Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01334

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01334

 

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/01419 дугаар шийдвэртэй, Л.Б-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.С-д холбогдуулан 14 899 828 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Ч.С- нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 3 500 000 төгрөгийг, 7 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор гэрээ хийж надаас зээлсэн. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл гэрээг 2 удаа сунгасан. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 20 сарын хүү 4 200 000 төгрөг төлөх ёстойгоос 1 820 000 төгрөгийг төлсөн. Зээл 3 500 000 төгрөг, хүү 2 380 000 төгрөг, алданги 2 940 000 төгрөг нийт 8 820 000 төгрөгийг гаргуулна. Нэхэмжлэлдээ зээлээс 100 000 төгрөгийг дутуу нэхэмжилсэн байна. Ч.С-д зээлийн гэрээгээр 3 600 000 төгрөг шилжүүлсэн. Зээл 100 000 төгрөг, хүү, алдангийн хамт 330 000 төгрөг нэмж нэхэмжилж байна.

Ч.С- 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 550 ам.долларыг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2 850.19 төгрөгийн ханшаар бодоход 1 567 600 төгрөгийг, 7 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцох нөхцөлтэйгөөр гэрээ хийсэн, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл гэрээг 2 удаа сунгасан, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 9 сарын хүүд сарын 6 хувиар нийтдээ 846 504 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 12 сарын хүүд сарын 4 хувиар бодоход 752 448 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход 1 583 276 төгрөг болж байна. Иймээс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд зээл 3 500 000 төгрөг, хүү 2 380 000 төгрөг, алдангид 2 940 000 төгрөг гаргуулахаар, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл 550 ам доллар буюу 1 567 600 төгрөг, хүү 1 598 952 төгрөг, алданги 1 583 276 төгрөг, мөн 100 000 төгрөгийн зээлийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 20 сарын хүү 120 000 төгрөг, алданги 110 000 төгрөг, мөн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хууль зүйн туслалцааны хөлсөнд авсан гэх 1 000 000 төгрөг нийт 14 899 000 төгрөгийг Ч.С-гөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Л.Б-тай 2018 оны 4 сард найзаараа дамжуулж танилцсан. Л.Б-тай 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сандэй ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгчөөр ажиллахаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ба өмгөөллийн хөлс гэж 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Л.Б-тай хамтран ажиллах боломжгүй байсан, 2019 оны эхээр Л.Б- уулзъя гээд байхаар нь уулзсан бөгөөд тэр үед өмгөөллийн хөлс гэж шилжүүлсэн 1 000 000 төгрөг болон 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай ахад мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би 10 хоногийн хугацаатай хүүтэй 2 000 000 төгрөгийг Л.Б-гаас зээлж өгсөн бөгөөд уг 2 000 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буцаан шилжүүлсэн бөгөөд үүний хүү 370 000 төгрөгийг төлөөгүй байсан учир өмгөөллийн хөлс дээр 370 000 төгрөгийг нэмж 1 370 000 төгрөгөөр зээлийн гэрээ хийж гарын үсэг зуруулж хүү тооцож авсан.

Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1 800 000 төгрөг болон 550 ам долларын зээлийн гэрээ байгуулж, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1 800 000 төгрөгийг зээлийн гэрээгүй дансаар зээлж авсан нь үнэн. Уг зээлүүдийг 7 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй авсан. Улмаар 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 4 000 000 төгрөгийг зээлд төлсөн.

Л.Б- нь 4 000 000 төгрөг өгсний дараа зээлээ тооцъё, уулзъя гэхээр нь уулзсан чинь өмгөөллийн гэрээг зээлийн гэрээ болгосон гэрээндээ хүү тооцож 4 сая төгрөгөөс хасч, 2018 оны 8 дугаар сард авсан зээлийн хүүд тооцсон. Шинээр гэрээ байгуулж нөхөж гарын үсэг зуруулсан. Зээлийн гэрээнүүдийг дандаа нөхөж хийлгүүлж гарын үсэг зуруулдаг байсан гэжээ.

 

Хариуцагч Ч.С- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.Б- нь дээрх мөнгийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан хоёр гэрээг үндэслэн нэхэмжилж байна.Тус зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй юм. Энэ гэрээнүүд нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус юм. Иймд Ч.С-, Л.Б- нарын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү, Ч.С- 1 800 000 төгрөг аваад буцааж өгсөн, мөнгө авсан баримтгүй, бэлнээр өгсөн баримтгүй, үндсэн зээлээ төлчихөөд байхад хүү тооцоод байгаа нь үндэслэлгүй. Мөнгө шилжүүлээгүй, дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ч.С- өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 3 600 000 төгрөг, 550 ам.доллар зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Тус гэрээг Ч.С- өөрийн гараар бичиж гарын үсгээ зурсан. Ч.С-д тус зээлийн гэрээнүүдийн дагуу мөнгийг дансаар болон бэлнээр өгсөн. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар Ч.С-өөс 9 150 000 /есөн сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 749 328 /таван сая долоон зуун дөчин есөн мянга гурван зуун хорин найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар Ч.С- Л.Б- нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн 3 600 000 төгрөг болон 500 ам долларын зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Ч.С-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 262 030 төгрөг, хариуцагчийн төлсөн 228 889 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.С-өөс 161 350 /нэг зуун жаран нэгэн мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулан Л.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг анхаарч үзэлгүйгээр, ямар нэгэн нотлох баримтгүйгээр дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 550 aм.долларын зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Учир нь Ч.С- Л.Б-гаас 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хоёр зээлийн гэрээгээр мөнгө болон 550 ам долларыг тус тус зээлсэн. Ч.С- тус мөнгөн хөрөнгийг зээлж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно. Тухайлбал x.x-5-д Ч.С- нь 550 ам доллар зээлж авсан болох нь хууль ёсны шаардлага хангасан С-гийн гарын үсэг бүхий бичгээр хийсэн зээлийн гэрээ, зээлийн гэрээний ард талын хуудсанд зээлдэгч Ч.С- нь тус зээлийн гэрээгээ 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл сунгуулах тухай хүсэлт гаргаж сунгуулсан, мөн дахин 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл сунгуулах тухай хүсэлт гаргаж тус тус гарын үсгээ зурж сунгуулсан тухай нотлох баримтууд, мөн гэрээний ард Ч.С- нь өөрийн гараар 100 доллар 5 ширхэг, 50 доллар 5 ширхэг нийт 550 доллар хүлээн авлаа гэж бичиж тэмдэглэсэн тухай баримт, xавтаст хэргийн 18-д 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ч.С- шүүхэд гаргасан тайлбартаа 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1 800 000 төгрөг болон 550 ам долларыг зээлийн гэрээ байгуулж, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төгрөгийн зээлийн гэрээгүйгээр дансаар зээлж авсан нь үнэн. Уг зээлүүдийг 7 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй авсан болно гэж хариуцагч өөрөө 550 ам доллар зээлж авснаа хүлээн зөвшөөрсөнийг шүүх анхаарч, үнэлж дүгнээгүй нь учир дутагдалтай. Мөн шүүх 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 550 долларын зээлийн гэрээг хууль ёсны шаардлага хангасан хучин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн. Ч.С- нь дансаараа 1 000 000 төгрөг авсан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй талаараа тайлбарласан, 1 000 000 төгрөгийг үндэслэлгүй авсан болохоо нотолж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 5 749 328 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Ч.С-д холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 3 500 000 төгрөг, хүү 2 380 000 төгрөг, алдангид 2 940 000 төгрөг гаргуулахаар, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр үүрэгт 550 ам доллар буюу 1 567 600 төгрөг, хүү 1 598 952 төгрөг, алданги 1 583 276 төгрөг, мөн 100 000 төгрөгийн зээлийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 20 сарын хүү 120 000 төгрөг, алданги 110 000 төгрөг, мөн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хууль зүйн туслалцааны хөлсөнд авсан гэх 1 000 000 төгрөг нийт 14 899 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр болон 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг шаардлага гарган маргажээ.

Талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 3 600 000 төгрөг, 550 ам.долларын зээлийн гэрээ тус тус бичгээр байгуулагдсан нь баримтаар тогтоогдсон./хх 4-5/

Анхан шатны шүүхээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 1 800 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1 800 000 төгрөгийг зээлж авсан талаар тайлбарласан. /хх18-19/ Мөн хариуцагч нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөгийг Л.Б-гаас хууль зүйн туслалцааны хөлсөнд авсан боловч түүнтэй хамтран ажиллахад бэрхшээлтэй байсан талаар тайлбарлажээ.

Хэргийн 27-32 дугаар талд авагдсан дансны хуулгаас үзэхэд Л.Б- нь Ч.С-гийн өмчлөлд 3 600 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь нотлогдсон талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүхээс 3 600 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 9 150 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гаргаагүй./хх145-146/ Хэдийгээр зохигчид энэ талаар гомдол гаргаагүй ч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийн хүрээнд талуудын зээлийн тооцооллыг шалгаж үзвэл 3 600 000 төгрөгийн 6 хувийн хүү нь сард 216 000 төгрөг бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2 удаа хугацаа сунгасан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл тооцож үзвэл 4 320 000 төгрөг байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 7 дугаар сарын 24-нд 2 000 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 19-нд 2 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарласныг анхан шатны шүүхээс Ч.С- 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг 2018 оны 7 дугаар сарын 24-нд биелүүлсэн байх боломжгүй гэх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг төлсөн, 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар гэрээний хугацаа дуусаагүй байсан бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлд талууд гэрээнд заасан хугацаанд зээлээ хүүгийн хамт төлөхөөр заажээ. Нэхэмжлэгчийн төлвөл зохих нийт хүү 4 320 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг хасч тооцоход 2 320 000 төгрөгийн хүү, 3 600 000 төгрөгийн зээл нийт 5 920 000 төгрөгийн үүрэг үлдэж байх бөгөөд талууд гэрээндээ анзын талаар тохиролцсон тул 50 хувиар анз тооцоход 2 960 000 төгрөг нийт 8 880 000 төгрөгийн үүрэг үлдэж байна. Гэвч анхан шатны шүүхийн тооцоолол, дүгнэлт зэрэгт хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ.

Мөн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй байна.

Зохигч 550 ам.долларыг нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн эсэх, өмгөөллийн хөлсөнд авсан гэх 1 000 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид буцаан төлсөн эсэхэд маргаантай байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх учиртай. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд 550 ам.долларыг хариуцагчид шилжүүлэн өгсөн нь гэрээний сунгалт, ам.долларыг шилжүүлсэн бичилтээр нотлогдоно гэж тайлбарласан.

Хэргийн 5 дугаар талд авагдсан гэрээний ар талд хийсэн бичилтээс үзэхэд 550 ам.доллар хүлээн авав гэсэн бичвэрийн ард хүлээн авагчийн гарын үсэггүй, уг бичвэрийг Ч.С- үйлдсэн гэх нотлох баримтгүй, талууд гарын үсгийн шинжээч томилуулахаар хүсэлт гаргаагүй зэргээс дүгнэхэд 550 ам.долларыг зээлдүүлсэн нь нотлогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо x.x-18 дугаар талд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ч.С- шүүхэд гаргасан тайлбартаа 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1 800 000 төгрөг болон 550 ам долларыг зээлийн гэрээ байгуулж, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төгрөгийг зээлийн гэрээгүйгээр дансаар зээлж авсан нь үнэн. Уг зээлүүдийг 7 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй авсан болно гэж хүлээн зөвшөөрсөн гэх боловч удаа дараагийн тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа хариуцагч 550 ам.долларыг аваагүй гэж маргажээ. Нотлох үүргийн хуваарилалтаар 550 ам.долларыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгснөө эргэлзээгүйгээр баримтаар нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдох бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дүгнэлт хийхдээ 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 550 ам.долларын гэрээг хууль ёсны шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн гэжээ. Гэрээ хүчин төгөлдөр байгуулагдах, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх нь тусдаа өөр ойлголтууд юм.

Харин хариуцагч нь 1 000 000 төгрөг өмчлөлдөө шилжүүлэн авсан боловч хөлсөөр ажиллах гэрээ биелэгдэх боломжгүй болсон талаар тайлбарласан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс татгалзсан тул өгсөн авснаа харилцан буцаах үүрэгтэй.

 

Хариуцагч Ч.С- нь дээрх 1 000 000 төгрөг зээлийн 3 600 000 төгрөгт багтаан бичигдээд зээлийн үүрэгт тооцсон буюу талууд үүргийг сольсон гэх агуулгатай тайлбар гаргасан боловч уг үйл баримт нь Л.Б-гийн дансны хуулгаар няцаагдсан тул 1 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

 

 

Нэхэмжлэгч 3 600 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 9 150 000 төгрөг, хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдсаны үр дагаварт 1 000 000 төгрөг тус тус шаардсан. Хэдийгээр анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт 8 880 000 төгрөг гаргуулахаар байхад 9 150 000 төгрөг буюу 270 000 төгрөг илүү гаргуулсныг хариуцагчийн төлвөл зохих 1 000 000 төгрөгөөс хасч тооцох нь өөр өөр үндэслэл тооцооллоор шаардсан нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хамаарахгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчих юм.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 1 000 000 төгрөг гаргуулж, 5 50 ам.доллар буюу 1 567 600 төгрөг, хүү 1 598 952 төгрөг, алданги 1 583 276 төгрөг нийт 4 749 828 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй. Анхан шатны шүүх 5 50 ам.долларын зээлийн гэрээгээр гарсан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 4 749 828 төгрөг байхад 4 749 328 гэж 500 төгрөгөөр тоцооллын алдаа гаргажээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан 5 50 ам.доллар хариуцагчид шилжүүлсэн нь нотлогдож байгаа гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөг хангагдаж байгаатай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад болон хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлтийг оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/01419 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ч.С-өөс 10 150 000 /арван сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4 749 328 /дөрвөн сая долоон зуун дөчин есөн мянга гурван зуун хорин найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

3 дах заалтын 161 350 /нэг зуун жаран нэгэн мянга гурван зуун тавин/ гэснийг 177 350 /нэг зуун далан долоон мянга гурван зуун тавин/ гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД