Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2026/ДШМ/747

 

2026            06            05                                                                        2026/ДШМ/747

 

Ц.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Дөлгөөн,

хохирогчийн өмгөөлөгч Г.Намуун,

шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/869 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Ц-д холбогдох эрүүгийн 2510002714127 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т- овогт Ц-ын Ц-, 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ......... тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 541 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон, /РД:УЦ-/;

Шүүгдэгч Ц.Ц- нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Ц-” хотхоны 16 дугаар байрны Ц- тоотод байхдаа хохирогч Д.Х-тай мессэжээр солилцсон мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр фэйсбүүк цахим орчин дахь “Х- хотхоны оршин суугчдын групп”-т байрлуулж, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ц.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т- овогт Ц-ын Ц-г “Хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-гээс 9.296.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Х-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотойгоор буюу Ц.Ц-гийн сонгон авсан өмгөөлөгч Б.Алтандөшийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэж, хэргийг шийдвэрлэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, энэ нь хэргийг шийдвэрлэсэнд нөлөөлсөн эсэх талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж өгнө үү. Тухайлбал, Ц.Ц- нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэсээр байхад эрхийг нь эдлүүлээгүй. Мөн цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн хоёр гэрчийг оролцуулах журмыг баримтлаагүй. Уг тэмдэглэлийг үндэслэж шүүхийн шийдвэр гарсан. Тэгэхээр шийтгэх тогтоол хүчингүй болох үр дагавартай гэж харж байна.

Мөн шүүгдэгч Ц.Ц- нь төрийн албан хаагч бөгөөд хэрэгт холбогдсоноор төрийн албанаас халагдах нөхцөл байдалд хүрээд байна. Өрх толгойлсон, 2 хүүхэдтэй эх хүний хувьд цаашид өндөр цалин хөлстэй гадаад улсад ажиллаж, амьдрах, хохирогчид хохирол төлбөрийг төлөх нөхцөл байдал үүсэж, 1 жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял эдлэхэд сар тутам шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгүүлж, хилээр гарах боломжгүй болох тул миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн ялын төрлөөс торгуулийн ялыг хамгийн багаар ногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би төрийн албанд ажилладаг. Тэнссэн тохиолдолд сар болгон бүртгүүлдэг, хилийн хориг тавигддаг. Мөн ялтай байдал гэдэг асуудал шалгалтанд нөлөөлж байгаа. Өчигдөр бидний хагас жилийн ажлын дүн гарсан. Ажлаас шилдэг байгууллага, алба хаагчдыг гадаад руу аялах эрхийн бичгээр шагнадаг. Үүнд би хамрагдсан байгаа. Мөн би бага насны хоёр хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг. Би төрийн албанд 16 дахь жилдээ ажиллаж байна, тэтгэвэрт гарахад 3 жил үлдэж байгаа. Магадгүй ялтай байдлаас шалтгаалаад ажлаас чөлөөлөгдөх вий гэдэг эрсдэл байгаа. Намайг өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээр хангаагүй, хэргийг шууд шүүхэд шилжүүлсэн. Урьдчилсан хэлэлцүүлэгт Т.А-ыг гэрчээр оролцуулъя гэж шийдвэрлэсэн боловч тухайн захирамжийн биелэлт хангагдаагүй. Гэм буруу дээр маргаагүй. Процессын зөрчил гараагүй байсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал гарахгүй байсан болов уу гэж бодож байна. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч гомдолтой байгаа. “Х- хотхоны оршин суугчдын групп” нь Д.Х-гийн эмнэлэгийнх нь бизнесийн групп. Ц.Ц- тэр групп дээр залруулга хийгээд, уучлалт гуйя гэсэн боловч өнөөдөр тэр байдал хэрэгжээгүй. Мөн хохирлын мөнгөнөөс нэмж төлөөгүй. Шүүх хуралдаанд 1.000.000 төгрөг шилжүүлье, үлдсэнийг нь өнөө маргаашгүй өгнө гэсэн боловч өгөөгүй. Хурлын дараа “би тэр мөнгийг чинь өмгөөлөгчөөсөө авч өгсөн, өмгөөлөгчийнхөө ч хөлсийг төлж чадаагүй, тэгэхээр мөнгийг төлөх боломжгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр энэ хүнийг гэм буруу дээрээ гэмшиж байгаа гэж харахгүй байна. Ц.Ц-гийн холбогдсон гэмт хэргийн хувьд заавал өмгөөлөгчтэй оролцох хуульд заасан нөхцөл байхгүй. Өмгөөлөгч авах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал. Эрхийг нь хуулийн байгууллага эдлүүлсэн. Өмгөөлөгчтэй ирж мэдүүлэг өгөхгүй байсан учраас тодорхой хугацаа өнгөрсний дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үзлэгийн хувьд зөрчилтэй гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хэрэгт хандаж байгаа хандлага зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан. Энэ гэмт хэрэг нь албан тушаалын гэмт хэрэг биш. Ямар нэг байдлаар нийтийн алба хаших эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй. Тийм учраас хойшид ажиллах эрх нь нээлттэй гэж харж байна.Ц.Ц- өнөөдөр хохирлоо ч төлөөгүй, өмгөөлөгчийнхөө ч хөлсийг төлөөгүй хүн торгох ялыг яаж төлөх вэ гэдэг нь ойлгомжгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Дөлгөөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх болсон үндэслэл нь шүүгдэгч талын хүсэлтийг харгалзсан. Эрүүгийн хариуцлага нь хүний хуульд заасан эрхийг хязгаарладаг. Тэгж байж нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилгоо хангаж байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт 1-5 жилийн хорих ялын санкцтай. Давж зааладах шатны шүүх шийтгэх тогтоолыг ямар нэгэн байдлаар хүчингүй болголоо гэхэд анхан шатны шүүх торгох ял оногдуулах баталгаа байхгүй.

Хохирогч фэйсбүүкээр өөрийнх нь хувийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулсан талаарх баримтыг скрийншот хийсэн байдлаар гаргаж өгсөн. Оролцогчоос гаргаж өгсөн баримтыг мөрдөгч хэрэгт хавсаргах үүрэгтэй. Хохирогч энэхүү баримтынхаа эх сурвалжийг зааж, мэдүүлгээ өгсөн. Шүүгдэгч энэ талаар ямар нэгэн байдлаар өөр байна гэж маргаж, мэтгэлцээгүй. Энэ баримтыг үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ц.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Ц- нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Ц-” хотхоны 16 дугаар байрны Ц- тоотод байхдаа фэйсбүүк цахим орчин дахь “Х- хотхоны оршин суугчдын групп”-т “Айл гэр үймүүлж, айлын нөхөр сүүдэртэй уулзахаа болиорой, Д.Х- эмч ээ” гэсэн постыг хохирогч Д.Х-тай мессэжээр солилцсон мэдээллийн хамт байрлуулж, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Х-гийн “...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр фэйсбүүк цахим орчинд буюу “Х- хотхоны оршин суугчдын групп”-т манай үйл ажиллагаа явуулдаг “А-” хүүхэд, дотрын эмнэлгийн зураг, миний фэйсбүүк хаяг, миний зар сурталчилгааны пост, миний Ц.Ц-тэй харилцсан мессэж зэргийг оруулан, “Айл гэр үймүүлж, айлын нөхөр сүүдэртэй уулзахаа болиорой, Д.Х- эмч ээ” гэсэн нийтлэл оруулж, үүнийг 130 гаруй хүн үзэж, 66 гаруй сэтгэгдэл бичсэн байсан. ...” /хх-7-8/,

гэрч Т.А-ын “...Д.Х-тай 2024 оны 10 сарын сүүлээр танилцсан. Д.Х-тай харилцах үедээ Ц.Ц-тэй үл ойлголцож, тусдаа байсан. Д.Х-тай 10 орчим хоног харилцаж байгаад, уулзаж байсан. 5 хоногийн дараа караоке орж дуулаад, пиво уусан. Орой нь Д.Х-гаас салаад, гэртээ очоод, хамтран амьдрагч Ц.Ц-д Д.Х- гэх эмэгтэйтэй 1-2 удаа уулзсан талаараа хэлээд, харилцсан зурвасаа үзүүлсэн бөгөөд тухайн үедээ Д.Х-тай дахин харилцаа тогтоохгүй талаар хэлээд, ойлголцсон. Би ер нь Д.Х-тай харилцахаа болих талаар хэлсэн боловч над руу удаа дараа залгаад байсан учраас манай эхнэр утсаар холбогдоод, дахиж холбогдохгүй байх талаар хэлсэн боловч над руу өөр, өөр утаснаас залгаад байсан. Тэгээд 1-2 хоногийн дараа манай эхнэр Ц.Ц- Д.Х-гийн ажилладаг эмнэлгийн хотхоны групп дээр Д.Х-г надтай явалдсан, болиорой гэх агуулгатай пост оруулсан чинь Д.Х- цагдаагийн байгууллагад хандсан. Би анх танилцахдаа Д.Х-д хамтран амьдардаг хүнтэй, гэхдээ одоохондоо маргалдсан байгаа гэдгээ хэлээд танилцаж байсан. ...” /хх-16-17/ гэсэн мэдүүлгүүд,

“...Д.Х-гийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2326 дугаар дүгнэлт /хх-Ц--92/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-18, 25/, Д.Х-гаас гарган өгсөн баримтууд буюу “Х- хотхоны оршин суугчдын групп”-т оруулсан нийтлэл, хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлийг скрийншот хийж авсан баримт /хх-19-23/, Ц.Ц-гээс гарган өгсөн Д.Х-, Ц.Ц- нарын харилцсан зурвасыг скрийншот хийж авсан баримт/хх-26-48/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Ц-гийн хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн “...Ц.Ц- нь гадаадад ажиллаж, амьдрах шаардлага үүсэж, сар бүр бүртгүүлэх, хилийн хориг тавигдахаар байх тул тухайн зүйл, заалтад заасан торгуулийн ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү, ... шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөшийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтэд дурдсан асуудлыг хүлээн авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү. ..” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

1.Хувь хүний нууцыг задруулах гэмт хэрэг нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна.” гэж заасан хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм. Хувь хүний нууцыг задруулснаар иргэний халдашгүй, чөлөөтэй байх, нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөх бөгөөд энэ нь амаар буюу бичгээр, тухайлбал яриа, захидал, тайлбар бичих, унших зэргээр бусдад дамжуулах, мэдээлэх үйлдлээр хувь хүний нууцыг ил болгосныг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Ц- нь фэйсбүүк цахим орчин дахь “Х- хотхоны оршин суугчдын групп”-т хохирогч Д.Х-гийн ажиллуулдаг “А-” хүүхэд, дотрын эмнэлгийн зураг, Д.Х-гийн фэйсбүүк хаяг, зургийг оруулж “Айл гэр үймүүлж, айлын нөхөр сүүдэртэй уулзахаа болиорой, Д.Х- эмч ээ” гэсэн постыг хохирогч Д.Х-тай мессэжээр солилцсон мэдээллийн хамт байрлуулсан (тухайн мэдээллийг 130 гаруй хүн үзэж, 66 гаруй сэтгэгдэл үлдээсэн) үйлдэл нь “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ц.Ц-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн гомдол саналгүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул “...торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргах үед тогтоогдсон нөхцөл байдал давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад өөрчлөгдөөгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэв...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш “... “Цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл” нь үзлэг хийх журмыг зөрчсөн, “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэсэн байхад дахин мэдүүлэг авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн, хэргийн 25 дугаар талд авагдсан 23 хуудас баримтад үзлэг хийх нь нотолгооны ач холбогдолтой...” гэсэн агуулгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэлэлцээд “...Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй...” гэж дүгнэн, хүсэлтийг хангахаас татгалзаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн ажиллагаа нь анхан шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарч байхаас гадна анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй байна.

Тодруулбал, хэргийн 19-23 талд авагдсан хохирогч Д.Х-гаас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Ц-гийн “Х- хотхоны оршин суугчдын групп”-т оруулсан нийтлэл, хүмүүсийн бичсэн сэтгэгдэлийг скрийншот хийж хэрэгт хавсаргуулахаар өгсөн байх ба хэргийн 121-128 талд уг баримтуудад үзлэг хийсэн,  мөн хэргийн 26-48 талд авагдсан Ц.Ц-гээс гарган өгсөн Т.А-, Д.Х- нарын харилцсан зурвас бүхий мэдээллийг хүлээн авч, тэмдэглэл үйлдсэн нь мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана.” гэж заасантай нийцжээ.

Прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор Ц.Ц-г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авахад “...шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй, хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтэй, өмгөөлөгчийн хамт дахин мэдүүлэг өгнө. ...” гэсэн байх бөгөөд шүүгдэгчид 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалыг танилцуулжээ. /хх-141, 167 тал/

Мөн өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч А.Халиун эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргаж, дээд шатны прокурор гомдлыг хүлээн авахаас татгалзаж, прокурор 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тийнхүү мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийг өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх боломж, цаг хугацаагаар хангасан байх бөгөөд шүүгдэгчийн эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Үүнээс гадна яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хуралдааныг товлон зарласан 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1597 дугаар шүүгчийн захирамжид шүүх хуралдааныг “хаалттай” явуулахаар тогтоосон ба 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолд шүүх хуралдааныг “хаалттай”-гаар явуулсан гэж тусгасан боловч шүүх хуралдааны тэмдэглэлд “нээлттэй”-гээр явуулсан гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” гэснээс зөрүүтэй болжээ.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой дээрх алдааг дурдаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг анхааруулан тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/869 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ц.Ц-д тайлбарласугай. ...” гэж нэмж оруулан, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                        Г.ГАНБААТАР

 

ШҮҮГЧ                                                                   Л.ДАРЬСҮРЭН