Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2026/ДШМ/36

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд;
прокурор А.Хулан /цахимаар/,
шүүгдэгч Ш.Т, 
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямцэцэг нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж хийсэн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2026/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор А.Хулангийн эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Ш.Т-т холбогдох 2620000000019 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.  
1.Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд: 
1.1.Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, ... настай, ....., ............. боловсролтой, ..............., .................., ам бүл .., ...... хамт, .............. аймаг, ......... сум, ............ баг, ............. тоотод оршин суух, 
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, 
мөн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/123 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэгдсэн, .............. овогт Ш.Т
2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: 
Шүүгдэгч Ш.Т нь 2026 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 23 цаг 05 минутын орчимд .......... аймгийн ........ сумын ............ баг, ................. тоотод дагавар хүү Б.М-ай зурагтаа унтраасангүй, унтуулж амраасангүй гэх шалтгаанаар маргалдаж, түүний дух хэсэгт хутгаар зүсэж биед нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Хулан нь шүүгдэгч Ш.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.  
4.Анхан шатны шүүх “...шүүгдэгч ................. овогт Ш.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-ыг 1,200,000/нэг сая хоёр зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т  шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, биелүүлэх үүрэгтэй, оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/123 дугаартай тогтоолын “Тогтоох” хэсгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Ш.Т-т хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэх 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлж, 
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ш.Т-аас 175,938 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.6-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн 18,5 см урттай, шаргал өнгийн хуванцар 9,5 см иштэй, ажлын хэсгийн урт 8 см хэмжээтэй, 1 ширхэг хутгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 
шүүгдэгч Ш.Т  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,
шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурджээ. 
 5.Прокурор А.Хулан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заасан, ...харин анхан шатны шүүх Ш.Т-т оногдуулсан торгох ялыг хэдийн хугацаанд биелүүлэхийг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, өгнө үү” гэв.
6.Шүүгдэгч Ш.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбар байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэв. 
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Хулангаас,  шүүгдэгч Ш.Т-ыг ............... аймгийн ............... сумын ........ баг, ................ тоотод 2026 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 23 цаг 05 минутын орчимд өөрийн дагавар хүү Б.М-тай зурагтаа унтраасангүй, унтуулж амраасангүй гэх шалтгаанаар маргалдаж, түүний дух хэсэгт хутгаар зүсэж, духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
2.Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Т-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-т 1,200,000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгуулийн ялыг шүүгдэгч шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, биелүүлэх, урьд нь шийтгэх тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жил тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жил хорих ял оногдуулж, эдгээр оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 
     3.Прокуророос шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “...анхан шатны шүүх Ш.Т-т оногдуулсан торгох ялыг хэдий хугацаанд биелүүлэхийг тогтоогоогүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг зөрчсөн учир шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ. 
4.Хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудыг харьцуулан, эх сурвалжийг магадлан үзэхэд яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.  
Тодруулбал шүүгдэгч Ш.Т  нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ба өөрийн дагавар хүү Б.М-ын дух хэсэгт хутгаар зүсэж, хөнгөн хохирол санаатай учруулсан. 
Энэ талаар гэрч Д.Б /1хх 35-36/, Ш.Э  /1хх 38-39/, хохирогч Б.М нараас мэдүүлсэн улмаар шүүгдэгч Ш.Т-ын гэм буруутай үйлдэлтэй холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/1хх 01/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/1хх 3-5/, гэрэл зургийн үзүүлэлт/1хх 6-8/, согтуурал шалгасан магадалгаа/1хх 14/ зэрэг баримтууд хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагджээ.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд гэмтэл учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ хэрэгт прокурор, мөрдөгчөөс шүүгдэгчийн үйлдлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн үндэслэлгүй ба хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. 
Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулахгүй байх нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод нийцэхийн зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим хэрэгжих  бодит үндэслэл болно. 
Мөн шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэл хүндэрч байгаатай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир хэргийг прокурорт буцааж, шийдвэрлэх нь зүйтэй юм.
     5. Шийтгэх тогтоолд “...торгох ялыг биелүүлэх хугацааг 90 хоног” гэж тодорхой заасан тул  прокурорын “...шийтгэх тогтоолд шүүгдэгч торгох ялыг ямар хугацаанд төлүүлэх буюу биелүүлэхийг тогтоогоогүй” гэсэн эсэргүүцэл үндэслэлгүй. 
    Хэдийгээр Анхан шатны шүүхээс торгох ял биелүүлэх хугацааг тодорхой заасан нь хууль зөрчөөгүй боловч шүүгдэгч Ш.Т-т торгох болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхдээ ялтан 90 хоногийн дотор торгуулийг төлөх боломжтой эсэхийг анхаарч, бодит байдалд нийцсэн дүгнэлт хийн шийдвэрлэж байвал зохино. 
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчид урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2026/ШЦТ/41 дугаартай шийтгэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.                      


    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.САЙНБАЯР

        ШҮҮГЧИД                                    Б.НАРАНЧИМЭГ

                            Н.БОЛОРМАА