Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0601

 

“М ц х” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, З.О, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Л.А, Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0504 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “М ц х” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Л.А, Ж.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0504 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.1, 271.6.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 16 дугаар зүйлийн 16.1.2, 17 дугаар зүйлийн 17.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.9, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.7, Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6, 17 дугаар зүйлийн 17.1, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7, 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг тус тус баримтлан “М ц х” ХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Л.А, Ж.Э нарын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 210022525 дугаар актаас гадаад ярианы төлбөрийг оршин суугч биш этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 42,429,205.70 төгрөгийн төлбөрийг хасаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар давж заалдах гомдолдоо: “...Шүүх дотоодын хэрэглэгч болон гадаад улсад байгаа хэрэглэгч хоорондын яриа нь дотоодын харилцаа холбооны компани гадаадын харилцаа холбооны компанитай хамтран гүйцэтгэж байгаа нэг үйлчилгээ гэж үзсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн дэмжиж шийдвэрлэсэн эсэх, хариуцагчийн татгалзлыг ямар үндэслэлээр, хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна. Шүүх компаниудын хооронд үзүүлж буй сансрын долгион дамжуулах үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах эсэх талаар тодорхой дүгнэлт өгөөгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасны дагуу “М ц х” ХК нь гадаад улсын харилцаа холбооны компани болох Япон улсын KDDI компаниас цахилгаан холбооны үйлчилгээ авч дотоодын хэрэглэгч нарт дамжуулан үйлчилгээ үзүүлж байгаа. Уг сансрын долгион дамжуулах үйлчилгээ нь Монгол Улсын хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын гэнэ” уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын  хэвлийн хил байна. Улсын хил халдашгүй дархан байна гэж тус тус заасны дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт оршин буй хэрэглэгч нарт дамжуулан үйлчилгээ үзүүлж байгаа учраас Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд хамаарах “М ц х” ХК-ийн гадаад карьерт өгч байгаа төлбөр нь нэр бүхий гадаад улсын компаниудын Монгол Улсын нутаг дэвсгэрт буюу “М ц х” ХК-д үзүүлсэн үйлчилгээний орлого юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Татварын ерөнхий газрын 2010 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 8/1862 дугаар албан бичгийн хувьд:

Аливаа нэг байгууллагын албан тушаалтан чиг үүргийнхээ хүрээнд хуулийг хэрэгжүүлэхийн тулд түүнийг тайлбарладаг. Харин тэрхүү тайлбар нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн эсэхэд шүүхийн зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай. Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл болгож буй албан бичгийн хууль зүйн үндэслэлийг хяналтгүйгээр дэмжих байдлаар дурдсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Шүүх “М ц х” ХК нь гадаад ярианаас олсон өөрийн орлогодоо татвараа үнэн зөв тодорхойлж , тогтоосон хугацаанд тайлагнасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох татварын тайлан, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж үндэслэхдээ хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тогтоогдож байна гэж үндэслэхдээ хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад юу гэж дурдагдсан талаар тодорхой дурдах ёстой бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хариуцагч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1.12-г үндэслэсэн хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж шийдвэрлэсэн. Ийнхүү үндэслэхдээ хариуцагч нь дээрх хуулийн заалтыг хэрхэн, ямар үндэслэлээр буруугаар тайлбарлан хэрэглэсэн талаар мөн дурдаагүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.4.9-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд болох Япон Улсын KDDI компаниас Монгол Улсын хуулийн этгээд болох “М ц х” ХК-ийн захилгаар “сансрын долгион дамжуулах үйлчилгээг” худалдан авч Монгол Улсын нутаг дэвсгэрт уг үйлчилгээг үзүүлж байгаа тул Монгол Улсын хуулийн этгээд болох “М ц х” ХК нь нэмэгдсэн өртгийн албан татварыг уг үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх үүрэгтэй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0504 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг хянаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 210022525 дугаар актаар “М ц х” ХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, “М ц х” ХК-ийг гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ 300598388 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төсөвт төлөөгүй зөрчилд 30059383.8 төгрөгийн татвар, 90 179.5 төгрөгийн хүү, 15029919.4 төгрөгийн торгууль ногдуулсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...хэрэглэгчээс нэг үйлчилгээний орлогод нийт дүнгээр 1, гадаад карьерт өгөх мөнгөнөөс дахин 1 удаа нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан тооцож байна. Сувгийн түрээс нь аль ч улсын нутаг дэвсгэрт хамаардаггүй сансар огторгуйд байрлах хиймэл дагуул ашигласны төлбөр бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, ажил, үйлчилгээ биш” гэж маргаж байна.

Үүнийг анхан шатны шүүхээс “...дотоодын хэрэглэгч болон гадаад улсад байгаа хэрэглэгч хоорондын яриа нь дотоодын харилцаа холбооны компани гадаадын харилцаа холбооны компанитай хамтран гүйцэтгэж байгаа нэг үйлчилгээ, ...татварын нэг нэгж” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, нэхэмжлэгч “М ц х” ХК нь гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүдээс сансрын долгион дамжуулах үйлчилгээг худалдан авч, Монгол Улсад оршин сууж буй иргэдэд “улс хоорондын гадаад ярианы үйлчилгээ”-г үзүүлдэг бөгөөд энэхүү үйлчилгээг үзүүлсний үр дүнд нэхэмжлэгчээс гадна тухайн сансрын долгион дамжуулах үйлчилгээг нэхэмжлэгчид худалдсаны хувьд гадаадад бүртгэлтэй хуулийн этгээдүүд мөн адил орлого олдог тул энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 7 дугаар зүйлийн 7.3-т “Дор дурдсан үйл ажиллагааг "бараа борлуулсан"-д хамааруулна” 7.3.5-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах”, 7.4-т “Дор дурдсан үйл ажиллагааг "үйлчилгээ үзүүлсэн"-д хамааруулна”, 7.4.9-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх” гэж заасан тохиолдолд хамаарахаар байна.

Гэтэл нэхэмжлэгч “М ц х” ХК нь гадаадад бүртгэлтэй хуулийн этгээдүүдээс дээрх үйлчилгээг авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа, ажил үйлчилгээний үнэ дээр нэмэн авч, төсөвт төлөх суутган төлөгчийн үүргээ биелүүлээгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 16 дугаар зүйлийн 16.1.2-т “Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх” гэж заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчээс “...сувгийн түрээс нь аль ч улсын нутаг дэвсгэрт хамаардаггүй сансар огторгуйд байрлах хиймэл дагуул ашигласны төлбөр, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, ажил, үйлчилгээ биш” гэж маргах боловч тухайн хиймэл дагуулыг эзэмшиж буй гадаадад бүртгэлтэй хуулийн этгээд нь Монгол Улсад оршин сууж буй этгээдэд суваг түрээслүүлж олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь нэг бараа, ажил үйлчилгээнд нэг удаа ногдоно гэх ойлголт байхгүй бөгөөд нэг бараа хэдэн удаа борлуулагдана, мөн удаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногддог тул энэ талаарх анхан шатны дүгнэлт үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0504 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 7 дугаар зүйлийн 7.3.5, 7.4.9, 16 дугаар зүйлийн 16.1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.9, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.7, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7, 6 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан “М ц х” ХК-ийн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Л.А, Ж.Э нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 210022525 дугаар актын Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр тогтоосон төлбөл зохих 50656341.75 төлбөрөөс 285221888.09 төгрөгийн зөрчилд ногдох 28522188.81 төгрөгийн нөхөн татвар, 14568624.40 төгрөгийн торгууль, 128480.83 төгрөгийн алданги, нийт 43219294.04 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                

 

 

ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН