| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0411/Э |
| Дугаар | 441 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 441
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч М.Э, Э.Д-, тэдгээрийн өмгөөлөгч С.Пүрэвдорж /ҮД:0-032/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б- овогт Э-ын Д-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б- овогт М-гийн Э-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810003890112 дугаартай хэргийг, 187/2018/0411/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ............ Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б- овогт М-гийн Э- /РД:................../
2. Монгол Улсын иргэн, .............. Унгар улсад төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Компьютер программ хангамжийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эгчийн хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б- овогт Э-ын Д- /РД:................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Э, Э.Д- нар нь бүлэглэн 86-22 УБУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг ашиглан, уг тээврийн хэрэгсэлд таарах урд гуферийг олж авах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 1026 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр тавьсан байсан иргэн Б.С-ийн эзэмшлийн 67-33 УБХ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын гурвалжин шилийг хагалж, тус тээврийн хэрэгслийн урд талын гуферийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Э нь Г.Э-ийн хамт 2018 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 52-77 УБК улсын дугаартай Тоёота Рүмион загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа тухайн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байсан иргэн Б.П-тай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.Э, Э.Д- нар нь 2018 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө иргэн Б.Э-ын эзэмшлийн 86-22 УБУ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 1026 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр тавьсан байсан иргэн Б.С-ийн эзэмшлийн 67-33 УБХ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын гурвалжин шилийг Э.Д- дорцовоор хагалан копутыг нь нээж, урд талын гуферийн дээд талын боолтыг нь М.Э, доод талын боолтыг нь Э.Д- тайлах зэргээр хамтран уг тээврийн хэрэгслийн урд гуферийг хулгайлсан,
шүүгдэгч М.Э нь Г.Э-ийн хамт 2018 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 52-77 УБК улсын дугаартай Тоёота Рүмион загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа тухайн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байсан Б.П-тай “яагаад Гэмтлийн замаар явж байгаа юм бэ, би 5000 төгрөг л өгнө шүү илүү мөнгө өгч чадахгүй, тэгж л гардаг” гэж хэллээ хэмээн маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, гарыг өчих зэрээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч М.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...Хойноос хүн дагаад байна гэхээр нь машиныхаа номерийг авсан...Би хулгай хийнэ гэсэн зорилгоор яваагүй. Хүнээс машины гуфер авах юм болов уу гэж бодож явсан. Э.Д- боолт тайлахаар нь би дагаад тайлсан...Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Цаашид ийм үйлдэл гаргахгүй...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шүүгдэгч Э.Д-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...Аавынхаа машины гуферийг хагалчихаад айсандаа шинэ гуфер авах зорилгоор Буянт-Ухаа 2 хороолол орсон. Би энэ санааг анх гаргасан...Өдөр нь М.Эд энэ талаар хэлэхэд тоглож байна гэж ойлгосон байсан. Орой нь М.Эд Буянт-Ухаа 2 хороолол орно гэж хэлээд авч явсан...Өөрийн хуучин гуферээ хаяад, хулгайлсан гуферээ машиндаа сольж хийсэн...Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Цаашид иргэний үүргээ биелүүлж, хуулиа дээдлэнэ...Гуферийг буцааж өгсөн. Хагалсан шилний мөнгө гэж 50.000 төгрөг өгсөн...Ааваас айсандаа гуфер хулгайлсан. Миний буруу үйлдэл...Найзыгаа гэмт хэрэгт татаж оролцуулсандаа гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1027 дугаар байранд амьдардаг юм. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлаа тараад 21 цагийн үед гэрийнхээ гадна ирээд 1026 дугаар байрны урд талд машины ил зогсоод дээр өөрийн 67-33 УБХ улсын дугаартай машинаа байрлуулж тавиад гэр рүүгээ орсон. Шөнө буюу 2018 оны 02 дугаар сарын 07-ны 03 цаг 50 минутын үед 99710065 дугаараас эмэгтэй хүн залгаад машиныг чинь хулгайч нар тоночихлоо гэж хэлэхээр нь би аавдаа хэлээд хамт гараад хартал миний машины баруун талын жижиг гурвалжин шилийг хагалчихсан, урд гуферийг нь хулгайлаад явчихсан байсан. Надад мэдэгдсэн эгч цагдаа дуудчихсан нөхөртэйгөө зогсож байсан. Харин цагдаа нар 20 орчим насны 2 залууг барьчихсан байсан. Тэр хоёр хүүхэд нь хулгай хийгээгүй гэж байсан, гуфер хулгайлсан 2 хүүхэд нь зугтаагаад явчихсан гэж хэлж байсан. Миний машины гуферийг хулгайлсан 2 хүүхэд машинтай байсан бөгөөд яг миний машинтай адилхан марк өнгөтэй байсан гэж надруу ярьсан эмэгтэй хэлсэн...Манай нөхөр н.Самданжигмэдийн эзэмшлийнх...би унадаг юм...Би гуфераа буцаан авсан, мөн машины гурвалжин шилээ шинээр хийлгүүлээд хохирлоо Э.Д- гэдэг хүүхдээр төлүүлсэн...Одоо бүх хохирлоо төлүүлсэн учраас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 26-28/
4. Хохирогч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би Дарь-Эхэд байдаг ажлын газрын казак ахынд очиж Наурызийн баяр тэмдэглэсэн. Тэднийхээс шөнө 00 цаг өнгөрч байхад гараад ажлын газрын 2 хүний хамтаар Баянбүрдэд пабад орж архи уусан. Тэндээс 04 цагийн орчимд бид нар гарсан. Гараад бааранд танилцсан 2 эмэгтэйг 100 айлд гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд такси барьсан. Тэр такси нь Тоёота Рүмион маркийн улаан хүрэн өнгийн 52-77 УБК улсын дугаартай машин байсан...Тухайн үедээ би өөрөө нилээн архи уучихсан согтуу байсан...суугаад 100 айлаас 10 дугаар хороолол хүргүүлэхээр болсон. Тэгээд 10 дугаар хороолол орно гэж хэлчихээд утсаар ярьж байгаад нэг харахад тэр жолооч н.Энхтөр нь Гэмтлийн замаар уруудаж байсан. Би тэр үед яагаад Гэмтлийн замаар явж байгаа юм бэ, би 5000 төгрөг л өгнө шүү илүү мөнгө өгч чадахгүй, тэгж л гардаг гээд уурласан...Жолооч руу уурлаж байтал хажууд нь сууж байсан М.Э гэх залуу нь над руу уурласан. Түүнтэй хэрэлдэж маргалдаж байтал миний гар утас дуугарсан. Намайг утсаа авах гэтэл “чи хэнтэйгээ ярих гээд байгаа пизда вэ” гээд М.Э гэдэг нь намайг гар утсаар минь яриулаагүй...Тэгээд тэр М.Э нь “чигээрээ яв, энийг энд буулгахгүй” гээд жолоочид хэлэхэд жолооч чигээрээ Гурвалжингийн гүүр даваад явсан. Тэр М.Э гэх залуу баруун гараараа намайг боогоод, зүүн гараараа миний гарыг хойш татаж өчөөд нилээн удаан явсан. Би эсэргүүцээд дийлэхгүй байсан...Тэгээд өөрт байсан 7000 төгрөгөө М.Эд нь өгөөд би чамд цохиулсандаа ямар ч гомдол санал байхгүй ээ, хамт сайхан ууя гэхэд нөгөө залуу чи чадах юм уу гэсэн...М.Э нь машины урд хойд дугаарыг харах гэхээр надад дугаараа харуулахгүй...тайлаад авчихсан. Гэхдээ би тайлж авахаас нь өмнө харахад 52-77 УБК гэсэн дугаартай машин байсан...Би зугтаах гэж байснаа такси олдохгүй байх гэж бодоод зугтааж чадаагүй хамт яваад байсан...би дэлгүүр орох гэж байгаа дүр үзүүлж байгаад зугтаачихсан...намайг зодсоныг нь М.Э гэдэг юм байна лээ...Жолооч надад гар хүрээгүй...миний хамар руу гараараа цохиж гэмтээсэн. Мөн хоолойг минь боосон, зүүн гарыг минь өчиж зөөлөн эдийн гэмтэл учруулсан...миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 207-208, 209-210/
5. Гэрч Г.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр...Авто угаалганд ажиллаж байгаад 01 цаг...ажлаасаа тараад Б.Бат-Эрдэнийн утас руу залгаад чи машинтай явж байгаа бол намайг ирж аваад гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн юм. Тэгтэл Б.Бат-Эрдэнэ би машингүй байна бид нар МУИС-ийн урд талд байдаг интернет тоглоомын газарт байна гэхээр нь би...таксинд суугаад Loff гэх нэртэй интернет тоглоомын газарт ирээд...ороод тоглох уу гэтэл бид нар гарах гэж байна гэсэн юм...Б.Бат-Эрдэнэ, Заяа /М.Э/ бид нар Бонус /Э.Д-/ гэх нэртэй жинхэнэ нэрийг нь мэдэхгүй хүүхдийн машинд суутал машинаа асаагаад хөдөлсөн юм. Тэгэхээр нь би Бонус /Э.Д-/ гэх хүүхдээс хаачих гэж байгаа юм бэ гэтэл нэг тийшээ явчихаад ирье гэж хэлээд тэр газраасаа хөдлөөд Нисэх рүү яваад Буянт-Ухаа 2 хороололд ирээд тэр хорооллын аль хэсэгт машинаа тавьсан талаар мэдэхгүй байна...машинаа тавьчихаад Бонус /Э.Д-/ гэх залуу надаас гадаа хүйтэн байна куртикээ өгчих гэхээр нь би өмсөж байсан куртикээ өгтөл машинаас М.Э, Бонус /Э.Д-/ гэх залуутай буугаад явчихсан юм. Тэгээд төд удалгүй 5 минут орчим болсон байх гэнэт машины багаж нь онгойгоод багаж руу бараан өнгийн машины гуфер хийгээд Б.Бат-Эрдэнэ бид 2 нэг талруугаа шахаж суусан юм. Тэгтэл Бонус /Э.Д-/ гуфер машин руу хийж байснаа цагдаа зугт гээд орилсон тэгтэл жолоочийн эсрэг талын сандал дээр сууж байсан М.Э машинаас буугаад зугтаасан ба би юу болсныг мэдэхгүй М.Эг дагаад машинаас буугаад Б.Бат-Эрдэнэтэй хамт зугтаасан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43-44, 45-46/
6. Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед...PC тоглох гээд ороход М.Э, н.Ариунболд, Бонус буюу Э.Д-...байсан...Бид нар бүгд...гараад Э.Д-ий хар хөх өнгийн Приус 30 /улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ машинтай...Г.Мөнхтулга бид хоёр гэр рүүгээ дөхөж буухаар Э.Д-ий машинд суусан байсан, би машинд суугаад удаагүй байхдаа унтаад өгсөн байсан, нэг сэрэхэд Нисэхэд ирчихсэн байсан, Э.Д- Г.Мөнхтулгын савхин куртикийг аваад та 2 түр сууж бай, ойрхон явчихаад ирье гээд М.Этай хамт машинаас буугаад явсан. 20 орчим минутын дараа хар хөх өнгийн Приус 20 автомашины урд гуфер авч ирээд машинд хийсэн, машинд гуферийг М.Э, Э.Д- хоёр хоёулаа хийгээд зогсож байхад М.Э цагдаа гэж зугтаарай, зугтаарай гэж орилсон. Энэ үед Г.Мөнхтулга бид хоёр машинаас буугаад зугтаасан. М.Э мөн адил зугтаасан...Тэр үед би гуферээр яах гэж байгаа юм бол гэж гайхаад дотроо хулгайн гуфер гэж бодоогүй. Цагдаад баригдсаны дараа л мэдсэн...М.Эг буугаад зугт гэж хэлэхээр нь сандраад буугаад зугтсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47-49/
7. Гэрч Ц.Итгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1027 дугаар байранд байдаг юм. 2018 оны 02 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед байх нөхөр бид хоёр ажлаа тараад гэр рүү орох гээд машинтайгаа Буянт-Ухаа 2 хороолол руу эргээд явж байтал танихгүй 1 залуу гараа өргөөд зогстол тэнд машины гуфер хулгайлаад байна хамт яваад хараад болохгүй бол дагъя би цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр залууг машиндаа суулгаад бид 3 Буянт-Ухаа 2 хороолол руу ороод...очтол нөгөө машин нь зугтаагаад явчихсан. Араас нь хөөсөн боловч машиныг алдчихсан. Тэгээд буцаж ирээд гуферээ алдсан гэх машин дээр очиход хар хөх өнгийн Приус 30 маркийн машин байсан. Би машин дээр байсан утас руу залгаж болсон асуудлыг хэлээд удалгүй эзэн гэх эмэгтэй гарч ирсэн. Цагдаа нар хулгай хийсэн 2 хүүхдийг нь барьчихсан гэж байс ан...Би машиныг харсан, хохирогч эмэгтэйн машинтай яг адилхан хар хөх өнгийн Приус 30 машин байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-51/
8. Гэрч Б.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны шөнө 03 цаг өнгөрч байхад нойр хүрэхгүй гэрийнхээ том өрөөний цонхоор юм хараад зогсож байтал чимээ гарсан хартал бараан өнгийн хувцастай 2 эрэгтэй хүн хөх өнгийн Приус 30 маркийн машины гурвалжин шилийг урт нарийхан төмөр шиг зүйлээр цохиж хагалж байсан, тэгээд нэг нь жолоочийн суудлын тэндээс копутыг онгойлгож байсан би тэр даруйд 102 руу залгаж цагдаад дуудлага өгсөн. Тэр хоёр залуу намайг утсаар ярьж байхад машины гуферийг тайлж байсан, 1 залуу нь хэвтээд доороос нь тайлж байсан, нөгөөдөх нь дээд талаас нь тайлж байсан. Би хувцасаа өмсөөд гэрээсээ гараад нөгөө хоёр хүнийг хаашаа яаж явахыг харах гээд гарсан...нууцаар нөгөө 2 залууг харж байсан, тэр хоёр залуу гуферээ тайлж дуусаад хоёулаа хоёр талаас нь гуферээ бариад миний зогсож байсан контейнерийг чиглээд...ирсэн...тэнд гуферийг нь хулгайлсан машинтай адилхан өнгөтэй Приус 30 машин зогсож байсан. Тэр машины багаж руу хулгайлсан гуферээ хийсэн, 1 залуу нь машины номерыг тайлж байсан. Би тэр хооронд Буянт-Ухаа 2 хороолол руу эргэж орж ирж байгаа машинтай хүнийг гараа өргөж зогсоогоод болсон зүйлийг хэлээд цагдаа иртэл тэр машиныг хамт хараад болохгүй бол араас нь хамт дагъя гэж гуйсан. Машин дотор эхнэр нөхөр хоёр байсан. Тэгээд бид 3 машины гэрлээ тусгасан чинь нөгөө Приус 30-тай 2 залуу зугтаагаад явчихсан. Миний зогсоосон машинд сууж байсан жолоочийн эхнэр гуферээ хулгайд алдсан жолоочийн утас руу ярьж хэлсэн байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 52-54/
9. Гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 03:00 цагийн үед өөрийн найз М.Эгийн хамт Сансарын туннелээс 100 айл худалдааны төв чиглэлтэйгээр М.Эгийн эзэмшлийн 52-77 УБК улсын дугаартай Тоёота Рүмион маркийн улаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байсан. Тэгээд 100 айл худалдааны төвийн дэргэд байрлах Атлас нэртэй байрны ертөнцийн зүгээр зүүн талд явж байтал үл таних 25-30 орчим насны эрэгтэй хүн таксинд суухаар гараа өргөөд зогсож байсан. Тэр хүнийг аваад “Та хаашаа явах вэ” гэж асуутал тухайн хүн “10 дугаар хороолол орно” гэж хэлээд цааш явсан. Тэгээд цааш яваад ГССҮТ-ийн орчимд явж байтал тухайн эрэгтэй хүн надад хандаж “Хаагуур яваад байгаа юм бацаан минь 5000 төгрөг нүүр рүү чинь шидчихээд бууна шүү” гэж хэлээд миний толгойн ар дагз хэсэг рүү 2 удаа цохьсон. Тэгтэл миний дэргэд сууж явсан М.Э намайг өмөөрөөд “Аятайхан суу” гэж хэлээд тэр эрэгтэйг хойшоо түлхтэл тэр хүн “Үйлчлүүлэгчээ цохиж байгаа юм уу, та хоёрыг цагдаад мэдэгдэж цагаан махтай чинь хатаана” гэж хэлэхээр нь М.Э хариуд нь “Аятайхан явж чадахгүй бол таксины мөнгөө өгөөд буу” гэж хэлсэн. Хариуд нь тэр эрэгтэй “Би та хоёрт мөнгө өгч чадахгүй. Үйлчлүүлэгчээ цохиж байгаа хүнд би яахаараа мөнгө өгөх ёстой юм” гээд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа маргалдаж байгаад тэр эрэгтэй “За одоо больцгооё. Ах нь Наурызын баяр тэмдэглэчихээд явж байна гурвуулаа өнөөдөр сайхан архи ууцгаая ойрхон АТМ орчих” гэж хэлтэл М.Э “За тэгье” гэж хэлэхээр нь би хамгийн ойрхон байсан Сансар худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ руу явсан...автомашины дугуй хагарчихаар нь...Би...дугуйг сольж байх хооронд М.Э өөрийнхөө автомашиныхаа урд болон хойд талын хоёр улсын дугаараа тайлж аваад жолоочийн эсрэг талын суудал доор тавьсан...тухайн эрэгтэй автомашинаас буутал М.Э надад хандаж “Яв яв. Хаазаа гишгэ. Хурдан яв. Наадах чинь хойноос чулуу шиднэ шүү” гэж хэлэхээр нь цааш хөдлөөд явж байгаад М.Эгаас “Чи таксины мөнгөө авсан юм уу” гэж асуутал...6000 юм уу 7000 төгрөг авсан гэж хэлсэн...Ер нь нилээн согтолттой байсан. Ярианы өнгөнөөс нь мэдэгдэж байсан...М.Э тэр эрэгтэйг нэг удаа түлхэх шиг болсон...яг түлхсэн эсвэл цохьсон эсэхийг нь би сайн мэдэхгүй байна...Миний бодлоор тэр эрэгтэй хүн цагдаад хэлнэ гээд байсан болохоор нь М.Э айгаад улсын дугаараа тайлж авсан байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 219-222/
10. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 203-205/
11. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4016/-ний дүгнэлт:
-Б.П--н биед тархи доргилт, хамрын хянга ясны зөрөөтэй хугарал, хамрын нурууны цус хуралт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /1хх-ийн 225/
12. Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Автомашины гурвалжин шил...50.000...Гуфер...450.000...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” /1хх-ийн 67-68/
13. Иргэний нэхэмжлэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай бага хүү Э-ын Д- гэдэг хүүхэд байдаг...Тухайн хэргийг үйлдэх үедээ миний эзэмшлийн 86-22 УБУ улсын дугаартай хар хөх өнгийн Приус 30 маркийн машиныг ашигласан байсан. Уг хэргийг М.Э гэх PC тоглоомын газарт танилцсан найзынхаа хамтаар үйлдсэн байсан. Яагаад хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг нь би сайн ойлгохгүй байгаа...Хааяа машиныг минь гуйж авч явдаг юм...Би уг машинаараа Худалдаа хөгжлийн банканд түрээсийн жолооч хийдэг. Машин байхгүй бол миний амьдрал зогсоно гэсэн үг...Миний зүгээс гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 149/
14. Шүүгдэгч Э.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би аавынхаа Приус 30 маркийн машиныг унаж явж байгаад мөргөлдүүлээд урд талын гуферийг нь хагалчихсан. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаад бичиг баримтаа хураалгачихсан байсан...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр М.Э, н.Ариунболд хоёртой уулзаад бид 3...120 мянгатын PC тоглоомын газарт орж 2-3 цаг тоглосон...Би М.Эд аавын машины гуферийг хагалчихсан яах уу, мөнгө байхгүй, гуфер яаж олох уу, хулгайлдаг юм билүү гэсэн санаа орж ирээд тэр тухайгаа...ойлгуулж хэлсэн...М.Э, Г.Мөнхтулга, Б.Бат-Эрдэнэ 3 миний машинд сууж байсан. Би Нисэх рүү явъя гэж хэлээд М.Э замын голоос Гурвалжингийн гүүр даваад шинэ зам руу салдаг хэсгээс машин барьсан. Тэгээд Буянт-Ухаа 2 хороололд ирээд М.Э бид хоёр ойрхон явчихаад ирье гээд машинаас буугаад би машиныхаа араас дорцовоо аваад өөрийнхөө машинтай адилхан өнгөтэй Приус 30 машин хайж яваад олсон. Машины копутыг сөхөж гуферийг тайлах зорилгоор машины гурвалжин шилийг хагал гээд дорцовоо М.Эд өгтөл М.Э цохиод хагалж чадахгүй байсан учраас би гурвалжин шилийг дорцовоор цохиж хагалсан. Тэгээд копутыг М.Э дотроос нь онгойлгоод би доогуур нь орж гуферийн доод боолтнуудыг тайлсан. Дээд талын боолтнуудыг М.Э тайлаад бид 2 гуферийг салгаж аваад хоёр талаас нь дамжлаад машин дээрээ очиж машиныхаа багажинд хийсэн. Миний машины дугаарыг М.Э тайлж байхад машины гэрэл тусаад цагдаа гэж М.Э хэлээд Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхтулга тэр 3 зугтаагаад би машинаа унаад зугтаасан...М.Этай хамт үйлдсэн...Мэдээгүй. Б.Бат-Эрдэнэ унтаад сэрээд явж байсан. Г.Мөнхтулга хөгжим сонсож байсан...Би хулгай хийхийг өөрөө санаачилсан...Г.Мөнхтулга, Б.Бат-Эрдэнэ хоёр...хулгай хийх гэж...байгааг огт мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80-84/
