| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0404/Э |
| Дугаар | 445 |
| Огноо | 2018-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гансугар,
улсын яллагч Б.Гүнсэл,
хохирогч Н.Э-,
шүүгдэгч С.Э-, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн /ҮД:0-243/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж- овогт С-гийн Э-т холбогдох эрүүгийн 1810002140494 дугаартай, 187/2018/0404/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ж- овогт С-гийн Э- /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Э- нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын урд талын уулын энгэр хэсэгт Н.Э-той маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Э- нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын урд талын уулын энгэр хэсэгт хүмүүсийн гулгаж байсан хэсгээр машинтайгаа явсны улмаас хүмүүстэй маргалдаж байхад нь “чи одоо болиоч ээ чиний буруу шдээ, машинаасаа бууж ирээд уучлалт гуйчихаж болно шдээ” гэсэн зүй ёсны шаардлага тавьсан Н.Э-од “чамд хамаагүй” гэж хэлэн түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч С.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Тухайн үед би машиндаа хүнд өвчтэй хүмүүстэй явж байсан учир хүмүүсээс зайтай сууя гэж бодоод километр гаруй зайтай зогсож байхад хүмүүс хөөж туугаад, жирэмсэн эхнэрийг минь элдвээр хэлээд байсан...Шинжилгээ хийлгэсэн зардлыг төлсөн...Хохирогчид өвчин намдаах эмийн зардал 18.500 төгрөг, нарийвчилсан шинжилгээ өгөх 120.000 төгрөгийн зардал зэргийг төлсөн...Гэм буруутайгаа маргахгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Н.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 13-нд Буянт-Ухаагийн хуучин товчоонд эхнэр, хүүхдүүдтэйгээ чаргаар гулгаж байсан. Тухайн үед шүүгдэгч хүүхдүүдийн гулгаж байгаа газартай машинтайгаа хэт ойрхон яваад, гулгаж буй хүүхдүүд түүний машиныг мөргөж зогссон. Тэгэхэд тэр хавьд байсан хүмүүс шүүгдэгчид шаардлага тавихад тэдгээр хүмүүс рүү “та нарыг дайрчихаагүй биз дээ” гэж дайрч, давшиж байсан. Шүүгдэгч тэдгээр хүмүүсээс өндөр, том биетэй хүн. Тэр үед би 2 охиноо авахаар явахдаа шүүгдэгчийн хажуугаар гарсан. Хажуугаар нь гарахдаа “чи эр хүн байж уучлалт гуйхад болно шүү дээ” гэж хэлэхэд “чамд хамаагүй, пизда минь” гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ эхнэртээ өгөөд эргээд харахад намайг шүүгдэгч цохисон. Надад эмчилгээний зардалд зураг авахуулах 120.000 төгрөг өгсөн, өвчин намдаах лаа авах мөнгийг мөн өгсөн. Надтай эвлэрэх санал тавьж байгаагүй, надаас уучлалт гуйгаагүй...2.251.000 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилж байгаа...Тухайн 138.500 төгрөгийн зардал нь шүүгдэгчээс гарсан. Харин дээрх зардал нь зөвхөн надаас гарсан учир багтахгүй...Одоо эмчийн хяналтанд байдаг. Хөнгөн гэмт хэрэг гэж байгаа хэдий ч энэ гэмтэл хор уршигтай. Эрүү ясны хугарал бороолж эдгэрдэггүй. Миний нүдэнд яс орлуулагч хийсэн байгаа. Даарсан, ядарсан үед өвддөг. Эмч нар 100 хувь эдгэрнэ гэдэг баталгаа хэлэхгүй гэж байсан...Шүүгдэгчид хандаж хэлэхэд цаашид жудагтай байгаарай гэж хэлмээр байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Н.Эрдэнцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчим Буянт-Ухаа 2 хорооллын зүүн хэсэгт уулын энгэр хэсэгт гэр бүлийнхэнийхээ хамт чаргаар гулгаж байсан юм. Тэр үед хүмүүсийн гулгадаг хэсгээр 08-84 УБП улсын дугаартай хар өнгийн Харриер маркийн машин...яваад цаашилсан. Тухайн үед тэр машиныг хүмүүс хараад дургүйцлээ илэрхийлж байсан. Тэгээд тухайн машин нь уулын зүүн хэсэг рүү очоод зогссон. Ингээд тэнд байсан хүмүүс ардаас нь очиж дургүйцсэн сэтгэлээ илэрхийлээд маргалдаад байж байсан ба их хүмүүс овоорчихсон байж байсан. Энэ үед би өөрийнхөө машин дотор өөрийн бага хүүг хооллоод байж байсан...тэр хар машины жолооч С.Э- гэх залуу их аархуу машинаасаа бууж ирээд хүүхнүүд рүү дайраад л орилоод л байсан юм. Тэгээд би хүүхдээ хооллож дуусчихаад уулын энгэр хэсэг рүү явж гулгаж байсан хүүхдүүдээ авахаар явах замдаа С.Э- гэх залууд хандаж чи одоо болиоч ээ чиний буруу шдээ, машинаасаа бууж ирээд уучлалт гуйчихаж болно шдээ гэсэн чинь чамд хамаагүй гээд над руу хашгираад л байсан. Ер нь тэр хүмүүс бас С.Э- гэх залуу руу орилоод байсан. Тухайн үед би өөрийнхөө бага хүүг тэвэрчихсэн явж байсан бөгөөд эхнэртээ хүүхдээ өгчихөөд эргээд харах зуур миний зүүн нүд рүү нэг удаа яг аль гараараа цохисон талаар мэдэхгүй байна цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс С.Э-ыг холдуулаад байж байсан чинь миний нүд гэнэт хөндүүрлээд явчихсан юм. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...Тэр зулуу тухайн уулын яг хүн гулсдаг хэсгээр машинтайгаа явснаас л болж асуудал үүссэн бөгөөд тэр залуу тэгээд өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч хүмүүсээс уучлалт гуйлгүйгээр чамайг дайрчихаагүй байна, хүмүүс үхчихээгүй байна гэж орилж байсан нь надад сонсогдсон...Би яг тухайн үед нүд рүүгээ цохиулсан гэж шүүх эмнэлэгт үзүүлэн юм. Харин одооо хагалгаанд орсоны дараа зүүн талын нүд давхаралдаж харагдаад толгой эргэж дайвалзаж байна...Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...Надад бодит хохирол 2.192.860 төгрөг учирсан...Тэр хүний зүгээс нэг удаа томографикийн зураг 120.000 төгрөгөөр...мөн өвчин намдаах эм гээд 18.500 төгрөгийн эм авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 14-15, 16-17, 34-35/
4. Гэрч Н.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчим Буянт-Ухаа 2 хорооллын зүүн хэсэгт уулын энгэр хэсэгт гэр бүлийнхэнийхээ хамт буюу нөхөр Н.Э-, 3 хүүхдийнхээ хамт агаарт гарч чаргаар гулгахаар явж байсан юм. Тухайн үед нөхөр Н.Э-той хамт бага хүүгээ өөрийнхөө машин дотор хооллоод сууж байх зуур хар өнгийн Харриер маркийн автомашины жолооч С.Э- гэх залуу яг хүмүүсийн гулгаж байсан газраар...дундуур нь явсан юм. Тухайн үед тэнд байсан хүмүүс их уурлаж бухимдаж тухайн машины жолооч дээр нь зогсчихсон байхад нь очиж байсан харагдсан. Тэнд их олон хүмүүс овоорсон байдалтай, С.Э- тэр хүмүүсийн дунд ганцаараа орилоод зогсож байсан юм. Тэгээд нөхөр бид хоёр бага хүүгээ хооллож дуусаад уулын хэсэг рүү явж байхдаа тэр овоорсон байсан хүмүүсийн орчим очоод манай нөхөр С.Э-т хандаж чиний буруу ш дээ чи уучлалт гуйчихад яадаг юм бэ гэсэн чинь С.Э- чамд ямар хамаатай юм бэ энэ тэр гээд орилоод байсан юм. Тэгээд тухайн үед манай нөхөр 1 нас 2 сартай хүүгээ тэвэрчихсэн зогсож байсан бөгөөд надад хүүгээ өгчихөөд эргээд харах хооронд С.Э- манай нөхрийг цохиж байгаа юм шиг харагдсан юм. Манай нөхөр хойшоо ухраад зогссон. Тэгээд харахад манай нөхрийн зүүн талын нүд нь улайчихсан байсан юм. Ингээд жаахан байж байгаад амнаас бага зэргийн цус гараад байсан. Ингээд цагдаа дээр ирцгээсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1523/-ний дүгнэлт:
-Н.Э-ын биед зүүн нүдний ухархайн доод ханын гүн цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлэр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
-Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-ийн 38-39/
6. Хэргийн материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №731:
-Магадлуулагч Н.Э- нь 2018.01.18-ны өдөр зүүн нүдний ухархайн мэс засалд орсон нь шинжээч эмчийн 2018.01.15-ны өдөр гаргасан №1523 дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй.
-Н.Э-ын биед зүүн нүдний ухархайн доод ханын гүн цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн мэс засал хийгдсэн байдал бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 45-46/
7. Шүүгдэгч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би гэрийнхэнтэйгээ агаар салхинд гарч цасан дээр гулгах гэж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын урд талын уулын энгэрт очсон. Тэр үед би эхнэрийн эзэмшилд байдаг 08-84 УБН улсын дугаартай хар өнгийн Хариер маркийн машинтай явж байсан. Зогсох газар хайгаад гулгаж байгаа хүмүүсийн хажуугаар машинтайгаа гарчихсан юм. Тэгтэл тэнд гулгаж байсан хүмүүс надруу болон манай эхнэр рүү хэл амаар доромжилж дайрсан. Тэр хүмүүстэй маргалдаж байхад Н.Э- гэх залуу ирсэн. Тэр залуу намайг мөн хэл амаар доромжлоод байхаар нь түүнтэй маргалдсан...би түүнийг нүүр рүү нь гараараа түлхэтэл нүд гэмтчихлээ гэсэн. Түүний нүдийг нь гэмтээсэн үйлдлээ би хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Би 120.000 төгрөгөөр нүднийх нь зургийг авахуулж, 18.500 төгрөгөөр эм авч өгсөн. Одоогийн байдлаар өөр хохирлын мөнгө төлж барагдуулаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Э- нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1523/-ний дүгнэлт, хэргийн материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №731 зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч С.Э- нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын урд талын уулын энгэр хэсэгт хүмүүсийн гулгаж байсан хэсгээр машинтайгаа явсны улмаас хүмүүстэй маргалдаж байхад нь “чи одоо болиоч ээ чиний буруу ш дээ, машинаасаа бууж ирээд уучлалт гуйчихаж болно ш дээ” гэсэн зүй ёсны шаардлага тавьсан Н.Э-од “чамд хамаагүй” гэж хэлэн түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж биед нь зүүн нүдний ухархайн доод ханын гүн цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Э-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 2.251.586 төгрөгийг нөхөн төлсөн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогч Н.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эмч нар 100 хувь эдгэрнэ гэдэг баталгаа хэлэхгүй гэж байсан...Шүүгдэгчид хандаж хэлэхэд цаашид жудагтай байгаарай гэж хэлмээр байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчийн хувийн байдал /...39 настай,...эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э-т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч С.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч Н.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Хөнгөн гэмт хэрэг гэж байгаа хэдий ч энэ гэмтэл хор уршигтай. Эрүү ясны хугарал бороолж эдгэрдэггүй. Миний нүдэнд яс орлуулагч хийсэн байгаа. Даарсан, ядарсан үед өвддөг. Эмч нар 100 хувь эдгэрнэ гэдэг баталгаа хэлэхгүй гэж байсан...” гэж мэдүүлж /шүүх хуралдааны тэмдэглэл/ байгаатай холбогдуулан түүнийн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлъя.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж- овогт С-гийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж- овогт С-гийн Э-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э-т оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. С.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Э-т сануулсугай.
6. Хохирогч Н.Э- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР