Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01375

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/01477 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О ы хариуцагч В.Ц , Б.Г нарт холбогдуулан гаргасан барааны үнэд 2,212,354 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.О нь 2019 оны 11 сарын 21-ний өдөр В.Ц тэй 000 тоот хаягт байрлах 6 нэрийн хүнсний дэлгүүрийг зээлээр худалдах талаар тохиролцсон. Тухайн өдөр талууд дэлгүүрт байсан барааг тоолж, хүлээлцсэн ба 2019 оны 11 сарын 22-ны өдөр В.Ц ийн хүү Б.Г дэлгүүрийг хүлээн авч ажиллуулж эхэлсэн. Үүний дараа хариуцагч нар дэлгүүр худалдан авах мөнгө бүтээгүй гэсэн тул түрээслэх санал гаргахад хүлээн аваагүй. Ингээд 2019 оны 11 сарын 30-ны өдөр дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, түлхүүрээ хүлээн авах үед Б.Г 250,000 төгрөгийн үнэ бүхий орос зайрмаг зээлээр авсан мөн В.Ц ийн дэлгүүрт зээлээр өгсөн барааны тоо, нэр В.Ц байгаа гэсэн. Зээлээр авсан орос зайрмагийн үнийг Б.О төлж, 2019 оны 12 сарын 30-ны өдөр В.Ц тэй уулзахад “...барааны үнийг бодоод хэлээрэй, 2020 оны 01 сарын 20-ны өдөр өгнө...” гэсэн атлаа дараа нь өгөхгүй гэсэн.

Б.Г ын ээж В.Ц ийн дэлгүүр лүүгээ авч явсан барааг бөөний үнээр нь тооцоход нийт 1,827,614 төгрөг болсон. 2020 оны 11 сарын 20-ны өдөр хүлээж авсан 16 нэр төрлийн боорцгийн үнэ 81,300 төгрөг, түргэн хугацаанд чанар алдагдах бараа болох хиам, кимчи, салат зэргийн үнэ 303,400 төгрөг, нийт 2,212,354 төгрөгийг В.Ц , Б.Г нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч В.Ц тайлбартаа: Б.О дэлгүүрээ ажиллуулж чадахгүй байна, зөвлөгөө өгөөч гэсний дагуу хүү Б.Г ын хамт очиход компаниа бараа, эд хөрөнгийн хамт худалдах санал тавьсан. Б.Г худалдан авахаар болж, тэр 2 тооллого хийхээр үлдсэн. Дэлгүүрийг худалдан авах мөнгийг зээлээр шийднэ, үүнд хугацаа орох талаар Б.О д хэлэхэд “хүлээхгүй, дэлгүүр, бараагаа буцааж авна” гэсэн. Ингээд бараагаа тоолооч гэхэд эмнэлэгт хэвтэж байна эсхүл хөдөө явж байна гэх үндэслэлээр тоолохгүй байсан. Б.О ямар нэгэн бараа хүлээлгэж өгсөн талаар тодорхой баримт, үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Г тайлбартаа: Б.О хүнсний 6 нэрийн дэлгүүрээ ажиллуулж чадахгүй байна гээд ээж В.Ц бид 2-т худалдах санал гаргасан. Дэлгүүрийг Б.Г ажиллуулах учир барааг 2 талаасаа тоолж бичсэн боловч үнийн дүнг нийлүүлээгүй, падаан баримт бичгийг Б.О аваад явсан. Барааны мөнгийг 2020 оны 01 сарын 20-ны өдөр гэхэд төлөх, дэлгүүр худалдан авах мөнгийг зээл бүтэхээр өгөхөөр тохирсон. Гэтэл 2019 оны 11 сарын 30-ны өдөр гэнэт дэлгүүрээ буцаан авна гээд гаргасан.

Дэлгүүрийг хүлээн авах үед барааг 2 талаас тоолж, би дэвтрийн цаасан дээр тэмдэглэснийг нотлох баримтаар гаргасан боловч авч явсан санхүүгийн баримтаа гаргаж өгөхгүй байна. Дараа нь “бараагаа тоолооч” гэхэд Б.О ы дүү н.Б “өөр хүмүүст тоолж өгсөн, 4 хөргөгчид байсан хүнсний түргэн муудах барааг гэр рүүгээ аваад явсан” гэж хэлсэн. Б.О ы дэлгүүрээс бараа материал дутагдуулаагүй, 40-50 хувь нь эргэлтгүй удсан гурил, гоймон байсныг сольж борлуулсан. Энэ талаар Б.О өөрөө мэднэ. В.Ц ийн дэлгүүрт бараа зөөгөөгүй, харин гэнэт хөөж гаргаад хөргөгчид байсан түргэн муудах бараануудаа биднээс нэхэмжилж байна. Харин 81,300 төгрөгийн гурилан бүтээгдэхүүний үнийг зөвшөөрч байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.10, 205 дугаар зүйлийн 205.2.1-д тус тус зааснаар хариуцагч В.Ц , Б.Г нараас 81,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,131,054 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Ц , Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, зөвхөн хариуцагч нарын тайлбарыг үндэслэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэсэн хэт нэг талыг баримталсан, шударга бус шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор бараа хүлээн авсан ажлын дэвтрээс авсан 10 хуудас, бараа хүлээн авч байсан тэмдэглэл гэх баримтууд гаргасан боловч шүүх эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэсэн. Гэтэл хуулийн уг заалтад “...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасан ба нэхэмжлэгчийн зүгээс эх хувиар нь өгсөн бөгөөд хариуцагч Б.Г нь өөрийн болон, ээж В.Ц ийн бичиг мөн болохыг шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрдөг. Нотлох баримтыг эх хувиар нь өгсөөр байтал үнэлээгүйд гомдолтой байна. Хариуцагч Б.Г нь “Орчлон” мини маркетаас эргэлтгүй удсан гурил, гоймон гэх мэт барааг авч гарсан, ээжийнхээ дэлгүүрт сольж зарж борлуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэрч Б.Э “...н.Г будаа гурил зөөсөн байх. Би энэ талаар Б.О д хэлж байсан...” гэж мэдүүлсээр байтал тухайн барааг эргүүлж оруулсан эсэхийг тодруулалгүйгээр 1,827,614 төгрөгийн барааны үнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна . Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч В.Ц эд холбогдуулан барааны үнэд нийт 2 212 354 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Г ыг татан оролцуулсан. Хариуцагч В.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн бол, хариуцагч Б.Г ын хувьд 81 300 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар тус тус гаргаснаар талууд харилцан маргажээ. /хх 1, 18, 27-29, 32/

 

Талуудын тайлбараар хариуцагч В.Ц , Б.Г нар нэхэмжлэгч Б.О ы өмчлөлийн хүнсний дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдан авах талаар тохиролцож, тухайн дэлгүүрт буй бараа, бүтээгдэхүүний хамт 2019 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 сарын 30-ны өдөр хүртэл эзэмшил, ашиглалтдаа байлгасан боловч гэрээний үнийг төлөөгүйн улмаас уг гэрээ хэрэгжээгүй үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээний барааг хариуцагч тал хүлээн авч, захиран зарцуулсан эсэх нь маргааны гол зүйл болжээ.

 

Хэрэгт бараа болон түүний үнийг тусгасан жагсаалтын гар бичмэл эх хувиар авагдсан боловч тухайн баримт нь нэг талын үйлдсэн, талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй баримт байх тул уг баримтад үндэслэн талуудын хооронд хүлээлцсэн барааны хэмжээг тодорхойлох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү маргаанд шууд хамааралтай баримт биш болно. Талууд дэлгүүрийг харилцан хүлээлгэн өгөх, буцаан хүлээн авах үедээ тооллого хийн барааны үлдэгдлийг тодорхойлж, харилцан гарын үсгээр баталгаажуулсан баримтгүй байх тул зөвхөн нэг талын үйлдсэн баримт, тайлбарт үндэслэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн барааг дутаасан, ашигласан гэж үзэхгүй. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан бол нөхөн төлөх үүрэгтэй. Гэвч хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн барааг захиран зарцуулсан гэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч талын “анхан шатны шүүх хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, гэрч Б.Э ийн “Б.Г бараа зөөж байсан” гэх агуулгатай мэдүүлгээр хариуцагч нар нэхэмжлэгчээс нийт 1 827 614 төгрөгийн барааг хүлээн авсан, улмаар уг барааг В.Ц ийн дэлгүүр рүү тээвэрлэсэн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй. Учир нь Б.О нь хариуцагч нарт хэдий хэмжээний барааг хүлээлгэн өгч, хэдийг буцаан авснаа баримтаар нотлоогүй байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хариуцагч талын зөвшөөрлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 81 300 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцжээ. Хариуцагч нь гэрээ цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгчээс хүлээн авч, буцаан өгөөгүй гэх барааны төлбөр 81 300 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан болно.  

 

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.10 гэсэн хуульд байхгүй заалтыг баримталсан байгаа алдааг залруулан уг заалтыг хасна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/01477 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар хариуцагч В.Ц , Б.Г нараас 81,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,131,054 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 49,047 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                              

                                  ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                       Д.НЯМБАЗАР