15. Шүүгдэгч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр...би н.Ариунболдтой...уулзаад Э.Д- рүү...залгаж...PC тоглоомын газар уулзсан...Э.Д- би машинаа мөргөлдүүлээд гуферээ хагалчихсан, орой чи завтай юу Буянт-Ухаа 2 хороолол орох хэрэг байна гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэж асуутал тэндээс гуфер шаая /хулгайлъя/ гэхээр нь би дотроо Э.Д-ийг надаар тоглож байна гэж ойлгоод юм хэлэлгүй тоолгүй орхиод бид гурав 120 мянгатын хажууд байдаг PC тоглоомын газарт орж тоглосон...Э.Д- машинтайгаа машинд нь Г.Мөнхтулга, Б.Бат-Эрдэнэ...сууж явсан...Э.Д- Нисэх рүү Буянт-Ухаа 2 руу явна гэж өөрөө хэлээд хэсэг явж байгаад би машиныг нь унаад Нисэхэд ирсэн. Э.Д- хоёулаа бууя гээд надад хандаж хэлэхээр нь бид хоёр хамт машинаас буусан. Э.Д- машиныхаа багажнаас дугуйн дорцовоо аваад бид хоёр машинууд тавьсан байсан зогсоолын хажуугаар Э.Д-ий машинтай ижилхэн өнгийн машин хайж олоод очсон...Э.Д- дорцовыг аваад машины шилийг 1 удаа өөрөө цохиод хагалчихсан. Тэгээд би копутыг онгойлгодог түгжээг татаж өгөөд Э.Д- копутыг сөхөөд өөрөө доогуур нь орж боолтнуудыг нь тайлсан, би дээд талынх нь боолтнуудыг тайлсан. Тэгээд би хоёр гуферийг салгаад хоёр талаас нь дамжлаад Э.Д-ий машин дээр ирээд багажинд нь...хийгээд би машиных нь дугаарыг тайлж байтал машины гэрэл тусаад би цагдаа байх гэж айгаад цагдаа гээд орилтол машины ард сууж байсан Г.Мөнхтулга, Б.Бат-Эрдэнэ хоёр машинаас буугаад зугтаасан би ч бас зугтаасан. Э.Д- машинаа унаад явсан...Хулгай хийх гэдгийг Э.Д- санаачилсан...2018 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө би ахынхаа машинтай найз Г.Э-тэй хамт таксинд явж халтвар хийсэн. Би эхэлж машинаа жолоодож явж байгаад шөнө Г.Э-д жолоогоо шилжүүлсэн. Тэгээд хэсэг зуур зүүрмэглэж унтсан байсан. Тэр үед 100 айлын тэндээс Б.П- гэх тэр хүн такси барих гэж зогсож байсныг Г.Э- авсан байсан...Г.Э- Гэмтлийн эмнэлгийн замаар уруудаад явж байсан. Тэр үед хойно суугаад үйлчлүүлж байсан Б.П- гэх согтуу ах уурлаж Г.Э-ийг буруу замаар явлаа гээд загнаад байсан. Би эхлээд дуугүй яваад сонсож явж байгаад тэсэхгүй тэр ахтай хэрэлдсэн. Тэгээд сүүлдээ тэр ах намайг зодох гээд байхаар нь мангасдаж түлхсэн...Цохиулахгүй гээд гарыг нь өчиж барьсан. Тэр үед тэр хүн гэмтсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 85-89, 236-237/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Э, Э.Д- нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103,106/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4016/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч М.Э, Э.Д- нар нь 2018 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө иргэн Б.Э-ын эзэмшлийн 86-22 УБУ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 1026 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр тавьсан байсан иргэн Б.С-ийн эзэмшлийн 67-33 УБХ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын гурвалжин шилийг Э.Д- дорцовоор хагалан копутыг нь нээж, урд талын гуферийн дээд талын боолтыг нь М.Э, доод талын боолтыг нь Э.Д- тайлах зэргээр хамтран уг тээврийн хэрэгслийн урд гуферийг хулгайлсаныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,
шүүгдэгч М.Э нь Г.Э-ийн хамт 2018 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 52-77 УБК улсын дугаартай Тоёота Рүмион загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа тухайн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байсан Б.П-тай “яагаад Гэмтлийн замаар явж байгаа юм бэ, би 5000 төгрөг л өгнө шүү илүү мөнгө өгч чадахгүй, тэгж л гардаг” гэж хэллээ хэмээн маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, гарыг өчих зэрээр зодож биед нь тархи доргилт, хамрын хянга ясны зөрөөтэй хугарал, хамрын нурууны цус хуралт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,
шүүгдэгч Э.Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Хишигжаргалын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн /биет байдлаар буцаан өгсөн/ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гуфераа буцаан авсан, мөн машины гурвалжин шилээ шинээр хийлгүүлээд хохирлоо Э.Д- гэдэг хүүхдээр төлүүлсэн...Одоо бүх хохирлоо төлүүлсэн учраас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 26-28/, хохирогч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 209-210/, шүүгдэгч нарын хувийн байдал /...М.Э...24 настай, эгч, 2 дүүгийн хамт амьдардаг,...Э.Д-...20 настай,...оюутан,...эцэг, эгчийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуудлах” гэж заасныг хэрэглэх боломжтой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар М.Э, Э.Д- нарт тухайн заалтад заасан 2-8 жилийн хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр буюу 1-4 жилийн хорих ялаас тус бүр 1 жилийн хорих ял, мөн шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хорих ялын хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч М.Э, Э.Д- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэе.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч М.Э, Э.Д- нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзээд шүүгдэгч М.Эгийн эдлэх 1 жил 30 хоногийн хугацаатай хорих, шүүгдэгч Э.Д-ий эдлэх 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота Приус-30 маркийн 86-22 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 132/-аар Баатар овогтой Э- /РД:............./-ын эзэмшлийнх болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27см*6см хэмжээтэй, 3см диаметртэй хар өнгийн төмөр хуучин дорцов 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн Б.Э- /РД:....../-ын эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 86-22 УБУ улсын дугаартай тээврийг хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Э-д буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт М-гийн Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,
Шүүгдэгч Б- овогт Э-ын Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овогт М-гийн Э-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б- овогт Э-ын Д-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар М.Эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Эгийн эдлэх 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаатай, Э.Д-ий эдлэх 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. М.Э, Э.Д- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27см*6см хэмжээтэй, 3см диаметртэй хар өнгийн төмөр хуучин дорцов 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн Б.Э- /РД:.........../-ын эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 86-22 УБУ улсын дугаартай тээврийг хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Э-д буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Э, Э.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Э, Э.Д- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР