| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2535001560240 |
| Дугаар | 2026/ДШМ/24 |
| Огноо | 2026-05-28 |
| Зүйл хэсэг | 16.7.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/24
С.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Т.Өсөхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/57 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн, С.М-т холбогдох, 2535001560240 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт С-ын М.
1. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.М нь Увс аймгийн Х сумын А багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн бага насны хүүхдүүд болох М.Лс, М.Лд, М.Ли, М.Лх нарыг “бурхандаа мөргө” гэж шаардан, биеийн хэсэгт нь эрхээр тус бүр 1 удаа цохисон, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “гэрээ цэвэрлэ, хувцсаа эвх” гэх зэргээр шалтаглаж, олон өнгийн уяагаар биеийн нуруу хэсэгт нь нэг нэг удаа цохиж, галд улайсгасан төмрөөр хайрч ална, түлнэ гэж айлгаж удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /Яллах дүгнэлтэд дурдсанаар/.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч С.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/57 дугаар цагаатгах тогтоолоор:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т тус тус заасныг баримтлан прокуророос шүүгдэгч С.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535001560240 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш овогт С-ын М-ыг цагаатгаж,
- шүүгдэгч С.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
4. Дээд шатны прокурор буюу Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Идэрмөнх давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлдээ: “...Шүүх нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/57 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” гэх үндэслэлд хамаарах шийдвэр гэж дүгнэж байна.
Учир нь шинжээч томилох, шинжилгээ хийлгэх нь мөрдөгч, прокурор, шүүгчид хуулиар эрх олгосон ойлголт бөгөөд хуулиар эрх олгоогүй байхад мөрдөгч, прокурорын шийдвэрээр шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргасан тул Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Н, мөн эмнэлгийн Мэдрэлийн их эмч Ц.Н, Сэтгэцийн их эмч Б.С нарын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт”, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Н, мөн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн их эмч Д.Д, Амбулаторийн тасгийн их эмч Ц.Н нарын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ”, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Патопсихологич Б.Т-ийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 113 дугаартай “Сэтгэлзүйн шинжилгээ”, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 49 дугаартай “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт”-үүдийг бүхэлд нь үнэлэх боломжгүй юм.
Мөн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт тусгагдсан Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Н, мөн эмнэлгийн мэдрэлийн их эмч Ц.Н, Сэтгэцийн их эмч Б.С нарын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт”-ийг цагаатгах тогтоолынхоо гол үндэслэл болгосон байх боловч уг 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай дүгнэлтэд шүүгдэгч С.М-ыг хэрэг хариуцах чадвартай эсэх талаар огт дурдаагүй байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/57 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
5. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Өсөхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Мөрдөгч, прокурор нь хууль зөрчиж, шинжээч томилсон байхад шүүх тухайн зөрчлийг арилгуулах, зөвтгүүлэх, зөрчлийг таслан зогсоох боломжтой байхад зөрчлийг таслан зогсоож, тухайн ажиллагааг зөвтгүүлээгүй байх бөгөөд мөрдөгч, прокурор, шүүгч нар нь хуулийг зөв ойлгож хэрэглэх нь “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэх ойлголтод хамаарах ба энэ нь “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчимд нийцнэ гэж үзэж байгаа.
Тодруулбал, сэтгэцийн холбогдолтой шинжээч томилуулах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2 зүйл, заалтаар зохицуулсан.
Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлд сэтгэцийн шинжилгээ хийлгэх асуудлыг тусгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “сэтгэцийн шинжилгээ хийх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг дараах тохиолдолд авна”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгоно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.2-т заасан тохиолдолд прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь хүсэлтээ шүүхэд гаргах бөгөөд шүүх үндэслэлтэй гэж үзвэл шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээ хийлгэх журмын 2 дахь хэсэгт “дараах тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ”, тус хэсгийн 2.4-т “бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох” гэж заасан. Тус зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээ хийлгэх журмын 2 дахь хэсгийн 2.4-т заасан үндэслэл тогтоогдож, шинжээч томилох тохиолдолд шүүгч, прокурор, мөрдөгч аль аль нь шийдвэр гаргаж болохоор ойлголт байна.
Гэтэл С.М-т холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээ хийлгэх асуудал биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж байгаа.
Прокуророос С.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөгч үүний дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг С.М-т танилцуулан яллагдагчаар мэдүүлэг авахад “би ямар хэрэг үйлдсэн талаараа санахгүй байна, миний сэтгэц хэвийн бус байна” гэх утга агуулгатай мэдүүлэг өгсөн. Үүнээс мөрдөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл илэрсэн гэж үзсэн. Тухайн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлд хамаарч байгаа.
Улмаар түүнийг хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол үйлдэж, эхний шинжилгээг 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хийлгэж шүүхэд өгөхөд энэ шинжилгээг эмнэлгийн нөхцөлд хийх ёстой байсан гэх агуулгаар хэргийг буцаасан. Хэрэг прокурорт очиход хяналтын прокурор яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл илэрсэн гэж үзээд нэмэлт шинжээч томилж, 2 удаагийн дүгнэлт гарсан.
Тухайн мөрдөгч, прокурор нар шинжээч томилоод байгаа үйлдэл нь мөрдөгч, прокурорт хуулиар олгогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинжилгээ хийлгэх нь мөрдөгч, прокурор, шүүгчид эрх олгосноор хийгдэх ойлголт. Энэ төрлийн сэтгэцийн шинжилгээг хийх хүсэлтээ шүүхэд гаргаж, шүүх хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шинжээч томилох асуудлыг шийдвэрлэх ёстой байтал шууд мөрдөгч, прокурорын шийдвэрээр шинжээч томилж, шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл байхад шүүх шийдвэрийнхээ гол үндэслэл болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хуульд нийцэхгүй байна гэж үзсэн. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн, эсэргүүцлээ дэмжиж байна.
Шүүхийн цагаатгах тогтоолын гол үндэслэл болж буй шинжээчийн дүгнэлтийн талаар тодруулахад, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Н, мэдрэлийн их эмч Ц.Н, сэтгэцийн их эмч Б.С нарын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд хэрэг хариуцах чадвартай эсэх талаар тусгаагүй байх тул уг дүгнэлтийг бүрэн бус, тодорхойгүй гэж үзэхээр байна.
Хууль зөрчсөн шийдвэрээр шинжээч томилж, дүгнэлт гаргасан, шинжээчийн дүгнэлт нь бүрэн бус гарсан гэх санааг давхар хэлж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/57 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн, шүүгдэгч С.М-т холбогдох, 2535001560240 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч С.М-ыг Увс аймгийн Х сумын А багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өөрийн бага насны хүүхдүүд болох М.Лс, М.Лд, М.Ли, М.Лх нарыг “бурхандаа мөргө” гэж биеийн хэсэгт нь эрхээр тус бүр 1 удаа цохисон, 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэрээ цэвэрлэ, хувцсаа эвх гэдэг зүйлээр шалтаглаж, олон өнгийн уяагаар биеийн нуруу хэсэгт нь нэг нэг удаа цохиж, галд улайсгасан төмрөөр “хайрч ална, түлнэ” гэж айлгаж удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж, хүүхэдтэй хэрцгий харьцсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.
3. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.М-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн байна.
4. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж чадаагүй байна гэж давж заалдах шүүхээс дүгнэв.
4.1. Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэгт чанд нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.
4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлд сэтгэцийн шинжилгээ хийлгэх журмыг тогтоосон байх бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох”,
- мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.2-т заасан тохиолдолд прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь хүсэлтээ шүүхэд гаргах бөгөөд шүүх үндэслэлтэй гэж үзвэл шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана” гэж,
- мөн зүйлийн 4-т “яллагдагчид сэтгэцийн шинжилгээг хийхдээ сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт тодорхой хугацаанд хэвтүүлж, эмчийн хяналтад байлгах бөгөөд тухайн эмнэлэгт байрлуулах шийдвэрийг шүүх гаргана” гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл, яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь хүсэлтээ шүүхэд гаргах, шүүх үндэслэлтэй гэж үзвэл шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах, энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн яллагдагчийг сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт тодорхой хугацаанд хэвтүүлэн эмчийн хяналтад байлгаж, сэтгэцийн дүгнэлт гаргахаар хуульчилсан байна.
4.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хуулийн заалтуудыг зөрчиж, мөрдөгч, прокурор нь яллагдагч С.М-ын сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл илэрсэн гэж үзэн, түүнийг хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор удаа дараа шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгч, прокурорын тогтоолууд үйлдэж, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Н, мэдрэлийн их эмч Ц.Н, сэтгэцийн их эмч Б.С нараар 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар дүгнэлтийг, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Н, сэтгэцийн тасгийн их эмч Д.Д, амбулаторийн тасгийн их эмч Ц.Н нараар 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр дүгнэлтийг, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн патопсихологич эмч Б.Т-аар 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 113 дугаартай “сэтгэлзүйн шинжилгээ”-г хийлгэж, улмаар мөн төвийн сэтгэцийн эмч Д.О, Д.От, Л.Б нараар 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 49 дугаартай дүгнэлтүүдийг тус тус гаргуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-т “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2-т заасан сэтгэцийн шинжилгээ хийлгэх үндэслэл журмыг зөрчиж гаргуулсан дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар тооцох боломжгүй.
4.4. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж гаргасан, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 49 дугаартай дүгнэлтүүдийг тус тус хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч С.М-ыг гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн хувьд F 25.2 Шизоаффектив эмгэг, холимог хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байсан” гэх дүгнэлт хийж, улмаар С.М-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.
Тодруулбал, анхан шатны шүүх С.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-т заасан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дээд шатны прокурорын 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг хангаж, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
6. Шүүгдэгч С.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/57 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч С.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ
Н.МӨНХЖАРГАЛ