Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00738

 

В нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26ы өдрийн 183/ШШ2019/00475 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...-ын иргэн В /.../, хариуцагч Дд холбогдуулан  орон сууцыг эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлж, орон сууц ашигласны төлбөр 42 750 000 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч Дийн орон сууцанд оруулсан засвар, үйлчилгээний зардал 94 329 860 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюун, нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч ...-ын иргэн В нь Монгол Улсын иргэн Дтэй 2016 оны намар буюу 8 дугаар сард амаар хэлэлцэн тохиролцож, өөрийн өмчлөлийн 135 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 800 000 төгрөгөөр тооцон худалдахаар харилцан тохиролцсон ба талууд тухайн үед тохиролцохдоо орон сууцны төлбөрийг оноос өмнө буюу 1-3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах ба 1 м.кв-ын үнийг төлбөр төлөх өдрийн юаньд харьцах ханшаар тооцож шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нь иргэн Дтэй ажил хэргийн хувьд холбоотой, хамтарч ажиллаж байсан танилууд бөгөөд түүний гэр бүлийн нөхцөл байдлыг хүндэтгэн тус орон сууцыг зах зээлийн үнээс харьцангуй хямдаар худалдахын зэрэгцээ автомашины зогсоолыг мөн үнэ төлбөргүй дагалдуулан өгөхөөр тохироод орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Гэвч Д нь орон сууцны төлбөрийг төлөлгүй, удаа дараа хугацаа заан хойшлуулж ирсэн бөгөөд орон сууцны өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүй тус орон сууцны өрөөний зохион байгуулалт, үндсэн хийцийг өөрчлөн засвар хийсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууцны төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч В нь талуудын хооронд хийсэн аман хэлцлээс татгалзаж, орон сууцыг чөлөөлөх шаардлагыг Дд тавьсан боловч бид орон сууцыг чөлөөлөх боломжгүй, учир нь өөрсдийн зардлаар өндөр үнэ өртгөөр засвар хийсэн, удахгүй төлбөр төлнө гэсэн тайлбарыг хэлдэг ба орон сууцыг эзэмшилдээ шилжүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй эзэмшиж ашигласаар байна. Иймд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжсэнд тооцно, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээс татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заасныг үндэслэн орон сууцыг Дийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Мөн хариуцагч Д нь гэр бүлийнхээ хамт нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд 2016 оны 09 дүгээр сараас нүүж орсон бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууцны үнийг төлөөгүй, орон сууцыг өмчлөх эрхгүй атлаа бусдын өмчлөлийн байранд үнэ төлбөргүй амьдарсаар байна. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны орон сууц ашигласны төлбөрийг орон сууцны түрээсийн зах зээлийн үнэ болох 1 сарын 1 500 000 төгрөгөөр тооцон нийт 42 750 000 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч Дээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Миний бие ...-ын иргэн Втэй 2016 оны 8 дугаар сард аман гэрээ байгуулан ... 21 тоотын 135 м.кв талбай бүхий 4 өрөө байрыг 1 м.кв-ыг нь 1 800 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон уг байранд нүүж орсон нь үнэн болно. Энэхүү байр нь засвар хийхээс өөр аргагүй, засваргүй бол хүн амьдрах боломжгүй байр байсан тул өөрийн амьдрах нөхцөлд тохируулан засвар хийсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс гаргаж байсан шаардлага байхгүй. Дээрх байранд нүүж орсноос хойш байрны засварыг Г ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулан засвар хийлгэсэн бөгөөд энэ засварт 91 042 384 төгрөгийг зарцуулсан. Мөн байрны СӨХ-ны төлөгдөөгүй байсан 1 906 521 төгрөг, 1 427 259 төгрөгийг тус тус төлсөн болно. Одоо сууж байгаа ... 21 тоот байрны засварт зарцуулсан 91 042 384 төгрөг, СӨХ-д төлсөн 3 323 780 төгрөг, нийт 94 366 164 төгрөгийг ...-ын иргэн Вгээс гаргуулж байж дээрх байрыг чөлөөлж өгөх болно. Учир нь дээрх байрыг чөлөөлж өгсөн тохиолдолд 94 366 164 төгрөгөөр хохирох болоод байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Анхнаасаа талуудын хооронд орон сууц хөлслөх талаар тохиролцсон зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Би ...-ын иргэн Втэй 2016 оны 8 дугаар сард Маршал таун хотхоны 135 м.кв талбай бүхий 4 өрөө байрыг 1 м.кв-ыг нь 1 800 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Гэрээг бид бичгээр байгуулаагүй бөгөөд амаар харилцан тохиролцохдоо орон сууцны засвар үйлчилгээг хийж, гэрээний төлбөрөө боломжтой болохоороо хийж болохыг тохиролцсон. Гэрээний төлбөр хийх хугацаанд дээр боломжит хугацаа олгосон тул байранд орохдоо Г ХХК-тай барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулан нийт 91 042 384 төгрөгийн ажил гүйцэтгүүлсэн. Мөн уг байр нь 2014 оны 9 дүгээр сараас хойш СӨХ-ны төлбөр төлөгдөөгүй, 2014 оны 12 дугаар сараас хойш орон сууцны төлбөр төлөгдөөгүй, нийт 6 611 257 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг өөрийн амьдарч байх хугацааны төлбөр дээрээ нэмж төлөн нийт 3 287 476 төгрөгийг төлсөн байна. Иймд худалдагчийн зүгээс орон сууцыг худалдах гэрээнээс татгалзаж байгаа тул орон сууцанд оруулсан засвар үйлчилгээний зардал болох 91 042 384 төгрөг, мөн орон сууц, СӨХ-ны төлбөрт төлсөн 3 287 476 төгрөг, нийт 94 329 860 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В нь хариуцагч Дд орон сууцыг худалдахаар харилцан тохиролцсон хэдий ч Д орон сууцны үнийг бүрэн төлснөөр орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй байсан. Харамсалтай нь төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй атлаа бусдын өмчлөлийн байранд дур мэдэн засвар, үйлчилгээ хийсэн. Тус орон сууц нь 135 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц байсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй орон сууцны үндсэн хийц, өрөөний зохион байгуулалтыг өөрчлөн, өрөө хоорондын ханыг нураан, 3 өрөөний зохион байгуулалттай болгон өөрчилсөн. Иймд хариуцагч орон сууцны засварын үнэ гэх 91 042 384 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд орон сууцны зохион байгуулалт, үндсэн хийцийг өөрчлөх сонирхолгүй бөгөөд хариуцагч тус орон сууцыг чөлөөлсний дараагаар буцаан 4 өрөөний зохион байгуулалттай болгон засварлах шаардлагатай болж байна. Харин хариуцагчаас орон сууцны СӨХ болон орон сууцны ашиглалтын зардалд 3 287 476 төгрөг төлсөн бол түүнийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

            Шүүх:  Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ворон сууцыг эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлж, орон сууц ашигласны төлбөр 42 750 000 төгрөг гаргуулах болон хариуцагч Дийн орон сууцанд оруулсан засвар, үйлчилгээний зардал 94 329 860 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 899 450, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюуны давж заалдах гомдолд:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “.... нэхэмжлэгч нь иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нэмэлт хугацаа зайлшгүй тогтоож өгөх, энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдээгүй. Иймд гэрээг цуцлах боломжгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн зүгээс  тухайн орон сууцны төлбөрийг төлөх талаар удаа дараа сануулж, нэмэлт хугацаа тогтоосон талаар тайлбарладаг, үүнийг хариуцагч үгүйсгэдэггүй. Гэтэл шүүх албан бичгээр хугацаа сунгаж сануулаагүй, хэлцлээс татгалзах талаараа урьдчилж мэдэгдсэн гэдгийг нотлох баримт байхгүй байна гэх тайлбартайгаар хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр гаргасанд харамсаж байна.

Маргааны зүйлтэй холбоотой талуудын хооронд үүссэн харилцаа үргэлж аман байдлаар хийгдсэн байдаг бөгөөд иргэний хуульд заасан гэрээнээс татгалзах мэдэгдэл нь заавал бичгээр хийгдсэн байхыг шаарддаггүй. Нэхэмжлэгчийн хувьд талуудын хооронд хийгдсэн хэлцэлээс татгалзаж байгаа талаар өмнө мэдэгдсэн болох нь дараах үйл баримтаар нотлогдоно. Үүнд: Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн байрыг Хариуцагч Дд шилжүүлээд жил гаруйн хугацаанд мөнгөө авч чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ талаараа ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ ... хариуцагчийг орон сууцыг чөлөөлөхийг шаардсан боловч тухайн орон сууцанд өндөр зардлаар засвар хийсэн шалтгаанаар чөлөөлөхөөс татгалзсан” талаар дурдсан. Хариуцагчийн хувьд ч мөн шүүхэд гаргасан хариу тайлбартаа засварын зардлыг нэхэмжлэгчээс гаргуулж байж байрыг чөлөөлөх талаар дурддаг. Өөрөөр хэлбэл талуудын хооронд хийгдсэн хэлцлээс татгалзаж буй нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хариуцагч хэдийн мэддэг бөгөөд уг татгалзлын талаар шүүхэд маргадаггүй. Харин ч засварын зардлыг гаргуулахыг шаардаж байгаа нь хэлцлээс татгалзаж буй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр гэж үзнэ. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө хариуцагчид байрны төлбөрийг төлөх талаар удаа дараа шаардаж, эцэстээ өөрийн өмчлөлийн байрыг гуравдагч этгээдэд худалдах болсон талаар Хариуцагчид мэдэгдэж, байрыг худалдан авагчид үзүүлэх шаардлагатай байгаа талаар болон чөлөөлж өгөхийг шаардсан байдаг. Тухайн үед хариуцагч байрыг чөлөөлөх боломжгүй, одоо зарах гэж байгаа үнээр худалдан авъя гэсэн хүсэлт тавьсны дагуу дахин боломж олгож, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулах хуулийн шаардлагын дагуу гэрээг байгуулахаар 2017 оны 08 сард нотариат дээр уулзахаар болсон боловч, хариуцагч Д өөрөө хүрэлцэн ирээгүй Н.О итгэмжлэл хийж явуулсан байдаг. Уг итгэмжлэл нь итгэмжлэлийн шаардлага хангахгүй байсан тул гэрээ байгуулж чадаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч орон сууцыг 1 800 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч үнээ нэмсэн талаар тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө орон сууцыг гуравдагч этгээдэд худалдах, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байсан, энэ талаарх шаардлагыг хариуцагчид тавьсан, хариуцагч тухайн шаардлагыг мэдэж байсныг хангалттай нотолж байна.

Мөн шүүхийн шатанд нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгө хамгаалах захирамж гаргуулах хүсэлт тавьсан. Ийнхүү хүсэлт тавих болсон шалтгаан нь нэхэмжлэгч 2017 оны 08 сард орон сууцыг гуравдагч этгээдэд худалдахаар болсон, орон сууцыг худалдан авагчид үзүүлэх шаардлагатай байгаа талаар Дд утсаар мэдэгдсэний дагуу түүний гэр бүлийн хүн ирж уулзахдаа “ ... орон сууцанд зардал 1 гаргаж засвар хийсэн, иймд бид байрыг чөлөөлөхдөө хүрвэл балгас болгож хүлээлгэж өгнө” гэх байр суурийг илэрхийлсэн тул тийнхүү хөрөнгө хамгаалах захирамж гаргуулах хүсэлтийг шүүхэд тавьсан байдаг. Энэ талаараа тухайн хүсэлтэд тодорхой тусгасан байгаа. Тухайн харилцааг нотлох мессэж, утасны дуудлага, тухайн үед н.Отгонбаярт олгосон итгэмжлэл, түүнд э-мэйлээр орон сууц худалдах худалдан авах гэрээний төслийг илгээж байсан имэйл зэрэг нь байгаа боловч энэ бүхэн иь илэрхий тодорхой өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болно гэж бодсонгүй. Хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн хувьд ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай бол нэмэлт нотлох баримт , гаргуулахаар нэг удаа хуралдааныг хойшлуулах боломж байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлсэнгүй. Өмчлөгчийн эрхийг харгалзах, шударга байх зарчмыг  баримтлахыг эрмэлзсэнгүй. Түүнчлэн хариуцагч орон сууцыг эзэмшил, ашиглалтдаа шилжүүлсэн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл бүтэн жилийн хугацаанд огт төлбөр төлөөгүй бөгөөд төлбөр төлөхөөс зайлсхийж, хугацаа хожиж аргацаасан Хариуцагчийн дээрх ёс зүйгүй үйлдэл, эс үйлдэхүй нь орон сууцны төлбөрийг төлөх зорилгогүй, тийм хүсэл эрмэлзэлгүй бусдын өмчлөлийн эд хөрөнгийг энэ мэтээр үнэ төлбөргүй эзэмшиж ашиглах зорилготой болохыг итгэж байсан зэрэг нь иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 226.1.1-д заасны дагуу нэмэлт хугацаа заах, урьдчилж сануулах үүргийг нэхэмжлэгчид бий болгохгүй гэж үзэж байна.

 

Мөн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага бусдын эзэмшил ашиглалтаас орон сууцыг албадан чөлөөлүүлэх буюу үнийн дүн тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлага байтал улсын тэмдэгтийн хураамжийг үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээр нэмэгдүүлэн төлүүлсэн, нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 1,6 жилийн хугацаанд хэргийг эцэслэн шийдвэрлэлгүй, хариуцагчийн хүсэлтээр 10 гаруй удаагийн товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж, үүний улмаас нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадалгүй эрх нь зөрчигдсөөр байсан тул нэхэмжлэгч талаас үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлаж шийдвэрлэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй зэрэг шүүхийн ажиллагаанд гомдолтой байна. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт сунжирсны эцэст өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл харгалзан, шударга байх зарчмыг гажуудуулж ийнхүү илт үндэслэлгүйгээр хэргийг нэг талд шийдвэрлэсэнд гайхахын зэрэгцээ энэ мэт өмчлөгчийн эрх ашиг зөрчигдсөн буруу жишиг шүүхийн практикт бий болж байгаад харамсаж байна. Иймд Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00475 дугаартай шийдвэрийн үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, хэргийг шударгаар, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

 

Нэхэмжлэгч ...-ын иргэн В /.../, нь хариуцагч Дд холбогдуулан орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууц ашигласны төлбөрт 42 750 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч засвар, үйлчилгээний зардалд 94 329 860 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... хариуцагч орон сууцны үнийг төлөөгүй, одоог хүртэл амьдарч байгаа тул 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл орон сууц ашигласны төлбөрийг төлөх ёстой гэж, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцанд засвар, үйлчилгээ хийсэн, орон сууц болон СӨХ-ны төлбөр төлсөн” гэж тайлбарладаг.

 

Талууд 2016 оны 08 дугаар сард ... байр 21 тоот хаягт байршилтай 135 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 800 000 төгрөгөөр тооцон худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцыг хүлээлгэн өгсөн, хариуцагч уг орон сууцанд засвар үйлчилгээ хийлгэн амьдарч байгаа, орон сууцны үнийг төлөөгүй зэрэг үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэжээ.

Зохигчид орон сууцанд засвар хийгдсэн талаар маргадаггүй боловч нэхэмжлэгч нь “... өмчлөгчийн зөвшөөрөлгүй 4 өрөө орон сууцыг 3 өрөө болгож засварласан тул анхны байдалд нь буцаан оруулах шаардлагатай” гэж тайлбарладаг.

 Хэргийн 53 дугаар талд авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хариуцагч Д, Г ХХК-ийн хооронд байгуулагдсан барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, ажлын төсөв зэргээр засварын ажлын зардлыг тооцоолох боломжгүй болно.

Энэ гэрээнд засвар хийх объектийн хаяг, байрлал тусгагдаагүй байхаас гадна ажлын төсөвт 4 өрөө орон сууцыг 3 өрөө болгон засварлахад хичнээн төгрөгийн зардал гаргасан нь тодорхой биш, гэрээний 1.1 дэх заалтаас харахад засварын ажлыг тодорхой зураг төсвийн дагуу хийсэн гэж үзэхээр байх боловч заслын ажлын зураг хэрэгт авагдаагүй байна. 

Иймд дээрхийг тодруулалгүйгээр давж заалдах шатны шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26ы өдрийн 183/ШШ2019/00475 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюуны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 271 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                           ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

      А.МӨНХЗУЛ