| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2502000000381 |
| Дугаар | 2026/ДШМ/713 |
| Огноо | 2026-06-02 |
| Зүйл хэсэг | 20.7.2., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2026/ДШМ/713
2026 06 02 2026/ДШМ/713
А.Х-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Саруул-Ирээдүй,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гангантөгс,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/571 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Х-, түүний өмгөөлөгч С.Гангантөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Х-т холбогдох эрүүгийн 2502000000381 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
N- овогт А-ийн Х-, 1982 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 2, хүүхдийн хамт ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ША-/;
Шүүгдэгч А.Х- нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, метамфетаминий агууламжтай, 4 дүгээр жагсаалтад багтсан фентерминий агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, 5 хэсэг зиплок уутанд хийсэн нийт 324.8 (324.8322) грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөх хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд уг бодисыг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, А- А- тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: А.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч N- овогт А-ийн Х-ыг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, А.Х-ын цагдан хоригдсон 30 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ын насанд хүрээгүй хүү Х.Бархаст асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж, А.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Х-, түүний өмгөөлөгч С.Гангантөгс нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч нь ам бүл 2, 13 настай бага насны хүүгийн хамт өрх толгойлон амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа. Одоо хүүг нь асрах хүн байхгүй, хэнийд байгаа нь тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагаанд таньдаг айлаар нь дамжаад явж байгаа байдалтай байсан. Ээж нь хоригдсоноос хойш хүүгээс нь холбоо тасарсан, хүүг нь хаана байгааг өмгөөлөгчийн зүгээс эрж хайж байна. ...Ар гэрт нь бага насны харах хүнгүй хүүхэд үлдсэн тул шүүх бага насны хүүхдийн эрх, ашгийг хангаж, асран хамгаалагч болох ээжийг нь нийгэмшүүлэх зорилгыг хангаж, 2 жилийн хорих ялыг оногдуулж, хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гангантөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч анхнаасаа хэрэглэсэн, хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргадаггүй. Тэрээр 13 настай бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх юм. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хүүхдийн эрх ашгийг бодож, шүүгдэгчийг нийгэмшүүлэх зорилгыг хангаж, түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Саруул-Ирээдүй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Х-ын тухайд анхан шатны шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэлтэй маргаж оролцсон. Өөрөөр хэлбэл, худалдаалах зорилго байгаагүй гэж маргадаг. Тэгэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг ойлголтод хамаарахгүй гэж үзэж байна. А.Х-ын холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар өндөр. 1 грамм “мөс”-ийг 5-7 удаа хэрэглэдэг. 324 грамм “мөс” нь 2100 хүний нэг удаагийн хэрэглээ бүхий бодис юм. А.Х-ын гэрээс хураагдсан хэрэглүүрүүд, зиплок уут, жин зэргээс харахад худалдаалах зорилгоор хадгалж байсан болох нь нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх А.Х-т холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч А.Х-, түүний өмгөөлөгч С.Гангантөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч А.Х- нь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, метамфетаминий агууламжтай, 4 дүгээр жагсаалтад багтсан фентерминий агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, 5 хэсэг зиплок уутанд хийсэн нийт 324.8 (324.8322) грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд уг бодисыг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, А- А- тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-14/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-18/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-40/,
“...Шинжилгээнд ирүүлсэн “А- Х- ША-” гэж хаягласан шээснээс MDMA болон метамфетамин илэрсэн. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 6638 дугаартай дүгнэлт /хх-48-49/,
“...Шинжилгээнд ирүүлсэн “Г-311 нэгжлэгээр “Цахилгаан жин а/д Б.М- 2025.09.17” гэж хаягласан зиплок гялгар ууттай хар өнгийн жин мэт зүйлээс метамфетамин илэрсэн. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6634 дугаартай дүгнэлт /хх-54-55/,
“...А/д Б.М-, огноо: 2025.09.17” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн “а” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “б” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “в” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин, фентермин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтад, фентермин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 4-р жагсаалтад багтдаг. “а” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0.1048 кг, цэвэр жин 0.0987 кг, “б” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0.1039 кг, цэвэр жин 0.0981 кг, “в” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0.1039 кг, цэвэр жин 0.0978 кг байна.” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 6620 дугаартай дүгнэлт /хх-60-61/,
“...Ирүүлсэн №1 гэж дугаарласан ногоон өнгийн зүйлтэй хуванцар гуурс, шилэн гаанс мэт зүйл холбосон шилэн сав, №2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйл, №3 гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок уут тус бүрээс метамфетамин илэрсэн. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6636 дугаартай дүгнэлт /хх-67-68/,
“...Ирүүлсэн №5 гэж дугаарласан шар өнгийн хуванцар соруул, ягаан өнгийн хуванцар соруул, цэнхэр өнгийн шилэн гаанс мэт зүйл, өнгөгүй хуванцар гуурс, зиплок ууттай цагаан өнгийн талстлаг нунтаг зүйл тус бүрээс метамфетамин илэрч байна. ...Цагаан өнгийн талстлаг нунтаг зүйлийн цэвэр жин нь 29.8765 грамм байна.” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6681 дугаарай дүгнэлт /хх-71-72/,
“...Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг шар өнгийн урт гуурс мэт зүйл, 3 ширхэг шар өнгийн жижиг гуурс мэт зүйл, 1 ширхэг өнгөгүй гуурс мэт зүйл, 1 ширхэг цагаан өнгийн хуванцар хоолой мэт зүйл, 1 ширхэг нэг тал нь шар, нэг тал нь өнгөгүй гуурс мэт зүйл, 2 ширхэг төмөр таглаанаас метамфетами илэрсэн. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6635 дугаартай дүгнэлт /хх-80-81/,
А.Х-ын яллагдагчаар өгсөн “...би тухайн үед “мөс” гэх зүйлийг олоод хэрэглэсэн. Би 2016 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад явж байхдаа хэрэглэж үзсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-176-177/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Х-ын “мөс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч А.Х-, түүний өмгөөлөгч С.Гангантөгс нар “...шүүгдэгч нь хэрэглэсэн, хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, ...хувийн байдлыг харгалзан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
1. Хэрэгт авагдсан А.Х-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрээс нь хураан авсан мансууруулах бодисын тун хэмжээ, жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа, боодол, жин хэмжүүр зэргээс дүгнэхэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
2. Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хадгалж байсан сэтгэцэд нөлөөт бодисын тун хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад зааснаар 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялын хэмжээг багасгах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Х- нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 91 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/571 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Х-, түүний өмгөөлөгч С.Гангантөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 91 /ерэн нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН