| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0436/Э |
| Дугаар | 458 |
| Огноо | 2017-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч Г.Эсэн,
хохирогч З.Ц-,
шүүгдэгч Б.А-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б- овогт Б-гийн А-од холбогдох эрүүгийн 1810016770496 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б- овогт Б-гийн А- /РД:....../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А-нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вингс” гэх пабад 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр З.Ц-г цохиж түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.А-нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вингс” гэх пабад 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр З.Ц-тэй маргалдаж “найзыгаа өмөөрсөн” гэх шалтгаанаар хамар луу нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч З.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өглөө сагсан бөмбөг үзэх гэж сууж байхад маргаан болсон. Би зодолдсон хүмүүсийг салгаад сууж байхад намайг цохисон. Би эмчилгээний зардал нэхэхэд өгөөгүй. Дараа нь би Герман Улсад 7 хоногоор явж ирээд хагалгаанд орох гэхэд 2 удаа хойшлуулсан. Тэгээд би өөрөө зардлаа дааж хагалгаанд орсон ба 1.450.000 төгрөг гарсан. Тэгэхэд шүүгдэгч надад улсын эмнэлэгт 500.000 төгрөгөөр янзлуулдаг юм байна. Би чамд илүү мөнгө өгч чадахгүй, өөрөөр бол хуулийн байгууллагаар яв гэсэн болхоор би цагдаад хандсан. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр МЖЖ эмнэлэгт хагалгаанд орсон. Би эмчилгээний зардалаа гаргуулж авбал өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8358/-ний дүгнэлт:
-З.Ц--н биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй.
-Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 18/
3. Хохирогч З.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Вингс гэх пабад дөрвүүлээ орж нэг шил архи уусан ба Мэндбаяр, А- хоёр гэнэт хоорондоо муудалцсан ба би тэр үед А-ын хажууд сууж байхад гэнэт намайг шалтгаангүй цохисон...хагалгааны 1.250.000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн 80.000 төгрөг, шинжилгээний 60.000 төгрөг, угаалга, цэвэрлэгээ бусад зардал 60.000 төгрөг болсон..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15/
4. Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Вингс пабад Мэндбаяр бид хоёр 2 найзаасаа болж маргалдсан тэгсэн чинь хажуу талаас Цолмонхүү Мэндээг өмөөрч над руу хэл амаар дайраад байхаар нь би түүний хамар луу нэг цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А-нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8358/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.А-нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вингс” гэх пабад 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр З.Ц-тэй маргалдаж “найзыгаа өмөөрсөн” гэх шалтгаанаар хамар луу нь гараараа нэг удаа цохиж, З.Ц-гийн биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.А-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч З.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....1.450.000 төгрөгийг нэхэмжилж байгаа, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...34 настай, эрэгтэй, Номин Их дэлгүүрт хоолны газар ажиллуулдаг../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-од 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Б.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Хохирогч Б.А-ын нэхэмжилсэн 1.450.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А-оос 1.450.000 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Ц-д олгох нь зүйтэй.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Б-гийн А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овогт Б-гийн А-ыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-од оногдуулсан 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Б.А-од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.А-од сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч Б.А-оос 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч З.Ц-д олгосугай.
7. Хохирогч З.Ц- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР