Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/ма2019/00141

 

 

 

 

 

 

 

 

 

А.Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/03526 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Г ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Д , Г.О нарт холбогдох

1 710 820 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.С

Хариуцагч: Г.О

Хариуцагч Г.Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа А.Г Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажиллаж байхдаа Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг тооцохдоо алдаа гаргаж Г.Д , Г.О нарын тэтгэврийг илүү нэмж тооцон улмаар тус хоёр иргэнд 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 5 367 927 төгрөгийн тэтгэврийг илүү олгосон гэж үзэж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 308, 309 тоот актаар Нийгмийн даатгалын сангаас илүү олгосон тэтгэврийг А.Г оор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг актуудыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01989 дүгээр шийдвэрээр А.Г ыг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Г.О т илүү олгосон 350 000 төгрөг, Г.Д д илүү олгосон 1 360 820 төгрөгийг хариуцан төлөхөөр шийдвэрлэсэн байна. Иймд Г.Д гаас 1 360 820 төгрөгийг, Г.О ээс 350 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 3 дугаар сард миний тэтгэвэр олголт ороогүйг Хаан банкнаас мэдэж Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж тодруулахад Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тушаал, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар тус тус тэтгэврийг нэмэгдүүлэн нэмж тооцохдоо ажилтан алдаа гаргасныг дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн тухай мэдсэн. Би 2015 оны 03 дугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргаж шалгуулахад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтны алдаа тул буруу бодсон ажилтан төлөх тухай хариу өгсөн. Иймээс өндөр настан би өөрийн тэтгэврийг бодож боловсруулаагүй, буруу худлаа материал бүрдүүлж өгөөгүй, надаас огт шалтгаалаагүй, байцаагчийн ажлын хариуцлагаас үүдэн гарсан асуудал тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд өндөр насны тэтгэвэрт гарсан, улсаас надад тэтгэврийн зөрүү гэж олгосон, миний тэтгэвэр 2015 онд илүү бодогдсон гээд хасагдсан, би сайн ойлгохгүй байна, би улсыг хохироосон бол төлнө, А.Г т бол төлөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Г.Д , Г.О нараас 1 710 820 төгрөг гаргуулахыг хүссэн А.Г ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 050 төгрөгөөс 42 323 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 41 727 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж А.Г т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сонинбилэг давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс төрийн албан хаагчийн хувьд хариуцлага хүлээж хуульд заасны дагуу хохирлыг нөхөн барагдуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ ухамсарлаж байгаа бөгөөд энэ тал дээр огт маргаагүй. Шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсээгүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд хариуцагч нарыг үйлдэлдээ гэм буруугүй учраас хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

Шаардлага гаргаж буй этгээд өөрөө гэм буруутай эсэхээс үл хамааран хариуцах этгээд нь бусдын зардлаар хөрөнгөжсөн тохиолдолд зардал гаргасан этгээд нь түүнээс зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дах хэсэгт хуульчилж өгсөн байна. Нэгэнт хариуцагч нарын гэм буруутай эсэхээс үл хамааран үндэслэлгүй хөрөнгөжсөн тохиолдолд зардал гаргасан этгээдэд нөхөн төлөх хуулийн зохицуулалт байсаар байтал хариуцагчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт өгч, хариуцагч нар гэм буруугүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс аль аль талын гэм буруугийн талаар, шүүхэд маргаагүй юм.

Нэхэмжлэгч нь хуульд заасан энэхүү шаардлага гаргах эрхийг хэрэгжүүлж, хариуцагч нараас үндэслэлгүй хөрөнгөжих замаар олсон мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд төрийн албан хаагчийн хувьд хуульд заасан хариуцлагаа хүлээж, хохирлыг нөхөн барагдуулах асуудал нь нэхэмжлэгч иргэний хувьд Иргэний хуульд заасан шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх, түүний шаардлага гаргах боломжийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Г.Д , Г.О нарт холбогдуулан 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд илүү тэтгэвэр авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж Г.Д гаас 1 360 820 төгрөг, Г.О ээс 350 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн "Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай" 000308 дугаартай актад Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг зөрчиж Готовын Оюунбилэгийн 78470 тоот хувийн хэргээр 2012 оны 07 дугаар сарын 01-нээс 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд cap бүр 35 000 төгрөг илүү олгогдож бүгд 1 047 700 төгрөгийн зөрчил илэрсэнтэй холбогдуулан тэтгэврийн нэмэгдлийг алдаатай нэмэгдүүлсний улмаас илүү олгогдсон 1 047 700 төгрөгийг тухайн үед тэтгэвэр буруу нэмэгдүүлэн олгосон тэтгэврийн байцаагч А.Г оор 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулах талаар заасан байна. /хх 47-48/

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийи улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн "Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай" 000309 дугаартай актад Гомбо овогтой Дулмаагийн 40993 тоот хувийн хэргээр 2012 оны 07 дугаар сарын 01-нээс 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд сарын тэтгэврийн олголт дээр 9260-135156 хүртэл төгрөг олгогдож бүгд 4 320 227 төгрөгийн зөрчил илэрсэнтэй холбоотойгоор илүү олгогдсон 4 320 227 төгрөгийг тухайн үед тэтгэвэр буруу нэмэгдүүлэн олгосон тэтгэврийн байцаагч А.Г оор 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлүүлэхээр заасан байна. /хх 49-50/

Дээрх улсын байцаагчийн актуудыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01989 дугаартай шийдвэрээр А.Г оос 1 710 820 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 15-17/

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт "Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна" гэж заасан байх тул тухайн үед тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан А.Г нь шүүхийн шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст төлбөр төлөх үүрэг хуулийн дагуу үүссэн байна.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно, 496.2 дахь хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь Г.О , Г.Д нарын тэтгэвэр, тэтгэмжийг буруу тогтоосны улмаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн төлбөрөө нөхөн гаргуулна гэж тодорхойлсон байх бөгөөд хариуцагч Г.О , Г.Д нарын өмнөөс үүрэг гүйцэтгэсэн, эсхүл өр төлбөрийг нь барагдуулсан гэж үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч А.Г нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх үүсээгүй болно. Улсын байцаагчийн актад нөхөн төлбөр төлөх үүргийг хариуцагч нарт ногдуулаагүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/03526 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...492 дугаар зүйлийн 492.1... гэснийг ...496 дугаар зүйлийн 496.1, 496.2... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Г оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 323 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ЦОГТСАЙХАН