Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/01967

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02014 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-д холбогдох,

 

Бараа материалын үнэ 9 625 275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Анхцэцэг, Г.Жамиймаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: *** ХХК нь Б-тэй 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардлагатай эд материалыг түрээслүүлсэн.

Б- нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 164 ширхэг бараа материалын түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 3 442 200 төгрөг болон дутаасан 91 ширхэг барааны үнэ 4 144 000 төгрөг, нийт 7 586 200 төгрөг төлөхөөс түрээсийн төлбөрт төлсөн 869 350 төгрөг болон барьцаанд төлсөн 300 000 төгрөгийг тус тус хасч нийт түрээс болон дутаасан барааны үнэд 6 416 850 төгрөгийг төлөөгүй.

Дээрх төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул алдангийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 267 хоногийн хугацаанд хоногийн 0,5 хувиар тооцоход 8 566 495 төгрөг болох бөгөөд 6 416 850 төгрөгийн 50 хувиар тооцвол 3 208 425 төгрөг болно.

Хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 08-ний өдөр бараа буцаан өгсөн, 91 ширхэг бараа материалыг дутагдуулсан ба манай байгууллага 7 хоног дотроо 400 төгрөгөөр, 10 хоногт 250 төгрөгөөр, 20ос дээш хоногт 220-200 төгрөг гэх мэтээр түрээслэдэг ч гэрээндээ энэ талаар заагаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх болон шүүх хуралдаанд тайлбартаа: 91 ширхэг барааг дутаасан талаар хүлээн зөвшөөрөх ч үнийн дүн нь зах зээл үнээс 20 хувиар илүү үнэтэй байх тул энэ хувиар бууруулан 3 315 200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө.

Харин түрээсийн төлбөрөөс үлдэгдэл 560 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Пум нь Талх чихэр ХХК-ийн хашаанд, зам дээр худгийн гадуур хучаастай байсан ба 2019 оны 07 сарын 6, 7-ны өдрийн орчим газарт булчихсан, гаргах гэхээр зам сэтэрчих гээд байсан. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байна.

Үүнийг гэрчлэх гэрч дуудмаар байгаа ч энд байхгүй, утсан дээр он, сар, өдөртэйгээ зураг нь байгаа тул миний бие Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй, гэрээнээс татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 292 дугаар зүйлийн 292.2, 292.4, 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Б-гээс 9 559 680 /есөн сая таван зуун тавин есөн мянга зургаан зуун наян/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65 595 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б-гээс 167 904 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүх хуралд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох байтал хариуцагч талын тайлбарыг үнэлэлгүй нэхэмжлэгч талын тайлбарыг үнэлж, хариуцагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг үнэлээгүй. Анахн шатны шүүх хоёр талын баримтыг харьцуулалгүй, хэт нэг талыг баримталсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дутаасан бараа материалыг бараа материалаар нь төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 2 272 850 төгрөг, хохиролд 4 144 000 төгрөг, алдангид 3 208 425 төгрөг, нийт 9 625 275 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч түрээсийн төлбөрт 560 000 төгрөг, дутаасан бараа материалын үнэд 3 315 200 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

*** ХХК нь Б-тэй 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч *** ХХК нь гэрээний хавсралтад заасан 164 ширхэг бараа, материалыг 20 хоногийн хугацаатай түрээслэх, түрээслэгч Б- нь төлбөр төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллага нь дээрх гэрээний дагуу 164 ширхэг бараа, материалыг хариуцагчид хүлээлгэн өгсөн, гэрээ дуусгавар болж эд хөрөнгийг буцаан шилжүүлэхэд 91 ширхэг бараа материал дутсан талаар талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн гэрээний төлбөр төлөх үүргийг 3 398 470 төгрөгөөр тооцож, үүнээс барьцаанд төлсөн 300 000 төгрөг, урьдчилан төлсөн 869 350 төгрөгийг тус тус хасч 2 229 120 төгрөгөөр тодорхойлж тогтоосон нь зөв болжээ. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Гэрээний 1.3-т зааснаас үзвэл эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгсөн өдрөөс түрээсийн хугацаа дуусгавар болно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ тохиолдол нь мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт заасан хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй нь хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй байх зохицуулалтад хамаарахгүй юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу бөгөөд түрээсийн төлбөр шаардах эрхийн зохицуулалтад хамаарахгүй байхад шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн уг заалтыг баримталж маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус болжээ. Түүнчлэн, Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь үндэслэлгүй болжээ.

 

Талууд гэрээний 3.5.-д ...түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь алдангийг мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Хариуцагчийн түрээсийн төлбөрт 2 229 120 төгрөгийг төлөөгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлаж алдангийг тогтоовол 1 114 560 төгрөг болж байна.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа түрээсийн зүйлийг буцаан өгөх үүрэгтэй ба уг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 91 ширхэг бараа, материалыг дутагдуулсан тул мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасан түрээслүүлэгч өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй.

 

Энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэгт гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хохирлыг мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр эд хөрөнгөөр хохирлыг барагдуулаагүй тул мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь мөнгөөр шаардсныг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч нь бараа, материалыг мөнгөн хөрөнгөөр шаардахдаа зах зээлийн үнээс 20 хувиар илүү үнээр нэхэмжилсэн байна гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд дутагдуулсан бараа, материалын үнийг нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үнээр тооцож 4 144 000 төгрөгөөр тодорхойлж шаардсан нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт хохирол бодит байх гэж заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Б-гээс түрээсийн төлбөр 2 229 120 төгрөг, алданги 1 114 560 төгрөг, хохиролд 4 144 000 төгрөг, нийт 7 487 680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 292 дугаар зүйлийн 292.2, 292.4 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1, 326 дугаар зүйлийн 326.2, 229 дүгээр зүйлийн 229.1 гэж, 9 559 680 төгрөг /есөн сая таван зуун тавин есөн мянга зургаан зуун наян/ төгрөгийг гэснийг 7 487 680 төгрөг гэж, 65 595 төгрөгийг гэснийг 2 137 595 төгрөгийг гэж тус тус өөрчлөн,

2 дахь заалтыг 167 904 төгрөг гэснийг 134 753 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 650 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА