Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 33

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Ө

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулах тухай” 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Х.Ө би Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 1 мандат бүхий Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр авсан болно. Миний бие сонгуулийн сурталчилгааны хугацаанд Сонгуулийн тухай хуулийн дагуу сурталчилсан компанит ажлаа явуулж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал хураалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт 2389 сонгогчийн санал авч хураалтын дүнгээр хамгийн олон буюу 1 дүгээрт жагсаж сонгогдсон. Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь Х.Ө намайг хүчин төгөлдөр болоогүй байгаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 82 тоот захирамжийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулах тухай” 62 дугаар тогтоол гаргаж нэр дэвшигч Х.Ө намайг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, төлөөлөгчийн мандатыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 160 дугаар зүйлийн 160.4-т заасныг тус тус ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр байна. 

Учир нь Х.Ө би Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 82 тоот захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасны дагуу Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг шийдвэрлээгүй байгаа. Уг хууль бус 62 дугаар тогтоолын улмаас Х.Ө миний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрх ноцтой зөрчигдөж, ард түмний өгсөн саналыг үгүйсгэх гэсэн бусармаг үйл ажиллагаа болж, олон мянган татвар төлөгчийн эрх хууль ёсны сонирхлыг хохироох шийдвэр гаргасанд гомдолтой байна. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дээрх хууль бус 62 дугаар тогтоолыг хүчингүй болсноор Х.Ө миний сонгогдох эрхээ хэрэгжүүлэх, улмаар надад итгэл хүлээлгэн сонгосон Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойргийн иргэдийн төлөөллийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Ө нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 1 мандат бүхий Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр авсан. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд Сонгуулийн хуулийн дагуу сурталчилгааны компанид ажлаа явуулж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал хураалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт 2389 сонгогчдын санал авч тухайн тойрогтоо санал хураалтын дүнгээр хамгийн олон буюу 1 дүгээрт жагссан. Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Х.Өыг захиргааны шийтгэвэр оногдуулсан захирамж хүчин төгөлдөр болоогүй байхад 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрсийн жагсаалтаас хасаж, төлөөлөгчийн мандатыг хүчингүй болгоод дахин сонгууль явуулах тухай 62 тоот тогтоол гаргасан байдаг. 

Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4, 160 дугаар зүйлийн 160.4-д заасныг тус тус ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр байна. Учир нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 82 тоот захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад хянан шийдвэрлүүлэхэд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тухайн асуудлыг шийдвэрлэхдээ Цагдаагийн байгууллагын зөрчил хянан шийдвэрлэх явцад хуульд заасан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гээд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй байна гэсэн дүгнэлт хийж буцаасан байна. 

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг хэлнэ гэж заасан байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Х.Өыг буруутгаж Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.15-д заасныг зөрчсөн гэх шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад хэт нэг талыг барьж тогтоол гаргасан нь хууль бус юм. 

Шүүхийн шийдвэр хүчинтэй байх, хүчин төгөлдөр болох гэдэг нь ялгаатай ойлголт байна. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болно. Харин хүчин төгөлдөр гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэр, эсвэл шүүгчийн захирамж дээр гомдол гаргах хугацаанд гомдол гаргаагүй болон давж заалдах гомдлыг хүлээж аваагүй байхыг хэлнэ. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийг биелүүлэхийг түдгэлзүүлнэ” гэж заасан байна. Сонгуулийн хорооны тогтоол гарахдаа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх заалтыг үндэслэсэн байгаа нь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнтэй холбоогүй байгаа юм. Мөн Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.4-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгч нэр дэвшигчийнхээ хувьд нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явагдана” гэж заасныг үндэс болгосон байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс залруулга хийж 160 дугаар зүйлийн 160.3 гэж хариу тайлбартаа хэлж байна. Хэрвээ Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь тогтоогдоод шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно.

 Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж заасныг баримталж байна. Нэгдүгээрт, хууль зүйн үндэслэл буруу. Хоёрдугаарт, тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад шийдвэрлэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны хурлын тэмдэглэлд 5 хүн дэмжсэн, 2 хүн дэмжээгүй гэж бичсэн байгаа. Хэн ямар санал өгсөн гэдэг нь тодорхойгүй. Ямар нэгэн байдлаар нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах гэсэн нь харагдаж байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Зөрчил гаргасан этгээд захиргааны шийтгэл ногдуулсан торгуулийн хуудас, шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дараах журмаар давж заалдаж болно” гэж заасан байна. Ямар нэгэн байдлаар нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах гэсэн арга гэдэг нь харагдаж байна.” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч Х.Ө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

Нэр дэвшигч Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйл баримтын талаар: Ардчилсан намаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Ө нь сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах хууль бус ажиллагааг идэвхтэй явуулж, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн учир Нийслэлийн Баянзүрх дүүргийн Монгол Ардын намаас нэр дэвшигч О.Мөнх-Эрдэнийн ерөнхий менежер П.А-ас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан болно. Уг зөрчлийг Цагдаагийн байгууллага шалгаад, нэр дэвшигч Х.Өыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж, захиргааны зөрчилд хариуцлага ногдуулах саналтайгаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэр дэвшигч Х.Өд холбогдох захиргааны зөрчлийн материалыг хянаж үзээд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 82 дугаар захирамжаар нэр дэвшигч Х.Өыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т заасан “мөнгө, эд зүйл тараах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж нэр дэвшигч Х.Өыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 192.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. 

Энэ нь Ж.Э, Ё.Б, Т.М, С.У, Б.Б, Б.Б, И.Х, Б.Н, Б.М нарын тайлбарууд болон бичлэг бүхий сидиний бичлэгүүд, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ. Ардчилсан намаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Ө сонгуульд ялахын төлөө хуулийн хүрээнд ажиллах үүрэгтэй. Гэтэл нэр дэвшигч Х.Ө сонгуульд ялахын тулд мөнгө санхүүгийн эх үүсвэрийг гаргаж, сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор сонгогчдод мөнгө тараасныг шүүх тогтоож, Х.Өыг нэр сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 192.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. Иймд Х.Өын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. 

Дахин сонгууль явуулах шийдвэрийн эрх зүйн үндэслэлийн талаар: О.Мөнх-Эрдэнэ 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн өргөдөлдөө “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Ө нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул тус тойрогт дахин сонгууль явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19-р тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь эрх зүйн дараах үндэслэлүүдэд тулгуурласан болно. Үүнд: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны хурал 7 гишүүний бүрэлдэхүүнтэй, 77.8 хувийн ирцтэйгээр хуралдсан тул шийдвэр гаргах эрх бүхий гишүүдийн ирцийн зөрчилгүй гэж үзнэ. Нэр дэвшигч Х.Ө шадар нь субъектийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5-д заасан “аливаа этгээд”, “эрх бүхий этгээд”-д хамаарагдахын зэрэгцээ мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд хамаарагдаж байна. Иймд нэр дэвшигч Х.Ө болон түүний сонгуулийн штаб Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн. 

Тухайлбал, Нэрийн жагсаалтаас хасах үндэслэл нь Х.Ө сонгогчдын санал татах зорилгоор сонгогчдод нэр дэвшигч мөнгө тараах ажлыг санаачлан зохион байгуулсан, мөнгө хөрөнгө гаргасан, тараасан үйл баримтад шүүх дүгнэлт хийж, зөрчил гаргасан гэж үзэж, нэр дэвшигч Х.Өыг 192.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэр дэвшигч Х.Өыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахаар шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт “Сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэрийн жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явуулна.”, мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт “Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна” гэсэн заалтыг үндэслэсэн. Дээрх үндэслэлээр Сонгуулийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Х.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч, энэхүү тайлбарыг гаргалаа.

Мөн Сонгуулийн тухай хуулинд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх шийдвэрийн төслийг өргөн барьдаг. 2016 оны 11 дүгээр сарын эхний хэсэгт Х.Өын нэр хүлээн зөвшөөрүүлэх төсөлд орсон байдаг боловч дараа нь өрсөлдөгч Монгол Ардын намын нэр дэвшигчийн зүгээс гаргасан гомдлын дагуу Эрүүгийн хэргийн шүүхээс хууль зөрчсөн гэдгийг тогтоосон. Үүний дагуу тухайн шүүхийн шийдвэрийг үндэслээд Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны зүгээс 62 тоот тогтоолыг гаргасан учраас хууль зөрчсөн ямар нэг үйлдэл байхгүй. Х.Өын нэрийг хүлээн зөвшөөрсөн төслийг Сонгуулийн хороо өргөн бариагүй биш учраас Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4-г үндэслэх нь зүйтэй юм. Давж заалдах гомдол гаргах боломж байсан гэдгийг Сонгуулийн хороо харах ёстой байсан гэдэг нь үндэслэлгүй юм. Эрүүгийн шүүхэд давж заалдах асуудал нь захиргааны шүүхийн маргаанд хамааралгүй бөгөөд Сонгуулийн хороо хөндлөнгийн байгууллага учраас бид зөвхөн ажлаа хийсэн. 

Хуралдааны тэмдэглэлийг харвал 9 гишүүний санал өгсөн байдал, тухайн хурлаар хэлэлцсэн асуудал зэрэг нь маш тодорхой байгаа. Материалтай бүрэн танилцаагүй байж худлаа тайлбар өгч болохгүй. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан байна. Хуралдааны эцэст олонхийн саналаар дэмжигдсэн. Ирцийн хувьд сонгуулийн хорооны 9 гишүүнээс 7 гишүүн ирсэн санал өгсөн гишүүдийн нэр тодорхой байгаа.  Нэхэмжлэгч талаас өнөөдрийг хүртэл хууль зөрчиж мөнгө тараасан гэдгийг үгүйсгэх ямар нэгэн нотлох баримт шүүхэд гаргаж өгдөггүй, үгүйсгэсэн тайлбар хэлдэггүй. 

Сонгуулийн тухай хуулийн гол агуулга нь мөнгө тарааж сонгогддог шударга бус явдлыг таслан зогсоох байдаг. Нэхэмжлэгч буюу Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Өлзийхорол нь мөнгө тараасан. Шүүх хуралдааны явцад мөнгө тараагаагүй гэдгийг нотлох баримт байхгүй гэдгээ хэлсэн. Шүүхийн шийдвэрээр мөнгө тараасан гэдэг нь тогтоогдсон байх бөгөөд буцаасан шүүхийн шийдвэр нь зөвхөн нэмэлт нотлох баримт цуглуулах юм. Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 62 тоот тогтоол нь хуульд нийцсэн. Бид нэг талын баримтыг үндэслэсэн биш хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэсэн нь Сонгуулийн тухай хуульд нийцсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Ө нь тус шүүхэд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан тус Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулах тухай” 62 дугаар тогтоолыг  хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгчөөс бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Х.Өоос Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад нэрсийн жагсаалтаас хассан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэр нь түүний сонгогдох эрх эрхийг зөрчсөн гэж маргаж, хариуцагчаас Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөнийг тогтоож, торгох шийтгэл ногдуулсан нь хуульд заасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл бүрдсэн гэж үзэж эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн гэж тайлбарлана.   

Нэг. Нэхэмжлэгч Х.Өын нэр дэвшигчийн болон төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухайд:

Нэхэмжлэгч Х.Ө нь Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолын  хоёрдугаар хавсралтаар баталсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн жагсаалтын 28 дугаарт буюу 1 мандат бүхий 19 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэгджээ. 

Хуулийн хугацаанд явагдаж өнгөрсөн сонгуулийн санал хураалтын дүнгээр  Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт санал өгсөн 4628 сонгогчоос 2389 сонгогч буюу 51.37 хувь нь Х.Өын төлөө санал өгснөөр тойрогтоо хамгийн олон санал авсан нэр дэвшигч болж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 61 дүгээр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай” тогтоолд  бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн 35 нэр дэвшигчийн 20 дугаарт нэхэмжлэгч бичигдсэн байна.    

Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 31.1.11 дэх хэсэгт зааснаар дүүргийн сонгуулийн хороо нь сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төслийг дүүргийн хуралд өргөн мэдүүлэхээр заасан байхад дээрх тогтоолд “...нэр дэвшигчдийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсүгэй.” гэсэн нь алдаатай болсныг дурдах нь зүйтэй байна. 

Учир нь сонгуулийн дүнгээр сонгогдсон нэр дэвшигчдийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1а-д зааснаар дүүргийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах тул  дүүргийн Сонгуулийн хорооны тогтоолд “...нэр дэвшигчдийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлсүгэй” гэж бичих нь зүйтэй байжээ.

2016 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр зохион байгуулагдсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх дугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болж, “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” А/01 тогтоолоор  тус дүүргийн 41 мандат бүхий 28 тойргоос хамгийн олон санал авсан 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгч Х.Ө нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 28 дугаартай төлөөлөгчийн үнэмлэхийг  авсан байна. 

Иймд нэхэмжлэгч Х.Өыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасч, төлөөлөгчийн үнэмлэхийг хүчингүй болгосон нь түүний нэр дэвшигчийн хувьд сонгогдох эрхийг, Хурлын төлөөлөгчийн хувьд хуульд заасан бүрэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

 Хоёр. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 06 хуралдааны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар: 

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 19 дүгээр тойрогт Монгол ардын намаас нэр дэвшсэн О.М*ас “дахин сонгууль явуулах” талаар өргөдлийг  Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд гаргажээ. О.Мөнхбаяр нь сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөний хувиар тус тойргоос хамгийн олон санал авч сонгогдсон Х.Өыг Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон гэх үндэслэлээр өргөдөл гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д “Өөрийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, сэргээн тогтоолгохоор сонгуулийн байгууллагад бичгээр болон амаар хандсаныг өргөдөл гэж ойлгоно.” гэж заасанд хамаарч байх хэдий ч мөн хуулийн 112 дугаар зүйлд заасан өргөдөлд тусгах болон хавсаргах мэдээллийг бүрэн хангаагүй байгааг тэмдэглэж байна.  

Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т зааснаар дүүргийн сонгуулийн хороо нь өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдлийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх эрхтэй байна.

 Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 “.........нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ.” 34 дүгээр зүйлийн 34.1.3 “..........дахин сонгууль.... явуулах ажлыг зохион байгуулах” заасан байх тул О.Мөнхбаярын өргөдөлд дурдсан “нэр дэвшигчээс хасах, дахин сонгууль явуулах” асуудал нь дүүргийн сонгуулийн хорооны эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудалд хамаарч байна.

Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ., 27.3-д “Сонгуулийн хорооны ажилтан, албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхисон, тасалсан, тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно.” гэж тус тус заасан байх тул О.М-ын өргөдлийг хэлэлцсэн гэх Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанд  нийт бүрэлдэхүүний 77.8 хувийн ирцтэйгээр хуралдаж, хуралдаанаас гарч явсан нэг гишүүний саналыг санал хураалтад оруулж тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлд хорооны гишүүдийн санал өгсөн байдал нэрээр  тэмдэглэгдээгүй нь хууль бус гэж маргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-д “Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлийг сонгуулийн төв байгууллагаас тогтоосон журмын дагуу хөтөлнө.” гэсний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам”-ын 2.3.”Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлд дараах зүйлийг заавал тусгана:, 2.3.6. “санал хураалтын томьёолол, зөвшөөрсөн, татгалзсан гишүүдийн нэр”,  2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Сонгуулийн хорооны хуралдааны дэг”-ийн 3.15. “Хорооны гишүүд саналаа илээр өгнө.” гэж тус тус зааснаас үзвэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар хуралдааны тэмдэглэл нь дээрх журамласан зохицуулалтыг хангаагүй байна.  

Гэхдээ энэ зөрчил нь сонгуулийн хорооны хуралдааныг болон тус хуралдаанаас гарсан тогтоолыг хүчингүйд тооцох хангалттай үндэслэл болохгүй болно. 

Гурав. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулах тухай” 62 дугаар тогтоолын эрх зүйн үндэслэлийн тухайд:

  Хариуцагч талаас сонгуулийн хорооны 62 дугаар тогтоол гаргах болсон эрх зүйн үндэслэлийг тайлбарлахдаа “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Захиргааны шийтгэл ногдуулах тухай” 82 дугаар захирамж нь Х.Өыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан зөрчсөн болохыг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр тул нэр дэвшигчээс хасах эсэх асуудал нь дүүргийн сонгуулийн хорооны эрх хэмжээний асуудал тул уг тогтоолыг гаргасан. Харин шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эсэх асуудлыг сонгуулийн хороо харгалзах шаардлагагүй” гэж тайлбарлаж байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “захиргааны шийтгэл ногдуулах тухай” 82 дугаар захирамжаар  нэхэмжлэгч Х.Өыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 “......мөнгө, эд зүйл тараах” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэж, мөн хуулийн 70.15 дахь хэсэгт зааснаар нэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 192.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” ойлгоно гэжээ. 

Үүнээс үзвэл нэгдүгээрт зөрчлийг шүүхээр тогтоосон байх, хоёрдугаарт шүүхийн шийдвэр /шүүгчийн захирамж/ хуулийн хүчин төгөлдөр болсон байх гэсэн хоёр нөхцөл бүрдсэн тохиолдолд нэр дэвшигчийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. 

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д ”Зөрчил гаргасан этгээд захиргааны шийтгэл ногдуулсан торгуулийн хуудас, шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дараах журмаар давж заалдаж болно.”, 3-д. “Давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийг биелүүлэхийг түдгэлзүүлнэ.” гэжээ. 

Гэтэл нэхэмжлэгчийн шүүгчийн захирамжид гомдол гаргах эсэх, шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон эсэхийг нягтлахгүйгээр зөвхөн өргөдөл гаргагчийн хүсэл зоригийг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.  

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 “Захиргааны акт, гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заасан байхад Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь О.М-ийн өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэхдээ өргөдөлд дурдсан асуудлын улмаас буюу өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Х.Өд мэдэгдэж тайлбар, саналыг нь сонсох, шаардлагатай гэж үзвэл сонгуулийн хорооны хуралдаанд оролцуулан асуудлыг шийдвэрлээгүй нь буруу болжээ. 

Нэгэнт Х.Өыг төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа нэр дэвшигчийнх нь хувьд нэрсийн жагсаалтаас хассан үндэслэл нь хууль бус байх тул нэрсийн жагсаалтаас хассаны улмаас үүсэх хууль зүйн үр дагавар буюу дахин сонгууль явуулахаар зарласныг зөвтгөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулах тухай” 62 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчим, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 “хууль дээдлэх” зарчмыг хангаагүй бөгөөд нэхэмжлэгч Х.Өын Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд заасан “сонгогдох эрх”-ийг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.  

Харин Х.Өыг Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд асуудлыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны хуралдаанаар дахин авч хэлэлцэн шийдвэрлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.     

 

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дах хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.4, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.4, 160 дугаар зүйлийн 160.4  дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Өын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан тус Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулах тухай” 62 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНГЭРЭЛ