Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/00554

 

КБ-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 18ы өдрийн 102/ШШ2019/00262 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч КБ-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч СС- ХХК-д холбогдох

 

Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн игаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч КБ- ХХК-ийн төлөөлөгч А.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтайүйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн бүс гудамжны 226 тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу компанийн өмчлөлд шилжүүлэн авсан. Дээрх үл хөдлөх хөрөнгийг иргэн Э.Болормаа чөлөөлж өгөхгүй, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж, мөн бусдад түрээслүүлж орлого олж байгаа бөгөөд банкны өмчлөлийн хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ20174/03218 дугаар шийдвэрээр дээрх КБ-ны өмчлөлийн обьектуудад шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр СС- ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа тайлбар, татгалзлаа баримтаар нотлогдоогүй. Иймд банкны өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: КБ- ХХК маргаж буй 2 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж байгаа тохиолдолд эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх ёстой. Хариуцагч маргаан бүхий 2 эд хөрөнгийг биет байдлын доголдолтой байхад нь шилжүүлсэн гэж үзэж байна. СС- ХХК дээрх обьектуудад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. КБ- ХХК-иас иргэн Г.Мөнхтуулд, Г.Мөнхтуулаас КБ- ХХК-д гэж бие биерүүгээ шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн обьектод СС- ХХК үйл ажиллагаа явуулж байхад хоорондоо шилжүүлсэн.

Нэхэмжлэгч дээрх обьектуудын өмчлөгч, шударга эзэмшигч биш тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс-1 Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн бүс гудамжны 226 тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч СС- ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч СС- ХХК-наас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч КБ-ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд давж заалдах гомдолдоо: СС- ХХК-ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь КБ-гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүйУчир нь маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Э.Болормаагаас КБ-индКБ-наас Г.МөнхтуулдГ.Мөнхтуулаас КБ-инд шилжсэн байдаг. Энэ хугацаанд СС- ХХК тус барилгад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өмчлөгч нарын хэн аль нь эзэмшиж, ашиглаж байгаагүй болно. Өөрөөр хэлбэл, биет байдлын доголдолтой эд хөрөнгийн өмчлөх эрхийг Капитал банк шилжүүлэн авсан байхад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч КБ-ХХК хариуцагч СС- ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч банк маргаж буй 2 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан тул шаардах эрхгүй гэж маргажээ.

 

Монгол Алтай Индастри ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн бүс гудамжны 226 тоот үйлдвэрлэлийн зориулалттай 400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2006 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ц.Сайханжаргал, 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэн Э.Болормаа, 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр КБ- ХХК-д, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр иргэн Г.Мөнхтуул, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч КБ- ХХК-ийн өмчлөлд /1х.х-ийн 175, 183, 189, 233, 2 х.х-ийн 15 дугаар тал/ тус тус шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн.

 

Мөн иргэн Э.Болормаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс-1, эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 288 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр КБ- ХХК, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр иргэн Г.Мөнхтуул, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр КБ- ХХК-ийн өмчлөлд тус тус шилжүүлэн, нэхэмжлэгч нь хууль ёсны өмчлөгч болсон үйл баримт тус тус тогтоогдсон, / 1 х.х-ийн 62, 97, 104, 136 дугаар тал/ талууд энэ талаар маргаагүй.

 

Дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг авсан талаар ямар нэгэн маргаан байхгүй тул нэхэмжлэгч КБ-ХХК-ийг хууль ёсны өмчлөгч гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болох тул нэхэмжлэгч КБ- ХХК-ийг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс гудамжны 226 тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч СС- ХХК-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч КБ-ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд нь СС- ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгч өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18ы өдрийн 102/ШШ2019/00262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.БАЙГАЛМАА