Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 480

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гансугар,

улсын яллагч Г.Эсэн,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв,

шүүгдэгч Ю.Э, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар И овогт Ю.Э холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810005800377 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол Улсын иргэн, ...... /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ю.Э нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хийморь хотхоны 34 дүгээр байрны 59 тоотод 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өөрийн гэр бүлийн гишүүн болох дагавар хүү 6 настай О.Х байнга хүч хэрэглэн зодож хүчирхийлсэн мөн түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ю.Э нь өөрийн дагавар хүү 6 настай О.Х 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр аавыгаа дагаж уйлаад нүцгэн гарах гэлээ гэх шалтгаанаар өөрийнхөө тэлээгээр толгой руу нь цохиж, нуруу руу 5-6 удаа цохьсон, гуяны дотор талаас гараараа чимхэж, зүүн хацар луу цохьсон, аавынх нь тэлээгээр зодно гэж айлгасан, чихнээс нь татаж танай аав чинь дахиж ирэхгүй гэж ганцааранг нь жижиг өрөөнд оруулж түүний биед хуйх, зүүн шанаа, баруун хөмсөг, зүүн хацар, хамрын нуруу, нуруу, зүүн бугалга, тохой, шуу, цээж, хүзүү, 2 гуя, баруун өгзөг, зүүн чихний дэлбээнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, урьд нь зурагтны суваг солилоо гэх шалтгаанаар хар улаан өнгийн тэлээгээр цохиж зодсон, шархны лээнт аваад ир гэх шалтгаанаар ганцааранг нь дэлгүүр явуулж, нуруу руу цохиж, урд талын шүдийг тэлээгээр цохиж унагаасан, гэрээс нь хөл нүцгэн хөөж гаргаж байсан болох нь:

1. Шүүгдэгч Ю.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Тухайн өдөр нөхөр О согтуу байсан. Бага хүү А халуунтай байсан учир О эмнэлэгт үзүүлье гэхэд О эмнэлэг явахгүй гэсэн учир би өөрөө үзүүлчихээд ирсэн. Ирэхэд О хаалгаа цоожлоод оруулахгүй, хаалганы цаанаас доромжлоод байсан. Би хүүхдээ өргөсөн байсан учир миний гар цуцаад цагдаа дуудсан. Цагдаа 5-10 минутын дараа ирэхэд О оруулаагүй. Цагдаа нар О эвээр ярихад хаалгаа онгойлгосон. Тэр үед О биеэ удирдах чадваргүй байсан. Тэгээд цагдаа нар О аваад явахад хүүхэд “аавыгаа дагаж явна” гээд надтай ноцолдоод, өшиглөөд байсан. Би Х “аавыг нь эрүүл болохоор авна, шоронд хийхгүй, тайвшир” гэж хэлсэн. Надтай нилээн ноцолдсон, намайг өшиглөөд байсан. Би учраа олохгүй өмдний тэлээгээр хэд ороолгосон. Тэгээд би хоол хийгээд, хүүгээ унтуулаад, Х тайвшруулаад, “аниагаа уучлаарай” гэж хэлсэн. Би Х хоолоо идээрэй гэх хэлэхэд миний хүү уйлсан. Тэгэхээр нь би хүүгээ хөхүүлэх гээд эргээд харах хооронд Х хувцсаа өмсөөд гараад гүйсэн байсан. Би араас нь хайхад багш дээрээ очсон байсан....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

   2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 10:30 цагт 2 хүүхдээ салхилуулсан. Манай бага хүүхэд ханиад хүрээд Э эмнэлэг явъя гэхэд би эмнэлэг явуулахгүй гэсэн. Тэр үед Х тоглоомоор тоглож байсан бөгөөд Э Х-ын тоглоомуудыг өшиглөөд бага хүүхдээ аваад гарсан. Тэгээд уур амьсгал сонин болсон болохоор архи авч уусан. Х Э-аас айгаад байна, та ирэхээр нь оруулахгүй шүү” гэхээр нь “аав нь оруулахгүй” гэж хэлсэн. Тэгээд Э ирээд оруулахгүй гэсэн чинь цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд намайг аваад явсан. Ер нь Э Х-ыг мэр сэр зоддог. Өмнө нь суваг солилоо гэх шалтгаанаар зодсон. Хацар дээр нь цохиулсан ором гарчихсан байсан.. би Э салъя гэсэн бодол байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

          3. Насанд хүрээгүй хохирогч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би аавтайгаа явна гэж хэлэхэд аниа гарнаас бариад тавихгүй байсан. Өөрийнхөө тэлээгээр намайг толгой руу цохисон мөн нуруу руу цохьсон, гуяны дотор талаас гараараа чимхсэн, гараараа миний зүүн хацар луу цохьсон, намайг дахиад аавын тэлээгээр зодно гэж айлгасан чихнээс татсан танай аав чинь дахиж ирэхгүй гэж хэлээд намайг ганцааранг нь жижиг өрөөнд оруулсан. Аавыг гэрт байхгүй үед хурдан гэрээс гаргаж байгаад л намайг байнга зоддог. Зөндөө зодуулж байсан, би тэрийг нь тоолж мэдэхгүй байна. Аавыг гэрт байхгүй үед л байнга зоддог. Цагаан сарын үеэр зурагтны суваг солилоо гэж хар улаан өнгийн тэлээгээр цохиж зодсон. Миний урд талын шүдийг тэлээгээр цохиод унагаасан зөндөө их цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-61/

            4. Гэрч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...урьд нь зодуулж байсан талаар сонсож байсан. Аавтай нь хамт оруулахгүй орцонд хонуулсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/

            5. Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А мэндэлсэн тэрнээс хойш манай хүү Х-ыг зодож намайг зодож гэрээс хөөж жижиг шалтгаанаас болоод миний хүү Х-ыг байнга зодож байдаг. Би энэ талаар өөрт нь хэлэхэд би уураа барьж чадахгүй байна чиний хүүхдэд юм хэлэхээр ойлгохгүй юм байна тоохгүй юм байна гэх шалтгаанаар зоддог байсан. Намайг ажилдаа яваад орой ирэхэд Х-ыг байнга зодсон байдаг. Миний мэдэхээр 2-3 удаа зодож байсан. Тавчик болон гараараа цохиж зодож байсан. Би өндөг шарх гээд хайруулын таваг халаагаад байж байтал халуун хайруулын таваг аваад Х луу шидсэн тэгтэл толгойг нь оноод хавдсан. Орой ирэхэд хүүхдийн нуруу болон гар нүүр нь хөхөрсөн байж байдаг ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-42/ 

            6. Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х-ын бие нь аймар болсон байна. Х өөрөө ээж зодсон манай аав шоронд орчихлоо гээд манайд хүрч ирсэн. Намайг Хүчбаярын биеийг хардаа гэсэн. Тэгээд би Х-ын хувцсыг тайлуулж харахад нуруу, хүзүү, гар, нүүр хэсэг нь улайж хавдаж ором орсон цус нь шүүрсэн байсан мөн гуяны дотор талын мах нь хөх болж няцарсан, толгой духанд нь ором болсон байсан. Тэгээд ээж намайг тэлээгээр зодсон гэж хэлсэн. Урьд өмнө нь Х-ын хойд ээж нь зөндөө зодож байсан гэж Х уйлаад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7/

            7. Насанд хүрээгүй хохирогч О овогтой Х-ын сэтгэл зүйн дүгнэлт

          -О.Х-ын сэтгэл зүйн байдлаас харвал хойд ээжээс нь тусдаа байлгах шаардлагатай. Хойд ээжтэйгээ таарамжгүй байдлаас үүдээд хүүхдийн сэтгэл зүйлд өөрчлөлт орох, сэтгэл санааны тавгүй байдал давамгайлах, үүнээс үүдээд анхаарал нь саринах, хичээл номондоо дургүй болох, гэрээсээ дайжих зэрэг эрсдэлтэй байна /хх-ийн 14/

            8. Насанд хүрээгүй хохирогч О овогтой Х-ын насыг тоолсон тэмдэглэл /.....6 нас 9 сар 14 хоногтой байна.../, /хх-ийн 17/

            9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3264/-ний дүгнэлт:

            - Хүчбаярын биед хуйх, зүүн шанаа, баруун хөмсөг, зүүн хацар, хамрын нуруу, нуруу, зүүн бугалга, тохой, шуу, цээж, хүзүү, 2 гуя, баруун өгзөг, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            -Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 20/

            10. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №235:

            - Ю.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            - Ю.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            - Ю.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            -Ю.Э-ын удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

            - Ю.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            -Ю.Э нь хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 24-25/

            11. Аюулын зэргийн үнэлгээ хийсэн маягт /...дунд../, /хх-ийн 77-78/

            12. Шүүгдэгч Ю.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний хүү Ахалуураад байсан. О-г цагдаа аваад явсан. Согтуу биеэ авч явах чадваргүй байхад нь тэр үед Х аавыгаа дагаад уйлаад байсан. Нүцгэн аавынхаа араас гарч гүйх гээд байсан. Тэгэхээр нь би хэд хэдэн удаа хэлж тайвшруулах гээд үзсэн одоо битгий уйлаад бай гэж зөндөө хэлсэн. Тэр үед Х хаалганы бариулаад бариад авахаар нь би араас нь тэврээд авахад тийчэгнэж байгаад намайг өшиглөөд цохиод байсан. Тэр үед гадаа хүйтэн байсан болохоор гаргахгүй гээд жаахан хүмүүжүүлье гэж бодоод цохьсон. Би өөрийнхөө өмдний тэлээгээр 5-6 удаа нуруу хэсэг рүү нь ороолгосон, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би энэ үйлдэлдээ гэмшиж байна. Би өөрийнхөө үйлдлийг ойлгож байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85, 86-88/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ю.Э нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/-аар тогтоогдлоо.               

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3264/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №235 хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна. 

Учир нь шүүгдэгч Ю.Э нь өөрийн дагавар хүү 6 настай О.Х-ыг 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “аавыгаа дагаж уйлаад нүцгэн гарах гэлээ” гэх шалтгаанаар өөрийнхөө тэлээгээр толгой руу нь цохиж, нуруу руу 5-6 удаа цохьсон, гуяны дотор талаас гараараа чимхэж, зүүн хацар луу цохьсон, аавынх нь тэлээгээр зодно гэж айлгасан, чихнээс нь татаж танай аав чинь дахиж ирэхгүй гэж ганцааранг нь жижиг өрөөнд оруулж түүний биед хуйх, зүүн шанаа, баруун хөмсөг, зүүн хацар, хамрын нуруу, нуруу, зүүн бугалга, тохой, шуу, цээж, хүзүү, 2 гуя, баруун өгзөг, зүүн чихний дэлбээнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, мөн урьд нь зурагтны суваг солилоо гэх шалтгаанаар хар улаан өнгийн тэлээгээр цохиж зодсон, “шархны лээнт аваад ир” гэх шалтгаанаар ганцааранг нь дэлгүүр явуулж, нуруу руу цохиж, урд талын шүдийг тэлээгээр цохиж унагаасан, гэрээс нь хөл нүцгэн хөөж гаргасан үйлдлийг  3 буюу удаа үйлдсэн байх тул эдгээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Ю.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ю.Э-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, насанд хүрээгүй хохирогч О.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би Э-аас салъя гэсэн бодол байхгүй. Э уучлалт гуйвал цаашид амьдрах бодолтой байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчийн хувийн байдал /...2 настай хүүхэдтэй.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно” гэж заасныг хэрэглэх боломжтой байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ю.Э 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүх үзсэн болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Ю.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн, Ю.Э-ын нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сар 30  хоногийн хорих ялын хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч Ю.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэе.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Ю.Э-ыг гэмт хэргийн хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Ю.Э-ын эдлэх 1 жил 2 сар 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, 3 хүртэлх насны буюу 2 настай эхийн сүү /ураг/-ээр хооллодог хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.Э 1 жил 2 сар 30  хоногийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж,  зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Ю.Э-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Ю.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн дугуй төмөр аралтай тэлээ 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Ю.Э-д сануулж байна.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч И овогт Ю Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар И овогт Ю Э-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хорих ял оногдуулж, зан үйлээ засах албадлагын арга авсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн, Ю.Э-ын нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сар 30  хоногийн хорих ялын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ю.Э-ын эдлэх 1 жил 2 сар 30 хоногийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.Э-д 1 жил 2 сар 30  хоногийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Ю.Э-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

7. Ю.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн дугуй төмөр аралтай тэлээ 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Ю.Э-д сануулсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ю.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

  

 

                        ДАРГАЛАГЧ

                          ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР