| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0666/э |
| Дугаар | 719 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 719
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч М.Очбадрах шүүгдэгч Ч.Чнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чимэдцэрэнгийн Чимэдэд холбогдох эрүүгийн “1811022250756” дугаартай, 186/2018/0666/э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1945 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 73 настай эрэгтэй, бүрэн бус боловсролтой, цахилгаан, сантехникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 7, охин, хүргэн, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо, Сэлбийн 34 дүгээр гудамжны 812 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Чимэдцэрэнгийн Чимэд /РД:ЦВ45050776/
Холбогдсон хэргийн талаар:
Ч.Чнь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, яргайтын задгай тоотод иргэн Б.Бээжинтэй маргалдан улмаар түүнийг зодож биед нь духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, өвчүүний дунд хэсгүүдэд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Ч.Чшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Нэг жилийн өмнө Бээжингийн хойд айл нь гэрэл тавих гэж шон тавьсан байсан. Шинжээч эмч хуучин шархийг мэддэггүй болж байна уу Бээжин надад өмнө толгой цохисон хүнээс 100.000 төгрөг авч байсан гэж хэлж байсан гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бээжингийн:...2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Яргайтын задгайд байх гэртээ найз Чимэдтэй хамт байж байтал бороо бага зэрэг ороод таазнаас яндангаа дагаад ус урсаад байсан. Тэгээд Чимэдийг янзлаад өгөөч гэж хэлтэл Чимэд янзалсан. Тэгээд амбаар байшин хоёрын завсраар борооны ус гойжоод байхаар нь энийг бас янзлаар дуусгачих гэж хэлтэл чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би гадаа зэрлэг зулгааж байгаад ороод иртэл хувцасаа өмсөөд зогсож байсан. Тэгээд би юмаа гүйцээчих гэж хэлээд гадаа байсан үнсний гаргуулын хавтгай талаар нь толгой, мөр хавьцаа нь нэг удаа цохьтол тэр гаргуулыг булааж аваад ишээр нь намайг цохьсон. Тэгээд бид хоёр ноцолдоод цээжин дээр цохьчихоод түлхэж унагачихаад гараад явчихсан. Үнэсний гаргуулны ишээр толгой руу нэг удаа, ноцолдож байхдаа цээжрүү 2, 3 удаа цохьсон байх тэгээд намайг түлхэж унагачихаад хажуугаар гараад явсан гэх мэдүүлэг. /хх 7-8/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9475 дугаартай акт:
1. Б.Бээжингийн биед духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, өвчүүний дунд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт. /хх-н/
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтаст хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, Б.Бээжингийн гэмтлийн зэрэг тогтооход төлсөн 8000 төгрөний баримт /хх-14/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9475 дугаар дүгнэлт /хх-15/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-23/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-24/, эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-27/ зэрэг бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Чнь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, яргайтын задгай тоотод иргэн Б.Бээжинтэй маргалдан улмаар түүнийг зодож биед нь духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, өвчүүний дунд хэсгүүдэд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Бээжингийн:...2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Яргайтын задгайд байх гэртээ найз Чимэдтэй хамт байж байтал бороо бага зэрэг ороод таазнаас яндангаа дагаад ус урсаад байсан. Тэгээд Чимэдийг янзлаад өгөөч гэж хэлтэл Чимэд янзалсан. Тэгээд амбаар байшин хоёрын завсраар борооны ус гойжоод байхаар нь энийг бас янзлаар дуусгачих гэж хэлтэл чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би гадаа зэрлэг зулгааж байгаад ороод иртэл хувцасаа өмсөөд зогсож байсан. Тэгээд би юмаа гүйцээчих гэж хэлээд гадаа байсан үнсний гаргуулын хавтгай талаар нь толгой, мөр хавьцаа нь нэг удаа цохьтол тэр гаргуулыг булааж аваад ишээр нь намайг цохьсон. Тэгээд бид хоёр ноцолдоод цээжин дээр цохьчихоод түлхэж унагачихаад гараад явчихсан. Үнэсний гаргуулны ишээр толгой руу нэг удаа, ноцолдож байхдаа цээжрүү 2, 3 удаа цохьсон байх тэгээд намайг түлхэж унагачихаад хажуугаар гараад явсан гэх мэдүүлэг. /хх 7-8/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9475 актын Б.Бээжингийн биед духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, өвчүүний дунд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Чимэдийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч Б.Бээжин нь шүүгдэгч Ч.Чимэдээс эмчилгээний зардалд 200.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтууд нь хуулбарууд, эх хувь нь хэрэгт авагдаагүй байх тул шүүх хохирлыг гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Харин хохирогч Б.Бээжин нь өөрт учирсан хохирлоо баримтаа хуулийн дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаарзүйлийн 5, 8,9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Чимэдцэрэнгийн Чимэдийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Чимэдийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Чимдэд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Чнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ч.Чнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Бээжин өөрт учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа хуулийн дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чимдэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