, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. ...барилга байгууламжийн барилгын ажпыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ./’ гэж заасныг зөрчсөн байна. 2. Иргэн М.Д нь Иргэний хуулийн 343.1 (Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ) гэж заасны дагуу барилгын ажлыг хийлгэхдээ ажил гүйцэтгэх гэрээ байгуулах ёстой байсан боловч гэрээг бичгээр байгуулаагүй байна. Иймд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн Захиалагчийн чиг уүрэг 37.1.9 дэх заалт /барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/- аар зохицуулсан байх тул захиалагч иргэн М.Д нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, ажилтныг ажлын нөхцөл, онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хэн хангах, ажпын байрны аюулгүй ажиллагааны зааварчилга хэн өгөх зэргийг харилцан тохирч хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тусгах захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлээгүй байна... Хариулт-2.3. Хавтаст хэрэгт М.Д Ж нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ түүнтэй адилтгах бусад төрлийн гэрээ авагдаагүй байна. ...Иргэн М.Д барилгын ажил гүйцэтгүүлэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг хэн хариуцах, зардлыг хэрхэн олгох, хэрэв үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарвал хэн хэрхэн хариуцах талаар харилцан тохирч гэрээ байгуулаагүй байна ... гэсэн дугнэлт, Шинжээч М2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай “... Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т /Захиалагч ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна/ гэж заасан байдаг. Гэтэл барилгын эзэн иргэн М.Д барилгын ажил хариуцан гүйцэтгэж байсан иргэн Ж нар нь барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулаагүй бөгөөд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын асуудлыг хэн нь хариуцахаар харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй энэ талаар ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд тухайн барилга дээр ажиллаж байсан М болон ажиллаж байсан ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын асуудлыг барилгын эзэн иргэн М.Д хариуцах нь зүйтэй гэж үзэж байна ... гэсэн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Дийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
7. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.
8. Шүүгдэгч М.Д гэм буруутай болох нь, иргэний хариуцагч Ж хариуцлага хүлээх үүрэгтэй нь тус тус тогтоогдсон тул энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэн, хохирол гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
9. Шүүгдэгч ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3 дахь зүйлд тодорхой заасан байдаг. Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь эрүүл ахуйн, стандарт хангах, болзошгүй тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрийн хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг амь нас эрүүл мэндийн даатгалд хамрагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хөдөлмөрийн гэрээнд тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч /туслан гүйцэтгэгч/ хариуцна. Энэ хуулиар гүйцэтгэгч тал хариуцна гэж хуульд заасан байна. Өөрөөр хэлбэл “захиалагч” М.Д гүйцэтгэгчийг 4 давхраас унаад бэртээгээрэй гэж захиалаагүй. 11.5 дахь зүйл анги нь надад ерөөсөө тохироогүй зүйл анги. Ийм тохироогүй зүйл ангиар шинжээч томилж шүүж байгаа нь шударга биш байна. Хуульдаа бол аюулгүй ажиллагааг гүйцэтгэгч тал хариуцдаг, гарах зардлыг захиалагч хариуцдаг юм байна. Аюулгүй ажиллагааны бүх зардлыг гаргасан. Ийм учраас хуульд нийцүүлэн цагаатгаж өгнө үү ... гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
10. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 ... барилгын ажил гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг; мөн зүйлийн 4.1.13-т ... барилгын ажлын захиалагч гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ... гэж хуульчилсан.
11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Жийн нэр дээр ямар нэгэн хуулийн этгээдийн гэрчилгээ болон барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байх тул Жийг зөвшөөрөлтэй хуулийн этгээд болон барилгын ажил гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй.
12. Шүүгдэгч М.Д нь дээрх хуулийн заалтад заасны дагуу зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулж барилгын ажил гүйцэтгүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө.
13. Шүүгдэгч М.Д ямар нэгэн зөвшөөрөлгүй, хуулийн этгээд биш Жтохиролцон барилгын ажил гүйцэтгүүлсний улмаас хохирогч М барилгын 4 давхраас унаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
14. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт … "зөвшөөрөл" гэж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон эрхийг,
Барилгын тухай хуулийн 4.1.21-т ... "барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан барилгын чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх эрхийг, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т ... ...барилга байгууламжийн барилгын ажпыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ ... гэж заасан.
15. Шүүгдэгч М.Д нь барилгын ажлыг гүйцэтгүүлэхдээ хөдөлмөрийн аюулгүй, байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдаагүй, ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтангүй, барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, мэргэшсэн инженер техникийн ажилтангүй, хуулийн этгээд биш, иргэдээр ажил гүйцэтгүүлж дээрх хуулийн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсанд шүүгдэгч гэм буруутай тул шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
16. Иймд А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Д.БАЙГАЛМАА