Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 19

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б

Хариуцагч: Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, ахлах дэслэгч П.М

Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, ахлах дэслэгч П.М-ын шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* бүртгэлийн дугаар бүхий Зөрчилд ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б миний бие нь иргэн Пн овогтой Оа /регистрийн дугаар: -ийн өмчлөлд байдаг 6УБҮ улсын дугаар бүхий Toyota Harrier  маркийн автомашиныг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр жолоодон хөдөлгөөнд оролцож байх үедээ зөрчил гаргасан хэмээн Зөрчилд ногдуулсан торгуулийн хуудас /бүртгэлийн дугаар ******* /-ыг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орчим хүлээн авсан бөгөөд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул дээд шатны байгууллагад буюу Замын Цагдаагийн газарт захиргааны журмаар тайлбар, гомдлоо гарган уламжилж байсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тухайд Ц.Б миний бие дэслэгч П.М ын шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* бүртгэлийн дугаар бүхий зөрчилд ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу Замын цагдаагийн газарт хандаж тайлбар, гомдол хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн. Уг өргөдөл, гомдлын хариу болох Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 8г-з/1372 (?) тоот албан бичгийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан бөгөөд уг албан бичгээр ******* бүртгэлийн дугаар бүхий зөрчилд ногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Дээр дурдсан захиргааны актууд нь иргэн миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байх тул эс зөвшөөрч харьяаллын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. 

Иргэн миний бие дараах үндэслэлээр Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ******* бүртгэлийн дугаар бүхий зөрчилд ногдуулсан шийдвэр буюу торгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 Үүнд: Нэгдүгээрт зөрчсөн гэх тэмдэглэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан 7.1 тэмдэглэл биш болох тухайд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.”, 4.2-т “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.”, 4.3-т “Замын хөдөлгөөний дүрэмд ... замын хөдөлгөөн зохицуулах дохио, замын тэмдэг, тэмдэглэлийн загвар, утга агуулга, тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт, тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загвар, хэрэглэх журмыг тусгана.” гэж тус тус заажээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 74 тоот тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 1.1 дэх хэсэгт уг дүрмийн зорилгыг “...Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.” гэж тодорхойлсон бөгөөд уг дүрмийн 1 дүгээр хавсралтаар замын тэмдэг, тэмдэглэлийг батлан, тэмдэглэлийн загвар, утга агуулгыг тогтоож (уг хавсралтын 24-т) “...Шар өнгийн 7.4, 7.9, 7.17 тэмдэглэлээс бусад хэвтээ тэмдэглэл нь цагаан өнгөтэй байна.” гэж тодорхойлжээ.

Гэтэл уг торгуулийн хуудсанд зөрчсөн гэх тэмдэглэл нь цагаан бус шар өнгөтэй байгаа тул мөн хавсралтын 27-д заасан “Зорчих хэсэгт хөдөлгөөний нөхцөл, байдлыг баримжаалахад нь жолоочид туслах зорилгоор ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй...” тэмдэглэл гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл уг тэмдэглэл нь “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 1-р хавсралтын 7.1-д заасан тэмдэглэл биш байх тул зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4/14 тоот тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2012 оны А/724 тоот захирамж зэргийг зөрчөөгүй буюу нэгдүгээр эгнээгээр зорчоогүй тухайд миний бие дээрх зөрчил гарсан гэх зам буюу Энхтайваны өргөн чөлөө болон Хөдөө Аж Ахуйн яамны уулзвараар баруун гар тийш буюу Баянзүрх хүнсний захын чиглэлд эргэхийн тулд замын хөдөлгөөний дүрмийн 7.9-д “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун... ...гар талын захад байр эзэлсэн байвал зохино” гэж заасныг баримтлан байр эзэлсэн бөгөөд ингэхдээ тухайн уулзвараас 20-30 орчим метр зайд уг үйлдлийг гүйцэтгэсэн тул уг замд нэгдүгээр эгнээгээр зорчоогүй буюу дээрх тогтоол, захирамжийг зөрчөөгүй гэж үзэж байгаа болно.

Гуравдугаарт: Монгол Улсын стандарт MNS4759:2014 “Авто замын тэмдэглэл, техникийн ерөнхий шаардлага”-ын 3.7-д “чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан эгнээг зорчих хэсгийн бусад эгнээнээс тусгаарлах 1.1 тэмдэглэл /Замын хөдөлгөөний дүрмийн хавсралтын 7.1/-ийг шар өнгөтэй хийж болно гэсэн нь хууль зөрчсөн болох тухайд: MNS4759:2014 стандартын “Авто замын тэмдэглэл, Техникийн ерөнхий шаардлага”-ын 3.7 дахь заалт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1-д “Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.”, мөн дүрмийн 1-р хавсралтын 24-т “...Шар өнгийн 7.4, 7.9, 7.17 тэмдэглэлээс бусад хэвтээ тэмдэглэл нь цагаан өнгөтэй байна.”,”Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол Улсын хуулийн “Стандартчилал, зорилго, зарчим” гэсэн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль тогтоомжид харшилсан үзүүлэлт, шаардлагыг стандартад тусгахгүй байх.” гэж заасныг тус тус зөрчиж байгаа учир эрх зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.

Дөрөвдүгээрт “Зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас” нь Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”-ын шаардлагыг хангахгүй байгаа тухайд шуудангаар ирүүлсэн “Зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас” нь “Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”-ын дараах заалтуудыг тус тус зөрчсөн. Үүнд: 2.3-т Эзэмшигчийн хаягаар хүргүүлэх торгуулийн мэдэгдэх хуудсанд гаргасан зөрчлийг баримтжуулсан зургийг оруулан өнгөтөөр хэвлэх бөгөөд дараах мэдээллийг агуулсан байна, 2.3.2-т зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн мэдээлэл, гаргасан зөрчлийн утга, зөрчигдсөн хууль, тогтоомжийн заалт, 2.3.3-т зөрчлийн эхэлсэн, үргэлжилсэн, дууссан хугацааг харуулсан зураг, 2.3.5-т зөвхөн жолоочийн урдаас харуулсан зураг, 2.3.7-т зөрчлийг шийдвэрлэсэн байгууллага, албан тушаалтны нэр, гарын үсэг, тэмдэг.

Тавдугаарт Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4/14 тоот тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2012 оны А/724 тоот захирамжийг хэрэгжүүлэхдээ хууль зөрчиж байгаа тухайд маргаан бүхий замын тэмдэглэлийг 7.1 тэмдэглэл мөн гэж үзлээ гэхэд зөрчил гаргасан замын хэсэг буюу Хөдөө Аж Ахуйн Яамны урд уулзварт баруунаас зүүн тийш чиглэлд зорчиж байгаа тээврийн хэрэгсэл уг уулзвараар баруун гар тийш эргэхэд тухайн уулзвар гарцаас тодорхой зайд эгнээ байр эзлэх үйлдэл хийхийг хориглосон байгаа нь эргэж буй тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын нэгдүгээр эгнээгээр яваа тээврийн хэрэгслийн урдуур эргэх шаардлагатай болж байгаа буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 20.6-д “Замын хөдөлгөөний зохион байгуулалтад түүний аюулгүй байдлын түвшнийг бууруулах байдлаар өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасныг зөрчиж байна. 

Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн ******* бүртгэлийн дугаар бүхий Зөрчилд ногдуулсан шийдвэр буюу торгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгөхийг хүсье.” гэжээ. 

Хариуцагч П.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч П.О гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. 

Нэхэмжлэгч П.О ногдуулсан ******* бүртгэлийн дугаартай торгуулийн мэдэгдэх хуудас буюу уг зөрчлийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 ...замын тэмдэг буюу тэмдэглэлийн заалтыг зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан ба уг зөрчил нь фото зураг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. Мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Улаанбаатар хотын Цагдаагийн газраас ******* бүртгэлийн дугаартай зөрчилд ногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч П.О ногдуулсан торгууль нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу авсан арга хэмжээ тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон дүрмийг зөрчсөн учраас торгуулийн арга хэмжээг хуулийн дагуу авсан. Тэмдэглэгээний хувьд авто замын газраас авсан тайлбар дээр дэлгэрэнгүй хэлж өгсөн байсан. Баруун гар тийшээ эргэх үйлдлийг хийхдээ жолооч зорчих хэсгийн баруун эгнээнд шахаж зогсоод эргэх ёстой. Яг энэ дүрмийнхээ дагуу эргэсэн бол манай зөрчлийн камерт бичигдэхгүй, зураг дарагдахгүй байх байсан.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь тус шүүхэд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, ахлах дэслэгч П.М ын шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* бүртгэлийн дугаар бүхий зөрчилд ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.       

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, нараас бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-аас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баруунаас зүүн чиглэлийн авто замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд  оролцохдоо 2-р эгнээгээр зорчиж явсан ба уулзвараар баруун гар тал руу эргэх шаардлагаар 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү шилжсэнийг “1-р эгнээгээр зорчсон, замын тэмдэг, тэмдэглэгээг зөрчсөн” гэж торгууль ногдуулсан нь үндэслэлгүй гэж маргажээ.

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчил илрүүлэх төхөөрөмж /авто замын дээр байрлуулсан камер/-д 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 23 минутад зөрчил бүртгэгдсэнийг хариуцагч П.М баталгаажуулж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3.-т “Жолооч энэ хуулийн 53.1, 53.2-т зааснаас бусад байдлаар замын тэмдэг буюу тэмдэглэлийн заалтыг зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.” гэж заасныг үндэслэн 19200 /арван есөн мянга хоёр зуун/ төгрөгөөр торгож шийдвэрлэж, ******* дугаартай “Зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас” -ыг нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлсэн байна. 

Зөрчил гаргах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Б-ас уг торгуулийн ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч Улаанбаатар хотын цагдаагийн газарт хандсанаар тус газрын Замын хөдөлгөөний зохицуулах хэлтсийн дарга Б.Б-ос 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 8г-з/1372 албан бичгээр  торгууль ногдуулсан шийдвэр үндэслэлтэй болох талаар хариуг өгчээ.

Зөрчил гаргасан гэх зам нь баруунаас зүүн чиглэлийн урсгалд 2 эгнээтэй, 1-р эгнээд “А” /нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хэсэг/  гэсэн үсгэн тэмдэглэгээтэй, 2-р эгнээнээс үргэлжилсэн шар шугаман тэмдэглэгээр тусгаарласан, уулзварын өмнө явган хүний гарцтай, гарцтай залгаад тасархай зураас  замын баруун гар талын дээр хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоо, чиглэлийг мэдээлсэн тэмдэг байрлуулсан байдалтай байна. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 4 дүгээр зүйл. “Замын хөдөлгөөний нэгдсэн журам”-ын 4.1.-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.”, 4.3-т “Замын хөдөлгөөний дүрэмд....... тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох журам, холбогдох стандартаар тогтоосон замын хөдөлгөөн зохицуулах дохио, замын тэмдэг, тэмдэглэлийн загвар, утга агуулга................тусгана.” гэж тус тус зааснаас үзвэл замын хөдөлгөөнд оролцохтой холбоотой харилцааг нарийвчилсан зохицуулсан хэм хэмжээ нь Замын хөдөлгөөний дүрэм байна.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа “Замын хөдөлгөөний дүрмийн 7.9-д ”Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун гар талын захад байр эзэлсэн байвал зохино.” гэж заасныг баримтлан байр эзэлсэн бөгөөд уулзвараас 20-30м орчим зайд эргэх үйлдлийг хийсэн тул 1-р эгнээгээр зорчсон зөрчилд тооцох үндэслэлгүй гэж, хариуцагчаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай 4/14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай” А/724 дүгээр захирамжийн дагуу замын 1-р эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгслийг зорчуулахаар хязгаарлалт хийсэн үргэлжилсэн шугам  бүхий замын тэмдэглэгээг зөрчсөн үйлдэлд нь торгууль ногдуулсан гэж тайлбарлана.

Замын хөдөлгөөний 24.“Замын хөдөлгөөнд тодорхой горим, журам тогтоох зорилгоор зорчих хэсэг буюу хашлага дээр хийсэн шугам, сум, бичлэг зэрэг нь хэвтээ тэмдэглэлд хамаарна”. гээд хэвтээ тэмдэглэгээгээр 7.1-т “Хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ.”, 7.2-т “үргэлжилсэн өргөн шугам”-зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ.” гэж заажээ.  

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь замын хөдөлгөөнд оролцохдоо эгнээний байрлалаа зөв эзэлсэн хэдий ч  уулзвараар зорчихдоо  зорчих хэсгийн орохыг хориглосон буюу хязгаарласан замын хэвтээ тэмдэглэлийг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “уулзвараас 20-30м орчим зайд эргэх үйлдлийг хийснийг 1-р эгнээгээр зорчсон гэж үзэх үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.   

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн  5.10 а,б “Эгнээнээс явах хөдөлгөөний чиг” хэсгийн 5.10 а “тэмдэг нь уулзварын өмнөх зорчих хэсгийн дээр буюу замын баруун гар талд байрлаж байгаа хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоог мэдээлэх бөгөөд эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана.”, 5.10б “тэмдэг нь эгнээний харалдаа зорчих хэсгийн дээр байрлаж уг эгнээнээс тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана.” гэж заасан байх тул нэгэнт зам дээр байрлуулсан эгнээнээс явах хөдөлгөөний чигийн дагуу байраа эзэлсэн бол тэр чиглэлд уулзвараар нэвтрэхийг зөвшөөрсөн чигээр нэвтрэх ёстой байжээ.  

Замын 1-р эгнээгээр зорчих тээврийн хэрэгсэлд хязгаарлалт тогтоосон Нийслэлийн удирдлагуудын шийдвэрийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарахгүй бөгөөд энэ талаар талууд маргаагүй харин уг шийдвэрийн дагуу байрлуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг зөрчсөн эсэх талаар маргаж байх тул дээрх шийдвэрийн эрх зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “замын хэвтээ тэмдэглэгээний өнгө шар биш цагаан байх ёстой, торгуулийн мэдэгдэх хуудсыг өнгөт биш хараар хэвлэсэн нь зөрчилтэй” гэх гомдлын тухайд маргаан бүхий акт буюу торгууль ногдуулсан шийдвэрийг хууль бусад тооцох үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуульд заасан захиргааны шийтгэл оногдуулна.”, 25.3-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх мөнгөн торгуулийн шийтгэлийг бэлэн бус хэлбэрээр оногдуулна.” гэж тус тус заасны дагуу мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д заасан “......замын тэмдэг буюу тэмдэглэлийн заалтыг зөрчсөн..” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б д ногдуулсан торгуулийн шийдвэр нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.. 

 

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 25 дугаар зүйлийн 25.3, 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б ын “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, ахлах дэслэгч П.М ын шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* бүртгэлийн дугаар бүхий зөрчилд ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”” шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ОЮУНГЭРЭЛ