| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2435001810002 |
| Дугаар | 2026/ДШМ/25 |
| Огноо | 2026-05-28 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/25
Б.Т, Б.Ч нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Б.Т, Б.Ч нарт холбогдох, 2435001810002 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
- Монгол Улсын иргэн, Х овогт Б-ийн Т.
- Монгол Улсын иргэн, П овогт Б-ийн Ч.
1. Холбогдсон хэргийн талаар:
Прокуророос Б.Т, Б.Ч нарыг бүлэглэн 2024 оны 6 дугаар сард Увс аймгийн Х сумын 2-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Б-ийн өмчлөлийн 5 тооны адуу, хохирогч Б.П-ийн өмчлөлийн 1 тооны адуу, нийт 6 тооны адууг мотоцикль ашиглан хулгайлж, 6,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Х овогт Б-ийн Т, П овогт Б-ийн Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Ч нарт тус бүрт нь 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т, Б.Ч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- шүүгдэгч Б.Т, Б.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Ч-ын өмчлөлийн 360,000 төгрөгийн үнэ бүхий “Мустанг-5” мотоцикл, шүүгдэгч Б.Т-ийн өмчлөлийн 360,000 төгрөгийн үнэ бүхий “Даюун” мотоциклийг тус тус хурааж улсын орлогод оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр хэрэглэж,
- шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
3. шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. 7 дугаар зүйлийн 1-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Б.Т-ийг Б.Ч-тай үйлдлээрээ нэгдэж бүлэглэж олон тооны мал, машин механизм ашигласан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр буюу адуу хулгайлахаар урьдчилан үгсэн тохирсон талаар хэрэгт авагдсан баримт байдаггүй.
Хохирогч Б.Б адуугаа 2024 оны 6 сард алдсан гэж мэдүүлдэг бөгөөд тухайн адуунууд нь Ө сумын нутагт 2024 оны 6 сараас хойш бэлчээрлэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хохирогч нарын адуу Х сумаас алдагдаад 3 сарын дараа буюу 9 дүгээр сард хулгайлагдсан гэж үзсэн.
Шүүгдэгч Б.Т нь зорчих эрх хязгаарлах ялтай, Ө сумын нутгаас гарах хязгаарлалтай байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн зорчих эрх хязгаарлах ял эдлэлтийн талаар зон бүсээс гарсан мэдээллээр Б.Т нь адуу хулгайлсан гэх цаг үед зоноос гараагүй талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Хохирогч нарын адуу Х сумын нутгаас хөлөөрөө гүйсэн үү, хэзээ хэний эзэмшилд 3 сарын хугацаанд хаана хашсан байсан, хэзээ хэн гэмт хэргийг үйлдсэн, ямар уналга ашигласан талаар хэрэгт нотолж тогтоосон баримт авагдаагүй ба зөвхөн шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийг үндэслэсэн нь эргэлзээ бүхий байна.
Миний үйлчлүүлэгч мэдүүлэгтээ ч хэлсэн, тухайн багийн засаг даргад хэнийх нь мэдэгдэхгүй мал байна гэдэг талаар хэлсэн, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Б-т 9 дүгээр сарын 10-ны өдөр тухайн адууны талаар хэлсэн ч н.Б-ийг гэрчээр асуугаагүй. Энэ талаар тодруулах ажиллагаа хийгдээгүй.
Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх агуулгаар гомдол гаргасан, тухайн байр сууриа дэмжиж байна” гэв.
4. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ч, Б.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Хавтас хэрэгт авагдсан гэрч Д.Г, Н.Б, Б.Б, Д.Д, С.Б, Т.Б, С.М, С.Б нарын мэдүүлгээр тухайн шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэж, мал хулгайлах гэмт хэргийг “Даюун” болон “Мустанг-5” загварын мотоцикл ашиглаж үйлдсэн нөхцөл байдал хөдөлбөргүйгээр тогтоогдсон байдаг.
Мөн шүүгдэгч нар Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг болон алдуул малыг бүртгэх, мэдээлэх журамд заасны дагуу орон нутгийн захиргааны байгууллага болон Цагдаагийн газарт алдуул малын талаар хэлээгүй, үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч нар нь Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжтой байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэв.
5. Шүүгдэгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Би тухай адууг алдуул мал гэж мэдээгүй. 2 адуу нь шаварт уначихсан байхад нь шавраас татаж гаргаад, багийн дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн ХХурлын дарга н.Я, мөн н.З болон багийнхаа иргэдэд ийм адуу байна гэдгийг хэлсэн.
9 дүгээр сард “таны тэжээсэн адуу чинь манай нутгийн адуу биш байна, нэг адуу нь алга болсон байна” гэж мал хайж явсан хүн надад хэлэхээр нь би 10-ны өдөр очиход нэг адуу нь байхгүй буюу 5 адуу байсныг туугаад явж байтал бугуйн цагны цэнэг муудсан тул орхиод харьсан. Маргааш нь тэр адуу алга болсон байсан. Сүүлд нь би эзнийг нь ирэхэд тийм адуу байсан талаар үнэнээ хэлсэн.
Миний бугуйн цагны цэнэг нь дуусаад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан очиж үзээд, болохгүй байна гээд зайг нь сольж өгөөд явсан. Би гэрээс гарах ямар ч боломжгүй байсан. Хэдэн бог мал байсныгаа 23-ны өдөр тууж хажуугийнхаа айлд аваачиж өгөөд, эргээд очсон, хязгаарласан бүсээс гараагүй. Цаг унтарсан, шөнө нь манай дүү машинаар хүргэж өгсөн. Тухайн үед би алдуул адуу гэдгийг мэдсэн бол зохих хүмүүст нь хэлэх байсан. Манай нутгийн адуу гэж бодоод үлдээчхээд нүүгээд явсан” гэв.
6. Шүүгдэгч Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алдуул адуу гэдгийг нь хохирогч Б.Б гэх хүнийг ирсний дараа буюу нэг гүүг нь алж, хохирол учирсны дараа мэдсэн. Түүнээс биш адууг хөөж ирсэн зүйл байхгүй” гэв.
7. Шүүгдэгч Б.Ч-ын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Жишээлбэл, адуу Б.Т-ийн эзэмшилд орсон буюу Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулах боломж нэгэнт үүссэн бөгөөд гэрч Б.Б “2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.Т 5 тооны адууг туугаад явж байсан. 17-ны өдөр нэгийг нь алаад идсэн” гэж мэдүүлсэн.
Б.Ч-ын үйлдэл нь үүнээс хойш яригддаг. Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар таамаглаж зүйлчилсэн. Түүнийг машин механизм ашиглаж тухайн адууг тууж явсныг нь харсан гэрч байхгүй. Б.Т-ийн “намайг хүрэн гүүг аваад явахад, ганцхан Б.Ч үлдсэн” гэх мэдүүлгийг үндэслэн Б.Ч-ыг машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Энэ хэргийг анх 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, 158 дугаартай цагаатгах тогтоол гаргасан. Дараа нь 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 49 дугаартай шийтгэх тогтоол гаргасан. Нэг шүүгч нэг хэрэгт 2 өөр дүгнэлт хийсэн.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гарсны дараа прокурор нь Б.Гансүх шүүгчээс татгалзсан. Шүүгчдийн зөвлөгөөнөөр прокурорын татгалзал үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул Б.Гансүх шүүгч хэргийг шийдвэрлэсэн.
Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийг тайлбарласан.
Шүүгч Б.Гансүх урьд нь энэ хэргийг цагаатгаж буюу эдгээр хүмүүсийн гэм буруутай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхэд тодорхой дүгнэлтийг гаргасан тул дээрх тогтоолд заасны дагуу дахин хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан. Шүүгч өөрөө татгалзах үүрэгтэй байтал шүүгчийн хувьд татгалзах үүргээ биелүүлж татгалзаагүй, улмаар шийтгэх тогтоол гарсан.
Анхан шатны шүүхэд нэг шүүгч хоёр өөр дүгнэлт гаргаж байгаа нь шүүхэд итгэх эргэлзээг үүсгэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин өөр бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Б.Т, Б.Ч нарт холбогдох, 245001810002 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3. Шүүгдэгч Б.Т, Б.Ч нар бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 16-17-ны үед хохирогч Б.Б-гийн өмчлөлийн 4 тооны адуу, хохирогч Б.П-ийн өмчлөлийн 1 тооны адуу, нийт 5 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч нарт 6,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
- хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 11 дүгэр сарын 17-ны өдөр өгсөн: “Миний бие Увс аймгийн Х сумын Х багийн иргэн бөгөөд одоо “Ү” гэх газар мал маллаж, хувиараа цайны газар ажиллуулдаг юм. Нийт 23 орчим адуутай бөгөөд 2024 оны 06 сард Х сумын 2-р багийн нутаг “Д” гэх газраас 6 тооны адуугаа алдаад, хайгаад олоогүй юм. Тэгсэн сүүлд буюу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тухайн алдсан 6 тооны адууны сураг гарч, Ө сумын нутаг, ХӨТУ гэх газар байна, 1 шүдлэн үрээг чоно идсэн байна, 5 тооны адуу байна гэдгийг Ө сумын найз Г гэх хүнээс сонссон. Тэр хүн Б гэдэг хүнээс асууж сураг гаргаж өгсөн. Тэгээд 2024 оны 09 сарын 18-ны өдөр тухайн адуугаа авах гэж Ө сум орж, Г-тай хамт явж Б-тай очиж уулзан тухайн адуу байсан гэх газрыг заалгахад 2 хоногийн өмнө энд байсан, нэг үрээг чоно идэж үхсэн байна лээ гэж хэлэхээр нь би тэр орчмоор тэр өдөр хайсан боловч олоогүй. Тэгээд Ө сум орж, хадам ах Б гэх айлд очоод Б ахад “алдсан адууныхаа сургийг сонсоод ирээд, байсан гэх газраар нь хайсан боловч олсонгүй, ямар сонин бэ, өчигдөр ХӨ-т байсан гэнэ” гэж хэлэхэд Б ах надад “Өчигдөр буюу 2024 оны 09 сарын 17-ны өдөр Д /Т/ хөдөөнөөс адууны мах авч ирж зарсан, манайд ирж адууны мах авах уу гэхээр нь мах авсан, одоо чамд хоол хийж байгаа мах тухайн адууны мах, арай тэр чиний адууг нядлаад аваад ирсэн биш биз дээ” гэж хэлээд инээхээр нь би тоглоом, шоглоом болгоод өнгөрсөн.
Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дахиад явж адуугаа хайгаад олоогүй. Д буюу Т гээд нөхрийн талаар хүмүүсээс “их эвгүй, хулгай хийдэг хүн” гэдгийг сонсоод 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ө сумын “Т” гэх газар гэрт нь очиж уулзаж шууд тулгасан маягтай “Та миний 6 тооны адууг хулгайлсан байна, хэдийг нь хэрэглэсэн юм бэ, би азарга, хүрэн гүү хоёрыг зүсээр нь буцааж авмаар байна” гэж хэлэхэд хүрэн гүүг чинь хэрэглэсэн, анхнаасаа Ч буюу Чу тууж ирээд алийг нь авах юм бэ гэхээр нь би хүрэн гүүг авч, нядлаад махыг нь зарсан, бусдыг нь Ч /Чу/ гэх хүн мэднэ, би гүүг чинь төлж өгнө гэж хэлээд Ч гэдэг хүний утасны дугаар буюу х гэх дугаарыг өгсөн. Тэгээд би дахиад сумын төв орж ирээд Ч-той уулзаж чадалгүй гэр лүүгээ харьсан.
2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахиад Ө сумын төв орж ирээд Д-г /Т/ хөдөөнөөс дуудаж Ч-ын /Чу/ гэрийг заалгаж ганцаараа Ч-ын гэрт ороод уулзаж “би 6 тооны адуу алдаад хайж явна, чамтай холбоотой сураг гарлаа, одоо миний адуунууд хаана байгаа юм бэ” гэж асуухад Ч /Чу/ нь “ямар муухай улсууд бэ, хүний нэр сүр гутаалаа, нэрээ цэвэрлүүлнэ, тэр хүнтэй чинь уулзана, би огт мэдэхгүй” гэж хэлэхээр нь би Ч-ыг өөрийнхөө машинд суулгаж, хэлсэн хүнтэй чинь очиж уулзуулъя гээд хамт явж Д-тэй гудамжинд тааралдахад, Ч /Чу/ буугаад Д-гийн /Т/ мотоциклийн ар талд суугаад “бид хоёр уулзчихаад ирье” гэж хэлэхээр нь би Б гэх айлд ирсэн. Тэгж байтал Д нь над руу 20 минутын дараа утсаар ярьж “наад Ч чинь над руу уурлаад та яагаад хүлээсэн юм бэ, би лав хүлээхгүй, гүрийсээр байгаад дуусна” гэж хэлж байна, уг нь Ч тууж ирээд надад нэг гүүг өгсөн, үлдсэнийг нь өөрөө мэдэж байгаа гэж хэлээд утсаа тасалсан.
Тэгээд байж байтал Ч нь утсаар ярьж, Б-н гэрийн гадна ирж, бид хоёулаа машин дотор орж уулзахад “би бол таны адууг аваагүй, наад Д чинь намайг гүтгэж байна, гэхдээ би таныг адууг хайж олж өгье” гэж хэлээд адуунуудын им, тамга, зүсийг бичүүлж аваад яваад өгсөн. Тэгэхээр нь би дахиад Д рүү утсаар ярьж, “энэ хүн чинь би мэдэхгүй байна, таныг бараг намайг гүтгэж байна гэж яриад байх юм, би болохгүй бол цагдаагаар шалгууллаа” гэхэд Д “ах нь бугуйн цагтай, ял эдэлж байгаа хүн, би өөрийнхөө хэрэглэсэн гүүг төлөөд өгье, би Ч-ыг гэрчилнэ, урьд урьд юм бас байгаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би Ч руу залгаад Д-тэй утсаар ярилаа “чи миний адууг олж өг, чи тууж ирээд 1 гүүг Д-д өгсөн байна ш дээ, бусад адууг зүсээр нь олж өг, хүрэн азарга үнэтэй худалдаж авсан азарга юм, тэрийг зүсээр нь олж өг гэхэд би адууг чинь хайж олж өгье” гэж хэлээд утсаа тасалсан.
Тэрнээс хойш Ч, Д хоёртой ээлжлээд өдөр болгон утсаар ярьсан ба сүүлд 2 тооны хүрэн зүсмийн шүдлэн байсныг олж өгсөн. Д надад ХӨ гэх газар хүртэл тууж авч ирж өгсөн ба “энэ хоёр байдсыг манай хүр дүүгийн адуунд Ч хийчихсэн байжээ, салгаж авч туугаад ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би 2 байдсаа Д буюу Т-ээс хүлээж авсан юм. Тэр хүн тухайн үед надад хэлэхдээ, “би Ө сумын нутгаас гарч болохгүй, би бугуйн цагтай юм аа гэж хэлээд Ө, Х сумын зааг дээр авч ирж өгсөн. Ч руу сүүлийн хэдэн сар нэлээн удаан ярьсан ба би азарга, гүүг чинь хайгаад олохгүй байна, хэлсэн үнээр чинь төлөөд өгье гэж хэлж байгаад, сүүлд утасны дугаараа сольсон юм уу, надад өгсөн утасны дугаар нь холбогдохоо больсон.
Миний алдсан 6 тооны адууны хар хүрэн зүсмийн зөв гуяндаа сартай дөл тамгатай, имгүй гүү нь Увс аймгийн З сумын харьяат П гэдэг хүний гүү бөгөөд манай адуунд 2024 оны 05 сарын эхээр нийлсэн, эзэн нь мэдэж байсан ба авч чадаагүй юм. Би тэр П гэх хүнтэй утсаар ярьж, адуу хулгайлсан хүмүүс таны гүүг нядалсан байна гэдгийг хэлж, Т-ийн х гэх дугаарыг өгсөн. Сүүлд сонсоход хохирлыг мөнгөөр төлж барагдуулсан гэж Д хэлсэн” /1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал/;
- хохирогч Б.Б-гийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байх Ч буюу Чу гэх залуу миний утас руу х дугаараас залгаж мэнд асууж, ойр зуурын юм ярихаар нь би “ахынхаа адууг төлж өгөх юу болов” гэж асуухад Чу би танд анхнаасаа адууг чинь төлж өгнө гэж хэлсэн ш дээ, та яагаад цагдаа шүүхээр явсан юм бэ, нэгэнтээ дээшээ явсан юм чинь хууль, шүүхийн байгууллага нь ялгааг нь гаргах байлгүй гэхээр нь би “чи өөрөө ярихаа болиод утсаа авахаа больсон биз дээ тэгэхээр чинь гомдол гаргасан гэхэд Чу би танд хөгшин ээжтэй гэж үнэнээ хэлсэн ш дээ, заавал цагдаа, шүүх гэлтгүй төлөөд өгье гэж гуйгаа биз дээ, танд хуучин мотоциклоо өгье гэхэд аваагүй биз дээ гэж хэлсэн.
Намар миний адуу байсан гэх газар нь хад чулуу ихтэй, хүн очиход хэцүү, хүн зориуд тухайн газар луу миний адууг шахаж харж байсан юм шиг санагдсан. Миний адуу Х сумын нутгаас холдож үзээгүй, албаар хүн тууж яваад тэр газарт байлгаж харж байсан гэж бодож байна. Яагаад гэвэл ус сайтай, газрын ногоо өвс сайн гарсан, адуу мал тогтохоор газар байсан
2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Х сумын Х нутаг ХӨ гэх газарт Б.Т нь миний 2 тооны байдсыг тууж авчирч өгсөн. Тухайн үед надад хэлэхдээ Ч буюу Чу нь айлын адуунд нийлүүлсэн байсан байна гэж хэлсэн. Хэний адуунаас салгаж тууж ирснээ хэлээгүй юм. Одоо миний 1 азарга, 1 гүү олдохгүй байна. Т, Чу 2 холбоотой гэж үзэж байна. Энэ хоёр хүнээс нэхэмжилмээр байна. Энэ хоёр хоёулаа цагдаа шүүхээр битгий яваач гээд гуйгаад байсан хүмүүс юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал/;
- хохирогч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 10 сард Улаанбаатар хот орж улсын харцага М-ээс 5 сая төгрөгөөр хар хүрэн зүсмийн, давхар саран дээрээ дөл тамгатай гүүг болон даагатай нь хамт худалдаж авчраад, өвөлжингөө З сумын төв дээр тэжээлгэсэн. Анх худалдаж авахад тарга хүч багатай байсан тул өвөлжин тэжээсэн. 2024 оны 04 сард З сумын Ц гэх газар айлын гадна тэжээгдэж байгаад алга болсон ба сүүлд Х сумын1-р багийн иргэн Б гэх айлын 5 тооны адуутай нийлсэн явж байна гэх сураг гарсан.Тэгэхээр нь би Б гэх хүний утасны дугаарыг хүмүүсээр дамжуулан олж аваад, түүнтэй 2024 оны 05 сарын сүүлчээр холбогдож утсаар яриад “гүүг хадгалж байгаарай, очиж авна” гэж захисан. Гэтэл 2024 оны 07 сард над руу утсаар залгаад “таны гүү миний адуутай хамт алга болсон, хайгаад олдохгүй байна” гэж хэлэхээр нь би “олдох байлгүй” гэж хэлсэн.
Тэгээд 2024 оны 09 сарын дундуур байх, Б над руу утсаар ярьж “миний адуу Ө-д сураг гарч байна, таны гүү болон миний адууг хулгай авсан юм шиг байна” гэж утсаар хэлсэн. Тэгээд Б.Б 09 сарын сүүлчээр надад нэг хүний утасны дугаар өгч, энэ хүнтэй холбогдоорой, таны адууг хэрэглэсэн хүн” хэлсэн. Би тухайн үед хөдөө явж байсан тул холбогдож ярьж чадаагүй. Тэрнээс хойш 2 хоногийн дараа байх, өдрийн сайн санахгүй байна, нэг хүн над руу утсаар ярьж, “таны гүү Ө-д байна гэнээ, худалдаж авъя, ямар үнэтэй бэ” гэж асуухаар нь би гайхаад “чи хэн билээ, миний утсыг яаж олсон юм бэ” гэхэд би Х бригадын манаач Д /Т/ гэж байна, таны хүрэн гүү энд байна, худалдаж авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь наад гүүг чинь 5 сая төгрөгөөр худалдаж авсан гэж хэлэхэд тэр хүн “би 3 адуу өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за” гээд утсаа тасалсан. Сүүлд Б-гийн өгсөн дугаар луу залгахад Д буюу Т гэдэг хүн байсан ба би тантай худалдаж авъя гэж ярьсан хүн байна гэхээр нь би гайхаад “чи хулгайлж авсан юм уу, ямар учиртай юм болоод байна” гэж жоохон захирангуй ярихад “үгүй, тийм байхгүй, би өмнө танаас гүүг чинь худалдаж авъя” гэж ярьсан шүү дээ гэж хэлэхээр нь “чи худалдаж авах гэж байгаа бол адуугаа авчирч өгөөч” гэж хэлсэн. 2024 оны 11 сард Д гэх хүн өөрөө залгаж ярихаар нь би "чи адуугаа авчирч өгөхгүй бол, би өөрөө очиж гүүгээ авъя” гэж хэлэхэд мөнгийг нь хувааж өгий гээд маргааш нь өөр хүний данснаас миний Х тоот данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа би буцаад тухайн Т гэдэг хүн рүү яриад “чи үлдэгдэл мөнгөө яах гэж байгаа вэ” гэхэд би 12 сард тэтгэвэрт гарч байгаа, тэгэхдээ зээл аваад өгнө” гэж хэлсэн. Би тухайн гүүг зарахаар янз бүрийн зар тавьж байгаагүй.
Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад хурдан удмын угшилтай үр төл гаргадаг талаарх гаргаж өгөх нотлох баримт байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-66 дахь тал/;
- гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Б 2024 оны 07 дугаар сарын 20-ны үед буюу Ө сумын 100 жилийн баяраар уулзахдаа 2024 оны 06 сарын сүүлчээр 6 тооны адуу алдаад хайгаад олохгүй байна, сураг ажиг тавьж байгаа ч гэж хэлж байсан.
Мөн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ө сумын төвд намайг колонк дээр зогсож байхад Б ирж бензин авсан ба “зун алдсан адуугаа хайгаад олохгүй байна” гэхээр нь манай ахын Б гэх залуу байгаа, адуу малд их явдаг, үзэж харсан байж болзошгүй гэж хэлэхэд надыг асуугаад өгөөч гэхээр нь би Б руу ярьж алдсан адууных нь зүс, им тамгыг хэлж асуухад Ө сумын ХӨ-т 2024 оны 06 сарын сүүлээс хойш байж байгаа, нэгийг нь чоно идсэн байж магадгүй, шувуу бужигнаад байна лээ, очиж үзээгүй тавуулаа болсон байна лээ, 2 өдрийн өмнө харагдаж байсан гэхээр нь Б-д Бг-ийн утасны дугаар өгөөд явуулсан.
Сүүлд Б-тай би сумын төв дээр таарч уулзахад танай найзын адууг Д буюу Т 2024 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр тууж яваад надтай таарсан, хүнд хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д эзэмшиж байсан гэж ойлгосон. Тэрийг бол Б-д би хэлээгүй, хоорондоо зохицож төлж байгаа, сүүлд 2 байдасын хүлээлгэж өгсөн гэж дуулдаж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал/;
- гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Б 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай гэрт ирж байсан ба 2024 оны 06 сард алдсан адуугаа хайгаад явна гэж хэлсэн. Тухайн үед би Б-д адууны махаар цуйван хийж өгсөн ба тоглоом болгоод “энэ адууны махыг 2 хоногийн өмнө Д-гээс худалдаж авсан, манай дэлгүүрт 50,000 төгрөгийн өртэй байсан байна лээ, тэрэндээ өгсөн мах юм. Арай хулгайн мах өгчхөөгүй байлгүй, тийм зүйл баймгүй юм аа гэж хэлсэн. Тэгэхэд Б нэг их юм бодолгүй, манайд хоолноос идчихээд яваад өгсөн юм. Д /Т/ кг махыг 8000 төгрөгөөр бодоод манай дэлгүүрт 50,000 гаруй төгрөгийн өртэй байж байгаад өрөө дарж адууны мах өгчихөөд явсан. Тухайн үед ямар адууны мах гэдгийн Д-гээс асуугаагүй юм. Би Д-г өөр ямар хүмүүст тухайн адууны махыг зарсан талаар мэдэхгүй, хөдөө адуугаа гаргаж махыг нь сумын төв оруулж ирээд зарсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 70 дахь тал/;
- гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Д.Г ах 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байх, намайг хөдөө өвөлжөөнд байж байтал утсаар ярьж, “В” үсгэн тамгатай хүрэн азаргатай 6 тооны адуу үзсэн юм уу гэхээр нь энэ зунаас хойш байгаад байгаа ш дээ, манай хойд талын довон дээр байгаа ш дээ, 5 болсон байна лээ, 2 хоногийн өмнө байсан” гэж хэлсэн. Мөн нэг хүн эзэмшээд байх шиг байна, даруйхан ирж аваарай гэж Г ахад хэлсэн. Сүүлд нэгийг нь чоно идсэн бололтой, баахан шувуунууд байсан юм. Яг дөхөж очиж үзээгүй ба адуу байсан газар орчим буурал шовгор гэх уулын өвөрт байсан.
Утсаар ярьсны дараа 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б ах ирж надаас адуу байсан гэх газрыг заалгаж тэр орчмоор хайгаад явсан ба надтай утсаар ярьж, чи худлаа яриад байгаа юм биш үү гэхээр нь би танд үнэнээ хэлсэн шүү, тэнд байсан гэж хэлсэн. Тэгээд сүүлд би Ө сумын төв орж ирэхдээ Г ахад таарахдаа, тухайн үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Д гэх хүн Т гэх газар тухайн 5 тооны адууг тууж яваад надтай тааралдсан ба миний араас ирж уулзаад “чамаас өөр харсан хүн байхгүй, чи хүнд хэлэв ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед Д гэх хүн эзэмшээд байгаа юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/;
- гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Т 2024 оны 09 сарын дундуур байх, өдрийн сайн санахгүй байна, Ө сумын төв дээр байх манай гэрийн хашааны үүдэн дээр ирж, адууны мах авах уу гэж асуухаар нь 10 кг гаруй адууны мах худалдаж авсан. Нийт жаран хэдэн мянган төгрөг болсон. Тооцоогоо бэлэн мөнгөөр хийсэн юм. Тэр үед манайх найрын бэлтгэл ажил хангаж, их ажилтай байсан юм. Ямар ч байсан мах худалдаж аваад тооцоогоо хийгээд явуулсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/;
- гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Т 2024 оны 09 сард Ө сумын Ц багийн нутаг Т-ийн Х гэх газар намаржиж байсан. 2024 оны 09 сарын дундуур байх өдрийн сайн санахгүй байна. Өглөө эрт Ө сумын төв орох гэж мотоциклтой яваад үд болж байхад ирсэн. Би мал усалж байтал Т-ийг адуу гаргаж байна гэдгийн сонсоод тэднийх рүү очсон. Намайг тэдний гадна ирэхэд Т болон манай дүү нар болох М, Б нар байсан. Мөн тэд нарын эхнэрүүд нь байсан. Тэгэхээр нь Д-гээс хаанаас адуу аваад ирсэн бэ гэж асуухад “хүнээс өрөндөө авсан юм” гэж хэлсэн. Тухайн үед яг хэнээс авсан, яасан гэж тодруулж асуугаагүй, тэгээд чанасан махнаас идэж, 12-13 кг мах худалдан авч бэлэн мөнгөөр тооцоо хийсэн. Тухайн алсан гүү нь хар хүрэн зүстэй байсан. Тамгын анзаараагүй, намайг очиход аль хэдийн алж арьсыг нь дэлгэж, гэдсийг нь гаргаж байсан юм. Д-г тухайн адууг гаргаад 3-4 хоносны дараа сумын төвөөс Ч /Чу/ манай гэрийн тэрүүгээр ирж намайг мал хариулж явахад тааралдаж Д-гийн гэрийг асууж, уулзах уулзаатай юм гэж хэлээд гэрийн заалгаж аваад явсан. Тэр хоёр хоорондоо юу ярьсныг нь мэдэхгүй. Ч яах гэж яваагаа надад хэлээгүй юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал/;
- гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Т нь миний хүргэн ах болох бөгөөд албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, хамтран амьдардаг юм. Манайх 2024 оны 09 сарын дундуур хүргэн ах Б.Т-тэй айл сахалт байсан ба 09-р сарын 15-ны үеэр байх, Т ах сумын төв рүү өглөө өөрийнхөө цагаан өнгийн Даюун маркийн мотоциклоор ганцаараа явсан. Тэгээд үд болж байхад хар хүрэн зүсмийн зөв талын гуян дээр давхар сартай дээрээ бөөрөнхий дөл маягийн тамгатай гүүг ганцааранг нь тууж ирээд хашаандаа морины хажууд тогтоож байгаад бариад авсан. Тухайн гүүг хүнээс өрөндөө авч мөнгө хийх гэж байна гэж хэлээд шууд нядалсан. Тухайн үед манай хүргэн Э, дүү Б бид хэд гаргасан. Тухайн гүүний махнаас манайх нэг хаа, хавиргатай нь авсан. Нийт 100,000 гаруй мөнгөн төгрөг болж, мөнгийг нь бэлнээр өгсөн. Манайхны ах, дүү хамаатны хүмүүс бага сага мах аваад байсан. Үлдсэн зарагдаагүй махаа Ө сумын төв рүү оруулж зарсан. Тухайн адууг яг хэнээс авсан талаар хэлээгүй. Хүнээс өрөндөө авсан, зарж мөнгө болгох гэж байна гэж хэлсэн. Сүүлд Чу нь Т ахыг хайж ирээд “Д хаашаа явсан юм бэ” гэхээр нь худаг дээр юм угааж байна гэж хэлсэн, тэгтэл тэр муу хөгшнийг худаг руу хийнэ гэж хэлээд яваад өгсөн ба тоглоод байгаа юм болов уу гэж бодсон” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал/;
- гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие 2024 оны 09 сарын дундуур байх, Ө сумын 1-р багийн нутаг Т гэх газарт байхад хүргэн ах Т утсаар ярьж мал гаргалцаад өгөөч, хүнээс нэг адуу авсан, тэрийгээ гаргамаар байна ах нь гэж хэлэхээр нь тэдний гадна очиход хөлөрсөн бололтой хар хүрэн зүсмийн зөв талын гуя нь дээр сартай дөл тамгатай 1 тооны гүү байсан. Намайг тэдний гадна очиход миний ах М эхнэрийн хамт, Т ах болон эгч Э дөрвүүлээ байсан ба тавуулаа нийлж байгаад тухайн гүүг алж нядалсан юм. Би 13-14 кг мах авч, бэлнээр 110,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/;
- эд зүйл /Б.Т-ийн хувийн хэрэг болон зорчих эрх хязгаарлах ялын цахим систем/-д үзлэг хийсэн “цахим бугуйвчийг унтраасан эсэх мэдээллийг шалгахад 2025 оны 09 дүгээр сарын 03, 04, 08, 12, 13, 14, 21, 22, 24-ний өдрүүдэд 5-10 минутын хооронд унтрааж, буцаан асаасан байна. Мөн 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 11 минутад зөвшөөрөгдсөн бүсээс гарсан зөрчил гаргасан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 10-22 дахь тал/;
- Б.Ч-ын эзэмшлийн х дугаарын 2024.08.14-2024.11.15-ны хүртэлх хугацааны утасны биллд хөндлөнгийн гэрч байлцуулан үзлэг хийсэн “үзлэгээр Б.Ч, Б.Т нар нь 2024 оны 9 дүгээр сарын 13-аас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 13 удаа ихэвчлэн шөнийн цагаар хоорондоо тодорхой хугацаанд ярьсан” гэх мөрдөгчийн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 68-70 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
4. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрөөгүй байна.
5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Т, Б.Ч нарыг “бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Шүүгдэгч Б.Т, Б.Ч нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.П-т 1,200,000 /нэг сая хоёр зуу/, Б.Б-д 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуу/ төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 109 дэх тал)-ээр нотлогдсон, шүүгдэгч нар хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байх бөгөөд хохирол, хор уршиг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээний талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
7. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т, Б.Ч нарт ял шийтгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байх ба оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон гэж дүгнэв.
8. Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн адуу Х сумаас алдагдаад 3 сарын дараа буюу 9 дүгээр сард хулгайлагдсан гэж шүүх үзсэн. Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байсан бөгөөд адуу хулгайлагдах үед хязгаарлалтын зон бүсээсээ гараагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байхад зөвхөн шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээ бүхий байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл бүхий нөхцөл тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
8.1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон байх бөгөөд шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
8.2 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, 2024 оны 6 дугаар сараас эхлэн Увс аймгийн Ө сумын Ж багийн “Х Д”, “Х Н“ гэх газруудаар бэлчээрлэж байсан хохирогч Б.Б-гийн 5 тооны, Б.П-ийн 1 тооны адууг шүүгдэгч Б.Т, Б.Ч нар 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эзэмшилд оруулж, Б.Т нь Б.П-ийн 1 тооны адууг нядалж, махыг зарж борлуулсан, хохирогч Б.Б адуунуудаа хайж шүүгдэгч Б.Т, Б.Ч нартай уулзсан, удаа дараа утсаар ярьж байсан, шүүгдэгч Б.Т, Б.Ч нар нь хохирогч Б.Б-д хохирлыг барагдуулж өгнө, цагдаагийн байгууллагад битгий хандаарай гэж хэлж гуйж байсан, хохирогч Б.П-ийн адууны хохиролд Б.Т нь 2,500,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, мөн Б.Б-гийн 2 тооны адууг зүсээр нь буцааж өгсөн, Б.Ч, Б.Т нар нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2024 оны 9 дүгээр сарын 13-аас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 13 удаа хоорондоо тодорхой хугацаанд утсаар ярьж байсан үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтуудыг нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь харилцан хамааралтай байх бөгөөд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
8.3. Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар: “...би хамтран амьдрагчийн хамт Увс аймгийн Ө сумын Ц багийн төв дээр цөөн тооны мал маллан амьдардаг. 2024 оны 5 дугаар сарын сүүлээр нэг азаргатай 5 тооны адуу манай гэрийн ойролцоо бэлчиж эхэлсэн. Тухайн үед уг адууг хэн нэгэн хайж ирээгүй, мөн тухайн багийн иргэд хэнийх болохыг нь мэдэхгүй байсан. Тухайн газраас манайх 6 сард Ч Г гэх газарт нүүсэн. 9 дүгээр сарын эхээр би хавар адуу байсан булаг дээр очиход 5 адуу байхаар нь тухайн газраас 20 орчим километр байх Ч Г руу тууж яваад орой болж хээр орхиод явсан. Маргааш нь ирж харахад байхгүй байсан учраас тэр хавийн айлуудаар сураглаж захиж явахдаа Б.Ч-тай таарч, хавар багийн төв дээр байсан эзэнгүй адууг тууж ирж байгаад алга болгочихлоо гэж хэлээд сартай хүрэн халзан азаргатай 5 тооны адуу хайж байна гэж хэлсэн. Тэгээд 6-7 хоногийн дараа Б.Ч над руу утсаар холбогдож, таны хайж байсан 5 адууг олоод ирлээ. Б Х-ны ар дээр хүрээд ир гэхээр нь би очиход мотоциклтойгоо ирчихсэн байсан. Тэгээд би тухайн адуунаас нэг адууг нь хэрэглэнэ гэж хэлээд нас гүйцсэн гүүг гэр лүүгээ өөрийн мотоциклоор 25 орчим километр газар тууж явсан. Харин Б.Ч нь үлдсэн 4 адууг аваад үлдсэн. Би тухайн гүүг багийн төв дээр аваачиж нядалж, махыг нь 900,000 төгрөгөөр хүмүүст зарсан ба энэ үйл явдлаас 2 хоногийн дараа хохирогч Б.Б ирж уулзахаар нь би үнэнээ хэлж, 1 адууг нь өөрөө хэрэглэсэн, харин 4 адууг Б.Ч аваад үлдсэн бөгөөд 1 адууг чоно идсэн гэдгийг хэлсэн. Миний хэрэглэсэн гүү нь Б.П гэх хүнийх байсан тул хохирогчтой яриад 5 сая төгрөгийн хохирол төлөхөөр болж 2,500,000 төгрөг өгсөн.
Б.Ч-тай хохирогч Б.Б очиж уулзсаны дараа Б.Ч надтай уулзаж “би хамаагүй шүү” гэж хэлэхээр нь “чи хүний адуу авч ирчхээд юу яриад байгаа юм, үнэнээ хэл” гэдгийг хэлсэн. Дараа нь Б.Ч нь 2 адууг авч ирж, би тухайн 2 адууг хохирогч Б.Б-д хүргэж өгсөн. Харин үлдэгдэл азарга болон нэг нас гүйцсэн гүү нь олдоогүй, Б.Ч нь адуу хаана байгааг надад хэлээгүй, өөрөө адууг төлж өгнө гэж ярьсан байсан” гэж,
- яллагдагч Б.Т нь 2026 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр “би 2024 оны 5, 9 дүгээр саруудад юнителын х гэсэн дугаар эзэмшиж байсан.
Би урьд нь мэдүүлэг өгөхдөө 2024 оны 9 дүгээр сард Б.Ч утсаар холбогдож, адуу тууж ирсэн, уг адуунаас 4 тооны адууг өөрөө авч үлдсэн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэж тус тус мэдүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Т-ийн өгсөн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээлэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгт тусгагдсан үйл баримтуудтай тохирч байхаас гадна түүний мэдүүлэг нь бусад бичгийн баримтуудаар давхар нотлогдсон байх тул яллагдагч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Иймд шүүгдэгч Т.Т, Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, өмгөөлөгч Б.Лхагважавын гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Шүүгдэгч Б.Т, Б.Ч нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 85 хоногийг тус тус хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Т, Б.Ч нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 85 /наян тав/ хоногийг тус тус хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ
Н.МӨНХЖАРГАЛ