Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 464

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Ц.Гантулгабат,  

хохирогч Ц.О-,  Х.А-, 

хохирогч Б.Ц-, түүний өмгөөлөгч Г.Зоригтбаатар /ҮД:1904/

шүүгдэгч Г.О-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Г-ын О-д холбогдох эрүүгийн 1806042381350 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .......-нд Увс аймгийн Улаангомд төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б- овогт Г-ын О- /РД:............../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Г.О-нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.Ц-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 82.801.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

            2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2 дугаар байрны гадна иргэн Х.А-ийг “Аеро Монголия” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч нийт 5.740.000 төгрөгийг залилсан,

            2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Янгир” худалдааны төвийн үүдэнд иргэн Ц.О-ээс түүний охин Г.О-ийг “Аеро Монголия” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч нийт 5.810.000 төгрөг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.О-нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.Ц-д би байрныхаа лизинг төлж чадахгүйгээс болж 3 хүүхэдтэйгээ гудамжинд гарах гээд байгаа тул та надад туслаачгэж хэлэн түүнээс бэлнээр болон дансаар нийт 82.801.000 төгрөгийг,

            2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2 дугаар байрны гадна иргэн Х.А-аас “Аеро Монголия” ХХК-д онгоцны үйлчлэгчээр ажилд оруулж өгнө гэж хэлэн нийт  5.740.000 төгрөгийг, 

2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Янгир” худалдааны төвийн үүдэнд иргэн Ц.О-ээс түүний охин Г.Оийг “Аеро Монголия” ХХК-д онгоцны үйлчлэгчээр ажилд оруулж өгнө гэж нийт 5.810.000 төгрөгийг тус тус авсан болох нь: 

1. Шүүгдэгч Г.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Б.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Г.О-анх надад Хурд хороололд байр лизингээр авсан юм. 4.000.000 төгрөг дутуу байна. Төлөхгүй бол хүүхэдтэйгээ гудамжинд гарах гээд байна, туслаач. Би байраа авангуутаа барьцаанд тавиад мөнгийг чинь буцааж өгье гэсэн. Тэгэхэд нь би хамаатан эгчтэйгээ цуг явж байгаад зээл гаргуулаад мөнгө өгсөн. Дараа нь бэлнээр 1.000.000 төгрөг, дансаар 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгж байтал манай ээж хорт хавдартай, морфин тариулж байгаа гээд мөнгө нэхэж эхэлсэн. Байрны ордер гарахад тийм мөнгө, ийм мөнгө хэрэгтэй байна гээд аваад байсан. Би хамгийн анх өгсөн мөнгөө буцааж авч чадахгүй байсан болохоор тэр байрыг нь гаргуулах гээд мөнгө өгөөд байсан юм. Би хохирол төлбөрөө нэхэмжилж байна. Өөр гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

3.Хохирогч Х.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Г.О-тай анх гэрийнхээ гадаа уулзсан.  Надад “Аеро Монголиа”-д үйлчлүүлэгчийн ажил байна, чамайг оруулж өгье. Би өөрөө орон нутагт ажиллаж байгаад Олон улсын нислэгэд шилжиж байгаа. Өөрийнхөө оронд чамайг оруулж өгье гэсэн. Тэгээд маргааш өглөө нь 08 цагт дахиж уулзсан. Миний араас утасдаж мөнгө явуулаарай гэхэд нь 700.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхэд үдээс хойш чемоданы мөнгөнд 200.000 төгрөг нэмж авсан. Сүүлдээ байр яриад эхэлсэн юм. Би ойлгоогүй. Тэгээд нөхөртэйгээ ирж уулзахад Нисэхээс ажилчиддаа байр өгч байгаа гэхээр нь бид 2 мөнгө зээлээд гаргуулж өгсөн ба бэлэн 9.700.000 төгрөг байхгүй, 4.000.000 төгрөг байна гээд данс руу нь шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа байрны ордероо олохын тулд 300.000 төгрөг хэрэгтэй байна гээд 150.000 төгрөг нэмж шилжүүлсэн. Мөн эгчдээ 120.000 төгрөг зээлчих гэхээр нь явуулсан. Нийт 5.740.000 төгрөг авсан. Надад санал гомдол байхгүй, мөнгөө авмаар байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Хохирогч Ц.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2018 оны 02 дугаар сарын сүүлд манай 2 охин нисэхэд дэлгүүр нээж ажиллуулсан. Тэр үед манай бага охин Япон улсын визэнд орох гээд ажлаасаа гарсан байсан. Тэгэхэд Г.О-манай охиныг онгоцны үйлчлэгчид оруулж өгнө гэсэн гээд би түүнтэй уулзахад “би танай охиныг онгоцны үйлчлүүлэгчээр оруулж өгнө, би хүүхэд харах гээд чөлөөтэй байгаа. Би Олон улсын онгоцны үйлчлүүлэгч болох гэж байгаа, өөрийнхөө оронд оруулж өгье гээд эхний ээлжинд 540.000 төгрөг авсан. Маргааш нь чемоданы мөнгө хэрэгтэй байнаа гээд нэхсэн мөнгийг нь өгчихөөд байж байтал 7 хоногийн дараа Нисэхээс ажилчиддаа байр өгч байгаа юм байна гэсэн. Тэгэхэд нь би үнэмшээгүй. Арын хаалгаар орж байгаа, та санаа зоволтгүй. 3 давхарт байр шийдэгдсэн байна. Эхний ээлжинд 9.700.000 төгрөг болох юм байна гэхэд би худлаа ярьж байна гэж бодоогүй. Би 9.000.000 төгрөг өгч чадахгүй. Тал мөнгийг нь өгье гээд хүүхдүүдтэйгээ ярьж байгаад 3.040.000 төгрөг өгсөн. Би нийт 5.000.000 төгрөг өгсөн. Хохирол төлбөр аваагүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн /   

5. Хохирогч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэсэг хугацааны дараа “байр чинь юу болж байна вэ?” гэж асуухад “байр удахгүй гарах гэж байна. Жоохон мөнгө дутаад байна. Та зээлээд олоод өгөөч” гэж хэлэхээр нь би өөртөө машины засвар хийх гэж байсан 1.000.000 төгрөгөө өгье гэж хэлэхэд манай гэрт ирээд авсан. Түүний дараа би “за юу болж байна” гэхэд “одоо надад 2.000.000 төгрөг шилжүүлчихвэл 100 хувь гарах гээд байна” гэж хэлэхээр нь би Хасбанкнаас 2.000.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр надад “баяртай мэдээ хэлье. Ордер гарсан. Муу мэдээ нь манай нөхрийн нэр дээр гарчихаад байна. Нөхөр зугатаад ордер өгөхгүй байна. Би хөдөө нөхрөө хайгаад явж байна”.. гэж хэлж байгаад сүүлдээ “энэ худлаа болчихлоо. Би Арео Монголиагаас жирэмснийхээ амралтыг авах гэж байгаа. Мөн надад манай компани харж үзээд надад миний нэр дээр зээлээр өгөх гэж байна. Би таны мөнгийг өгөхийн тулд тэр байрыг авах шаардлагатай байна. Урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна. Би байраа авчих юм бол таны мөнгийг асуудалгүй гаргаж өгнө” гэж хэлээд 76.000.000 төгрөгийг “ийм ч юм болохгүй байна. Тийм ч зүйл болохгүй байна. Одоо болох гэж байна. Хурлаар орж шийдэгдэх гээд мөнгө дутаад байна. Та нэгэнт эхэлсэн учир байраа хямд хамаагүй зараад мөнгөө олж ав” гэж хэлээд намайг гарцаагүй байдалд оруулаад мөнгөнүүд авдаг байсан”, …”намайг Нисэхийн тэнд байдаг шинэ 12 давхар ягаан өнгийн байрны гадна аваачиж үзүүлсэн. Би “Яг аль тоот юм бэ?” гэж асуухад одоогоор хуваарилалт хийгээгүй байгаа гэж хэлээд оруулж үзээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/ 

6. Хохирогч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед надтай Г.О-нь надтай 99303782 дугаар утсаар яриад “Аеро Монголиа” ХХК-д ажилд оруулж өгнө уулзаж байгаад хэлье гээд гэррийнх нь гадаа уулзахаар болсон. ...Г.О-нь би өөрөө ажиллаж байгаад жирэмсний дикриттэй байгаа, өөрийнхөө оронд итгэлтэй хүн оруулах хэрэгтэй байна. Би захиралтай чухал холбоотой байдаг, ямар ч асуудал гарахгүй гэж байсан. Би ойлгохдоо Г.О-ыг захиралтайгаа уулзаж учирдаг гэж ойлгосон. Г.О-нь  “Аеро Монголиа” ХХК-ийн талаар тайлбарлаж ажилд орохын тулд эхлээд хувцас захиалах ёстой, өөрийнхөө товч мэдүүлгийг өгөх ёстой гэж хэлээд явуулсан. ...Г.О-нь хувцас захиалгын мөнгө хэрэгтэй гээд 1.020.000 төгрөг авсан. Тухайн мөнгийг 740.000 төгрөг болон 280.000 төгрөг тус тус данс руу явуулж байсан. ...Тэгээд нөхөр бид хоёрт хандаж  “Аеро Монголиа” ХХК-д ажилд орсон бол байранд орох боломжтой, ажилчиддаа байр өгдөг. Одоо 1 байр үлдсэн байгаа. Та 2 урьдчилгаа 9.400.000 төгрөг хэрэгтэй гэж  хэлэхээр нь нөхөр бид хоёр 2 ийм их хэмжээгээр гаргах боломжгүй, 5.000.000 төгрөг олдох боломжтой гэж хэлээд, маргааш нь хүнээс асууж лавлаж байгаад 4.400.000 төгрөг олдсон. Тэгээд Г.О-д хандаж надад байгаа нь 4.400.000 төгрөг байна гэж хэлэхэд өөрийнхөө машиныг ломбарданд тавиад 5.000.000 төгрөгийг нь өгье, та хоёр үлдэгдэл мөнгөө надад өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө 5042235813 тоот данснаас 2.000.000 төгрөг, 2.400.000 төгрөг тус тус 2 удаа Г.О-ын данс руу шилжүүлсэн... “Аеро Монголиа” ХХК-д онгоцны үйлчлэгчээр ажилладаг, одоогоор жирэмсний амралттай байгаа гэж байсан. Г.О-надаас хувцасны мөнгө гэж эхлээд 740.000 төгрөгийг 5039099328 тоот дансаар, чомданий мөнгө гэж 280.000 төгрөг Хаан банкны 5039099328 тоот дансаар хүний нөөцийн ажилтан мөнгө өгнө гэж 150.000 төгрөг, түр зээлээч гээд 120.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Нийт О-аас 5.690.000 төгрөгийг нэхэмжилж байна ..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 157, 159-160/ 

7. Хохирогч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....тухайн үед Г.О-өөрийгөө “Аеро Монголиа” ХХК-д ажилладаг байсан. Одоогоор хүүхдээ асраад амралттай байгаа бөгөөд манай компанид орон тоо байгаа, танай охиныг оруулж чадна, тухайн компанийн захирал надад сайн байдаг, миний амьдралыг харж үзэж явдаг хүн байгаа юм, миний унаж байгаа машиныг өгсөн, надад бас байр авч өгч байсан гэж хэлсэн...эхлээд хувцасны мөнгө хэрэгтэй гэж хэлээд 540.000 төгрөг гэж хэлсэн...Г.О-нь надтай уулзалдаж ажилд орохоор болсон, удахгүй уулзалдана, чемоданы мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 280.000 төгрөгийг бэлнээр өгсөн....үүний дараагаар Г.О-над руу утсаар яриад танд баяртай мэдээ дуулгая манай ажлаас ажилчиддаа байр өгөх талаар хэлээд Нисэхийн 58 дугаар байрны 3 давхарт 2 өрөө байр өгөх гэж байна. Нэг байр үлдсэн, үүнийг авах уу, урьдчилгаа 9.700.000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь ...өөрийн бэр охин Ж.О-гийн 5071284899 тоот данснаас дансанд байсан 4.030.000 төгрөгийг шилжүүлээд бэлнээр 470.000 төгрөгийг Янгир худалдааны төвийн үүдэнд аваачиж өгөөд надад байгаа мөнгө нь энэ байгаа юм гэж хэлээд өгсөн. ...түүний дараагаар хүний нөөцийн ажилтнуудад юм авч өгнө гэж хэлээд 300.000 төгрөг, хүний нөөцийн эмэгтэй ажилтанд бэлэг авч өгнө гэж 30.000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь үл хөдлөхөөр байрыг чинь оруулна гэж 150.000 төгрөг авсан, нэгжгүй байна гээд 10.000 төгрөгийг хүртэл авч надаас нийт 5.810.000 төгрөг бэлнээр болон дансаар авсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 237-238/  

8. Гэрч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн мөнгө нь манай эгч Ц-гийн мөнгө бөгөөд Ц- бол манай эхнэр Батсүрэнгийн төрсөн эгч нь байгаа юм аа. Надад тэр шилжүүлсэн мөнгийг түр хугацаанд хадгалуулсан байсан юм. Тухайн 5039099328 дугаартай данс руу шилжүүлсэн мөнгийг Ц- эгч байрны урьдчилгааны мөнгө гэж байсан бөгөөд эгч тэр данс руу шилжүүл гэхээр нь шилжүүлдэг байсан ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24/

9. Г.О-ын 5039099328 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 40-41/

10. Г-ын О-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 42-103/

11. Б Ц-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-105-126/

12. Баясгалангийн Оргилын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-127-135/

13. Аеро Монголиа ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг /1хх-ийн 146, 2хх-ийн 37/

14. Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…манай эхнэр А- нь 2018 оны 3 дугаар сарын 15-нд О- гэх эмэгтэйтэй ажилд оруулж өгнө гэх шугамаар манай эхнэрийн эгч нь танилцуулсан юм. Тухайн үед манай эхнэрийг “Аеро Монголиа” компанид орон нутгийн онгоцны үйлчлэгчээр ажилд оруулна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байгаад О- гэх эмэгтэйтэй уулзахад эхний ээлжинд  хувцас захиалгын мөнгө, амь даатгалын мөнгө хэрэгтэй гэж хэлэхээр нь 1.200.000 орчим мөнгийг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр түүний дансаар шилжүүлсэн юм. Дараа нь 2018 оны 4 дүгээр сарын эхээр байх О- гэх хүнтэй гэрт нь очиж эхнэрийнхээ ажилд орох талаар асуух гээд очиход О- нь надад “Аеро Монголиа” компани ажилчиддаа бэлэглэлийн гэрээгээр 10 хувийг нь төлүүлээд байр олгодог, би та хоёрын нэр дээр байр гаргаж өгч чадна гэж байрны байршил Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 3 давхарт 2 өрөө 78 мкв, 1 мкв нь 1.200.000 төгрөг болж байгаа юм. Тэгэхээр нь урьдчилгаа 10 хувь нь 9.000.000 төгрөг болох юм байна гэхээр нь эхнэр бид хоёр ямар аятайхан юм, хямдхан нэг байртай болчих юм байна гэж бодоод таньдаг хүмүүсээс 4.400.000 төгрөг зээлж олоод О- гэх эмэгтэйд хэлэхэд тэр эмэгтэй за би үлдсэн мөнгийг нь аргалаад төлөхийг бодоё гээд бид хоёрын 4.400.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан юм …”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 164-166/ 

15. Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…манай дүү Х.А-ийг “Аеро Монголиа”-д Г.О-нь ажилд оруулж өгөх гэж байгаа талаар надад хэлээд хамт очихоор болсон юм...тухайн үед О- нь дүүг маань ажилд оруулж өгнө, шинэ ажилчид авч байгаа талаар хэлээд ажилд орох үед хувцсаа өөрсдөө захиалдаг, захиралтай ойр дотно байдаг талаар хэлээд ажилд орох үед хувцсаа өөрсдөө захиалдаг, хувцасны мөнгө хэрэгтэй гэж хэлж байсан…”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 167/ 

16. Ц-ийн  Мн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-170-174/

17. Х.А-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 175-179/

18. Ж-ийн О-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 231-234/

19. Гэрч Ж.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын эхээр санагдаж байна. ...Манай хадам ээж Ою- нь намайг дансанд байгаа мөнгөнөөсөө 5039099328 тоот данс руу 540.000 төгрөг шилжүүлчих, дараа нь дахин дээрх данс руу 4.030.000 төгрөг шилжүүлэх талаар хэлсэн бөгөөд би 2 удаа дээрх данс руу мөнгө шилжүүлсэн…”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 231-234/  

20. Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…тухайн үед О- намайг хараад ажилд оруулахад болохоор юм байна, ар гэрийнхэнтэйгээ ярилцаад хүрээд ир гэж хэлээд явуулсан. Маргааш нь би өөрийн ээж Ц.О-ийг дагуулан ирж Г.О-тай ээжийн машин дотор уулзаж ярилцахад Г.О-нь би өмнө нь “Аеро Монголиа”-ХХК-д ажиллаж байсан. Одоо төрчихөөд чөлөөтэй байгаа бөгөөд даргатайгаа дотно холбоотой байдаг, миний ажил амьдралд тус болдог учир хоёр хүн оруулахад асуудалгүй гэж хэлж байсан…”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 245/  

            21. Шүүгдэгч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...увуулан цувуулан их хэмжээний мөнгө авсан нь үнэн. Би Ц- эгчийн цагаан сайхан сэтгэлийг нь ашиглаж өөрийн ашгийг бодоод хохироосондооо үнэндээ харамсаж байна. ...Энэ мөнгөнүүдийг би өөрөө даран, амьдралдаа хэрэглэсэн нь үнэн. Буруу замаар олсон мөнгө юм болдоггүй гэсэн үнэн юм байна...2018 оны 3 дугаар сард надад хувьдаа зарцуулах мөнгөний хэрэг гараад 3 дугаар сарын 02-ны үед танил Отгоо гэх эмэгтэйтэй уулзаж түүнийг “Аеро Монголиа”-ХХК-д ажилд оруулж өгөх талаар хэлээд мөнгө авах гэж байсан бөгөөд тухайн үед Отгоо нь би удахгүй Япон улс руу явна, харин манай эгч Г.О нь тухайн ажилд орох боломжтой талаар хэлсэн. ... “Аеро Монголиа”-ХХК-д ажиллаж байгаад жирэмсэн болоод дикритээ аваад гарсан. Өөрийнхөө оронд ажилд оруулж чадна, тухайн компанийн захирлыг таньдаг. Би 4 жил гаран хамт ажилласан. Надад их тус болж байсан хүн гэж хэлсэн. Үүний дараагаар Ою- нь надаас ажилд оруулах нь ямар учраас удаад байгааг асуухаар нь би удахгүй оруулна гэж хэлээд хугацаа авдаг байсан. Сүүлд 7-8 хоногийн дараа надаас лавлаад ажил яасан талаар асуугаад байхаар нь хугацаа авах гээд ... “Аеро Монголиа”-ХХК нь ажилчиддаа байр өгдөг, Нисэхийн 58 дугаар байранд 78 мкв байр байгаа, орох боломж гарч ирсэн гэж хэлээд тухайн байрны 1 мкв  нь 1.200.000 төгрөг ойролцоогоор байрны урьдчилгаа 9.630.000 төгрөг хэрэг болох юм байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 12, 141, 2хх-ийн 5-6/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч Г.О-нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Г.О-нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.Ц-д “би байрныхаа лизинг төлж чадахгүйгээс болж 3 хүүхэдтэйгээ гудамжинд гарах гээд байгаа тул та надад туслаач” гэж хэлэн түүнээс бэлнээр болон дансаар нийт 82.801.000 төгрөгийг авсныг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар  бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

            2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2 дугаар байрны гадна иргэн Х.А-аас “Аеро Монголия” ХХК-д онгоцны үйлчлэгчээр ажилд оруулж өгнө гэж хэлэн нийт  5.740.000 төгрөгийг,  

2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Янгир” худалдааны төвийн үүдэнд иргэн Ц.О-ээс түүний охин Г.Оийг “Аеро Монголия” ХХК-д онгоцны үйлчлэгчээр ажилд оруулж өгнө гэж нийт 5.810.000 төгрөгийг тус тус авсныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.     

            Иймд шүүгдэгч Г.О-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан,

            хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.     

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэлээ.  

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.О-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Х.А-ийн шүүхийн хэлэлцүлэгт өгсөн “....хохирол төлбөрөө авмаар байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Ц.О-ийн шүүхийн  хэлэлцүлэгт өгсөн “...Г.О-ын бага насны 3 хүүхдийг нь бодож хорих ял оногдуулж хорьмооргүй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны  тэмдэглэл/, хохирогч Б.Ц-гийн шүүхийн хэлэлцүлэгт өгсөн “...Г.О-ын бага насны 3 хүүхдийг нь бодож байна. Миний хохирол төлбөрийг төлж барагдуулвал гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  түүний хувийн байдал /... 31 настай, бүжгийн багш мэргэжилтэй, 1-10 насны 3 хүүхэдтэй.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О-д 6 сарын  хугацаагаар хорих ял,  мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар мөн хохирогч нарын мэдүүлгийг харгалзан шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын  хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялын хугацаагаар тогтоов. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Г.О-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзээд шүүгдэгч Г.О-ын эдлэх 2 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.О-аас 82.801.000 /наян хоёр сая найман зуун нэг мянга/ төгрөгийг хохирогч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхоны 704 дүгээр байрны 08 тоотод оршин суух, Х овогт Б. Ц- /РД:......./-д, 5.740.000 /таван сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороолол, Дамбадаржаа 9 дүгээр гудамж, .... тоотод оршин суух, С овогт Х А- /РД:НО94042225/-т, 5.810.000 /таван сая найман зуун арван мянга/ төгрөгийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 9 дүгээр байрны 376 тоотод оршин суух, Б овогт Ц-ийн Ою- /РД:..../-т тус тус гаргуулж  олгохоор шийдвэрлэлээ.   

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь  

 

1. Шүүгдэгч Б- овогт Г-ын О-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан,

            хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай,

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овогт Г-ын О-ыг 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг  нэмж нэгтгэн, Г.О-ын нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.О-ын эдлэх 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Г.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.    

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-аас 82.801.000 /наян хоёр сая найман зуун нэг мянга/ төгрөгийг хохирогч Б.Ц-д, 5.740.000 /таван сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийг Х.А-т, 5.810.000 /таван сая найман зуун арван мянга/ төгрөгийг Ц.О-т тус тус гаргуулж  олгосугай.    

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн  цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.   

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР