| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2535000000220 |
| Дугаар | 2026/ДШМ/23 |
| Огноо | 2026-05-28 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/23
Т.Т, Т.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Т.Т, Т.Э болон тэдгээрийн өмгөөлөгч Т.Уянга нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус үндэслэн, Т.Т, Т.Э нарт холбогдох, 2535000000220 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Т-ийн Т.
Монгол Улсын иргэн, Т овогт Т-ийн Э.
2. Холбогдсон хэргийн агуулга: Шүүгдэгч Т.Т нь эрүүгийн 2335000900168 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, мөн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус тус мэдүүлэг өгөхдөө: “сумын Засаг дарга А.Я нь нярав Т.Э-д хандив гэх 500,000 төгрөг өгсөн зүйлгүй” гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн атлаа А.Я, М.О нарт холбогдох эрүүгийн 2335000900168 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, гэрчийн эрх, үүрэгтэй танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараагаар “М.О-ийн өгсөн хандив болох 500,000 төгрөгийг хүлээн авч, “Харилцан Хүндэлье” аянд зарцуулсан” гэж зориуд худал мэдүүлсэн,
- шүүгдэгч Т.Э нь эрүүгийн 2335000900168 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг өгөхдөө: “Сумын засаг дарга А.Я-аас ямар нэгэн байдлаар 500,000 төгрөг өгсөн зүйлгүй” гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн атлаа А.Я, М.О нарт холбогдох эрүүгийн 2335000900168 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож гэрчийн эрх үүрэгтэй танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараагаар “М.О-ийн хандив болох 500,000 төгрөгийг авч “Харилцан Хүндэлье” аянд зарцуулсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс шүүгдэгч Т.Т, Т.Энарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Б овогт Т-ийн Т, Т овогт Т-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан “Гэрч шүүхэд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Т, Т.Э нарт тус бүрд нь 1,200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж,
- ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Т, Т.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж,
- шүүгдэгч Т.Т, Т.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Т.Т, Т.Э нар давж заалдах шатны шүүхэд: “...сумын Засаг дарга А.Я нь бид нарыг “та нараас болж би гэмт хэрэгтэн боллоо” гэж дарамт шахалт үзүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийнхээ дагуу шүүхэд мэдүүлэг өгчихвөл А.Я нь “дахиад та нараас болж гэмт хэрэгтэн боллоо” гэж хэлэх байх гэж айсандаа түүний бичүүлсэн тодорхойлолтын дагуу мэдүүлэг өгсөн.
Бид тухайн мэдүүлгийг өгөхдөө өөрсдөө хүсээд, А.Я-ыг гэмт хэрэг үйлдээгүй болгож харуулах гэсэндээ зориуд худал хэлээгүй. Тухайн хүний дарамт, шахалт, хэл амнаас холдох гэсэндээ л хэлсэн. А.Я-ны дарамтлаад байгаа үйлдлийн талаар тухайн үед мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан комиссарт хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул биднийг хуулийн байгууллага хамгаалах үндэслэл байдаггүй юм байна гэж л ойлгосон.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх,
- шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд: “...Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив талын шинж хангагдахгүй байна гэж үзэж байна.
Учир нь, шүүгдэгч нар тухайн мэдүүлгийг өгөхдөө өөрсдөө хүсээд, А.Я-ыг гэмт хэрэг үйлдээгүй болгож харуулах гэсэндээ зориуд хэлээгүй. Тухайн хүний дарамт, шахалт, хэл амнаас холдох гэсэндээ л хэлсэн. А.Я-ны дарамтлаад байгаа үйлдлийн талаар тухайн үед мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан комиссарт хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул биднийг хуулийн байгууллага хамгаалах үндэслэл байдаггүй юм байна гэж л ойлгож шүүхэд гаргасан тайлбартай нийцүүлэн мэдүүлэг гаргасан байдаг.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/11 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд:
- шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Уянга: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хөтөлбөргүй шалгаж, тогтоосон байх ёстой.
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад гэрчид нөлөөлж байгаа асуудал үүссэн тохиолдолд үүнийг мэдсэн мөрдөгч даруй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дүгээр зүйлд заасны дагуу гэрчийг хамгаалах арга хэмжээ авах ёстой байсан.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу ч тухайн хамгаалалтын арга хэмжээ авхуулах саналаа прокурорт уламжлах үүрэг бүхий субъект байсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчид мэдэгдсээр байхад гэрчийг хамгаалах арга хэмжээ аваагүй. Хэргийн баримтаас үзэхэд, тухайн үйл явдал нь 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр болсон. Үүнийг мөрдөгч нь тэмдэглэл үйлдээд л хийсэн, өөр ямар нэгэн байдлаар гэрчээ хамгаалах арга хэмжээ аваагүй. Тухайн үед Т.Т, Т.Э нар нь А.Я-ны шууд удирдлагад ажиллаж байсан ба А.Я-ны зүгээс тэдгээрийг өдөр бүр янз бүрээр дарамтлаж байсан. Т.Т, Т.Э нар А.Я-ыг дарамтлаж байгаа талаар 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж байхад нь гэрч нараа хамгаалах арга хэмжээ авсан байсан бол гэрч нар ажлын байрны дарамтад өртөж, тодорхойлолт гаргаж өгөх, тодорхойлолтыг үндэслээд шүүхэд гэрчээр дуудагдах нөхцөл байдал үүсэхгүй байсан буюу энэ гэмт хэрэгт холбогдохгүй, хэрэг гарах шалтгаангүй байсан. Үүнд эрх бүхий албан тушаалтны тодорхой буруутай үйлдэл байна гэж харж байна.
А.Я-ны дарамт шахалтаас үүдэлтэйгээр 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгч нар нь өмнө мөрдөн шалгах ажиллагаанд өгч байсан мэдүүлгээсээ зөрүүтэй буюу эсрэг агуулгатай тодорхойлолтыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн.
Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А.Я-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд А.Я-ны өмгөөлөгч Я.Б-ын зүгээс тухайн 2 гэрчээр бичүүлж авсан тайлбар гэх агуулгатай бичгийг нотлох баримтаар гаргаж өгөөд, шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Энэ гаргаж өгч байгаа субъектив санаа зорилгыг нь мөн харгалзаж үзэх ёстой гэж харж байна. А.Я-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруудаа маргахгүйгээр, хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч орсон.
Нэгэнт гэм буруугийн асуудлаар маргахгүй юм бол тодорхойлолтыг яг ямар зорилгоор гаргаж өгөөд, 2 шүүгдэгчийг гэрчээр дуудаж оролцуулсан юм бэ гэх асуудал байгаа.
Хэрэгт, А.Я нь Т.Т, Т.Э нарыг “та нарын мэдүүлгээс болоод би гэмт хэрэгтэн болчихлоо, та нарыг хэзээ ч би зүгээр байлгахгүй” гэх зэргээр дарамтлаж байсан үйл баримт тогтоогдсон байдаг. Мөн шүүгдэгч Т.Т-ын гар утсанд мөрдөн байцаалтын шатанд үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа. Тус тэмдэглэлээс үзэхэд А.Я нь Т.Т руу зурвас бичиж, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг хэзээ болох талаар, хэнд, хэрхэн мэдэгдсэн талаархи баримтууд тусгагдсан байгаа.
Хэргийн баримтаас үзэхэд, Т.Т, Т.Э нар нь санаатай, худал мэдүүлэг өгөх зорилгоор ирээгүй буюу хийж өгсөн бичигтээ үндэслээд, А.Я-ны хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр ирсэн үйл баримт тогтоогдсон.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлага эрхшээлд автсаны улмаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн буюу гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж харж байгаа.
Мөн шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд 7 дугаар сараас хойш 9 дүгээр сар хүртэл 2 сарын хугацаанд тодорхойлолтуудыг хийж өгөхгүй гэж маш олон удаа хэлсэн боловч, хэл ам, дарамт шахалт нь тасрахгүй байсан учир тухайн хүний хэл амнаас нь зайлсхийх зорилгоор тодорхойлолтыг хийж өгсөн. Тодорхойлолтынхоо дагуу гэрчээр заавал мэдүүлэг өгөх ёстой гэж шахсаны үндсэнд А.Я-д холбогдох хэргийн шүүх хуралдааны товыг мэдээд очсон гэх байдлуудыг хэлж байгаа учраас энэ нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайн үед яллагдагчаар татагдсан А.Я-ны хүч хэрэглэхээр заналхийлсэн, хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар завдсан тодорхой үйлдлүүдийн улмаас тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн гэж үзэж байгаа учраас Т.Т, Т.Э нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх агуулгатай тайлбар, санал;
- Прокурор Э.Цэвээнгэрэл: “...анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийсэн. Тухайлбал, “шүүгдэгч нар үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа өөрийн өгөх гэж байгаа мэдүүлгийг худал гэдгийг мэдсээр байж өгсөн үйлдэл нь санаатай үйлдэл байна” гэж дүгнэсэн.
Гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн хандивт өгсөн гэх мөнгийг аваагүй, энэ талаар мэдэхгүй гэж 2 удаа мэдүүлсэн. Анхан шатны шүүхэд гэрчээр дуудагдаж мэдүүлэг өгөхдөө өөрийн өгөх гэж байгаа мэдүүлэг нь агуулгын хувьд илт зөрүүтэй, тухайн мэдүүлгийг өгснөөр шүүгдэгч А.Я-ны эрх зүйн байдлын хувьд дээрдэх боломж нөхцөл байгаа гэдгийг урьдаас мэдэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс мэдүүлэг өгсөн нь шүүгдэгч нарын гэмт хэргийг санаатай үйлдсэн гэх шинжийг хангаж байна гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлага эрхшээлд автсан гэж яриад байна. Тус зүйлд “өөрт нь, гэр бүлийн гишүүн, бусад хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд автсан” гэж үзэхээр хуульчилсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс асуусан “энэ гэмт хэрэгт шүүгдэгч А.Я-аас таны болон таны ойр дотнын хүмүүст ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж, заналхийлсэн тохиолдол байгаа юу?” гэх асуултад шүүгдэгч нар “энэ тохиолдол байхгүй, зөвхөн А.Я гэх хүн нь хэл ам ихтэй, шүүх хуралдаанд миний өмнөөс хараад сууж байсан болохоор нь айсандаа хэлсэн” гэх байдлаар асуулт, хариулт явагдсан байдаг.
Үүнээс үзэхэд худал мэдүүлэг өгөхөөс өөр сонголтгүй байдлаар албадлага эрхшээлд автсан гэх үндэслэл тогтоогдоогүй, үнэн зөв мэдүүлэг өгөх боломж нь шүүгдэгч нарт байсан. Гэтэл шүүгдэгч А.Я-ны эрх зүйн байдлыг дээрдүүлэх үр дүнд хүргэх зорилгоор мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр өгч байсан мэдүүлгээсээ илт зөрүүтэй, худал мэдүүлгийг өгсөн. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Шүүгдэгч Т.Э, Т.Т нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөх талаар баталгаа гаргаж, гарын үсэг зурсны дараа мэдүүлгээ өөрчилсөн бөгөөд тэдгээр нь өөрийн үйлдлийн улмаас бий болох хууль зүйн үр дагавар, өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ. Шүүгдэгч нар нь санаатайгаар худал мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийг хэрэглэх, албадлага эрхшээлд автсан гэх үйл баримт хавтас хэрэгт авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй. Шүүгдэгч нар нь үнэн зөв мэдүүлэг өгөх нөхцөл боломж хангалттай байсан ч шүүгдэгч А.Я-ны эрх зүйн байдлыг дээрдүүлэх үр дүнд хүргэхээр зориуд худал мэдүүлэг өгсөн нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай тайлбар, дүгнэлт тус тус гаргасан байна.
ХЯНАВАЛ:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч Т.Уянга нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Т.Т, Т.Э нарт холбогдох, 2535000000220 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Прокуророос, шүүгдэгч Т.Т, Т.Э нарыг “А.Я, М.Онарт холбогдох, 2335000900168 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
2.1. Увс аймгийн Х сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Я-ныг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэн М.О-с 500,000 төгрөг хахуульд авсан, М.О-ийг Засаг дарга А.Я-д 500,000 /таван зуу/ төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэргүүдэд холбогдуулан, эрүүгийн 2335000900168 дугаар хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос А.Я-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.О-д мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр А.Я, М.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 27 дугаар шийтгэх тогтоолоор А.Я-ныг нийтийн албан тушаалтан хахууль авах, М.О-ийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ /1-р хх-ийн 61-70-р тал/.
2.2. А.Я, М.О нарт холбогдох, 2335000900168 дугаартай эрүүгийн хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад Х сумын ЗДТГ-ындарга Т.Т, нярав Т.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд Т.Т нь тус хэрэгт гэрчээр 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Миний мэдэж байгаагаар хандив тусламж өгч байсан зүйл байхгүй. Харин би цагаан сарын баяраар сумын аварга малчны шагнал гардуулан өгч байхад М.О гэдэг иргэн /малчин/ нь сумын засаг дарга А.Я-д 500,000 төгрөг өгсөн талаар хүмүүсийн дунд яриа, маргаан үүссэн. Тухайн асуудлыг М.О-ийн нагац ах С.Х гэдэг хүн ярьж байсан” гэж,
- 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахин гэрчээр “2023 онд манай сумын Засаг дарга А.Я нь манай тамгын газрын нярав Т.Э-д иргэн М.О-с өгсөн гэж 500,000 төгрөгийг бэлнээр өгөөгүй. Хэрэв хандив өгсөн бол сумын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд оруулан зарцуулах ёстой. Т.Э нь надад ямар нэгэн байдлаар сумын Засаг даргаас өгсөн мөнгө гэж 500,000 төгрөг авч ирж өгсөн зүйл байхгүй, уг мөнгийг нэмэлт санхүүжилтийн дансанд хийсэн, хийлгэсэн удаа байхгүй” гэж,
- Т.Э нь эрүүгийн 2335000900168 дугаартай хэрэгт гэрчээр 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Би ажилд орсноос хойш буюу 2023 оны 01 дүгээр сарын дундуур А.Я нь надад М.О гэх хүн өгсөн гэж 500,000 төгрөг бэлнээр өгч байсан удаа байхгүй. Сумын Засаг дарга ямар шалгааны улмаас миний нэр хэлж, надад М.О гэх хүний өгсөн 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж хэлснийг мэдэхгүй байна. Надад сумын засаг даргаас 500,000 төгрөгийг болон өөр хүмүүсээс өгсөн гэж 500,000 төгрөг, бусад дүнтэй мөнгийг бэлнээр, дансаар өгч байсан удаа байхгүй” гэж тус тус мэдүүлсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх гэрч Т.Т, Т.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч байсан дээрх мэдүүлгүүдийг үнэлж, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар магадлалын үндэслэл болгожээ.
2.3. Т.Т, Т.Э нар нь А.Я, М.О нарт холбогдох, 2335000900168 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож,
- Т.Т нь “2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус суманд аймгийн байгаль орчны газраас зохион байгуулсан “Харилцан хүндлэе” гэх тойргийн сумдын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болсон. Тухайн үед сумын Засаг дарга А.Я нь няравыг дуудаж, мөнгө өгч дэлгүүр явуулсан. Тухайн мөнгө М.О гэх хүний өгсөн хандивын 500,000 төгрөг байсан гэдгийг засаг дарга дараа нь надад ярьсан” гэж,
- Т.Э нь “2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр аппаратын хурал дээр Х сумын 3 дугаар багийн малчин М.О 500,000 төгрөгийн хандив өгсөн гэдгийг Засаг дарга А.Я хэлж байсан. Мөн харилцан хүндлэлийн аяны хүрээнд Байгаль орчны газраас зохион байгуулсан хөрш зэргэлдээ сумуудын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр болсон. Тухайн өдрийн орой 18 цагийн үед Засаг дарга намайг өрөөндөө дуудахаар нь яваад ортол олон сумын эмэгтэйчүүд суучихсан, тамгын дарга бас хамт байсан. Засаг дарга надад 500,000 төгрөг өгөхөөр нь би гарч яваад Т-ын дэлгүүрээс 180,000 төгрөгийн загасны мах, С дэлгүүрээс 280,000 төгрөгийн ингэний айраг, А дэлгүүрээс 40,000 төгрөгийн чихэр, самар авч ирж, тэр хүмүүсийг дайлсан” гэж тус тус мэдүүлсэн байна.
Гэрч Т.Т, Т.Э нарын анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс нь агуулгын хувьд ноцтой зөрүүтэй байх бөгөөд тэдгээрийн шүүх хуралдаанд өгсөн дээрх мэдүүлэг үнэн бодитой болох нь хэргийн бусад баримтуудаар нотлогдоогүй байна.
3. Шүүгдэгч Т.Т, Т.Э нар нь эрүүгийн 2335000900168 дугаартай, А.Я, М.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, тухайн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхөө шүүхэд илэрхийлж, баталгаа гаргасан атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээсээ илтэд зөрүүтэй мэдүүлэг гаргасан буюу зориуд худал мэдүүлсэн болох нь Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар магадлал /1-р хх-ийн 46-78-р тал/, мөрдөгчийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2535000900168 дугаартай, А.Я, М.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр хуулбарлан авсан баримтууд /1-р х.х-ийн 5-91 дэх тал/, эрүүгийн 2535000900168 дугаартай хэрэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 190-194 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Т, Т.Э нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан “гэрч шүүхэд зориуд худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Т, Т.Э нарт ял шийтгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байх ба оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.
6. Шүүгдэгч Т.Т, Т.Э болон тэдгээрийн өмгөөлөгч Т.Уянга нарын давж заалдах журмаар гаргасан: “... А.Я-ны дарамт, шахалтаас болж худал мэдүүлэг өгсөн. А.Я нь биднийг шүүхэд мэдүүлэг өгөхөөс өмнө өдөр бүр ажил дээр хэрүүл маргаан гаргаж, үг үйлдлээрээ байнга дарамталж байсан. Энэ талаар тухайн үед мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан комиссарт мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тухайн мэдүүлгийг өгөхдөө, бид өөрсдөө хүсээд, А.Я-ыг гэмт хэрэг үйлдээгүй болгож харуулах гэсэндээ өгөөгүй. А.Я-ны дарамт, шахалтын улмаас худал мэдүүлэг өгсөн. Иймд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шижийг хангахгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус хангах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
6.1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон байх бөгөөд шүүгдэгч Т.Т, Т.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
6.2. Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан 1 дэх хэсэгт худал мэдүүлэх гэмт хэрэгт тооцон хуульчилжээ.
Худал мэдүүлэх гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэрчээр дуудагдсан этгээд хэргийн бодит байдлаас өөрөөр, тухайлбал болсон үйл явдлыг болоогүй, болоогүй үйл явдлыг болсон мэтээр ярих, эсхүл харсан, үзсэн, мэдсэн зүйлээ огт мэдүүлэхгүй байх зэрэг санаатай, идэвхтэй үйлдлээр мэдүүлэг өгөх байдлаар илэрдэг.
6.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Т.Т нь Увс аймгийн Х сумын ЗДТГ-ын даргаар, Т.Э нь тус тамгын газрын няраваар тус тус ажиллаж байхдаа тус сумын Засаг дарга А.Я-д холбогдох, эрүүгийн 2335000900168 дугаартай хэргийг хянан хэлэлцэх Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө, Засаг дарга А.Я нь иргэн М.О-с хахуульд авсан 500,000 төгрөгийг нярав Т.Э-д өгөөгүй, тус тамгын газрын үйл ажиллагаанд зарцуулаагүй байхад Т.Т, Т.Э нар нь “уг 500,000 төгрөгийг нярав Т.Э-д хүлээн авч, улмаар тухайн суманд зохион байгуулагдсан баруун бүсийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үйл ажиллагаанд зарцуулсан” мэтээр зориуд худал мэдүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч нар гэрчийн эрх, үүрэгтэй танилцаж, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
6.4. Эрүүгийн хуулийн 4.4 дүгээр зүйлийн 1-т “өөрт нь, гэр бүлийн гишүүн, бусад хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автаж хийсэн энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарт болон тэдгээрийн гэр бүлийн гишүүнд хүч хэрэглэсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан, учруулах бодит нөхцөл байдал бий болсон гарцаагүй нөхцөлд хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд хэргийн баримтаар шүүгдэгч Т.Т, Т.Э нарын болон тэдгээрийн гэр бүлийн бусад хүнд А.Я-ны зүгээс хүч хэрэглэсэн, хэрэглэхээр заналхийлсэн, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг нь хөндөхүйц үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
1 дүгээр хавтаст хэргийн 173-182-р талд авагдсан, шүүгдэгч Т.Тын гар утсанд хийсэн үзлэг хийсэн талаархи баримтаас үзвэл, А.Я-аас Т.Т-т бичсэн зурвасуудыг бэхжүүлсэн байх бөгөөд уг зурвасуудаар А.Я нь шүүгдэгч нарт болон тэдгээрийн гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нарын мэдүүлж байгаагаар, сумын Засаг дарга А.Я нь удирдах албан тушаалтны хувьд Т.Т, Т.Э нарт богино хугацаанд ажил гүйцэтгэх үүрэг даалгавар өгч байсан гэх, түүнчлэн албан ажилтай холбоотой санал зөрөх, эсхүл бусад шалтгааны улмаас таарамжгүй харилцаа үүссэнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн гарцаагүй нөхцөл гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т, Т.Э болон тэдгээрийн өмгөөлөгч Т.Уянга нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т, Т.Э болон тэдгээрийн өмгөөлөгч Т.Уянга нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ
Н.МӨНХЖАРГАЛ