| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0470/Э |
| Дугаар | 494 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,
шүүгдэгч Ц.А-, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогт Ц-ын А-д холбогдох эрүүгийн 1810019270539 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа цайны газар ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын 10 дугаар баг, ………………. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т- овогт Ц-ын А- /РД: ……………../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ц.А- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн спорт ордоны гадна 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Э.Т-тэй маргалдаж түүний хамрыг хазаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан Уул дүүргийн спорт зааланд Улсын аврага шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Дархан-Уул аймгийн багийг удирдан оролцсон. Орой 20-21 цагийн үед заалны гадна зогсож байтал Энхтөгс Тэмүүлэн хоёр ирсэн. Энхтөгс “та чинь гоё дүү нартай болчихсон юм байна. Тэр муу хэд чинь хэн ч биш” гээд над руу салаавч гаргаад агсарах янзтай үг хаяад байсан. Би Энхтөгсийн яриаг тоолгүй зогсож байтал хажуунаас Тэмүүлэн “та Дархан хотоос сагсны тэмцээнд оролцож байгаа хэдэн хүүхдээ аятайхан аваад явчихгүй ялгаж, салгаад” гэхээр нь “юу гэнээ ахын дүү” гэхэд “юу гэдэг юм” гээд маргасан. Намайг ойртоод очиход Тэмүүлэн миний ам руу салаавч гаргахаар нь “дахиад гарга даа” гэсэн чинь дахиад гаргасан. Миний шар хөдлөөд Тэмүүлэнг хүзүүгээр нь тэвэрч хамрыг нь нэг удаа хазсан. Тэмүүлэн зөрүүлээд намайг цохих гэхэд нь ойр байсан хүмүүс бид хоёрыг салгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Хохирогч Э.Т-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн спорт зааланд сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн үзэхээр очсон. Заал руу орох гэж байхад гадна А-, Мөрөн нар байсан. Энхтөгс А- ахтай уулзаад өмнөх тэмцээнийхээ талаар яриад зогсож байсан. Энхтөгс А-д “би багийн ахлагч байхад надаас асуулгүй багийн шийдвэрийг Бүлтүүш, Г.Билгүүн нартай шийдлээ” гэж хэлэхээр нь би “Амраа ахаа та хэдэн дүү нараа талцуулж байхаар эвийг нь олоод явчихгүй дээ" гэхэд “чи юу гээд байгаа юм” гээд толгойгоороо миний дух руу шөргөөж, гэдсээрээ намайг түлхсэн. Би “Амраа ахаа тантай юм ярихгүй ээ” гээд 2-3 удаа хэлээд холдоход араас ирээд “Тулгааг дууд” гээд нэгэнд нь хэлсэн. Хэнд хэлснийг нь мэдэхгүй байна. Би “Тулгаагаар намайг айлгаж, зодох гэж байна. Намайг айна гэж бодоод байгаа юм байх даа” гэж бодоод “Тулгаа чинь ирэхээрээ яадаг юм” гээд салаавч өгсөн. А- “нааш ир даа ахын дүү” гээд хүзүүн дээгүүр тэвэрч татаад миний хамрыг хазчихсан. Хамар хазахаар нь салгах гээд А- ахын толгой руу гараараа нэг удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,
Гэрч Э.Энхтөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн спорт зааланд тэмцээн үзэхээр очсон. Орой 20-21 цагийн үед Дүүргийн спорт заалны гадна А-тай юм яриад зогсож байтал Тэмүүлэн “Амраа ахаа та хэдэн дүү нараа аятайхан аваад явчихгүй дээ” гэхэд “чи юу гээд байгаа юм бэ” гээд хоорондоо маргалдсан. А- Тэмүүлэнгийн мөрөн дээгүүр гараа тавиад надаас холдоод цаашаа явсан. Би тэр хоёрыг хуурай ах, дүү болохоор нь орхичихоод заал руу орсон. Араас Тэмүүлэн орж ирээд “А- ах хамар хазчихлаа” гэж хэлсэн. Тэмүүлэнгийн хамрыг харахад хамрын хоёр талд нь цус гараад улайсан, шүдний ором гарчихсан байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
Гэрч Ц.Санжаасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би хэсэг найзуудтайгаа баг бүрдүүлээд Дархан-Уул аймгийг төлөөлж сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотод ирсэн. Уг тэмцээн Хан-Уул дүүргийн Биеийн тамирын спортын хороонд болсон. Тэмцээн эхлээд 3 хонож байхад буюу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагч ахтай Тэмүүлэн, Энхтөгс нар маргалдаж байсан. Тоглолт эхлэх гээд хувцсаа солиод гараад ирэхэд А- ах Тэмүүлэн хоёр нэгнийхээ мөрөн дээр гараа давуулж юм ярьж зогсож байсан. Эхлээд Тэмүүлэн А- ах руу салаавч гаргасан. А- ах “чи ах руугаа яаж байгаа юм бэ, дахиад гарга даа” гэхэд Тэмүүлэн дахиад салаавч гаргасан чинь А- ах Тэмүүлэнгийн хамрыг хазчихсан. Тэмүүлэн А- ахыг зөрүүлээд нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч Н.Энхтулгын мөрдөн байцаалтанд өгсөн: Би хэсэг найзуудтайгаа баг бүрдүүлээд Дархан-Уул аймгийг төлөөлж сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотод ирсэн. Уг тэмцээн Хан-Уул дүүргийн Биеийн тамирын спортын хороонд болсон. Тэмцээн эхлээд 3 хонож байхад буюу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бид нар тоглох гээд хувцсаа солиод сууж байхад манай багийн Очироо намайг “хүрээд ир” гэж дуудсан. Спорт хорооноос гарахад бид нартай хамт явсан зохион байгуулагч А-тай Дархан-Уул аймгийн харъяат 2 залуу нар хоорондоо маргалдаж байсан. Би хоёр залууг зүс таних тул очоод салгасан. Тэмүүлэн надад “А- ахтай хоёулаа уулзмаар байна” гээд уулзсан. Тэр хоёр бие биенийхээ мөрөн дээр гараа давуулж юм ярьж байгаад эхлээд Тэмүүлэн А- руу салаавч гаргасан. А- ах “чи ах руугаа яаж байгаа юм бэ, дахиад гарга даа” гэхэд Тэмүүлэн дахиад салаавч гаргасан чинь А- ах Тэмүүлэнгийн хамрыг хазчихсан. Тэмүүлэн А- ахыг зөрүүлээд нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10036 дугаартай дүгнэлтэнд:
1. Э.Т-гийн биед хамарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 22-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.А- нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн спорт ордоны гадна хохирогч Э.Т-г “салаавч гаргалаа” гэх шалтгаанаар хамрыг хазаж биед нь “хамарт шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.Т-гийн …Энхтөгс А-д “би багийн ахлагч байхад надаас асуулгүй багийн шийдвэрийг Бүлтүүш, Г.Билгүүн нартай шийдлээ” гэж хэлэхээр нь “Амраа ахаа та хэдэн дүү нараа талцуулж байхаар эвийг нь олоод явчихгүй дээ" гэхэд “чи юу гээд байгаа юм” гээд толгойгоороо миний дух руу шөргөөж, гэдсээрээ намайг түлхсэн. Би “Амраа ахаа тантай юм ярихгүй ээ” гээд 2-3 удаа хэлээд холдоход араас ирээд “Тулгааг дууд” гээд нэгэнд нь хэлсэн. …Би “Тулгаагаар намайг айлгаж, зодох гэж байна. Намайг айна гэж бодоод байгаа юм байх даа” гэж бодоод “Тулгаа чинь ирэхээрээ яадаг юм” гээд салаавч өгсөн. А- “нааш ир даа ахын дүү” гээд хүзүүн дээгүүр тэвэрч татаад миний хамрыг хазчихсан…гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,
Гэрч Э.Энхтөгсийн …Орой 20-21 цагийн үед Дүүргийн спорт заалны гадна А-тай юм яриад зогсож байтал Тэмүүлэн “Амраа ахаа та хэдэн дүү нараа аятайхан аваад явчихгүй дээ” гэхэд “чи юу гээд байгаа юм бэ” гээд хоорондоо маргалдсан. А- Тэмүүлэнгийн мөрөн дээгүүр гараа тавиад надаас холдоод цаашаа явсан. …Тэмүүлэн орж ирээд “А- ах хамар хазчихлаа” гэж хэлсэн. Тэмүүлэнгийн хамрыг харахад хамрын хоёр талд нь цус гараад улайсан, шүдний ором гарчихсан байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
Гэрч Ц.Санжаасүрэнгийн …Тоглолт эхлэх гээд хувцсаа солиод гараад ирэхэд А- ах Тэмүүлэн хоёр нэгнийхээ мөрөн дээр гараа давуулж юм ярьж зогсож байсан. Эхлээд Тэмүүлэн А- ах руу салаавч гаргасан. А- ах “чи ах руугаа яаж байгаа юм бэ, дахиад гарга даа” гэхэд Тэмүүлэн дахиад салаавч гаргасан чинь А- ах Тэмүүлэнгийн хамрыг хазчихсан…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч Н.Энхтулгын …Тэмүүлэн надад “ А- ахтай хоёулаа уулзмаар байна” гээд уулзсан. Тэр хоёр бие биенийхээ мөрөн дээр гараа давуулж юм ярьж байгаад эхлээд Тэмүүлэн А- руу салаавч гаргасан. А- ах “чи ах руугаа яаж байгаа юм бэ, дахиад гарга даа” гэхэд Тэмүүлэн дахиад салаавч гаргасан чинь А- ах Тэмүүлэнгийн хамрыг хазчихсан…гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10036 дугаартай дүгнэлтэнд:
1. Э.Т-гийн биед хамарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч Э.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Ц.А- руу салаавч гаргасан зүй бус үйлдэл тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.А-г хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч Ц.А- болон түүний өмгөөлөгч Ц.Амар нар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ц.А- нь хохирогч Э.Т-гийн хамрыг хазаж “хамарт шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Ц.А-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Т- нь “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /хх-ийн 7-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Ц.А- нь Дархан-Уул аймагт цайны газар ажлуулдаг, орлого олох боломжтойгоо нотолж “Түрээсийн гэрээ”-г баримтаар гаргаж өгсөн ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас улсын яллагчаас гаргасан торгох ялын саналын талаар мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Дархан-Уул аймагт хувиараа цайны газар ажиллуулж орлого олдог гэх хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.