Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 365

 

“М м” ХХК-ийн гомдолтой,

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын

хэлтсийн улсын байцаагч А.М-т

холбогдох зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:      Г.Банзрагч

                     М.Батсуурь

                    Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал     

Гомдлын шаардлага: “Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0066789 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”   

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0424 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 444 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А,

Хариуцагч А.М нарыг оролцуулж,

“М м” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0424 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын “Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0066789 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “М м” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 444 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 424 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “М м” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. “М м” ХХК-ийн “Ногоотой котлет” нэрийн бүтээгдэхүүнээс тамхины иш гарсан талаарх гомдол хэрэглэгчээс гомдол ирж, 2005000450 тоот зөрчлийн хэрэг нээн шалгагдаж байгаад 2020.04.28-ны өдөр хэрэг бүртгэлтийг дуусгавар болгож, Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас 0066789 тоот шийтгэлийн хуудсыг бичиж, шийтгэл ногдуулсан.

4. 2020.05.08-ны өдөр “М м” ХХК-иас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан ч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг гаргасан.

5. Гомдол гаргагчийн зүгээс Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасныг 2020.07.22-ны өдрийн Дугаар 444 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон.

6. Магадлалыг бид дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давж заалдах гомдлыг гаргаж байна.

7. Улсын байцаагчийн зүгээс зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдсан гэсэн тайлбарыг улсын байцаагчийн зүгээс өгсөн байдаг. 2017 онд батлагдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж заасан. Хэрэв зөрчлийн хэрэг шалгаж байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процесс ажиллагааг хуульчилсан. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, хуулийн дагуу бэхжүүлэгдээгүй олон тооны материалыг үндэслэн шийдвэрлэсэн нь гэж үзэх үндэслэслэлтэй байна. Мөн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3-д “1.Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.” гэж заасан байдаг.

8. Магадлалд (4-р хуудас) “Маргаан бүхий энэ тохиолдлын хувьд давтан шинжилгээ ач холбогдолгүй, анх авсан дээжинд шинжилгээний дүнгээр зөрчил тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэхээргүй байна. Учир нь хагас боловсруулсан бүтээгдэхүүнд ямар нэгэн гадны биет илрэх ёсгүй, элдэв үнэр амтгүй байх ёстой бөгөөд тамхины иш илэрсэн бүтээгдэхүүнээс өөр буюу тухайн өдөр хамт худалдаалагдаж байсан бүтээгдэхүүнд шинжилгээ хийснээр нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, өөр бүтээгдэхүүнээс тамхины иш илрээгүй тохиолдолд тухайн зөрчлийг үгүйсгэх, тамхины иш илрээгүйд тооцох үндэслэл болохгүй” гэсэн байна.

9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 6-д “Оролцогчийн хүсэлтээр давтан шинжилгээг нэг удаа хийж болно” гэж заасан ч “М м” ХХК-ийн 2020.04.16-ны өдрийн 1/132 тоот албан хүсэлтээр давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан ч 2020.04.21-ны өдрийн тогтоолоор улсын байцаагч нь хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан. Хүсэлтийг хүлээн аваагүй талаар үндэслэлийг тогтоолд дурдаагүй, ямар шалтгаанаар хүлээн аваагүйгээ ч заагаагүй. Гэтэл магадлалд дээрх ажиллагааг ач холбогдолгүй гэж дүгнэсэн байна. Хуульд давтан шинжилгээ хийлгэх нь оролцогчийн эрх гэж заасаар байхад улсын байцаагч дээрх үндэслэлгүйгээр хангаагүйг шүүхийн зүгээс зөвтгөсөн гэж ойлгогдохоор байгаа бөгөөд хуульд шаардлагатай бол давтан шинжилгээ хийнэ гэж тусгаагүй. Бидний давтан шинжилгээ хийлгэх зорилго нь тухайн бүтээгдэхүүнээс гарсан гадны биет үйлдвэрлэлийн эсвэл хэрэглээний аль түвшинд бүтээгдэхүүнд орсныг тодорхойлуулах зорилготой байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн сорилтын дүнгийн хуудсанд гадны биет илэрсэн талаар дурдсан ч зөрчлийн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй байсан. Энэ нь хэргийг бодитойгоор шийдвэрлүүлэх оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

10. Дээрх нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж мэдүүлэг авсны дараа шийдвэрлэхээр болсон. 2020.06.17-ны өдөр болсон шүүх хуралдаанд давтан шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасан ч шинжээч Ж.Ө дээжийг өөрийн лабораторийн журмын дагуу устгасан тул шинжилгээ хийлгэх боломжгүй болсон.

11. ЗШШТХ-ийн 4.11-р зүйлийн 7 дэх хэсэгт шинжээч дүгнэлт гаргахдаа шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан.

12. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Шинжилгээнд ирүүлсэн объект гэмтэж, устаж үгүй болохоор байвал шинжээч шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд энэ талаар урьдчилан мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд зөрчлийн хэргийн материалд урьдчилан мэдэгдсэн талаар баримт авагдаагүй. Шүүх хуралдааны явцад шинжээчээс тодруулахад энэ талаар сайн мэдэхгүй гэж хариулсан.

13. Магадлалд (4-р хуудас) “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д зааснаар шалгуулагч этгээд дээж авах явцад байлцаж, санал гомдол гаргах эрхтэй бөгөөд улсын байцаагч 2020.03.04-ны өдөр бүтээгдэхүүнээс дээж авахдаа “М м” ХХК-ийн ажилтан X.Б-ийг байлцуулан актыг танилцуулж, хүлээлгэн өгсөн тогтоогдсон, дээж авах явцтай холбогдуулан шалгуулагчаас санал гомдол гаргаагүй атлаа ... эрх бүхий этгээдээс итгэмжлэл олгоогүй этгээдийг байлцуулсан хэмээн маргаж буйг хүлээн авах боломжгүй. Учир нь Х.Б нь чанар, эрүүл ахуйн албаны даргын үүргийг гүйцэтгэдэг, гомдол ирүүлсэн тухай мэдээллийг гүйцэтгэх захиралд мэдэгдсэнээр Х.Б дээж авах ажиллагаанд оролцсон байна” гэсэн байна.

14. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана” гэж заажээ. Тиймээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай 2017 онд батлагдсан хуулийн дагуу явуулахаар хуульчилсан гэж ойлгож байна.

15. Гомдлын талаар гүйцэтгэх захиралд мэдэгдсэнээр Х.Б оролцсон талаар магадлалд дурджээ. Зөрчлийн хавтаст хэрэгт гүйцэтгэх захиралд хэрхэн мэдэгдсэн талаар нотлох баримт авагдаагүй байхад ингэж тодорхойлсон нь ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй байна.

16. Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 3.5-р зүйлийн 1.2-д заасны дагуу хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй. Х.Б нь гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлгүй байсан бөгөөд компанийг хууль ёсоор төлөөлөх боломжгүй байсан.

17. Бид давж заалдах тухай гомдол 8 бүлэг, 18 нарийвчилсан заалт бүхий асуулгыг тавьсан. Дээрх асуултаас 3-ыг ямар байдлаар үнэлснээ тайлбарласан ч бусад нь хэрхэн үнэлэгдсэн талаар тодорхойгүй байна.

18. Гол асуулт болох “...улсын байцаагчийн зүгээс болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лабораторийн шинжилгээний сорилтын хуудсанд гадны биет үйлдвэрлэлийн болон хэрэглээний аль шатанд орсон талаар баталж нотлоогүй. Хэрэглэгчээс гомдлоор ирүүлсэн дээж нь огноо, цувралын дугааргүй байсан бөгөөд үүнийг тодруулах арга хэмжээ аваагүй” гэсэн асуултыг тодруулж, үнэлээгүй байна.

19. Анхан шатны шүүх хуралдааны явцад шинжээч Ж.Ө оролцсон бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-гийн энэ гадны биет нь үйлдвэрлэлийн эсвэл, хэрэглээний аль шатанд орсныг тодорхойлох боломжтой юу гэсэн асуултад хариулахдаа “Шууд тодорхойлох боломжгүй” гэсэн хариултыг өгч байсан. Бусад байдлаар нарийвчилсан тодруулах арга хэмжээг улсын байцаагчийн зүгээс болон шинжээчийн зүгээс аваагүй. Дээрх нөхцөл байдлыг шүүгч хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

20. Хэрэглэгчээс гомдлоор ирүүлсэн дээж нь огноо, цувралын дугааргүй байсан бөгөөд үүнийг тодруулах арга хэмжээ аваагүй.

21. Дээрх дурдсан зүйлсээс гадны зөрчлийг хэргийг шалган шийдвэрлэхэд анхаарвал зохих дараах нөхцөл байдлыг хуулийн дагуу бэхжүүлж, бүрдүүлээгүйг ч давж заалдах шатны шүүх ч анхаарч үзээгүй байна.

22. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...зөрчлийн хэргийн хохирогч Э.Н-ийн мэдүүлэг болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн 20-769 бүртгэлийн дугаар бүхий шинжилгээний дүн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн нян судлаач, микробиологич Ж.Ө-ын хийсэн гомдлын шинжилгээ, мөн түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна” гэж тусгажээ.

23. Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль (цаашид ЗШШТХ гэх)-ийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар “Зөрчлийн хэрэг бүртгэлийн үйл ажиллагааг хууль заасан үндэслэл, журмын дагуу явуулах” -аар заасан. Мөн ЗШШХ-ийн 2.4-ийн 1.8-д зааснаар “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэх”-ээр заасан. Зөрчлийг хэргийг шалган шийдвэрлэхдээ дараах байдлаар тус хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна.

24. ЗШШТХ-ийн 4.1 зүйлийн 5-дахь хэсэгт “Энэ бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэл, шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасан. Мөн зүйлийн 2-д “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ” гэж тус тус заасан.

25. Улсын байцаагч А.М болон н.А байцаагч нар 2020.03.09-ны өдөр “М м” ХХК-д ирж үзлэг шалгалт хийж, 0061826 тоот тэмдэглэлийг үйлдсэн байдаг бөгөөд тус тэмдэглэлд үйлдвэрээс шалтгаалж гадны биет гарсан талаар мэдээлэл тусгагдаагүй байсан. Гэтэл улсын байцаагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зарим дамжлагууд гар ажиллагаатай тул үйлдвэрийн бүтээгдэхүүнд эрсдэл үүсэх магадлалтай гэж дурдсан байна. Магадлалтай гэдэг нь бүтээгдэхүүнд гадны биет орсон гэдгийг бүрэн нотлохгүй бөгөөд дээрх тайлбараас харахад магадлалтай тул зөрчил гаргасныг тогтоосон гэж ойлгогдож болохоор байна.

26. Шинжилгээнд зориулж хэв загвар дээж авах талаар ЗШШТХ-ийн 4.10-р зүйлд тусгагдсан. Шинжилгээнд зориулан дээж авах нь ЗШШТХ-ийн 4 дүгээр бүлэгт тусгагдсан зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны хэсэгт хамаардаг зөрчил шалгах ажиллагааны нэг төрөл тул 4.1-р зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. ЗШШТХ-ийн 4.1-р зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэл, шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасан.

27. Улсын ерөнхий прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокуророос үйлдэх эрх зүйн хэлбэр, тэмдэглэлийн загвар”-т “Хэв загвар дээж авсан тэмдэглэл”-ийн загварыг баталсан бөгөөд Загварын дагуу оролцогч болон холбогдогч нар тэмдэглэлтэй танилцаж, гарын үсгээр баталгаажуулахаар тусгасан байна. Гэтэл Улсын байцаагчаас 2020.03.04-ны өдрийн “Бүтээгдэхүүнээс дээж авах акт”-0015875-аар дээж авсан бөгөөд энэ нь Монгол улсын шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар авсан маягт байгаа нь ЗШШТХ-ий 4.1 зүйлийн 5 дахь хэсгийг заалтыг зөрчиж бүрдүүлсэн баримт гэж үзэж байна.

28. 2020.03.04-ны өдрийн улсын байцаагчийн бүтээгдэхүүнээс дээж авсан актанд актыг хүлээн авч танилцсан ажилтан нь Чанар, эрүүл ахуйн албаны дарга Х.Б гэж тусгасан байна. Х.Б-т холбогдогч болох “М м” ХХК-ийг төлөөлөх итгэмжлэлийг Гүйцэтгэх захирлаас олгоогүй, эрхгүй ажилтан байсан. Тиймээс дээрх 2020.03.04-ны өдрийн “Бүтээгдэхүүнээс дээж авах акт” болон 2020.04.05-ны өдрийн “Лабораторид дээж өгсөн тэмдэглэл” нь ЗШШТХ-ийн дагуу бэхжүүлэгдээгүй баримт гэж үзэж байна.

29. Дээрх үндэслэлүүдийн улмаас бүтээгдэхүүнээс дээж авсан акт, лабораторид дээж өгсөн тэмдэглэл нь хуулинд хууль, Улсын ерөнхий прокурорын тушаалд нийцээгүй гэж үзэж байна.

30. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд тус ажиллагааг Улсын ерөнхий прокурорын баталсан маягтын дагуу явуулахаар шууд хуульчлан зааж өгсөн.

31. Анхан шатны шүүхийн шийдвэрт (7-р хуудас) “...Нян судлаач, микробиологич Ж.Ө-ын хийсэн гомдлын шинжилгээ, мөн түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг.... нотлогдож байна” гэж заажээ.

32. ЗШШТХ 4.11-р зүйлийн 7 дахь хэсэгт “Шинжээч дүгнэлт гаргахдаа шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан. Мөн зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх шийдвэрээ шинжилгээний байгууллага, шинжээчид шинжилгээний объект, эсхүл түүний дээжийн хамт хүргүүлнэ.” Мөн зүйлийн 10 дахь хэсэгт “энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллагын болон шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийж дүгнэлт гаргах хугацаа, шинжээчийн мэдэлд шилжүүлэн өгсөн шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгана” гэж тус тус заажээ.

33. Улсын байцаагчийн зүгээс 2020.03.05-ны өдрийн 0003298 тоот “Лабораторид дээж өгсөн тэмдэглэл”-ийг үйлдсэн байна. Тус тэмдэглэлийн загварыг Монгол улсын шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан байна. ЗШШТХ-ийн 4.11-р зүйлд заасан шинжилгээ хийлгэх ажиллагаа нь ЗШШТХ-ийн 4-р зүйлийн 4.1-д заасан зөрчил шалгах тодорхой ажиллагаанд хамаардаг бөгөөд энэхүү үйл ажиллагаатай холбоотой маягтыг Улсын ерөнхий прокурор батлахаар заасан.

34. Улсын ерөнхий прокурорын 2017 оны 06 сарын 27-ны өдрийн А/54 тушаалын хавсралтаар “Шинжээч томилж, шинжилгээ хийх тухай тогтоол”-ын загварыг баталсан байна. Тус тогтоолын загварт шинжээчид тавих асуултаас гадна, уг тогтоолыг хэргийн оролцогчид танилцуулсан байхаар баталсан байна.

35. Улсын ерөнхий прокурорын 2018.01.02-ны өдрийн А/01 тушаалын нэгдүгээр хавсралтаар “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ыг баталсан бөгөөд уг зааврын 4.9-д шинжилгээ хийх ажиллагаанд тавих хяналтын талаар дурдсан байна. Уг зааврын 4.9.1-ийн А-д “Эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийх тухай тогтоолыг гаргасан даруйд оролцогч нарт танилцуулж, гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэж, тогтоолд гарын үсэг зуруулсан эсэх” ... гэж оруулсан байна. Улсын байцаагчийн зүгээс дээрх тогтоолыг гаргаагүй бөгөөд оролцогчид танилцуулж, санал хүсэлт гаргах боломжоор хангаагүй.

36. Хэрэв бид дээрх тогтоол гарсан бол шинжилгээний асуултад уг гадны биет үйлдвэрлэлийн эсвэл хэрэглээний аль шатанд орсон болох талаар тодруулах байсан.

37. Мөн ЗШШТХ-ийн 4.11-р зүйлийн 8-дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх шийдвэрээ шинжилгээний байгууллага, шинжээчид шинжилгээний объект, эсхүл түүний дээжийн хамт хүргүүлнэ.”, Мөн зүйлийн 10 дахь хэсэгт “Энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллагын болон шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийж дүгнэлт гаргах хугацаа, шинжээчийн мэдэлд шилжүүлэн өгсөн шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгана” гэж заасан. ЗШШТХ-ийн 4.11 дүгээр зүйлийн 7-дахь хэсэгт “Шинжээч шинжилгээний дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан.

38. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, эрх бүхий албан тушаалтны хүсэлт байна”. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтэд дараах зүйлийг тусгана. Үүнд:

7.2.1.шинжилгээ хийлгэх үндэслэл;

7.2.2.шинжилгээ хийлгэх байгууллагын нэр;

7.2.3-шинжилгээ хийх хугацаа;

7.2.4-шинжээчид тавих асуулт;

7.2.5-шинжилгээний объектын талаарх мэдээлэл тус тус байхаар заасан байна. Гэтэл 2020.03.05-ны өдрийн Дээж өгсөн тэмдэглэлд нян судлалын шинжилгээнд хамруулах гэснээс бусдаар шинжээчид ямар тавьсан асуулт байхгүй, дүгнэлт гаргах хугацаа болон шинжилгээ хийлгэж буй үндэслэлийг тусгаагүй байна. Мөн тус тэмдэглэлийг холбогдогч талд танилцуулаагүй. Тиймээс лабораторид дээж өгсөн тэмдэглэл нь ЗШШТХ-ийн дагуу бэхжүүлж аваагүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна.

39. ЗШШТХ-ийн 4.11-р зүйлд шинжилгээ хийлгэх нарийвчилсан зохицуулалтыг тусгасан.

40. 2020.04.28-ны өдрийн 0066789 тоот шийтгэлийн хуудсанд НМХГ-ын төв лабораторийн 2020.03.12-ны өдрийн 3368 тоот сорилтын дүн, тайлбараар нотлох баримт тогтоогдож байна гэж үзэж торгуулийн арга хэмжээг авсан байна.

41. ЗШШТХ-ийн 4.11 дүгээр зүйлийн 7-д Шинжээч шинжилгээний дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14-р зүйлд шинжээчийн үүргийг тусгасан бөгөөд 14.1.2-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах”, 14.1.6-д “шинжилгээнд ирүүлсэн шинжилгээний объектын бүрэн бүтэн байдлыг хариуцах” талаар тусгасан. Мөн 17 дугаар зүйлийн 17.1-д “Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна”, 18-р зүйлд шинжээчийн дүгнэлтийн агуулгад тавигдах шаардлагыг тусгасан бөгөөд 18.1.2-д “шинжилгээ хийх болсон үндэслэл, 18.1.5-д “санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл”, 18.1.8-д “шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр” гаргахаар заасан байна.

42. 2020.03.12-ны өдрийн шинжилгээ хийж дууссан НМХГ-ийн 3366 тоот сорилтын дүнгийн хуудсанд шинжилгээ хийх болсон үндэслэл, санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр гаргах шаардлагыг хангаагүй байна.

43. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн нян судлаач Ж.Ө-ын 2020.04.17-ны өдөр гаргасан тайлбар болон хавсаргасан зургууд нь гарын үсгээр баталгаажаагүй бөгөөд нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа болно.

44. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн 3366 тоот сорилтын дүнгийн хуудсанд үйлдвэрлэлийн болон хэрэглээний аль шатанд гадны биет орсон эсэхийг тодруулаагүй байсан.

45. Тиймээс дээрх сорилтын дүнгийн хуудас болон тайлбар нь ЗШШТХ-ийн дагуу бэхжүүлж аваагүй нотлох баримт гэж үзэж байна.

46. Анхан шатны шүүхийн шийдвэрт (7-р хуудас) “...Нян судлаач, микробиологич Ж.Ө-ын хийсэн гомдлын шинжилгээ, мөн түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг.... нотлогдож байна” гэж заажээ.

47. Шинжээч Ж.Өнөржаргал нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийн энэ гадны биет нь үйлдвэрлэлийн эсвэл, хэрэглээний аль шатанд орсныг тодорхойлох боломжтой юу гэсэн асуултад хариулахдаа “Шууд тодорхойлох боломжгүй” гэсэн хариултыг өгч байсан. Мөн шинжээчийн зүгээс шүүхийн шинжилгээний хуульд заасанчлан ямар эрх үүрэгтэйг сайн мэдэхгүй, сануулаагүй, надад улсын байцаагчийн зүгээс шинжилгээ хийхтэй холбоотой асуулт ирээгүй, шинжилгээ хийх хугацааг тогтоож өгөөгүй, шинжилгээний дүгнэлт нь шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу ямар шаардлага хангасан байх талаар сайн мэдэхгүй ... гэсэн тайлбарыг өгч байсан.

48. Гэтэл шүүгч уг тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, нотлогдсон гэж үзсэн нь гэж үзсэн.

49. Шүүхийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан дараах алдааг шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй.

50. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5-р зүйлийн 1.2-д заасны дагуу хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй Н.А-аас 2020.04.21-ны өдөр мэдүүлэг авсан.

51. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасан ч хариуцсан байцаагч нь хэргийг танилцуулахаас өмнө буюу 2020.04.28-ны өдөр шийтгэлийн хуудсыг бичсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан байна. Улсын байцаагчийн зүгээс зөрчлийн хэргийн материалыг танилцуулсан талаар баримтыг тусгаагүй.

52. 2020.04.16-ны өдөр 1/132 тоот албан хүсэлтээр давтан шинжилгээ хийлгэх, тухайн гомдол гаргасан бүтээгдэхүүнтэй ижил цаг хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний загвар дээж болон гомдол гаргасан хэрэглэгчийн худалдан авалт хийсэн дэлгүүрээс давтан шинжилгээ авах талаар хүсэлт өгснийг хүлээн авахаас татгалзах тогтоолд гомдол гаргасан прокурорт хүргүүлж, прокуророос гомдлыг шийдвэрлүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. 2020.04.27-ны өдөр эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоолд гомдол гаргасан бөгөөд 2020.05.04-ны өдөр хэрэг бүртгэлийн ажиллагааг дуусгасан байгаа талаар хариу мэдэгдэх хуудсыг 2020.05.06-ны өдөр “М м” ХХК-ийн төлөөлөгчид гаргуулан өгсөн байсан бөгөөд хэргийг хариуцан хянах прокурорын хувьд зөрчлийн хэргийг хааж, шийдвэрлэхээс өмнө хянах боломжтой байсан ч зөрчлийн хэрэгт хяналт хангалттай тавиагүй.

53. 2020.03.05-ны өдрийн хэв загвар дээж авсан тэмдэглэлд “.... мөн иргэнээс ирүүлсэн гомдлын бүтээгдэхүүний хаяг шошго үйлдвэрлэсэн хугацаа цувралыг хайчилж хаясан байсан тул үйлдвэрлэсэн хугацаа, цувралаар нь тогтоож харьцуулсан дээж шинжилгээнд хамруулах боломжгүй байсан болно” гэж тусгасан байна.

54. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл”-ийг хөтлөх шаардлага тавьдаг бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагчийн 2020.03.09-ны өдөр мэргэжлийн хяналтын байцаагчийн өгсөн үүргийн дагуу ул мөрийг тодорхойлж өгсөн ч дээрх баримтыг үнэлээгүй байна.

55. Тухайн бүтээгдэхүүний ижил нөхцөлд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээж “М м” ХХК болон хэрэглэгчийн гомдол гаргасан Миний дэлгүүр-102 салбарт байсан ч байцаагч харьцуулах дээж байхгүй байсан гэж тэмдэглэсэн нь үндэслэлгүй байна.

56. “М м” ХХК нь “М м” ХХК-д хадгалагдаж байсан болон хэрэглэгчийн гомдол гаргасан миний дэлгүүрт худалдаалагдаж байсан дээжийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээнд хамруулахад стандартын шаардлага хангасан гэж гарсан.

57. Мөн 2020.03.05-ны өдрийн хэв загвар дээж авсан тэмдэглэлд “.... мөн иргэнээс ирүүлсэн гомдлын бүтээгдэхүүний хаяг шошго үйлдвэрлэсэн хугацаа цувралыг хайчилж хаясан байсан тул үйлдвэрлэсэн хугацаа, цувралаар нь тогтоож харьцуулсан дээж шинжилгээнд хамруулах боломжгүй байсан болно” гэж тусгасан байсан ч зөвхөн тухайн хэрэглэгчийн ирүүлсэн дээжний лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь, бодитой, бүрэн үнэлээгүй.

58. 2020.04.17-ны өдрийн магадлагааны 7-р хэсэгт... “Магадлагааг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдогч, оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов” гэсэн ч дээрх магадлагааг хэргийн оролцогч тал болох “М м” ХХК-д танилцуулаагүй. “М м” ХХК нь 2020.04.16-ны өдөр давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан ч үндэслэлгүйгээр татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

59. 2020.04.28-ны өдөр тухайн бүтээгдэхүүний технологи үйл ажиллагааг хариуцан хяналт тавьж ажилладаг “М м” ХХК-ийн Ерөнхий технологич Л.Э-аас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд 2020.04.29-ны өдөр тайлбар авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийг зөрчсөн байна.

60. Анхан шатны шүүх хуралдаанд “М м” ХХК-ийн Ерөнхий технологич Л.Э, Технологич Б.Ү, Чанар, эрүүл ахуйн албаны ажилтан М.О нар гэрчээр оролцож, тус компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчинд тамхи орох нөхцөл бололцоо байхгүй талаарх мэдүүлэг, тайлбарыг өгсөн ч шүүх нотлох баримтыг үнэлээгүй, яагаад үнэлээгүй талаар шийдвэрт тусгаагүй. Зөвхөн хариуцагчийн тайлбар, түүнд хамаарах Э.Н-ийн мэдүүлгийг үнэлсэн.

61. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг дурдсаар байхад шүүхийн шийдвэрт (8-р хуудас) “... гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эдгээр тайлбарууд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хэмжээний үндэслэл болж чадахгүй байна”.

62. 2017 онд батлагдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж заасан. Зөрчлийг шалган шийдвэрлэхэд энэ хуульд заасан үндэслэл, журмыг баримтлах ёстой байхаар хуульчилсан. Гэтэл зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус хуулийн зөрчсөн дээр дурдсан зөрчлүүд гарсныг шүүх үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хууль бус юм.

63. Хэрэв эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдахаас өмнө баримталж ирсэн арга, аргачлалын дагуу зөрчлийг явуулах юм бол Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн зорилт алдагдаж, тус хуулиар тогтоосон үндэслэл журам хангагдахгүйд хүрч байна. Шүүхийн шийдвэрээр бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн нь хамааралгүй, шийтгэл оногдуулж болно гэж ойлгогдохоор байгаа байгаа юм.

64. 2020.04.28-ны өдрийн 0066789 тоот шийтгэлийн хуудасны 10 дугаар хэсэгт “шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 2020.05.03-ны өдрийн дотор прокурорт гомдол гаргаж болохыг дурдсугай” гэж тусгасан байна.

65. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-р хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах байхад прокурор гэж заасан хуульд заасныг зөрчсөн.

66. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлээд 3 жил гаруй болж байгаа ч хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх тал дээр асуудалтай байгааг дээрх зөрчлийн хэргээс харж болохоор байна.

67. Тиймээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу гараагүй дүгнэлт зэргийг сайтар шалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг засаж залруулаагүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

  ХЯНАВАЛ:

68. “М м” ХХК-ийн “Ногоотой котлет” нэрийн бүтээгдэхүүнээс тамхины иш гарсан талаарх гомдлыг хэрэглэгчээс гаргаснаар 2005000450 тоот зөрчлийн хэрэг нээж хянан шалгах ажиллагааг явуулж 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгавар болгон Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 0066789 тоот шийтгэлийн хуудсаар  шийтгэл оногдуулсан байна.

69. Гомдол гаргагчаас улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар “...зөрчлийн хэргийг танилцуулахаас өмнө шийтгэлийн хуудас бичсэн...давтан шинжилгээ хийлгэх хүсэлтээс үндэслэлгүйгээр татгалзсан...тамхины иш зэрэг гадны биет бүтээгдэхүүнээс гарах боломжгүй” гэж маргажээ.

70. “М м” ХХК-ийн “Ногоотой котлет” нэрийн бүтээгдэхүүн нь Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн техникийн ерөнхий шаардлага MNS1804:2006 стандартын 5.2-ын 1-р хүснэгтийн 2-т “Нэр төрөлдөө тохирсон өөрийн өвөрмөц амттай, гадны элдэв амтгүй байна”, 3-т “Нэр төрөлдөө тохирсон өөрийн өвөрмөц үнэртэй, гадны элдэв үнэргүй байна” гэснийг зөрчсөн болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар төв лабораторийн 20-796 дугаар бүхий шинжилгээний дүнгээр нотлогдож байна.

71. Анхан шатны шүүхийн “...эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх эрх, хүнсний аюулгүй байдлын асуудал нь хүний үндсэн эрхтэй шууд холбоотой бөгөөд гомдол гаргагч нь үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зөрчлийг гаргасан...” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл  “М м” ХХК-ийн Чанар, эрүүл ахуйн албаны дарга Х.Б-ийг байлцуулан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бүтээгдэхүүнээс дээж авах акт үйлдсэн, уг дээж авах ажиллагаатай холбогдуулан зөрчил хянан шийдвэрлэх журам зөрчсөн талаар шалгуулагчаас санал гомдол, шаардлагыг цаг тухайд нь гаргаагүй байна.

72. Нөгөөтэйгүүр нэг өдөр хамт худалдаалагдаж байсан өөр савалгаатай бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгэж тамхины иш илрээгүй, үнэр амт шингээгүй гэж тогтоох нь үүссэн нөхцөл байдлыг үгүйсгэх, өөрчлөх үндэслэл болохгүй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 6-д “Оролцогчийн хүсэлтээр давтан шинжилгээг нэг удаа хийж болно” гэж заасан, “М м” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/132 тоот албан хүсэлтээр давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан ч 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор улсын байцаагч нь хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

73. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0424 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 444 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                       ШҮҮГЧ                                                                  Х.БАТСҮРЭН