| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/36499/И |
| Дугаар | 197/ШШ2026/08331 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2026/08331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух ******* /регистрийн дугаар *******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-15 “Моннис цамхаг” 12 давхарт байрлах “*******” ХХК /регистрийн дугаар *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: илүү цагаар ажилласан нэмэгдэл цалин хөлс 8,560,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагчийн өмгөөлөгч С.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулж илүү цагийн нэмэгдэл хөлс 8,560,900 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2024 оны 10, 11, 12 сарын нэмэгдэл хөлс гэж нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн үндэслэлээ хуульд зааснаар сард 112 цаг ажиллахаас 2024 оны 10 дугаар сард илүү 56 цаг ажилласны нэмэгдэл хөлсийг нэг цагийн 43,324 төгрөгөөр тооцож 3,639,216 төгрөг, 11 дүгээр сард илүү 56 цаг ажилласны нэмэгдэл хөлсийг нэг цагийн 36,511 төгрөгөөр тооцож 3,066,924 төгрөг, 12 дугаар сард 56 цаг илүү ажилласны нэмэгдэл хөлсийг нэг цагийн 31,667 төгрөгөөр тооцож, 2,660,028 төгрөгийг тус тус шаарджээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй үндэслэлдээ 10, 11 сарын нэмэгдэл хөлсийг олгоогүйг мэдсэн болох мэдэх ёстой байсан өдрөөс хойш гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 12 сарын нэмэгдэл хөлсийг 1 хувиар тооцон олгосон гэж маргасан.
3. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч “*******” ХХК-нд хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын ажилд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр, уртын ээлжийн буюу 14 хоног ажиллаад 14 хоног амрах горимоор ажилладаг болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, цалингийн хүснэгт баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч 2024 оны 10, 11, 12 сард ажилласан илүү цагийн хөлс нэхэмжилсэн гомдлыг 2025 оны 4 сарын 07-ны өдөр гаргасан болох нь “*******” ХХК-н Хөдөлмөр эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2025 оны 5 сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн хуулбараар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-д “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй: бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж зааснаар 10,11 сарын нэмэгдэл цалин хөлстэй холбоотой гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул шаардах эрхээ алдсан гэж дүгнэлээ.
5. Харин нэхэмжлэгч О.******* 2024 оны 12 сард 56 цаг илүү ажилласан нь цагийн бүртгэл цалингийн тооцооллоор тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар гомдлыг хүлээн авч, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч илүү цагаар ажилласны хөлсийг хариуцагч “*******” ХХК нөхөн төлөх үндэстэй гэж үзлээ.
6. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж зааснаар хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэг цагийн хөлс 31,667 төгрөгийг 56 цаг илүү ажилласан цагаар тооцон, 1,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээ болох нийт 2,660,028 төгрөгийн нэмэгдэл хөлсийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,900,872 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Хариуцагчаас дундаж цалин хөлсийг 1 хувиар тооцсон олговрыг тооцож олгосон гэж тайлбарласныг шүүхээс 2024 оны 12 сарын цалингийн тооцооллоос тогтоогдоогүй гэж дүгнэсэн тул хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.
8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас гаргуулах дүнгээр тооцож, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 2,660,028 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,900,872 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхийг дурдаж, хариуцагчаас 51,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА