Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 447

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа /ҮД:0-377/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- нар овогт Г-ын У-д холбогдох эрүүгийн 1810009780302 дугаартай хэргийг, 187/2018/0433/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Төв аймгийн Баянцагаан сум, 5 дугаар баг, 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсэг 4-35 тоотод түр оршин суух, урьд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн 154.1 /Бусдын эд хөрөнгө хамгаалахад хайнга хандах/ дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцогдож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1  хоногийн баривчлах ял шийтгүүлж, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Т- нар овогт Г-ын У- /РД:УВ79100319/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсгийн 4-45 тоотод оршин суух иргэн Б.Оюунхүүгийн гэрийн цонхны салхивчаар хууль бусаар нэвтрэн орж, 5 кг ямааны мах, нурууны хаш чулуун аппарат зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 123.500 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсгийн 147 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.М-ыг зодож биед нь халдсан,

            2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн 147 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.М-ыг ээжийнх нь өгсөн хүнсний бүтээгдэхүүнийг хаялаа гэх шалтгаанаар нүүрэнд нь цохиж, өгзөг хэсэгт чулуугаар онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн 147 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Мыг цагдаад зодсон гэж мэдүүлэг өглөө гэх шалтгаанаар баруун гарын бугалга хэсэгт гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:   

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсгийн 4-45 тоотод оршин суух иргэн Б.Оюунхүүгийн гэрийн цонхны салхивчаар нэвтрэн орж, 5 кг ямааны мах, нурууны хаш чулуун аппарат зэрэг эд зүйлийг хулгайлан авч 123.500 төгрөгийн хохирол учруулсан,  

            Мөн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрүүдэд  Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсгийн 147 тоотод хамтран амьдрагч Э.М-тай ээжийнх нь өгсөн хүнсний бүтээгдэхүүнийг хаялаа, цагдаад зодсон гэж мэдүүлэг өглөө гэх шалтгаанаар маргалдан нүүрэнд нь цохих, өгзөг хэсэгт нь чулуугаар онох, баруун гарын бугалга хэсэгт гараараа цохих зэргээр биед нь халдан 3 удаа буюу удаа дараа зодсон болох нь:  

1. Шүүгдэгч Г.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...Миний буруу үйлдэл. Цагдан хорих байгууллагад хоригдож байх хугацаанд их зүйлийг ухаарсан...Архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж эдгээр үйлдлийг гаргасан. Цаашид согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй...Маргах зүйлгүй...Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэв...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Б.Оюунхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсэг 4-45 тоотод ганцаараа амьдардаг. 2 жилийн өмнөөс манай охин Урантуяа надтай хамт амьдарч байна. Миний бие муудаад эмнэлгээр явахаар болсон учраас манай том охин Уранчимэг  2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хотод манайд ирчихсэн байсан юм. Манай 7 дахь хүүг маань Г-ын У- гэдэг. У- нь мэдлэг боловсрол байхгүй, архи их ууж намайг их зовоож байгаа. Байх байхгүй үед гэрт ирээд гэрээс зарж борлуулчихаар зүйл байвал хулгайлаад аваад явчихдаг юм. 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 4 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд би Госпиталын эмнэлэгт хэвтэж эмчлэгдэж байгаад гарч ирсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байх хооронд гэрт манай Урантуяа үлдсэн. 16-ны орой би эмнэлгээс гараад гэртээ 21 цагийн үед ирсэн. Ирэхэд Урантуяа ээж гал тогооны цонхны салхивч онгойчихсон, ялаа, шумуулны хамгаалалтын торыг аваад хаячихсан, хулгай ороод гэрээс хөлдөөсөн мах, нурууны аппарат алга болчихсон байна гэж хэлсэн. Тухайн үед бид нар У-г л хулгай хийгээд явчихаж гэж сэжиглэсэн. Тэр л дандаа байхгүй үед ирж хулгай хийчихдэг юм. Урьд өмнө бол бид нар цагдаад өргөдөл өгч цагдаад өгч шалгуулж байгаагүй. Одоо бол энэ гэрээс хулгай хийгээд байгаа асуудлыг нь цагдаагаар шалгуулж, хуулийн дагуу арга хэмжээ тооцуулмаар байна. Миний зүгээс их гомдолтой байна. Намайг үхэхээс өмнө л У-д хуулийн дагуу арга хэмжээ ял шийтгэл оногдуулж өгвөл би их баярлахаар байна. Би энэ хүүхдээс болж маш их зовж байна. Тайван ч байж чадахгүй байна. Түүний эзэмшлийн нэг ширхэг ч зүйл манай гэрт байхгүй. Байшингийн цонхыг хаагаад цоожилчихсон байхад торыг нь авч хаяад салхивчийг нь онгойлгоод нэвтрэн орж хулгай хийсэн байна. Саарал хөргөгчний дээд талын хөлдөөгчинд шулж хийсэн ямааны мах, мөн орон дээр байсан нурууны аппаратыг хулгайлж авч явсан байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12/

3. Хохирогч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сараас эхлэн Г.Утай гэр бүлээ батлуулалгүйгээр хамт амьдарч эхэлсэн ба 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр У- ээжийнхээ гэрт очоод ирнэ гэж яваад орой ирэхдээ архи уучихсан 18 цагийн үед хашаандаа орж ирээд нэг танихгүй хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгэхээр би яваад очтол “ээж нь өгсөн” гээд хонины цувдай барьчихсан байхаар нь түүнийг архи уучихлаа гэж уурлаад уурандаа авчирсан цувдайг нь хашаандаа хогийн саванд хаячихсан юм. Тэгтэл У- чи манай ээжийн өгсөн юмыг хаячихдаг яадаг пизда вэ, чи цувдай иддэггүй том юм уу гээд гараа атгаж байгаад миний зүүн шанаа, нүд хэсэгт нэг удаа цохиод баруун гарнаас татаад гэрт ор гээд байхаар нь би зугтаахад миний хойноос чулуу шидээд зүүн өгзөг хэсэгт оносон. Өмнө нь У- 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаднаас согтуу орж ирэхээр нь би түүнд архи уулаа гэж ууралтал намайг зодох гэж дайраад гутлаа шидээд нуруунд онож байсан. Тэгээд би гэрээс зугтаагаад шөнө гудамжинд хоносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-91, 92-93, 94-95, 204-205/

            4. Гэрч Г.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дүү У- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, сүүлийн жилүүдэд байнга архи ууж байгаа, архи уухаараа их ууртай, ширүүн догшин авиртай болдог. Өнөөдөр би ээжтэй хамт эмнэлэг явчихаад хүрээд ирсэн чинь манай ээжийн байшингийн цонхны хаалтыг нь түлхэж ороод дотроос нь эд зүйл хулгайлчихсан байсан. Эд зүйлсээ бүртгэж үзэхэд ээжийн нурууны аппарат, 5 кг ямааны мах алга болсон байсан. Энэ хэргийг У- л хийсэн байх гэж бид нар бодож байгаа. Түүнээс өөр ээжийн гэрээс хулгай хийх хүн байхгүй. Ээжийг дандаа дээрэлхэж, эд зүйлсийг нь байх байхгүйд нь авч байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/

            5. Гэрч Г.Урантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсгийн 45 тоотод ээж Б.Оюунхүүг хараад  2 жил болж байна. Өнөөдөр би 8 цагийн үед ажилдаа яваад орой 18 цаг 25 минутын үед гэртээ ирэхэд гал тогооны өрөөний цонх онгорхой, ялаа шумуулны торыг нь галын зуух руу хийсэн байсан. Тэгээд гэрээс алдаж болох эд зүйлсээ бүртгэхэд 150.000 төгрөгийн үнэтэй, нурууны аппара, 35000 төгрөгийн үнэтэй 5 кг ямааны цул мах алдагдсан байсан. Тэгээд би дүү У-г хулгай хийснийг мэдсэн. Манай дүү У- нь байнга эд зүйл хулгайлаад архинаас өгчихдөг. Манай ээж, эгч нар болон би У-гаас их айж, байнгын сэтгэл санааны айдастай байдаг ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/

            6. Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 6-10 насны 2 хүүхдийнхээ хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо шувуун фабрикийн 7 дугаар хэсэгт амьдардаг. 2017 оны 5 дугаар сард би У-тай танилцаж, түүнээс хойш манай гэрт  хамтран амьдрах болсон. Бид хоёр дундаасаа үр хүүхэд байхгүй, албан ёсоор гэр бүл болоогүй. Би ээжээс нь тэр талаар сонссон. У- гэрт ямар ч юм авч ирээгүй. Би өдөр нь гэртээ байгаагүй, хотын төв рүү ээжийн бие муудаад явчихсан байсан. Орой ирэхэд бол гэрт гаднаас юу ч байгаагүй. Ээж нь манайхаас 2 төрлийн зүйл хулгайлаад аваад явчихсан байна гээд байсан. Ман, нурууны аппарат гэсэн. Тэр хоёр зүйлийг У- намайг гэрт огт авч ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/

            7. Гэрч Э.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын сүүлээр Э.М- манай гэрт орж ирээд У- намайг зодчихлоо гээд нүүр нь хавдаж хөхөрсөн байдалтай, нуруу нь хөхөрсөн байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би маргааш нь У-д “чи яахаараа хүний хүүхдийг зодоод байдаг юм” гээд загнахад “ Цээгий эгчээ энэ чинь өөрөө намайг орон гэргүй гээд хэл амаар доромжлоод байхаар нь цохиод өшиглөчихсөн юм” гэж хэлсэн. Өмнө нь нилээн удаа зодож байсан талаар сонсож байсан. Хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сард зодуулсан талаараа надад хэлсэн. Г.У нь Төв аймгаас ирэхдээ л их эвдэрчихсэн их ууртай, архи байнга уудаг болсон ба ер нь л байнга архи ууж Мөнхзулд агсам тавьж харагддаг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100/

            8. Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Мах, Ямааны цул...27.500,...Аппарат, Хаш чулуун, нурууны 2017 онд авсан...96.000...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 123.500 /нэг зуун хорих гурван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” /хх-ийн 26-27/

            9. Аюулын зэргийн үнэлгээний маягт: “...Эрсдлийн үнэлгээ...дунд...” /хх-ийн 59/

             10. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 84-86/

            11. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4275/-ний дүгнэлт:

                        -Э.М-ын биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн гарын бугалга, зүүн өгзөг, баруун хөхний доод хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 102/

            12. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 131 дугаартай шийтгэвэр /хх-ийн 145/

            13. Шүүгдэгч Г.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....би ээжийн байшингийн гал тогооны өрөөний модон том цонхны салхивч онгорхой, гадна талаараа ялааны тортой байхаар нь ялааны торыг татаж авч цонхоор дотогш орсон. Тэгээд хөргөгчнөөс хөлдөөсөн хоолны мах авсан. Мөн орны доод талд нь байсан ээжийн нурууны аппаратыг авсан. Би хөлдөөсөн мах, нурууны аппаратаа аваад орж ирсэн цонхны салхивчаараа буцаж гарсан. Би 2017 оны 5 дугаар сараас Эрэнжингийн Мөнхзул гэх эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Бид хоёр Мөнхзулын шувуунд байдаг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсэг 2-107 тоот хашаанд гэр барьж амьдарсан. 2018 оны 3 дугаар сард яг он сараа бол сайн мэдэхгүй байна би нэг удаа Мөнхзулд гар хүрч зодсон. Яагаад гэвэл Мөнхзул тухайн үед надтай хэрэлдэж байгаад манай ээжийн өгсөн хонины тал махыг хогийн саванд хийж сүү байсныг асгачихсан. Тэгэхээр нь би уурандаа чи яахаараа ээжийн өгсөн юмыг хаяж байгаа юм бэ гээд гараараа түүнийг алгадчихсан. Гэтэл нэг талын шанаа нь хавдсан байсан. Гэрээс гараад гүйхээр нь би араас нь жижиг чулуу шидсэн. Чулуу түүний бөгсийг оносон..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48, 68-69, 125-129, 130, 198-199, 206-207/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.У нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн 154.1 /Бусдын эд хөрөнгө хамгаалахад хайнга хандах/ дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцогдож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1  хоногийн баривчлах ял шийтгүүлж, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 136, 137, 139-143, 213-217/-аар тогтоогдлоо.

            2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж зааснаар шүүгдэгч Г.Угийн ялгүй болох 5 жилийн хугацаа /хүндэвтэр гэмт хэрэг/ 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дуусахаар байх боловч 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчилагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4275/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.  

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

            Харин прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Г.У нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Э.М-ыг  2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрүүдэд биед нь халдсан, зодсон зэрэг нь дээрх хуульд заасан гэмт хэргийн /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн/ шинжид хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч У- нь хамтран амьдрагч, хохирогч Э.М-ыг 3 удаа зодсон үйлдэл бүхэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчлэх шаардлагагүй юм.   

            Иймд прокуророос шүүгдэгч Г.Уд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл хохирогч Э.М- нь шүүгдэгч Г.Утай 2017 оны 5 дугаар сараас эхлэн хамтран амьдарч хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн 147 тоотод хамтран амьдарч байсан, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээний маягт зэргээс үзвэл шүүгдэгч Г.У нь хохирогч Э.М-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Г.У нь хохирогч Э.М-ын эрх чөлөөнд удаа дараа халдаж зодож, цохиж байсан буюу 2017 оны 12 дугаар сарын 14, 2018 оны 3 дугаар сарын 28, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрүүдэд хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзсэн болно.

Тодруулбал шүүгдэгч Г.У нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсгийн 4-45 тоотод оршин суух иргэн Б.Оюунхүүгийн гэрийн цонхны салхивчаар нэвтрэн орж, 5 кг ямааны мах, нурууны хаш чулуун аппарат зэрэг эд зүйлийг хулгайлан авч 123.500 төгрөгийн хохирол учруулсаныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,  

            мөн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрүүдэд  Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсгийн 147 тоотод хамтран амьдрагч Э.М-тай ээжийнх нь өгсөн хүнсний бүтээгдэхүүнийг хаялаа, цагдаад зодсон гэж мэдүүлэг өглөө гэх шалтгаанаар маргалдан нүүрэнд нь цохих, өгзөг хэсэгт нь чулуугаар онох, баруун гарын бугалга хэсэгт гараараа цохих зэргээр биед нь халдан удаа дараа зодож биед нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн гарын бугалга, зүүн өгзөг, баруун хөхний доод хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх  бүрэн үндэслэлтэй байна.   

Иймд шүүгдэгч Г.Уг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.  

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Угийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан төлбөл зохих хохирол төлбөргүй гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч Б.Оюунхүүгийн шүүхэд ирүүлсэн “...миний хүү У-д хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 232/, хохирогч Э.М-ын шүүхэд ирүүлсэн “..нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул У-д хөнгөн ял оногдуулж өгнө үү....” гэсэн хүсэлт /хх-ийн 233/, шүүгдэгчийн хувийн байдал /...38 настай, эрэгтэй.../ зэргийг харгалзан үзээд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг хэрэглэх боломжтой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Уд тухайн заалтад заасан 2-8 жилийн хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр буюу 1-4 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 9 сарын хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Г.Угийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэе.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Г.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 9 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сарын хорих ялын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Г.Угийн гэмт хэргийн улмаас учирсан төлбөл зохих хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Г.Угийн эдлэх 1 жил 9 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

  Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.У нь энэ хэрэгтээ 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 159 хоног цагдан хоригдсон бөгөөд уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

1. Прокуророос Т- нар овогт Г-ын У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Т- нар овогт Г-ын У-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Т- нар овогт Г-ын У-г 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 9 /ес/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Г.Угийн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хорих ялын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Угийн эдлэх 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Угийн цагдан хоригдсон 159 /нэг зуун тавин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7.  Г.Уд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ

             ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР