Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1480

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ч.Алтансүх   

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт  Л овогт Х Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  ирүүлсэн 1805031401735 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л овогт Х Б, 19  оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар  аймгийн Баруун-Урт  суманд төрсөн,  настай, эрэгтэй,   дээд боловсролтой,  инженер мэргэжилтэй, газарт үйлдвэрийн инженер ажилтай, ам  бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тооотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:1,      

Холбогдсон хэргийн талаар:

          Х.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод өөрийн эхнэр Б.М хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа ойлгож байна гэв.

         Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн өглөө 06,00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод автомашины түлхүүрээ хайгаад олохгүй болохоор нь эхнэрээ сэрээгээд асуутал би мэдэхгүй чи өөрөө мэдэж байгаа ш дээ гэсэн. Тэгэхээр нь би хайгаад олохгүй байна чи авсан юм биш үү гэхэд манай эхнэр миний байсан том өрөөнд орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би хоёр хүүхэд сэрчих байх гэж бодоод эхнэрээ түлхчихээд гарч яваад гражид ороод дугуйгаа аваад гарсан чинь даараад байхаар нь буцаад гэртээ орий гэж бодоод граж руугаа ортол эхнэр гурилын ганжин барьчихсан зогсож байсан. Тэгээд миний хөл өвдөг нуруу руу ганжингаараа олон удаа цохисон. Би ганжинг нь булааж аваад зугтаагаад орцны үүдэнд очоод ганжинг нь хаячихаад дугуйгаа авах гэтэл манай эхнэр арматурын төмөр барьчихсан зогсож байсан. Тэгээд намайг армотурын төмрөөр цохиод байхаар нь би би төмрийг нь булааж аваад эхнэрээ орилоод байхаар нь тэврээд граж руу оруулж хоёр гарыг нь ард нь мушгиж барьсан.  Надад эхнэрээ зодож цохисон зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 21/

          Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө би Баянзүрх дүүргийн  дугаар хороо тоотод байрлах гэртээ охин Э, Б нарын хамт байсан. Тэр орой манай нөхөр Б 01-02 цагийн хооронд гэртээ ирээд бид амарсан. Тэгтэл өглөө 06,00 цагийн орчимд надаас манай нөхөр машины түлхүүр хөгжим хоёр хаана байна гэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь намайг нуучихлаа гэхээр нь би үгүй гэж хэлээд унтуулаач гэж хэлсэн. Гэтэл манай нөхөр уурлаад юм түжигнүүлээд байхаар нь би чи юун хүүхэнд ямар хөгжим өгөх гээд байгаа юм чи хүмүүсийг унтуулаач гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж байтал Б гал тогооны өрөөнөөс гурилын гулууз мод аваад миний баруун гарын булчин дээр цохисон. Тэгэхээр нь би хашгирсан чинь хүүхдүүд сэрээд уйлалдсан, Б гэрээс гарахдаа миний элэг рүү нэг удаа тийрчихээд гараад явчихсан. Би түүний араас гарч яваад гражид очоод маргаан үүсгэсэн. Гэтэл Б миний гараас гурилын модыг булааж аваад намайг зодсон. Мөн миний үснээс зулгаагаад чирсэн. Бид хоёрыг маргалдаад зодолдож байхад манай байрны хүн цагдаад дуудлага өгсөн байсан. Би Б 2010 онд гэр бүл болоод албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Б хааяа л архи уудаг, ер нь жоохон огцом ууртай. 2010 онд гэр бүл болсоноосоо хойш намайг олон удаа зодож байсан гэжээ. / хх-н 23-27/

         Насанд хүрээгүй гэрч Б.Э хууль ёсны төлөөлөгч Г.Г тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх-н 30/

          Насанд хүрээгүй гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай ээж М аав Б байнга зоддог. Ээж ажилдаа явж ирээд дүү бид хоёрт байнга юм авч өгдөг. Аав юм авч өгдөггүй юм. Аав дүү бид хоёрыг зоддоггүй харин ээжийг байнга зоддог. Би ааваасаа айдаг. Намайг цэцэрлэгт байхад ээж хөдөө явчихсан байсан чинь аав согтуу гэртээ ирээд надаар өөрийнхөө боовыг гаргаж ирээд бариулсан. Би ээжид хэлэх гэсэн боловч айгаад хэлээгүй. Сүүлдээ ээж намайг дуугүй болчихсон байна гээд асуугаад байхаар нь би хэлсэн гэжээ.  /хх-н 31-32/ 

          Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2010 онд Б, М хоёр гэр бүл болсон юм. М гэр бүл дотроо надад илүү ойр байдаг юм. Гэр бүл дотроо болсон асуудлыг надад л хэлдэг. М хадам аав, ээж нь их айхтар улсууд байдаг юм. Гэр бүл болоод удаагүй М жирэмсэн болсон 6-7 сартай байхад нь хадам аав ээж нь гэр бүлийн асуудалд нь оролцоод түүнээс болоод М 2 давхарын шатнаас түлхэж унагааж байсан. М өөрөө өөрийнхөө хүчээр л гэр бүлээ авч явж байгаа. Гэр бүл болсон цагаасаа хойш Б миний дүүд гар хүрдэг байсан. Гэр бүлдээ хайргүй байнга эхнэр хүүхдээ дарамталдаг болохоор хүүхдүүд нь хүртэл айдастай харцтай болчихсон байсан. Б 40 гарсан хүн байж байнга аав ээжийнхээ үгээр явдаг. Б архи уучихаад том охин Э өөрийнхөө бэлэг эрхтэнг бариулсан байсан. Б усанд орчихоод бэлэг эрхтэнээ байнга гаргаж явдаг гэсэн. М 6 настай байхад ээж минь нас барсан болохоор М их эршүүд зантай. Хүнд гай болохгүй юмсан гэж л явдаг хүн гэжээ.  /хх-н 33-35/      

          Гэрч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Мын төрсөн эгч нь байгаа юм. Миний дүү одоогоор 2 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Б ирэн очин л байгаа юм шиг байсан. Манайд нэг удаа согтуу ирээд М руу агсам тавьсан чинь манай нөхөр загнасан байсан түүнээс хойш манай нөхрөөс эмээдэг болчихсон юм. Энэ хоёр суусан цагаасаа хэрүүл маргаантай, салж нийлээд  байхаар нь би та хоёр тусдаа амьдраад үз хүртэл хэлж байсан. Б манай дүүг байнга муулаад байхаар нь би дүүдээ гол буруу нь байгаа юм байна гэж бодоод загнаж ч байсан. Б ер нь байнга л зодож байсан даа. Нутагтаа авч очоод хүртэл ах дүүгийнхээ дэргэд зодож л байсан. Б хөгшин хүүхэнтэй явалдаад өвчин авчирсан байхад манай дүү эмнэлгээр яваад эдгээж байсан удаа бий. Цалин мөнгөө гэртээ авчирч өгөхгүй, хүүхнүүдтэй орооцолдддог болохоор л байнга хэрүүл шуугиан гаргадаг байх гэжээ. /хх-н 36-38/  

         Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэ.дүүлэхдээ:Б миний төрсөн хүүхэд байгаа юм. Эхээс 4-үүлээ миний том хүү юм. Б Мй сонингийн зараар танилцсан юм байна лээ. Тэгээд суусан цагаасаа хойш  бэр М нь худлаа ярина, хулгай хийнэ, янз бүрийн араншин гаргадаг юм байлаа. Эхнэр бид хоёрыг цагдаад хүртэл шалгуулж байсан. М өөрийнхөө аавыг хүртэл гүтгэж байсан хүн. Миний хүүг ямар ч ажилд орсон байнга хардана. Олон ажлаас гаргасан. Би Мг сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байх гэж боддог юм. Б уг нь их дөлгөөн зантай хүн байгаа юм. Өмнө нь ямар нэгэн хэрэг түвэгт холбогдож байгаагүй гэжээ.  /хх-н 39-40/                    

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 45/

         Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 6863 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Б.М биед тархи доргилт, 2 чихний омогт язарсан шарх, баруун бугалга, баруун шуу, 2 хөлийн шилбэнд цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, баруун гарын долоовор, дунд хуруунд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.   / хх-н 46/

          Шинжээч эмч С.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тархи доргилт, баруун бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Толгойны доргилт үс зулгаах үед үүснэ. Чихний язралт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гарын шууны цус хуралт, баруун гарын долоовор дунд хурууны зулгаралт нь зууралдах ноцолдох үед үүсч болно. Харин бусад гэмтлүүд бол зууралтнаас үүсэхгүй гэжээ. /хх-н 50-53/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 48-49/

          Х.Б  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 53/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд /хх-н 55-64/, хувийн байдлын талаарх баримт /хх-н 65-75/, оршин суух газрын хорооны тодорхойлолт /хх-н 101/

          Х.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 93-94/

          Х.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 82/, прокурорын тогтоол /хх-н 95-96/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 97-100/ зэрэг болно.

          Х.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод өөрийн эхнэр Б.М хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           Б.М биед тархи доргилт, 2 чихний омогт язарсан шарх, баруун бугалга, баруун шуу, 2 хөлийн шилбэнд цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, баруун гарын долоовор, дунд хуруунд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 6863 дугаартай шинжээчийн дүгнэлт .

          Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... бид хоёр маргалдаж байтал Б гал тогооны өрөөнөөс гурилын гулууз мод аваад миний баруун гарын булчин дээр цохисон. Тэгэхээр нь би хашгирсан чинь хүүхдүүд сэрээд уйлалдсан, Б гэрээс гарахдаа миний элэг рүү нэг удаа тийрчихээд гараад явчихсан. Би түүний араас гарч яваад гражид очоод маргаан үүсгэсэн. Гэтэл  миний гараас гурилын модыг булааж аваад намайг зодсон. Мөн миний үснээс зулгаагаад чирсэн гэсэн мэдүүлэг / хх-н 23-27/

         Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... эхнэр гурилын ганжин барьчихсан зогсож байсан. Тэгээд миний хөл өвдөг нуруу руу ганжингаараа олон удаа цохисон. Би ганжинг нь булааж аваад зугтаагаад орцны үүдэнд очоод ганжинг нь хаячихаад дугуйгаа авах гэтэл манай эхнэр арматурын төмөр барьчихсан зогсож байсан. Тэгээд намайг армотурын төмрөөр цохиод байхаар нь би би төмрийг нь булааж аваад эхнэрээ орилоод байхаар нь тэврээд граж руу оруулж хоёр гарыг нь ард нь мушгиж барьсан гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

          Х.Б нь эхнэртэйгээ гэрлэсэн цагаас эхлэн байнгын маргаантай байж зодож хүчирхийлэл үйлдэж байсан талаар хохирогч Б.М, насанд хүрээгүй гэрч Б.Э, бусад гэрчүүд мэдүүлсэн мэдүүлгүүдээр гэртээ байнга хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна. Иймд Х.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн, одоо хамт амьдарч байгаа, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.      

          Х.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Л овогт Х Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Х.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар          Х.Б нь торгох ялыг гурван  сарын   дотор  нэг сард 166.666 төгрөг хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан             Х.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Х.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол   Х.Б  авсан  хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Х.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Х.Б авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН